Монгол төдийгүй дэлхийн “Улаан ном”-д данстай, уудам говийн мазаалайтай нэг өдрийг хамт өнгөрүүллээ. Өдийд аль хэдийнэ иччихсэн шүү дээ гэж үү. Тийм ээ, тэднийг “Скай Резорт” цанын баазын зэргэлдээх талбайд цас, мөсөөр урласан байна. Тодруулбал, “The mazaalai international ice and snow festival” буюу Мазаалай олон улсын цас, мөсний наадмыг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол Улсын болон олон улсын сийлбэрчид өнгөрсөн онд бүртгэгдсэн 50 гаруй мазаалайг цас, мөсөөр дүрсэлж, урлахаас гадна олон хүн нэгэн зэрэг гулгах боломжтой, хамгийн урт мөсөн гулгуурыг бүтээгээд буй. Энэхүү томоохон бүтээн байгуулалт буюу “Мазаалай" мөсөн хотхоны нэг өдрийг энэ удаагийнхаа дугаарын сурвалжилгаараа онцолж байна.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, улмаар өвлийн наадам зохион байгуулах бөгөөд гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн таван метр өндөртэй цас, мөсөн баримал байв. Мөсөн хотхон 4000 ам.метр талбайг хамарсан бөгөөд нэг дор 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай гэдгээрээ онцлогтой.
Жилээс жилд хорогдож буй энэхүү амьтныг хайрлаж, хамгаалах зорилгоор “Мазаалайг хайрлая” уриан дор долоон орны 12 багийн уран бүтээлчид улс орныхоо онцлогт тулгуурлан өөрсдийн уран сэтгэмжээр мазаалайн 50 гаруй дүрсийг урлаж, “Мазаалай" мөсөн хотхоныг ийнхүү сүндэрлүүлээд байна. Тус хотхоныг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт буюу энэ сарын 14-нд албан ёсоор нээсэн бөгөөд эл өдөр нийслэлчүүд тэр газар руу олноороо хөлгийн жолоо залав. Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөн зүүн талдаа эрс нэмэгдэж, тус хотхон руу чиглэх автомашины цуваа тасрахгүй байгаа нь нийслэлчүүд бидэнд ийм газар илүү олон хэрэгтэй байгааг илтгэнэ.
Аз жаргалтай улаанбаатарчуудын мөсөн дээрх тусгал
“Мазаалай" мөсөн хотхоныг зорьж буй бүх хүн нэг ижил хүсэл, зорилго өвөртөлсөн. Тодруулбал, Улаанбаатар хотын утаа, халтиргаа гулгаанаас түр ч болтугай холдож, цэвэр агаар амьсгалж, мазаалайн цас, мөсөн сийлбэрийг үзэж сонирхон түүнтэй хамт зураг хөрөг татуулах бас хамгийн урт мөсөн гулгуураар гулгах явдал юм. Тэдний нэг бол манай гэр бүл байв.
Энэхүү томоохон цас, мөсний бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээ амралтын өдөр таарахаас гадна цаг агаар тогтуун, дулаахан байсан тул өлгийндөө үнэгчлэх нялх балчраас өгсүүлээд таяг тулсан өтөл буурай хүртэл зорин иржээ. Тэнд саатан морилсон хүн бүрийн хацарт улаа бутарч, нүүрэнд нь инээмсэглэл тодорч харагдлаа. Харин хүүхэд багачууд жавар үргэтэл инээж, цас бутартал гүйж харайж байв. Ёстой л утаанаас зугтсан, аз жаргалтай улаанбаатарчуудын дүр зураг, тусгал мөсөн дээр тодорч харагдаж байлаа. "Мазаалай" мөсөн хотхонд үзэж харах, мэдлэг мэдээлэл олж авах, тоглож наадах бүхий хэсэг олон бий. Нэг хэсэг нь цас, мөсөөр урласан, нарны гэрэлд гялтганан гялалзах мазаалайн дэргэд зураг татуулахаас гадна хажуу талд нь байрлуулсан мэдээллийн самбарт хараагаа бэлчээж байв. Мазаалай бүрийн хажууд самбар байрлуулсан байх бөгөөд түүн дээр тухайн амьтны онцлог, давуу тал, тоо толгой, үр төл, нутагладаг газар зүйн байрлал, иддэг хоол тэжээл гэх мэт бүх талын танин мэдэхүйн мэдээ мэдээллийг давхцуулахгүйгээр байрлуулжээ. Энэ нь мөсөн хотхонд зочилсон хүмүүсийн мазаалайн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлсэн, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгосон шийдэл байв. Нөгөө хэсэг нь мөсөн хашаатай мөсөн талбайд тэшүүрээр, харин зарим нь мөсөн гулгуураар гулгаж байлаа. Хотхоноос мазаалайн мөсөн дүрсийг харахаас гадна цаа буга, тэмээ зэргийг бодитоор нь харж, унаж үзэх боломж ч байсан юм. Мөн ойролцоох байрлалд нь түргэн хоолны цэгүүд үүд хаалгаа нээж, халуун хоол, кофе, цай, аарц, чацарганаар үйлчилж байв. Ёстой л хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг Улаанбаатар хотын утаанаас дайжиж, уулын бэлд, цэвэр цэнгэг агаарт нэг өдрийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж нөхцөлийг бүрэн дүүрэн бүрдүүлсэнд зорин ирсэн хүмүүс талархаж буйгаа илэрхийлж байв. Тэднийг ийн сэтгэл хангалуун буюу гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө “Мазаалай” мөсөн хотхонд ирж нэг өдрийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь бүрдүүлэхийг хичээсэн гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны эвент зохион байгуулагч Б.Паахүү хэллээ.
Цагт 400 гаруй хүн гулгаж, Гиннесийн амжилт тогтоов
Үндэстний бахархалт амьтныг таниулах, хайрлан хамгаалах зорилготой Мазаалай олон улсын цас, мөсний баяр Гиннесийн амжилт дагуулсан юм. Тодруулбал, "Мазаалай" мөсөн хотхонд урласан 18 метрийн урттай, 22 эгнээ бүхий гулгуураар нэг цагт хамгийн олон буюу 400 гаруй хүн гулсаж, Геннисийн амжилтыг тогтоолоо. Энэхүү арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс нар шүүн тунгаав. Монгол Улсын тогтоосон амжилтын тухайд Геннисийн албан ёсны шүүгч Айрис Хоу "Дэлхийн дээд амжилтыг тогтоодог Гиннесийн байгууллага маань 1955 онд Их Британид байгуулагдсан. Бид гайхамшигтай зүйлийг нээж, дэлхийн дээд амжилтыг тогтооход шударга, ил тод байх үндсэн зарчмыг баримталдаг. Нэг цаг буюу 60 минутын хугацаанд хамгийн олон хүн гулсах Гиннесийн амжилтыг тогтоох хамгийн бага үзүүлэлт нь 200 байсан юм. Харин дөнгөж сая 60 минутад гулгасан хүмүүсийн тоо, баримт мэдээлэлд үндэслэн дүгнэвэл Монгол Улс хамгийн олон буюу 408 хүнийг гулсуулж чадлаа. Ингэснээр мөсөн гулгуураар нэг цагт хамгийн олон хүн тасралтгүй гулгасан төрөлд Гиннесийн дээд амжилтыг Монгол Улс эзэмшиж чадсаныг ийнхүү батламжилж байна" хэмээн мэдэгдээд батламжийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд гардуулав.
Гиннесийн амжилтыг тогтооход тавигдах шаардлага буюу мөсөн гулгуур хамгийн багадаа найман метрийн урт, оролцогч гулгаж дууссаны дараа дараагийнх нь хүн гулгах, нэг хүн нэг л удаа гулгах ёстой зэрэг шалгуурыг бүрэн дүүрэн хангажээ.
Мөсөн урлалыг олон улсын түвшинд хүртэл хөгжүүлнэ
Мөсөн гулгуураар нэг цагт хамгийн олон хүн гулгасан амжилтыг манай улсаас өмнө БНХАУ тогтоожээ. Тодруулбал, таван метрийн урттай гулсуураар нэг цагт 200 орчим хүн гулсаж, Геннист бүртгүүлж байсан байна. Тэгвэл энэхүү амжилтыг Монгол Улс хоёр дахин нугалж, тогтоов. Ингэснээр Монгол Улсын өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдэх боломж бүрдсэн гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлов. Тэрбээр "Манай улс дэлхийн өвлийн аялал жуулчлалын газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдсэнээр цаашид жуулчдыг олноор татах том боломж нээгдэж байна. Энэ нь нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөөтэй маань мөн холбогдоно" хэмээгээд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж буй мазаалайг хайрлаж хамгаалахын төлөө сэтгэл зүрх, хүчээ нэгтэхийг уриалав.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү наадмын бас нэгэн онцлох үйл явдал нь олон улсын мөсөн урлалын тэмцээн юм. Энэ тухайд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг “Олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой. Манай мөсөн урлалын сийлбэрчид олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог. Мэдлэг, ур чадвартай сийлбэрчид буюу суурь бааз бидэнд байгаа учраас цаашид энэ төрлийн мөсөн урлалыг олон улсын түвшинд хүртэл хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна” гэлээ.
Олон улсын сийлбэрчид уран сэтгэмжээрээ уралдав
Манай улсад анх удаа зохион байгуулж буй олон улсын энэхүү тэмцээнд Монгол, АНУ, ОХУ, Хятад, Якут, Тайланд, Франц зэрэг улс орны 12 багийн уран бүтээлчид “Мазаалайг хайрлая” уриан дор өөрсдийн уран сэтгэмж, өгүүлэмжээр түүнийг таниулах, хайрлаж хамгаалахад уриалсан агуулга хэлбэрээр бүтээлүүдээ урлажээ. Тухайлбал, Монгол Улсаас оролцогч Ч.Оргилболд мазаалайн тоо толгой цөөрч байгааг алган дээрх мазаалай гарын салаагаар элс болон урсаж буйгаар илэрхийлэхийг зорьжээ. Тэрбээр хамгийн анх Якутад цас, мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцож, цасан сийлбэрийн төрөлд тусгай байр, саяхан Харбин хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд мөсөн сийлбэрийн төрөлд гурав, цасан сийлбэрийн төрөлд тусгай байрын шагнал хүртсэн тухайгаа хуваалцав. Харин бөөгийн шашинтай, од эрхсээ шүтдэг Якут улсаас оролцогч энэхүү шашнаараа дамжуулж нэн ховор амьтныг хамгаалъя гэдэг агуулгаар од эрхэстээ даатган хүсэж буйгаар бүтээлээ урласан байна. Ингэхдээ заавал мазаалайн дүрсийг оруулахгүйгээр илүү өвөрмөц байдлаар илэрхийлэхийг зорьсон тухайгаа ярилаа.
Манай улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, энэ хүрээнд аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний томоохон ажил, арга хэмжээг зохион байгуулж буй. Үүний үр дүнд манай улс өнгөрсөн онд 650 гаруй мянган жуулчин хүлээн авчээ. Цаашид энэхүү тоог нэмэгдүүлэхэд өвлийн аялал жуулчлал томоохон хувь нэмэр оруулах бөгөөд үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам, нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага хамтран энэхүү Мазаалай олон улсын цас, мөсний наадмыг зохион байгуулж, улмаар Геннисийн дээд амжилтыг тогтоосон гэдгийг холбогдох албаныхан тодотгож байв.
“The mazaalai international ice and snow festival” буюу Мазаалай олон улсын цас, мөсний наадам болж байгаатай холбогдуулан энэ сарын 28-ныг хүртэл 10:00 цагаас эхлэн хоёр цагийн зайтайгаар нийтийн тээвэр жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” буюу “Мазаалай” мөсөн хотхон хүртэл үйлчилнэ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна