Нэгэн бодисадва үхлийн эзэн ягчистай учирч ахуд ягчис өгүүлрүүн “Би долоо хоногийн хойно дахин ирж чамайг амны идээ болгосугай” гэвэл бодисадва түүнээс өчүүхэн ч эмээлгүй залбирал үйлдсээр суув. Ийн ягчис түмэн зүйлээр бодисадваг ятган оролдсоор эцэстээ явж одохуйд бодисадва Бурхан багшид хандан аврал гуйн залбирав. Түүний залбирлыг сонссон Бурхан багш “Ай бодисадва чи бурхдад балин тахил хийж өргөн барь. Балин тахил ямар буйг би айлдъя” хэмээснээр балин тахилын дэг жаягийг зохиомжлон бүтээв. Бурхан бээр айлдахдаа “Миний хөрөг дүрийг бурхан байна хэмээн сэтгэж шүтэх аваас надтай учирсан лугаа адил буян хураана” хэмээсэн байдаг.
Балин тахил
Лам хувраг, сүсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ өргөж буй идээг балин гэх боловч буддын шашин хөгжин дэлгэрсэн улс орнуудад эл ойлголт өөр, өөр байх нь бий. Арван зүгт заларч, гурван цагийг эрхшээсэн бурхдад буян болдог. Монголчуудын балин тахил умард Энэтхэгээс үүдэлтэй ба Өндөр гэгээний хүрээ дэг, Заяын гэгээний номлосон заяын дэг, Ламын гэгээний айлдсан ханчин дэг гэх гурван дэгээр урлаж үйлддэг ажээ. Хэдийгээр энэ гурван дэг хоорондоо төдийлөн өөргүй боловч хэмжээ хийцийн багахан ялгаа ажиглагдана. Бурхан багшийн дөрвөн их дүйчин өдөр хийгээд бусад шашин номын тэмдэглэлт өдрүүдээр балин тахил хийж өргөнө. Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам М.Эрдэмбилэгээр удирдуулсан балин урлаач лам нар сарын өмнөөс битүүний хуралд зориулан урлаж эхэлсэн балин дуусах шатандаа орж байна. Зүүн хүрээ Дашчойлин хийд нь жил бүрийн Цагаан сарын хурлын өмнө балин тахилаа шинэчлэн урлаж залдаг уламжлалтай. Балин урлалын ажил нь өөх шөрмөслөх, мах босгох, зорох, шөрмөслөсөн өөхөө өнгө оруулж балингаа чимэх гэх зэргээр олон шат дараалалтай явагдаж балин адислага хурлаар шинээр хийж залсан балингаа адислага хурал хурж равнайлан, Цагаан сарын хуучин номын хурал эхэлдэг уламжлалтай аж.
Балин хийх урлал нь бурхны шашны их таван ухааны урлахуйн ухаанд хамаардаг, ур ухаан шаарддаг, тусгай урлаг юм. Балин бол бурхдадаа барьж байгаа сайхан амтат зоог, нүдийг нь баясгасан гайхамшигт бүтээл ажээ. Өдрийн, сарын, жилийн гэсэн гурван янзын балин байдаг ба бурхан бүрд өөрийн гэсэн өнгө хэлбэртэй балин тахил өргөдөг. Харин Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бүтээж буй балин буюу баримжаа нь жилийн балин бөгөөд аль ч бурханд өргөж болдог хувилбар ажээ. Жилийн балинг Сар шинийн өмнө тусгайлан хийдэг бөгөөд бүтэн жил чанарыг нь хадгалахын тулд арвайн гурилыг ус оруулалгүйгээр шар тосоор багсарч, найрлагад нь зуун амттаныг оруулж, өнгө оруулсан ямааны тосоор чимж, амьсгаа оруулахгүй бүтээдэг. Мөн балинг дан тосоор ч хийж болдог уламжлал бий.
Жилийн балин нь адис жинлав их оршсон байдаг учраас аргалын цог дээр хийж уугиулан хашаа хороогоо ариулж утаж хэрэглэж болно. Бас талийгаачдад уншдаг сүр хэмээх номыг уншихад мөн уугиулж хэрэглэдэг. Тосон чимэглэлийг нь хийсэн ямааны өөх, зарим нэг тан, утлага тэргүүтний орцод ордог.
Ямар бурханд өргөж буйгаас шалтгаалан хэлбэр дүрс, утга санааны хувьд өөр байх боловч монголчууд арвайн гурилыг усаар бус шар тосоор зуурч урладаг. Харин энэтхэгчүүд лааны тосоор үйлдэх бөгөөд Төвөдийн өндөрлөгт сарлагийн тос хэрэглэн балин урладаг уламжлалтай. Балингаа бурханд тавих нь өдөр бүр зоог барьж байгаа утгыг илэрхийлдэг. Сүсэгтнүүдийн өргөлд ирсэн ямааны өөхөөр балингаа чамин болгож чимэглэх нь сайхан идээ өргөж байна гэсэн утгатай. Чимэглэлийн өөхийг тусгай технологиор урт удаан хугацааны турш боловсруулах бөгөөд нүднээ чимэгтэй тод ганган өнгө будаг оруулна. Чимэглэл нь тун нарийн хийцтэй, өнгө будагтай байдаг. Балинг бурханд өргөл болгож хийхээс гадна газрын эзэнд зориулан хийдэг. Гурвалжин босоо, цац хэлбэртэйгээр хийж нар сар, чандмань эрдэнийн дүрсээр дээд талыг чимэглэнэ. Чимгийг шар тосоор, их биеийг замбай гурилаар хийдэг. Газар лусын эздэд зориулсан балингийн эргэн тойронд “нөхөр” болгож олон жижиг балин суулгадаг боловч тоо нь адилгүй. Махагал бурханд зориулсан балин гэхэд таван нөхөр сэлтэд нь өргөсөн байх жишээтэй. Жамсран бурханд өргөдөг “Бамбан аа” нэртэй балин байх бөгөөд хүний биеийн гол гол эрхтнүүд бөөр, зүрх, сарвуу, тавхайг дүрслэн хүрэн өнгөөр будаж хивэг шиг бүдүүн ширхэгтэй гурилаар хийж таван мэдрэхүйг бэлгэддэг ажээ.
Балин нь тахилын нэг хэлбэр ба тахил өргөхдөө хармын сэтгэлгүй, хариу нэхээгүй өглөгийг өргөх нь буян ихтэй. Тахил өргөхөд бодитой буюу сэтгэлээрээ хувилгаж өргөх ёс байдаг. Өчүүхэн ч хармын сэтгэлгүй өргөсөн тахил сүн далай, сүмбэр уул мэт арвижин дэлгэрэх нигууртай. Хамгийн энгийн тахил өргөл нь бид аливаа идэж уух идээ ундааг идэж уухаасаа өмнө язгуурын багш болон бурхан Гончогсүмд өргөж байна хэмээн бодож "Ум, Аа, Хум" тарнийг гурвантаа уншиж эдэлж хэрэглэх нь бурханд бодитой тахил өргөл өргөсөнтэй адил буян хураана.
Найман отчид өргөдөг тусгай тахил:
1. Бурхны ам зайлах, цангаа тайлах зорилгоор өргөдөг ус. (Чодёон)
2. Бурхны хөлийг сэрүүцүүлэх зорилгоор өргөдөг ус. (Шавсил)
3. Бурхдад цэцгийн эрхин хэлхээн чимэг өргөх зорилгоор өргөдөг цэцэг. (Мядог)
4. Бурхдад ариун үнэр өргөх зорилгоор өргөдөг хүж үнэртэн (Дүгва)
5. Бурхдын мэлмийд гэрэл гэгээ болгон өргөдөг зул. (Мармэ)
6. Бурхдын лагшин буюу хоолойд өргөдөг үнэрт ус. (Дичав)
7. Бурхдад таван тансаг идээгээр тахил болгон өргөдөг балин. (Шалсай)
Балин урлаачдыг сүм хийдүүд өөрсдийн лам шавь нараас гарын уртайг нь сонгон авч шавь сургалтаар эрдэмд сургана. Балин нь бие даасан тосон урлалд багтах бөгөөд шашны урлагийн нэг хэлбэр юм. Энэ утгаараа шавь сургалтаар бэлтгэгддэг бөгөөд биет бус өв гэх ба балин урлаачдыг биет бус өв тээгч гэхэд болно. Эдгээр өв тээгч балин урлаачид балин урлаж эхлэхдээ үг яриагаа цэгнэж бодлоо цэгцлэн, сонгино, сармис үл үнэртүүлэн гаднын хүнийг нэвтрүүлэхгүй бие хийгээд сэтгэлээ ариусган чандалж хараал хэлэх зэргийг цээрлэн ариун цэврийг маш сайн сахидаг номтой.
Монголд орж ирсэн Буддын шашны гармава, гэлүгва, сажа, нимава дөрвөн янзын урсгал бүгд тахилын өргөлд балин хийж үйлдэх бөгөөд арван зүгийн гурван цагийн бурхдад өргөх тахил балин үзүүргүй мөлгөр хэлбэр дүрсийг үүсгэсэн цагаан өнгө голлосон байдаг бол арван хангал догшдын өргөл балинг хурц ирмэг хар улаан өнгө оруулсан байдаг. Балин тахилд 32 өнгийн чимэглэл буюу ертөнцийн бүх өнгө ордог ажээ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна