Мари Фавэру: Нүүдэлчид дэлхийн түүхийг хөдөлгөсөн


-Монголчууд худалдааны суутнууд байжээ. Тэд европчуудаас түрүүлж капитализмын үндсэн  зарчмуудыг боловсруулсан-

Парисын Нантерре их сургуулийн дэд профессор Мари Фавэру “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номоороо Монголын эзэнт гүрний түүхийг шинэ шатанд гаргасан. Ингэхдээ Зүчийн улсыг гол тоглогч болгон, нүүдэлчдийг түүхэн тоглогч гэдэг өнцгөөс авч үзсэн байна.  Тэрбээр  Алтан Ордыг түүхэн нөхцөлд нь судлах, эл засаглал хэрхэн үүсэж, хэдэн зууны туршид хөгжин, хэрхэн нүүдэлчин шинжээ хадгалахын сацуугаар зохицон хувьсаж, өөрчлөгдөн ирснийг ойлгохыг зорьжээ. Нүүдэлчид эдийн засгийн баялаг бүтээж чаддаггүй, соён гэгээрлийн захад амьдардаг гэсэн улиг болсон ойлголтыг няцааж, Зүчийн улсын дэлхийд үлдээсэн өв болон нөлөөг дахин харснаараа онцлог. Оросын вангууд Ордын хараанд байхдаа эдийн засгийн ер бусын дэвшилд хүрснийг дурдах хэрэгтэй. Оросын нутаг дээр 40 хот байгуулж, гар урлалын бүтээгдэхүүн, худалдаа арилжаа хурдацтай хөгжсөн байна. Орд цэргийн хүч, татвараар дамжуулан Ижил мөрний бүс нутгийн хамгийн ашигтай худалдаа болох арьс, боолын болон давсны арилжаагаар баяжих болжээ. Бэрх хааныг залгаж гарч ирсэн Мөнхтөмөр хааны үед тогтвортой байдал бий болж, амар тайван үе ноёрхжээ.Генуя, Венец, Мамлюк болон Византитай ойр холбоотой байв. Үүнд тодотгууштай нэгэн зүйл гэвэл Зүчийн улсын Орост үзүүлсэн нөлөө, хаад нь хэрхэн өнгөц байдлаар исламд хөрвөсөн хийгээд тэдний исламын ертөнцөд үзүүлсэн жинхэнэ нөлөө, нүүдэлчдийн XIII-XIV зуунд Евразийн төвд дэлгэрүүлсэн худалдааны огцом хөгжлийн тухай санал. Мари Фавэру Францын Дорнын археологийн институт, Оксфордын их сургуулийн “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” төслийн гишүүн аж. Түүнийг Улаанбаатарт ирэхэд нь уулзан судалгааны чиглэлээр нь ярилцсан юм. Монголчуудыг Европ болон Баруун Азийн улс орнуудыг тонон дээрэмддэг дорно дахины харгис түрэмгийлэгчид мэтээр бичдэг байсан цаг саяхан. Тэгвэл  эл түүх үнэнээс хол болохыг Мари эх сурвалжид үндэслэн гаргалгаатай бичсэн нь номын гарчгаас илэрхий. “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ном англи, франц, япон, солонгос, испани хэлнээ орчуулагдсан ч монгол хувилбар нь түүнд хамгийн дотно санагджээ. Тэрбээр 20 жилийн судалгаагаа эмхэтгэсэн номоо мянган хуудастай бичихийг хүссэн ч хэвлэлийн компаниас “Энэ ч арай хэтэрнэ” гэж хязгаарласан аж. Гэхдээ энэ бүтээлээр судалгааны ажлаа дуусгахгүй, Алтан Ордны түүхийг үргэлжлүүлэн судлахаа хуучилсан юм.

 

Даяаршлын суурийг монголчууд тавьж, эзэнт гүрнээ захирахдаа хэрэгжүүлсэн

 

-Монголын эзэнт гүрний түүхийг судлах болсон шалтгаан тань юу байв?

-Францын Сорбонний их сургуульд түүхийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан. Төгсөх курстээ судалгааны ажилд тохирохуйц, төдийлөн судлагдаагүй түүх хайх явцдаа Зүчийн хаант улсын тухай анх уншсан юм. Хүмүүс “Монголтой ямар нэгэн байдлаар холбоотой юу” гэж асуудаг. Их сургуульд ороод л Монголын эзэнт гүрний тухай зэрвэс уншиж байснаас гүнзгий судалсан удаагүй. Сонгосон сэдвээ багшдаа цухуйлгатал “Энэ тухай хангалттай эх сурвалж байхгүй” гээд дахин бодож үзэхийг хүссэн.  Бэрхшээлтэй, амаргүй судалгааны ажил гэдэг судлаачийн чансааг шалгадаг. Тэр л зарчмаар “цөөн эх сурвалжтай” гэсэн үг миний хорхой хүргэж, энэ сэдэв рүү дайраад орсон доо. Түүхийн шинжлэх ухаанд эх сурвалж хамгийн чухал. Судлаад үзтэл Монголын эзэнт гүрний түүхийг судлах эх сурвалж, хаадын захидал харилцааны бичиг арвин байсан. Олон орны архивт сууж, баримтуудаа нягталлаа. Хамгийн сонирхолтой баримтууд одоогийн Истанбул, Санкт-Петербург, Вена, Парисын архиваас олддог. Сонирхолтой эх сурвалжуудын нэг бол зоос. Монголын эзэнт гүрний харилцааны үед зоос ахисан түвшинд хөгжсөн. Оросын газар нутагт монголчууд зоосны хэрэглээг нэвтрүүлсэн.  Алтан Орд улсын тухай эх сурвалжуудыг цуглуулахад их сургуульд сурсан араб хэл давуу тал болсон. 

-Эх сурвалжуудыг уншихад таны анхаарлыг ямар баримтууд илүү татаж байв?

-Алтан Орд улсыг XIII зуунд байгуулагдаад удалгүй нуран унасан, төр захиргааны болхи системтэй байсан гэх үзлийг хүлээн зөвшөөрдөггүй. Зарим судлаач “Бүхнийг эзэлсэн учраас цааш явах газаргүй болсон” мэтээр бичдэг. Миний олж уншсан эх сурвалжуудаас Алтан Орд улсын засаглалын систем төгс байсан нь харагддаг. Байлдан дагууллынхаа дараа монголчуудыг суурин соёлд шууд шилжсэн гэх нийтлэг ойлголт бий. Гэтэл монголчууд тэр үед нүүдэлчин ахуйгаараа бахархдаг, алдахгүй байхыг эрмэлздэг байжээ. Миний анхаарлыг татсан өөр баримт бол “Нүүдэлчид дайн хийж, эвдэн сүйтгээд явдаг” гэх ойлголтын эсрэгцэл. Хэрвээ эх сурвалжуудыг  нарийн судалбал, монголчууд  хот нураагаад, иргэншил устгаад, хөгжлийг хойш чангаасан зүйл үгүй. Харин ч монголчууд хот хэрэгтэй обьект, хөгжүүлэх шаардлагатайг мэддэг байжээ. Мөн  Монголын эзэнт гүрнээс өмнөх газрын зурагт хоорондоо дайсагнасан шашны тэмцэл харагддаг. Монголчуудын засаглалын үед ислам, загалмайтан гээд шашны бүлгүүд өөр хоорондоо эвтэй орших болсон нь түүхийн содон жишээ юм. Аль нэг улсын харьяанд орвол шашин шүтлэгийг нь заавал дагадаг байсан. Гэтэл монгол хаадын засаглалд шашин үл хамаарна. Хамгийн гол нь хаанд үнэнч байж татвараа төлөх ёстой. Сонирхол татах өөр жишээ бол эмэгтэйчүүд. Ислам, христийн ертөнцөд эмэгтэйчүүдийн эрх мэдэл өндөр байгаагүй. Монголчуудын засаглалд орсноор улс төр, эдийн засагт эмэгтэйчүүд гол тоглогч болсон.

-Тэгвэл эдгээр баримтыг харьцуулаад судалгааны ямар бүтээл хийсэн бэ?

-Миний хувьд худалдаа  чухал нээлт болсон. Монголчууд худалдааны суутнууд байжээ. Тэд Европын ард түмнээс хамаагүй эрт капитализмд хүрсэн. Бас капитализмын үндсэн  зарчмуудыг боловсруулсан.  Хэрэв бид дэлхийн түүхийн тухай ярьж байгаа бол даяаршлын суурийг монголчууд тавьж, эзэнт гүрнээ захирахдаа ашигласныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эзэнт гүрэн, соёл иргэншлийн жишгийг чулуугаар барьсан хотууд, суурин нийгэм, өсөлт ба уналтын мөчлөгөөр хэмжих нь нүүдэлчдийн түүхтэй нийцэхгүй. Монголчуудын нөлөө өөр байсан. Энэ бол солилцоо, дасан зохицох чадварын түүх юм. Энэ бол дайн ба энхтайвныг хослуулан эрх мэдэлд үйлчлэхийн тулд ашигласан түүх юм. Интернэтийг зохион бүтээхээс хамаагүй өмнөх даяаршлын түүх юм. Чингис хааны залгамжлагчид эзэнт гүрний доторх хүчийг тэнцвэржүүлж, улс төрийн соёл, угсаатны уламжлалтай суурин иргэншлүүдэд монгол маягийн хууль, дэг журмыг тогтоож, Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгис, Сибир, Хар тэнгисийг холбосон худалдааны сүлжээг бий болгосон. Энэ бол үнэхээр Монголын солилцоо байсан. Улс төр, соёлын овсгоо самбаа нь солилцооны үндэс суурь болсон юм. Даяаршил 1990-ээд онд, эсвэл 1945, 1815, 1492 онд эхлээгүй. Түүхийн явцад даяаршлын олон үе шат, хэв маяг байсан. Монголын солилцоог удирдсан хаад өнөөгийн ертөнцийг илүү тодорхой төсөөлөх эхлэлийг тавьжээ.

 

Монголын солилцоо  өрнө дорныг нэгтгэж байв

 

-Пакс Монголикаг “Монголын амар амгалан” гэсэн байр сууринаас авч үздэг. Харин та “Mongolian exchange” буюу Монголын солилцоо хэмээн  тодорхойлсноо тайлбарлана уу?

-Чингис хааны залгамжлагчид эзэнт гүрнээ тэлж, хоёр зуун дамнан үргэлжилсэн нүүдэлчдийн төрт ёс буюу Ордыг бий болгосон. Орд  Төв Азиас зүүн Европ хүртэл үргэлжилсэн, Орос, Сибирийг багтаасан асар том газар нутгийг хамаарч байв. Энэ нь байлдан дагуулал, худалдаа, нутгийн элитүүдийг хамтран сонгох, алба гувчуур цуглуулахад дөхөм байсан. Орда эсвэл Орду гэсэн нэр томьёогоор морь унасан дээрэмчин харваачдын дүр төрх гажуудал гэдгийг харуулахыг хичээсэн. Монголчууд, Алтан Ордны хаад чадварлаг захирагчид байжээ. Тэд олон янз байдлыг хүлээн зөвшөөрсөн. Тэдний худалдаа, соёл, улс төрийн институц, харилцаа холбооны сүлжээ, тал нутгийг эзэмшсэн байдал нь даяаршлын эхлэлийг тавьсан. Улмаар дэлхийг өөрчилсөн. Монголын солилцоо  өрнө дорныг нэгтгэж байв. Өөрөөр хэлбэл, нүүдэлчид дэлхийн түүхийг хөдөлгөж байсан. Их Монгол улсын захиргаа нь дэлхий дахиныг хувьсан өөрчлөгдөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Бидний мэдэх өнөөгийн Орос, Төв Азийн олон улс түмэн Алтан Ордыг өөрсдийнхөө үндэс суурь хэмээн үздэг нь үүнтэй холбоотой. Монголчуудын бүтээсэн худалдааны сүлжээ Европ, Азийн хооронд олон зуун жил солилцооны гол суваг байсан төдийгүй нүүдэлчдийн амьдрах чадамж, шинийг эрэлхийлэгч шинжийг тэд суурин иргэдийн амьдралд тодорхой хэмжээнд шингээсэн нь дэлхийн түүхэнд оруулсан гавьяа.

-Алтан Ордны улсаас үлдсэн өв гэвэл түүхчид өөрсдийн дүгнэлтээ хэлэх байх. Энэ сэдвээр дагнан ном бичихдээ Алтан Ордны үнэт өвийг хэрхэн тодорхойлов?

-Монголын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Алтан Орд. Хэрэв Алтан Ордыг өнөөгийн газрын зураг дээр дүрсэлбэл Украин, Болгар, Молдав, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан болон Орос, түүний дотор Татарстан, Крымийг багтаана. Тиймээс Алтан Ордны түүх бол хамтын үнэт өв билээ. Нүүдэлчид суурин иргэдийн дэмжлэггүйгээр эзэнт гүрэн байгуулж чадах мэргэжлийн удирдагчид байсан. Учир нь нүүдэлчид засаглалын байгууламжтай, тэр нь эзэнт гүрэн болон Алтан Орд задарсны дараа удаан хугацаанд оршин тогтносон билээ. Түүх давтагддаг гэсэн үгтэй санал нийлдэггүй. Учир нь өөр цаг үед өөр үйл явдал, улс төрийн янз бүрийн нөхцөл байдал, ондоо уламжлал, хэлээр болж өрнөдөг. Алтан Ордны өв соёлыг судалснаар өнөөгийн болон ирээдүйн зарим шинэ үзэл баримтлал, арга барилыг боловсруулахад дөхөм болно.

-Алтан Орд Монголын эзэнт гүрний бусад улс тухайлбал, Ил хаадын улсаас юугаараа онцлог байсан бэ. Адилхан л Чингис хааны үр ач нар залгамжилсан шүү дээ?

-Юань, Ил хаадын улсад дотоодын зөрчил эхэлж байхад Алтан Орд хөгжиж, мандсан шалтгааныг сонирхож, судаллаа. XV зуунд Алтан Орд хөгжлийн шинэ замналдаа орсон. Одоогийнхоор эдийн засгийн харилцан ашигтай газар зүйн байрлал нөлөөлжээ. Балтийн тэнгисийн орнууд, Сибири, Төв Азитай шууд холбогдож эдийн засгийн үндсэн тоглогч болж чадсан.  Тэр үед Сибири худалдааны ашигтай бүс байв. Алтан Ордны хаад Сибирийн үслэг эдлэлийн их нөөцийг зах зээлийн эргэлтэд оруулсан. Алтан Ордны тухайд монголчууд цөөн ч засаглалын толгойд байсан. Монгол хэлээр засаглаж, монгол бичгээр бичсэн  эх сурвалж олон бий. Алтан Ордны хаад нь маш өндөр боловсролтой, долоо, найман хэл мэддэг хаан ч байж. Монголчууд маш хурдан ууссан гэж шууд ярьж болохгүй. Нийгэм тодорхой хэмжээгээр хувьсан өөрчлөгддөг. Гэхдээ Алтан Ордны монголчууд өөрсдийн засаглалын үндсэн хэлбэрээ алдаагүй.

-Оросууд “Монгол Татарын дарлал” гэж үечилдэг байсан. Хамгийн сүүлд хэвлүүлсэн сурах бичигтээ нэршил, агуулгыг залруулсан ч жирийн иргэд ойлголтоо өөрчлөөгүй санагддаг.

-Ордод захирагдах нь тухайн үед бутарсан, хөдөө аж ахуй сул хөгжсөн Орост ашигтай байсан. Монголчууд оросуудад улс төр, эдийн засгийн онцлог, соёлын мэдрэмжинд тохирсон засаглалыг санал болгосон. Миний дэвшүүлсэн санаа Ордын ноёрхлыг харах Оросын ойлголттой зөрчилдөж магадгүй. Үнэндээ тэр үеийн орос вангууд Монголын захиргаанд нэгдэн орохдоо дургүйцсэн зүйл ажиглагддаггүй. Түүхийн эх сурвалжийг өөрөөр хардаг болсон энэ цаг оросууд сүйрэл, доромжлолын үед тооцдог “Монголо-Татарское иго” буюу “Монгол Татарын дарлал” гэдэг ойлголтоо арчих цаг болсон. Барууны түүхчид  “Монгол Татарын дарлал”  гэдэг нэршлээс зайлсхийхээр тохиролцсон. Энэ нь Монголын хүч чадалд дургүйцсэн байдал, түүхийн үндсэрхэг үзэл, ялангуяа Зүүн Европ, Оросын түүхийн хувилбаруудаас үүдэлтэй байх. Мөн монголчуудыг эзлэн авсан ханлиг, улсынхаа иргэдийг устгаж хяддаг гэсэн ташаа ойлголт бий. Бодит байдал дээр монголчуудад олон хүн хэрэгтэй. Хүнийг татвар төлөгч  гэж хардаг. Татвар төлөгчөө хороох нь Монголын эзэнт гүрэнд ямар ч ашиггүй. Харин харьяатуудаа хөдөлмөрлө, баян бол гэсэн шаардлага тавьдаг байсан. Монголын эзэнт гүрний өнцгөөс харвал захиргаанд нь орсон иргэдтэй мөнгөтэй бол монголчууд баяжна. Ингэхдээ боолчилж, хүчээр ажиллуулсан баримт байдаггүй. Хүч хэрэглэвэл дургүйцэлтэй тулгарахаа монголчууд сайн мэднэ. Тиймээс ажил, хөдөлмөр эрхлэхийг ятгадаг байж. Угаас монголчууд ятгах чадвартай угсаатан.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22