Малын тэжээлийн үнийг хөөрөгдөхгүй, хомстол үүсэхээс сэргийлжээ


Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зарим аймаг, орон нутагт өвөлжилт хүндэрч эхэлж буй. Тодруулбал, найман аймгийн 18 сумд төмөр буюу шилэн, 16 аймгийн 85 сумд цагаан зуд нүүрлэж, 16 аймгийн 75 сумд цагаанаар зудархуу байна. 

Арав хоногт нэг удаа хэмждэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд 1-38 см цастай, хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Үүнээс Увс аймгийн Малчин суманд хамгийн зузаан буюу 37 см, мөн Сагил, Баруунтуруун, Давст, Хяргас, Улаангом, Сэлэнгэ аймгийн Бугантад 29-32 см, Завхан аймгийн Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсант суманд 26-28 см цасан бүрхүүл тогтжээ. Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байгаа аж. 

Хөнгөлөлттэй олгож буй тэжээл малчдын гарт хүрч эхэлжээ

Аймаг, орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар зарим аймгийн холбогдох албаныхнаас тодруулсан юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар “Өвөлжилтийн нөхцөл байдал одоохондоо харьцангуй тайван байна. Гэхдээ зудын эрсдэлийн үнэлгээ нэлээд өндөр гарсан. Энэ нь малын тоо толгой, бэлчээрийн даацтай холбоотой. Аймгийн хэмжээнд 800 гаруй мянган толгой малыг дотоодын хэрэгцээнд нийлүүлэх ажлыг зохион байгуулсан. Мал маллаж буй найман мянга гаруй малчин өрхийн тухайд өөрсдийнх нь бэлтгэсэн өвс тэжээлийнх нь нөөц дууссан. Тиймээс улсын аюулгүйн нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгосон 400 тонн тэжээлийг малчдад хүргэсэн. Одоо бид аймгийн аюулгүйн нөөцөд байгаа 400 тонн өвс,  50 тонн тэжээлийг эрсдэл өндөртэй, өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилж, хүргэх ажлыг зохион байгуулах гэж байна” гэв. 
Хэнтий аймгийн тухайд дөрвөн сум нь зудтай, 12 сум, гурван тосгон нь цагаанаар зудархуу байгаа бөгөөд одоогоор нийт 6779 толгой мал хорогджээ. Тиймээс Засгийн газрын тогтоолоор тус аймагт өнгөрсөн онд улсын нөөцөөс 189.53 тонн хивэг, 49 ширхэг гэр, 20 тонн шатахуун, Хэрлэнбаян-Улаан тосгоны эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгосон юм. Харин үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэ онд дахин улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр 60 мянган тонн хивэг, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 175 тонн тэжээл тус тус нэмж олгохоор шийдвэрлэжээ. 
Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 1-нээс энэ сарын 5 хүртэлх хугацаанд 49 мянган мал хорогдсон байна. Малчид өвс, тэжээлийн ялангуяа тэжээлийн хомстол үүсгэж, үнийг нь хөөрөгдөхгүй байх талд холбогдох газруудыг анхаарч ажиллахыг сум, орон нутгийн удирдлагуудаасаа хүсдэг байна. Тэгвэл энэхүү асуудалд  холбогдох ХХААХҮЯ хэрхэн анхаарч, ямар бодлого шийдвэр гарган ажиллаж буй талаар тус яамны  Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Гантулгаас тодрууллаа. Тэрбээр “Малын тэжээлийн асуудлыг хөндөхөд хоёр зүйл яригддаг. Нэгдүгээрт, малын тэжээлээр дагнасан үйлдвэр бий. Хоёрдугаарт, гурилын үйлдвэрүүд малын тэжээл нийлүүлэх тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэх явцад малын тэжээл гардаг. Тиймээс УОК-ын дарга тухайн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцсан. Үүний үр дүнд тэжээлийн үнийг хөөрөгдөхгүй байх шийдэлд хүрсэн.  Шаардлагатай тохиолдолд дундын дамжлагагүйгээр тэжээл нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Тухайлбал, аймаг орон нутгийн удирдлагууд үйлдвэрийн үнээр тэжээл авах хүсэлт тавьж, авах бүрэн боломжтой. Харин гурил үйлдвэрлэгчдийн зүгээс цаг агаарын нөхцөл байдал будааны чанарт сөргөөр нөлөөлсөн тул сайн чанарын будаагаар сортлох будаа оруулж ирэх санал тавьсан. Энэхүү саналд үндэслэн Засгийн газраас квот олгох шийдвэр гаргаж, эхнээсээ гурилын үйлдвэрүүд сортлох сайн чанарын будаагаа оруулж ирсэн. Ингэснээр үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа. Тиймээс одоо ямар нэгэн байдлаар малын тэжээл хомстох,  үнэ хөөрөгдөх асуудал гарахгүй. Засгийн газраас тэжээлийг экспортод гаргахыг хориглосон байгаа” гэлээ. 
Засгийн газраас малын тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гаргасан. Одоогоор 21 аймаг болон Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэгт нийт 9182 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу олгож буй тэжээлийг аймгийн Онцгой комисст хүргэж, тус газраас эрсдэл өндөртэй сумууд руугаа хуваарилж, хүргэх шат дамжлагаар олгож буй аж. Он гарснаас хойш улсын хэмжээнд төмөр болон авто замаар 3840 орчим тонн тэжээлийг оруулж ирсэн бөгөөд “Боршоо” боомтоор оруулж ирсэн тэжээлийг баруун аймгуудад нийлүүлэх ажлыг зохион байгуулж буй талаар холбогдох албаныхан хэллээ.    

Амьд мал худалдан авах ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ

Монгол Улсын шадар сайд бөгөөд УОК-ын даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар УОК-ын Шуурхай штабыг байгуулсан. Энэхүү штабт холбогдох яам болон төрийн 19 байгууллагын 50 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тус шуурхай штабынхан 21 аймгийн удирдлагуудтай, дараа нь 330 сум, дөрвөн тосгоны удирдлага, холбогдох албаныхантай цахим хурал зохион байгуулж, тухайн орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсжээ.  Үүнд үндэслэн зураглал гаргаж, улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулжээ. Түүнчлэн малын эрсдэл, хорогдлыг бууруулах, малчдыг дэмжих зорилгоор амьд мал худалдан авах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа аж.  Тухайлбал, аймаг, сум болон мал, мах нийлүүлэхээр тээвэрлэлт хийж буй автомашиныг түлш шатахуунаар хангахын тулд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллажээ. Түүнчлэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтарч өвөлжилт хүндэрч, зам харгуй нь хаагдсан, түлээ түлшгүй болсон айл өрхийн судалгааг авч, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Тодруулбал, дээрх судалгаанд үндэслэн одоогоор дөрвөн аймгийн 16 суманд Дэлхийн зөн болон хүмүүнлэгийн бусад байгууллага тусламж үзүүлсэн бол дараагийн ээлжид найман аймгийн 40 гаруй суманд энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.  УОК-ын дарга НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, мөн Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улсын өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулснаар тухайн байгууллагууд малчдад ийн тусламжийн гараа сунгажээ.  
Амьд мал худалдан авах ажлын тухайд малчид өвлийг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд мал худалдан авч, бэлтгэн экспортлох ажлыг эхлүүлээд буй. Энэ ажил ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай тул амьд мал зарах хүсэлтээ малчид 85002559 дугаар утас руу холбогдох боломжтой аж. 
Аймаг, орон нутгийн зүгээс түлш шатахуун дууссан, хомстол үүссэн, мөн зам даваа хаагдах эрсдэлтэй зам давааны ойролцоо хүнд машин механизмыг байрлуулж өгөхийг хүсэж УОК-д ханджээ. Үүний дагуу тус комиссын Шуурхай штаб Ашигт малтмал, газрын тосны газартай холбогдож, тухайн орон нутгийг түлш шатахуунаар хангах арга хэмжээг авч, хэвийн байдалд шилжүүлсэн гэдгийг УОК-ын Шуурхай штабын Ажиллагаа зохицуулалтын багийн ахлагч, хурандаа Б.Мягмардорж хэллээ. Тэрбээр “Отор нүүдэл хийж буй малчин өрхүүдэд эрүүл мэндийн болон төрийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мөн малчидтай хариуцлагын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж байна. Учир нь, холбогдох газраас нөхцөл байдлын болон цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг хүргээд байхад малчид өөрсдөө хариуцлагагүй хандаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох, эрсдэл гаргах тохиолдол гардаг. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, цаг агаар тааламжгүй үед малаа хол бэлчээрлүүлэхгүй байх гэх мэт асуудлыг тусгасан. Мөн сүлжээнээс үл хамаарч, гурван үгээр байршлаа тогтоож, түүнийгээ холбогдох газарт мэдэгдэж, түргэн шуурхай тусламж авах боломжтой “What3Word”  аппликейшныг малчдын гар утсанд суулгах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү аппликейшны тусламжтайгаар Баянхонгор аймагт найм, Өвөрхангай аймагт 11 иргэнийг олж, амь насыг нь аварсан” гээд аппликейшныг гар утсандаа суулгахыг уриаллаа. 

Ихэнх нутгаар цас орж, шуурна

Байгаль, цаг агаарын дулаарлаас шалтгаалаад гамшиг аюулт үзэгдэл, ослын тоо буурахгүй байгаа. Жилд 4000-5000 гаруй аюулт үзэгдэл ослын дуудлага ирдгээс 40 хувь нь хаяг байршил нь тодорхойгүй байдаг аж. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд гурван үгт хаягийн системийг нэвтрүүлснээр аюул, ослын голомтын байршлыг түргэн шуурхай олох боломж бүрджээ. Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд ухаалаг гар утсандаа суулгасан “What3Words” аппликейшныг ашиглан интернэт сүлжээнээс үл хамаарч гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм байна. Энэхүү аппликейшныг Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглах боломжтой аж. 
Анхааруулахад, энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тухайлбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-нд урд талын аймгуудад, маргааш буюу 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 хэм хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байхыг анхааруулж байна. 


 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22