Тэрбум мод ургуулах шидэт бордоо


Түүх бол физикээс хими рүү, химиэс биологи руу чиглэсэн тасралтгүй цувааны шат юм. 

Юваль Ной Харари

 

Дэлхийн биологийн шинжлэх ухааны эрдэмтэд бурхны статустай болсон гэхэд хилсдэхгүй. Тэд био инженерчлэлийн аргаар байгалийн шалгарлыг төлөвлөж, хүн амьтныг хувилж, оюун ухаан, хүч чадлын хувьд дахин ачаалж эхлээд байна. За энэ ч яахав. Биологийн шинжлэх ухаан ямар өргөн цар хүрээг хамарч,  хүмүүний амьдралд хэрхэн хүчтэйгээр нөлөөлж  болохыг өгүүлэх гэсэн хэдхэн өгүүлбэр. Дэлхийн биологийн шинжлэх ухааны түвшин аль хэдийнэ модонд авирч, хаданд гараад явчихаж. Угаасаа XXI зууныг биологийн зуун гээд “Нью-Йорк таймс” нийтлэлдээ онцолчихсон л доо. Тэгвэл Монголын биологичид ч зүгээр суугаагүй гэдгийг батлах бүтээлийн талаар би энд хүүрнэх гээд байгаа юм. 

Асуудал

 Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн тэр дундаа доктор Ц.Рэнцэнханд эрхлэгчтэй Микробын нийлэгжлийн лабора­торийнхан хэлэх үгтэй, хийсэн ажилтай хамт олон. Тэд биологийн аргаар төв­лөр­сөн хот суурингийн бохирын лаг, гэр хорооллын модон жорлонгийн асуудлыг шийдэх гарц гаргалгааг олжээ. 

Улаанбаатар хотын бохирын үнэрийг энэ хотод амьдран суугч хийгээд дайран өнгөрөгч зон олон толгой сэгсрэн халагладаг. Дэлхийн хөгжил дэвшил сарны станц, ангараг гаргийг колоничлох талаар ярилцаж байхад бид нийслэл хотоо бохирынхоо үнэрээс салгаж чадаагүй сууна гэвэл олны шившиг биз дээ. Бас болоогүй ээ зун үерийн усаар хальж гадагшилдаг гэр хорооллын модон жорлон дагаад үүсэх хөрс, усны доройтол, бохирдол гээд шийдлээ хүлээсэн толгойн өвчин олонтой хот. Асуудал тодорхой, шийдэл бэлэн.

Шийдэл

Шийдлийг гаргаж тавьсан Биологийн хүрээлэн 1965 онд байгуулагдан ажиллаж эхлээд өдгөө 59 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэд төр засгийн бодлого, Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөнд суурилсан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг  эрэн хайх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах зэрэг олон талт  судалгааны ажлуудыг гүйцэтгэж иржээ. Жишээ нь,  хот суурингийн бохирын лагийг хэрхэн багасгах вэ, үнэрийг нь яаж дарах вэ гэдэг асуудал энэ хүрээлэнгийн ажлын нэг хэсэг байж.

Микробын нийлэгжлийн лаборатори  Монгол орны байгалийн эх үүсвэрээс ялгасан бичил биетүүдэд хийсэн 20, 30 жилийн судалгааны явцад тэдгээрийн биологийн идэвхийг тодорхойлж, байгалийн хоол тэжээлийн сүлжээнд ямар үүрэгтэйгээр оролцдогийг судалж, тогтоосны үндсэнд асуудлыг шийдэх био бэлдмэл гаргаж авчээ. Эдгээр бичил биетийг Монгол орны хөрс, ус, ургамал, модноос авч дээжилсэн гэж үзвэл малаар бол нутгийн омгийнх байх нь. Судалгаа анх эхлэхдээ химийн гаралтай бордооноос ангижирч, атаршиж, элэгдсэн хөрсний бохирдлоос  салах, үржил шимийг сайжруулах шийдэл хайж эхэлсэн байдаг. Судалгааны явцад нутгийн омгийн бичил биетүүдийг, хортой нэгдлүүдийг  хоргүйжүүлж, органик хаягдлыг ялзруулж, задлаад хөрс болгож болохыг нь олж мэджээ. Ийнхүү органик бордоо гаргаж авах шийдэл технологи боловсруулсан байдаг.

Үүнийгээ хөгжүүлж,  туршиж, судалсны үр дүнд Био-Ариус бэлдмэл төрөв. Хүний амьдралын бараг хоёр үеийг бичил биетүүдийн амьдралыг ширтэж өнгөрөөнө гэдэг мөн ч их тэвчээр байгаа биз.

 

Био-Ариус

 

Хэдийгээр биологич биш ч гэсэн бэлдмэлийн талаар өгүүлж буй тул Биологийн хүрээлэнгээс өгсөн найрлага, тодорхойлолт хийгээд шинжлэх ухааны нэршлийг бичихгүй бол горьгүй. Био-Ариус бэлдмэл нь биотехнологи, микробиологи, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хамаарах бөгөөд дээр өгүүлсэн биобордооны сонгомол бичил биетний цуглуулгыг ашиглан гаргаж авсан ажээ. Биобэлдмэлд агаартай болон агааргүй орчинд ургах чадвартай, биологийн өндөр идэвхтэй дрожжийн Saccharomyces , Candida,  Kluyveromyces,  мөөгөнцрийн Aspergillus,  Trichoderma, сүүн хүчлийн бактери Lactobacillus, азот шингээгч бактери Azotobacter , актиномицетийн Streptomyces, бичил замгийн Chlorella төрлийн бичил биетний сонгомол цуглуулгыг ашиглана. Дээрх бүх төрлийн бичил биетний өсгөврийн эсийн өсөлтийн эрчмийг эсийн нягтаар спектрофотометрийн аргаар хэмжиж, нэг мл дэх эсийн тоо 10-ын долоон зэргээс дээш байхаар тооцож, сонгомол орчинд цельсийн 27-30 хэмд 24-72 цаг өсгөвөрлөн зөвхөн бэлдмэл хийх эх хөрөнгө бэлэн болдог байна.

 

Үр дүн

 

Ийнхүү 20-30 жилийн турш хийсэн судалгааны явцад гаргаж авсан биобэлдмэлийг 2018 оноос эхлэн түүврийн аргаар гэр хорооллын айлуудад туршиж  цаашлан Баянзүрх дүүргийн нэг хороог сонгон авч үргэлжлүүлэв. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа 80-аас дээш хувийн үр дүн үзүүлсэн нь туршилт амжилттай болсныг илтгэнэ.  Уг судалгаанд оролцсон иргэдээс дахин авч хэрэглэх эсэхийг асуухад “Тийм” гэдэг хариулт мөн л 80-аас дээш хувьд хүрчээ. Зах зээлийн эдийн засгийн нийгэмтэй, чанар стандартын өндөр шаардлагатай, голж шилэмтгий иргэдтэй өнөөгийн цаг үед сэтгэл ханамж 80-аас дээш хувьтай байна гэдэг маш сайн гэсэн үзүүлэлт юм. Ингээд бодохоор Био-Ариус бэлдмэл нэлээд ашигтай бизнес байж болохоор. Гэвч Ц.Рэнцэнханд докторын өгүүлсэнчлэн дурын нэг аж ахуйн нэгж үйлдвэрлээд явах боломжгүй, заавал мэргэжлийн хүмүүс зориулалтын биотехнологи, микробиологийн үйлдвэрлэл явуулах боломжтой нөхцөлд  хийдэг бүтээгдэхүүн юм билээ. Хэдийгээр Биологийн хүрээлэнд Био-Ариус бэлдмэлээ үйлдвэрлэх жижиг цех дэргэд нь  байдаг ч эрдмийн мөр хөөсөн хүмүүст дэндүү ахадсан ажил болохоор тэр бүр их массаар үйлдвэрлэхэд хүндрэлтэй юм гэж тэрбээр ярьж суусан.

Бас ч өнгөрсөн 2023 онд Хөвсгөл, Завхан аймгийн нийтдээ 2700 орчим айл өрхөд Био-Ариус бэлтгэн хүргэж, нэлээд айлд туршаад амжжээ. Энэ нь “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой” гэсэн Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх үүргээ биелүүлж байгаа нь илт байна.

 

Туршилт

 

Компаниудад нийг­мийн өмнө хүлээсэн хариуцлага гэж байдаг. Энэ хариуцлагын хү­рээнд байгаль орчны асуудлаар эрдэмтдийн дэвшүүлж тавьсан оновчтой шийдлийг ажил хэрэг болгоход хөрөнгө, санхүүгээр туслах үүрэгтэй. Микробын нийлэгжлийн лабораторийн эрдэмтэд нэгэн компанийн зүгээс зарласан төсөлд оролцож шалгараад тухайн үед  Нийслэлийн өмчит “Харгиа” цэвэрлэх байгууламжид туршилтаа ажил хэрэг болгожээ. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн лагийг биобэлдмэлээ ашиглан боловсруулж, шороон хөрстэй холиод ургамал тарьж үзэхэд энгийн хөрстэй харьцуулсан шимт байдал нь нүдэнд харагдах байдлаар 50 хувь илүү байгаа нь ажиглагдав. Лагаас гаргаж авсан хөрсний таримал ургамлын өсөлтийн хэмжээ энгийн хөрсөнд харьцуулж тарьсан ургамлын өндрөөс 50 хувь илүү байсан гэж ойлгож болно. Энэ утгаар нь харах юм бол бидний нийслэл хотын тулгамдсан асуудал болдог цэвэрлэх байгууламжийн лаг, гэр хорооллын нүхэн жорлонгийн бохир Монгол шиг эмзэг хэврэг хөрстэй, эрс тэс уур амьсгалтай орны хувьд алтаар үнэлэгдэх хэмжээ­ний нөөц баялаг болж таараад байгаа юм даа. Тулгамдсан асуудлыг боломж болгож байгаа тэднийг Монгол бахархлыг бүтээгчид гээд хэлчихэд буруудахгүй л болов уу.

 

Эрдэнэтийг эрүүлжүүлэв

 

Монгол орны цаг уур, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй “Нутгийн омгийн шилмэл сүрэг”-ийн дараагийн ажил Эрдэнэт хот. Шинжлэх ухааны академи  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай  2019 онд хамтын ажил­лагааны гэ­рээ байгуулж, түү­ний хүрээнд хийг­дэх ажлуудын жаг­­саалтад   Био­логийн хүрээлэнгийн бэлдмэл оржээ.  40 гаруй жил хуримт­лагдсан лаг саваа халих дөхсөн, лагийн шивтрийн хий, хүхэрт оксид, метан зэрэг хорт хий ялгаруулагч бодисуудыг задалж саармагжуулах, үнэрийг нь дарж, өвчин үүсгэгчээр дүүрэн лагийг шимт хөрс болгож, мод, ургамал тарихад хэрэглэх бордоо болгоно гэхээр дургуйцэх юу байх вэ. Эрдэнэт хотын вокзал дээр буухад л үнэртэж эхэлдэг лагийн үнэрийг 2019-2022 оны хооронд арилгав. Биологийн хүрээлэнгийн “Нутгийн омгийн шилмэл сүрэг”, Химийн хүрээлэнгийн хүрэн нүүрснээс гаралтай гумины хүчжүүлсэн бэлдмэлтэй хавсран лаг боловсруулах шинэ технологи боловсруулж, Эрдэнэт хотын нэг нь таван мянган куб метр лаг хуримтлагдсан зургаан том картын 30 мянган метр куб лагийг саармагжуулж хотын иргэдийг “Үнэр”-ээс салгав. Хэдийгээр бичихэд цөөхөн үгээр өгүүлээд өнгөрөх боловч лагийг саармагжуулж, органик бордоо болгох процесс бүтэн багийн олон жилийн уйгагүй хүчин чармайлт шаардсан ажил байсан нь ойлгомжтой. Бохирын лагаас дээж авч лабораторид найрлагын судалгаа хийнэ гэхэд л төсөөлшгүй тэвчээр хэрэгтэй.

Цаг хугацаа үрсэн ажил болоогүй гэдэг нь Эрдэнэт хотын “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах” төлөвлөгөөндөө мөнөөхөн лагаас гаргасан органик бордоог ашиглаж буйгаар батлагдах юм.  2022 онд Хаягдлын аж ахуйд хайлаасны үрээр 1.5 м өргөнтэй таван км, нарийн зурвасаар 1.4 км 1.3 га талбайд лагийн бордоо ашиглан тарилт хийсэн нь 70 хувийн амьдралттай байгаа тухай мэдээ байна. Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв мод үржүүлэг, ойжуулалт, зурвасын ажлыг хийхээс гадна мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл, мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилладаг юм билээ. Ийнхүү эрдэмтэд Эрдэнэт хотыг эвгүй үнэрээс нь ангижруулсан түүхтэй.  Энэ нь зөвхөн хог хаягдлыг боловсруулахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оруулж буй хувь нэмрийн нэг мөнөөс мөн.

 

Сибирийн хүр эрвээхэй

 

Монгол орны ой, усны нөөцийг зохицуулан цэвэршүүлэх, хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн ач холбогдолтой экосистем. Экосистемд хор хөнөөл учруулагч олон хүчин зүйлийн нэг бол хортон шавж байдаг. Эдгээр хөнөөлт шавжийн нэгд зүй ёсоор ордог хайрсан далавчтаны багийн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэйг (Dendrolimus sibiricus Tschw)  устгах ажилд жил бүр хөрөнгө, хүч зарцуулсаар өдий хүрсэн ч голомтыг нь бүрэн устгаж чадахгүй л байв. Энэ ажилд зардал бага, үйлчилгээ сайтай химийн бодис хэрэглэн хөнөөлт зүйлийн хүрэнцрийг богино хугацаанд үхүүлж тоо толгойг хязгаарладаг ч ойн сангийн биологийн төрөл зүйлд хөнөөл учруулж, ус, хөрсөнд хуримтлагдан, улмаар хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг сөрөг үр дагавартай нь нотлогдсон. Тэгвэл байгалийн тэнцвэртэй байдал, ойн амьтан, ургамал, бичил биетний олон янз байдалд сөрөг нөлөөгүй ямар арга байж болох вэ. Хөнөөлт зүйлтэй тэмцэх, ойн экосистемд эерэг нөлөөлөх ийм аргын нэг нь бактерийн бэлдмэл. Хэдийгээр өртөг өндөр, хадгалах, цацах нарийн горим дэглэмтэй ч хөнөөлт шавж бүхий ойн бусад төрөл зүйлд сөрөг нөлөө үзүүлдэггүй давуу талыг нь дэлхийн биологичид сонгоод байгаа юм. Зөвхөн хөнөөлт шавжийн хүрэнцрийг сонгон халдварлаж, хоол боловсруулах эрхтэнд нөлөөлж үхүүлдэг ч бусад төрөл зүйлд нөлөөгүй, бие организм, хөрсөнд хуримтлагддаггүй нь энэхүү бэлдмэлийг сонгох хамгийн том шалтгаан.

Харин Монголын биологичид ийм бэлдмэлээ гаргаж аваад туршилт судалгаагаа явуулж, мониторинг хийгээд үр дүнг нь үзчихээд байгаа юм. Зөвхөн хүрэнцрийг сонгож үйлчилдэг онцгой бактери олж илрүүлсэн монгол биологичдын дээж сонгох чадвар, мэдрэмж, мэдлэг дэлхийгээс хоцроогүй гэдгийг батлах ажээ. Олон улсад 10000 бактерийн өсгөврөөс зөвхөн ганцхан ашигт омог олдог туршлага байдаг гэхээр ямар их цаг хугацаа, нөр хичээл шаарддаг нь ойлгогдоно.

 

Ажлын нөхцөл

 

Дэлхийн биологичид бурхны зин­даанд хүрчихсэн байдаг. Тэгвэл Монголын биологичид ажиллах нөхцөлийнхөө асуудлаас салаагүй л сууж байдаг. Биологийн хүрээлэн 1965 онд байгуулагдах үедээ суурилуулсан багаж тоног төхөөрөмжтэйгөө XXI зууны 20-оод жил зүтгэчихсэн байх юм. Монголчууд бас л бүдүүн тоймын улс даа. Анх ажилд ороход нь байсан социалист нийгмийн үеийн тоног төхөөрөмжтэйгөө 25 жил хамт байсан тухайгаа Ц.Рэнцэнханд доктор ярьж байсан. Нэг ч тоног төхөөрөмжийн шинэчлэлгүй био­логи­чид,  биологийн зууны 20-оод жилийг ардаа үдэж. Одоо хэр нь хуучныхаараа байгаа тоног төхөөрөмжүүд бий. Сүүлийн тав, зургаан жил л төр засгаас анхаарал тавьж Биологийн хүрээлэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байгаа гэнэ. Бүхэл бүтэн улсын шинж­лэх ухааны хүрээлэнгийн эрдэм­тэд, олон улсын байгууллагад хан­дан хэрэгцээтэй тоног төхөө­рөм­жөө авахаар төсөл бичиж суу­даг гэхээр хэлэх  үг ч олдохгүй юм даа. 


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22