Социал демократ Монголын оюутны холбооноос оюутны цагаар хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа явуулж, холбогдох журамд өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг боловсруулжээ. Энэ талаар Социал демократ Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лхагвабаяртай ярилцлаа.
-Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг хэдий хугацаанд, ямар хүрээг хамруулан хийсэн бэ?
-Социал демократ Монголын оюутны холбооноос 2023 оныг Оюутны эрхийг хамгаалах жил болгон зарласан. Энэ хүрээнд оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг өнгөрсөн оны арваас арванхоёрдугаар сарын хооронд их, дээд сургуулийн 500 гаруй оюутны дунд явууллаа. Энэ хугацаанд дээрх асуудлаар нийт 25 их, дээд сургуулийн 10 мянга орчим оюутантай уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.
-Оюутнууд ихэвчлэн ямар ажил хийх сонирхолтой байна вэ?
-Судалгаанд оролцсон оюутнуудын 98 хувь нь цагийн ажил хийх сонирхолтой байна. Үүнд II, III курсийн оюутнууд дийлэнх хувийг эзэлж байна. Судалгаанд оролцогчдын 49.6 хувь нь цагийн багш хийх сонирхолтой гэсэн. Үүн дотроо оюутан оюутандаа багшлах, ахлах ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх, сургалтын төвүүдэд багшилж байна. Дараагийнх нь сүлжээ дэлгүүр, кафе шоп, номын дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагад оюутнууд цагийн ажил ихэвчлэн хийж байна. Оюутнууд суралцангаа цагийн ажил хийснээр ажлын байранд гарах бэлтгэлээ хангах, мэргэжлийн чиг баримжаатай болох, харилцааны соёлд суралцах давуу талтай.
-Ажил олгогчийн зүгээс тавьдаг ажлын цагийн хуваарьт оюутнууд ямар саналтай байна вэ. Хичээлийн цагтай нь хэр зөрдөг бол?
-Ажлын цагийн хуваарийн тухайд судалгаанд оролцсон оюутнуудын 58 хувь нь орой 16:00-22:00 цагийн хооронд ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн. Харин 21 хувь нь өглөө 08:00-14:00 цагийн ажлын хуваарийг санал болголоо. Дээрх цагууд нь оюутнуудын хичээл тарсан болон үдээс хойших хичээлийн хуваариа зөрүүлж, зохицуулах үе юм.
-Оюутнууд цагийн ажил хийхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлдөг, цалингаа цагтаа авч чаддаггүй, ажил олгогч илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нэмэлт цалинг тооцдоггүй, хичээлийн цагтай ажиллах цаг нь давхацдаг, цалингийн цагийн үнэлгээ харилцан адилгүй байдаг гээд хэд хэдэн асуудал сөхөгдөж байна. Цагийн цалинтай оюутан НДШ-ийг 25 хувиар төлдөг. Манай холбооноос 2023 оны арванхоёрдугаар сард “Илтгэх урлаг, парламентын тэмцээн” оюуны наадмыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан. 300 гаруй оюутан оролцсон энэ тэмцээний гол сэдэв нь цагийн ажилтай холбоотой байлаа. Ингээд цагийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой саналаа хэлэлцэн нэгтгэсэн. ХНХЯ-тай хамтарч цагийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой дөрвөн саналыг боловсруулан ирэх гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулахаар хэлэлцэж байна.
-Оюутнууд цагаар хөдөлмөр эрхлэх хууль, эрх зүйн зохицуулалт хэр вэ?
-2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.1.9-д “Хувийн хэвшлийн байгууллага 100 ба түүнээс дээш ажилтантай тохиолдолд түүний таван хувьтай тэнцэхүйц нь оюутан, цагийн ажлын орон тоо гаргах” гээд цагаар хөдөлмөр эрхлэх журмыг Засгийн газар батлахаар заасан байдаг. Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор Оюутан цагаар хөдөлмөр эрхлэх журам батлагдсан. Энэ журам нь оюутан сайн дурын үндсэн дээр хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Энэ журмыг бид хуулийн мэргэжилтэн, судалгааны хүрээлэн, их, дээд сургуулиудын оюутны холбоодын дарга нартай ажлын хэсэг байгуулан судалсан. Ингээд журмын хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн.
-Гадаад оронд оюутнуудын цагийн хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байдаг бол?
-Бид гадаад улс орны оюутнуудын цагийн хөдөлмөр эрхлэлтийг судалсан. Япон, Өмнөд Солонгос улсад оюутан долоо хоногт 28 цаг ажиллах зохицуулалттай. Япон улсад 15 нас хүрсэн ахлах ангийн сурагч болон оюутан цагийн ажил хийх эрх нь нээлттэй. Харин манай улсын оюутнуудын тухайд цагаар хөдөлмөр эрхлэх нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас хөдөлмөрийн мөлжлөг их гарч байна.
-Судалгааны үр дүнгээс ажлын хэсэг ямар санал, дүгнэлт гаргасан бэ?
-Нэгдүгээрт, оюутнуудыг цагийн ажил эрхлэхэд НДШ-ийг хөнгөвчлөх санал гаргаж байна. Ажил эрхлэхэд оюутны сарын цалингаас НДШ-д 11.3 хувь, ажил олгогчоос 12.3 хувийг төлнө. Үүн дээр ХХОАТ-ын 10 хувь нэмэгдэнэ. Тиймээс хамгийн их жин дарж байгаа тэтгэврийн даатгалын найман хувийг шимтгэлээс хөнгөлж, чөлөөлөх саналыг ажлын хэсэг гаргасан. Гэнэтийн ослын, ажилгүйдлийн, тэтгэмжийн даатгал бол байх шаардлагатай. Ингээд тооцохоор нийт 9.6 хувийн шимтгэлтэй болгох тооцоо гарсан. Ингэснээр оюутан 3.3 хувь, компани 6.3 хувь болж, ажилтан 8 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг үзсэн.
Оюутнууд цалингийн шимтгэлийг тэглэх бус тодорхой хөнгөлөлт үзүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байгаа нь сайшаалтай. Учир нь, оюутнууд сүлжээ дэлгүүрүүдэд нэг цагийн 4-5 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа НДШ-ээ төлөөд 3947 төгрөг гар дээр нь ирж байна. Сарын 800 мянган төгрөгийн цалинтай ажиллахад 500 мянга орчим төгрөг авч байгаа нь хэрэглээнд хүрэлцэхгүй. Тиймээс оюутан цагийн ажил эрхэлж байхдаа тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлээд, мэргэжил эзэмшээд салбартаа ажиллахдаа хуулийн дагуу шимтгэлээ төлөөд явах юм.
Хоёрдугаарт, Япон, Солонгос улстай адилхан цагийн зохицуулалт тусгаж өгөхөөр санал оруулж байна. Цагийн зохицуулалт хийж өгснөөр долоо хоногт 28 цагаас хэтрэхгүй хөдөлмөр эрхэлж, илүү цагаар ажиллуулах хөдөлмөрийн мөлжлөг багасна. Үндсэн ажилтан долоо хоногт 40 цаг ажилладаг бол оюутан 28 цагаас хэтрэхгүй ажиллах зохицуулалттай байна. Илүү цагаар ажилласан тохиолдолд цалингийн нэмэгдлийг нь өгдөг болно.
Гуравдугаарт, хөдөлмөрийн мөлжлөгөөс сэргийлэх хүрээнд үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгана. Өнөөдөр МСҮТ-д 38 мянган оюутан суралцаж байна. Насны хувьд 16-18 настай суралцагчид байдаг. Тиймээс 16-18 насны суралцагчдыг шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулахгүй байх. Архи, тамхи зарж борлуулах үйлчилгээний байгууллагад ажиллахыг хориглох зэрэг саналыг тусгасан болно.
Бидний гаргасан дээрх санал журамд тусгагдан, шийдвэр гарвал 170 мянга орчим оюутны эрх ашгийг хамгаалах юм. Бид гуравдугаар сар хүртэл энэ саналууддаа төвлөрч ажиллана.
-ХНХЯ-тай хамтарч ажиллаж байна гэлээ. БШУЯ-тай хөдөлмөр эрхлэлт, сургалтын талаар хамтарч байна уу?
-Оюутны асуудал учир БШУЯ-тай ч бас хамтран ажиллаж байна. 100-гаас дээш ажилтантай байгууллагад их, дээд сургууль хамрагддаг. Тиймээс их, дээд сургуулиудад оюутнуудыг цагаар ажиллуулах боломж бий. Тухайлбал, МУИС “Brend shopp”-той. Тэнд оюутнууд цагаар ажилладаг. Энэ мэтчилэн номын сан, судалгааны баг зэрэг ажилд оюутнуудыг цагаар ажиллуулах боломжууд бий. Тиймээс их, дээд сургуулиудыг оюутны цагийн ажил эрхлэхэд хамтарч ажиллахыг уриалан, санаачилга гарган ажиллаж байна.
-Танай холбоо өмнөх жилүүдэд оюутны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар төр, засгийн байгууллагад санал хүргүүлж, шийдвэр гаргуулж байсан уу?
-Бид өмнө нь “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, уриалга, экспо зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд нэг өдөр, долоо хоног, сараар оюутнуудад цагийн ажил эрхлүүлж байлаа. Цагийн ажил бол оюутнуудад хамгийн эрэлттэй хөдөлмөр эрхлэлт. Оюутан сарын хэрэглээндээ зарцуулах, ном сурах бичиг авах, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, цаашлаад сургалтын төлбөртөө тодорхой хэмжээгээр нэмэрлэдэг.
Социал демократ Монголын оюутны холбоо 2023 онд Засгийн газартай хамтран Оюутны талаар авах зарим арга хэмжээний тогтоол батлуулж байлаа. Энэ хүрээнд бид “И-Монголиа” цахим платформ дээр “E-student” цэс үүсгэн оюутны цахим үнэмлэхтэй болгосон. Оюутнууд цахим үнэмлэхээр үйлчилгээ авна. Мөн Оюутан цэсэнд цагийн ажлын бусад платформыг холбосон.Энэ холбоосоор ажил олгогч байнга мэдээлэл хүргэдэг. Ялангуяа төрийн захиргааны байгууллагууд сул, чөлөөтэй ажлын мэдээллийг оруулна. Ингээд оюутнууд маань цахимаараа цагийн ажлын мэдээллээ авах бүрэн боломж нээгдсэн.
-“E-student”-д оюутнууд хэр хандаж байна вэ?
-Оюутнууд энэ цэсдээ маш сайн хандаж, үйлчилгээ авдаг. Энэ цэсэнд оюутан цэргийн бүртгэл, автобусны карт захиалах зэрэг үйлчилгээнүүдийг цахимжуулсан. Жишээлэхэд, оюутны карт захиалахад 7-14 хоногийн хугацаа ордог байсан. Цахимд шилжсэнээр тухайн оюутны бүх мэдээлэл орсон учир төлбөрөө төлөөд үйлчилгээгээ авахад ердөө 60 секунд л орно. Үүнээс гадна бакалаврын дипломын хуулгаа авах, ЭМД-аа төлсөн эсэхээ шалгах, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой. Бид оюутны бүх төрлийн үйлчилгээг “E-student”-д нэгтгэхийг зорьж байна.
-Социал демократ Монголын оюутны холбоо хэчнээн гишүүнтэй вэ. Энэ онд ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-25 жилийн түүхтэй манай оюутны холбоо 21 аймаг, есөн дүүрэг 30 их, дээд сургуульд салбар хороодтой, 30 мянга гаруй гишүүнтэй. Тухайн цаг үеүддээ оюутнуудтай холбоотой шийдвэр гаргах, оюутны эрх ашгийг хамгаалах, чадавхжуулах сургалт зохион байгуулж ирсэн.
Манай оюутны холбоо дэргэдээ Оюутны хөдөлмөрийн биржтэй. Биржээрээ дамжуулан арга хэмжээ зохиодог. Цагийн ажил зуучлалын экспо зэрэг арга хэмжээнд байнга хамтран ажилладаг. Бид өнгөрсөн онд “Student incubator” төслийг зохион байгуулсан. 100 ам.метр бүхий офисст гарааны бизнес эрхлэх, өөрсдийн ажлын байраа бэлтгэх сургалт явуулдаг. Мөн судлаач оюутныг бэлтгэх, Оюутны цахим биржийг ажиллуулна. Мөн оюутнууд тулгамдсан асуудал гарвал хаана хандахаа мэддэггүй. Тиймээс оюутны тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж, шийдвэрлэхүүлэхээр Оюутантай харилцах мэдээллийн төвийг ажиллуулахаар төлөвлөж байна.
-СДМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол тухайн байгууллагын “гал тогоо”-г баригч. Тиймээс оюутнуудын сурах, ажиллах хүсэлт эрмэлзэл хэр байна гэж хардаг вэ?
-Манай холбоонд ихэвчлэн I-III курсийн оюутнууд элсдэг. Тэд найз нөхөдтэй болох, ур чадвараа дээшлүүлэхийг зорьдог. Тиймээс ч манай холбоо гишүүд, ажлын албаны залуустаа зориулсан төрөл бүрийн сургалт зохион явуулдаг.
“S-300” манайхаас зохион байгуулдаг арга хэмжээний нэг. 300 оюутныг чадавхжуулах таван өдрийн академик сургалт энэ үеэр ордог. Манай холбоонд тодорхой чиглэлээр дадлага хийх бүрэн боломжтой.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна