Өвлийн адаг сарын шинийн наймны өглөө. Улаанбаатар-Эрдэнэтийн суудлын галт тэрэг эх орны бүтээн байгуулалт, нөр хөдөлмөрийн талбар болсон их уурхайн хотод ирэв. Хот үй түмэн гэрлээ асааж, бүгтхэн нүргэлэх нь аль хэдийнэ сэрснийг илтгэнэ. Гэгээ орох болоогүй л байна. Үнэгэн харанхуйгаар ирэх галт тэрэгний хуваарийг мэддэг хөлсний олон хөнгөн тэрэг гийчдийн буух тавцангийн зүг гэрлээ тусган зогсоно. Хөнгөн тэрэгнүүдээс нэгийг нь сонгон урд суудалд нь тухалж аваад хотын төв рүү жирийлгэж гарав.
Хөдөлмөрийн баатар, гавьяат ажилтнууд, таван жилийн гавшгайчдын өлгий. БНМАУ, ЗХУ-аас эхлэлтэй хоёр улсын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны түүх болсон хотын зүг хурдалж явна.
Урдаас улаан, цэнхэр өнгөөр анивалзах гэрэл дохиогоо гялалзуулсан цагдаагийн машинаар чиглүүлэгч хийсэн урт цуваа ирж явна.
Дүүрэн хүнтэй автобуснууд дэргэдүүр салхи хүүгүүлэн өнгөрөх агаад “Баяжуулах үйлдвэр”, “Бутлуурын цех”, “Чанар, хяналтын хэсэг” гэх зэргээр ялган тэмдэглэсэн нь гэрэлд зурсхийн харагдаад өнгөрөх аж. Бидний нэрлэж заншсанаар ГОК-ийн ажилчдын цуваа явж байгаа нь энэ.
Миний суусан хөлсний хөнгөн тэрэгний жолооч замын хажуу руу гарч цувааг явж өнгөртөл зогсов. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цувааг ийн хүндэтгэн зогсож өнгөрөөдөг бичигдээгүй хууль Эрдэнэт хотод үйлчилдэг.
Яг цагтаа, тогтсон маршрутаар 45 жилийн турш явсан Эрдэнэтийн гэх ийм өөр соёл, эрхэм ёс суртахуун бүрдэн бий болжээ. Ямартаа ч ажилчдын цуваа явж өнгөрөхөд бугуйн цагаа тааруулдаг гэх яриа дэмий хоосон үг биш бололтой. Энэ бахархам аж төрөх ёс, хөдөлмөрийн хүний түүхийг бүтээж, үргэлжлүүлэн бичэлцсээр яваа анхдагчид, ахмадууд бидний зорьж ирсэн шалтгаан.
Хөлсний тэрэг явсаар ГОК-ийн захиргааны ард байрлах “Ахмадын нэгдсэн зөвлөл”-ийн байрны үүдэнд зогсоход гэгээ орж, өвлийн цэнгэг агаартай, цайвар тэнгэрээс түг түмэн оддын хэлтэрхий мэт цасан хялмаа гялбалзан газар бүрхэн буусаар авай.
"Өглөө цаг эрт байна даа, уулзах хүн маань байдаг болов уу" гэсэн шүү юм бодож зогстол зөвлөлийн байрнаас төв царайтай, даруухан цэвэрхэн хувцасласан буурал толгойтой эрхэм гарч ирсэн нь “Ахмадын зөвлөл”-ийн Д.Байгал дарга ажээ. Насаараа ажлын цагийн хуваарьт захирагдаж ажилласан ахмадууд, гавьяаныхаа амралтыг авсан ч дадал зуршлаа орхиогүй байдаг бололтой. Д.Байгал даргын урьснаар Зөвлөлийн байранд орвол багашаархан өрөөнд хоёр хана дагуу хоёр, хоёроор нь байрлуулсан дөрвөн ширээний ард зөвлөлийн гишүүд бололтой ахмадууд суугаад, бичиг цаас эмхэлж, нөгөөх нь торноос өглөөний унданд хэрэглэх хүнсээ цувруулан гаргаж, өөр нэг настайвтар эрэгтэй энэ бүхнийг ажиглан цомцойтол суусан байх нь харагдана.
Бидэнд Зөвлөлийн менежер гэж танилцуулсан жижигхэн биетэй, шалмаг хөдөлгөөнтэй эмэгтэй утсаар хэн нэгэнтэй “Өчигдөр манай салбар зөвлөлийн цех ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг өгсөн. Та ирж амжаагүй учраас төв зөвлөлийнхөө байранд ирээд бэлгээ авчих” хэмээн ярих нь зөвлөлийн ажил аль хэдийнэ эхэлсэн нь мэдэгдэнэ. Түүний өгүүлснээр өнөөдөр Тээвэр ложистикийн төвийн ахмадын зөвлөл цугларалттай гэнэ. Энэ эмэгтэйг Хоохорын Дармаа гэдэг. Хэдийгээр Ахмадын төв зөвлөлийн менежер гэх хариуцлагатай алба хашдаг ч давхар Тээвэр ложистикийн төвийн ахмадын зөвлөлийн даргын ажлыг хариуцан ажилладаг ажээ.
Удалгүй ахмадууд нэг хоёроороо цувран ирж эхлэв. Эхэлж ирсэн нь халуун савтай цай, хоол унд ширээн дээр гарган өрж, араас ирэх нөхдөө дуу шуу болон угтаж авна. Нэгнийгээ залуу цагийнхаа хоч нэрээр дуудалцан инээлдэж эгээ л гэртээ байгаа мэт тухлан хөөрөлдөнө. Өнөөдөр Х.Дармаа эгчийн “Хонины ээлж”-тэй өдөр гэнэ. Тэрбээр өрөөнд орж ирсэн ахмадууддаа суудал хуваарилан сандал ширээ хөдөлгөн гүйх завсраа энэ бүхнээ надад учирлаад “Сар бүрийн заагдсан хуваарийн дагуу ахмадын салбар зөвлөлүүд цуглардаг. Тэр өдөр цугласан ахмадын зөвлөл дундаасаа хүн томилж орчноо цэвэрлэж, эмхэлж цэгцлэх бөгөөд гадаах талбайгаа ч цэвэрлэх үүрэгтэй.” хэмээгээд хананд өлгөсөн цагийн хуваарийг үзүүллээ. Тэрбээр цааш нь “Өнөөдөр манай зөвлөл цугларч байгаа болохоор би энэ бүх ажлаа өөртөө ногдуулчихаад гүйж явна. Хялмаа хаялаад байна гарч цас шүүрдлээ” гэсээр шүүр барин гараад явчихав. Эхэндээ гаднын хүн хараад жаахан хөндийхөн байсан ахмадууд нүүр хагарсан бололтой тал талаас юун тухай явааг минь тодруулан шалгаасны эцэст хоол цайгаар шахаж эхлэв шүү. Ахмадын зөвлөлийн ажилд сэтгэл хангалуун байдгаа хүүрнэцгээн “Бид чинь өөрсдийгөө эрхлүүлэх насанд ирсэн хүмүүс. Цуглах хуваарьтай өдрөө догдлон хүлээдэг улс даа. Залуу зандан цагаасаа хамт ажиллаж, ах дүү шахуу болсон улс сарын нэг өдөр хамт олноороо ингэж суух эргээд залуу насандаа очих шиг л болдог” гээд Ахмадын зөвлөлөөс зохион байгуулдаг олон ажилд хоцрохгүй оролцохыг хичээдгээ дуулгаж байна.
Х.Дармаа эгч гаднаас дахин хоёр хүн дагуулсаар дуу шуу болон орж ирлээ. Хувцсаа өлгөн шинээр ирсэн хүмүүсээ суулгах зуур “Манай Ахмадын зөвлөлийн өдөр тутмын л амьдрал ийм. Би уг нь эдийн засагч мэргэжилтэй. Миний нөхөр 1979 онд МАХН-ын Төв хороо, МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн. Би нөхрөө дагаж ирээд 45 жил энэ хот, энэ үйлдвэрт ажиллаж, амьдарч байна. Би нааш цааш явж байгаад 1981 онд сургуулиа дүүргээд томилолт өвөрлөн одоогийн Тээвэр ложистикийн албанд орж 2002 онд гавьяаны амралтаа автал ажилласан даа. Тухайн үед Төмөр замын цех нэртэй байсан манай албанд долоон орос эмэгтэй ажилладаг. Би ганц монгол орж байлаа” хэмээн хүүрнэж амжив. Х.Дармаа эгч эхлээд пүүлэгчээр ажилд оржээ.
Дараа нь кассер болж, диспетчерийн ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан гэнэ. Үргэлж л инээж явахыг нь анзаарсан тул Х.Дармаа эгчийг амсхийх зуур нь “Та их нүүрний баясгалантай хүн юмаа” гэвэл Зөвлөлийн байранд ирж байгаа ахмадууд дандаа яарч, догдолсон сэтгэлээр зорьж ирдэг учраас тэдний тэр их хөөрч догдолсон мэдрэмжийг би унтраахгүйн тулд инээхээс өөр яах вэ. Тэгээд ч эдний маань сэтгэлийн тэр энерги урвайж суулгана гэж үү хэмээн ам таглав. Эрдэнэтийн ахмадууд үнэхээр хөнгөн шингэн хүмүүс юм аа.
Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгал гуайг анх хараад 60 жаахан гарч яваа болов уу гэж бодож байтал 70 нэлээд хол гарсан хүн байж таарсан. Х.Дармаа эгч бас 70 гарсан хүн гэнэ, ямар хөнгөн шингэн гээч. Тэр буланд орж гарах хүмүүсийг ажиглан нуруугаа цэхлэн чимээгүй суух ах хүү 80 хол гарсан буурай байх жишээтэй. Эрдэнэт хотын спортын ордонд дуртай цагтаа үнэ төлбөргүй орж үйлчлүүлдэгтэй нь, эсвэл зөвлөлийн даргынх нь “Өдөр бүр алхалт” гэж шахдагтай нь холбоотой юм болов уу. Тийм л байх.
Ахмадын салбар зөвлөлийн дарга нар, төв зөвлөлийн дарга Д.Байгал гуайн үйл хөдлөл, цэгцтэй яриа хөөрөөг сонсож суухдаа Ш.Сүрэнжав гуайн алдарт “Багш”найраглалд гардаг “Дээр үеийн багш нарт чадахгүй юм үгүй” гэдэг үг санаанд буух. Нээрээ л дээр үеийн сэхээтнүүдийн социалист ёс, амьдрах арга ухаан, соёл үнэхээр бишрэмээр ажээ. Хүн төрөлхтөн хөгжин дэвшиж, улам сайжран явсаар л буй. Зам зуураа амьдрахуйн үй түмэн үзэл санаа, зовлон бэрхшээлийг туучин гарсаар иржээ. Бид тэр дундаас өөрт хэрэгтэйг авч үлдсэний хүчинд л хөгжин сайжирдаг болов уу. Хөдөлмөр хүнийг бүтээжээ гэж суут сэтгэгч Карл Маркс хэлсэн байдаг даа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна