Д.Байгал: “Эрдэнэт" үйлдвэр ахмаддаа хандах хандлагаараа Ахмад настны хуулиас ч илүү давж ажилладаг


1976 он:  Эрхүүгийн Политехниккумыг төгссөн шинэхэн боловсон хүчнийг Монголдоо ирэхэд тухайн үеийн  Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам  “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалтад гар бие оролцох томилолт өгчээ. “Эрдэнэт" үйлдвэр ашиглалтад  ороогүй, бүтээн байгуулалт өрнөж байсан үе. 

Ийнхүү яамны томилолтоо өвөртлөн Эрдэнэтийг зорьсон залуу мэргэжилтэн үйлдвэрийн Сургалтын төвд багш, орчуулагч багшаас ажлын гараагаа эхэлсэн байна.  Үүний зэрэгцээ Оросын адил төстэй үйлдвэрүүдийн  Хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, зөвлөмжүүдийг орчуулж, монгол ажилчдад  анхны гарын авлага бэлтгэнэ.Тухайн үед үйлдвэрийн захиргаа 10 гаруй хүнтэй байжээ. 
1977 он:  Яамны томилолт үргэлжилсээр... “Эрдэнэт" үйлдвэрийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны  анхны даргаар томилогдов.
1978 он: “Эрдэнэт"  үйлдвэр ашиглалтад орсноор  мэргэжлийн дагуу Химийн төв лабораторийг барих, байгуулах, ашиглалтад оруулах ажилд гар бие оролцов. 
1984-2013 он: Лабораториас эхлээд инженер, ахлах инженер, орлогч дарга гээд мерит зарчмаар шат ахин дэвшсээр Химийн төв лабораторийн даргаар  томилогджээ. Үүнээс хойш 20 жил “Эрдэнэт" үйлдвэрийн Химийн төв лабораторийг удирдсан байна. 
“Энэ 20 жил бол “Эрдэнэт" үйлдвэртэй амь, амьдралаа холбон ажилласан 40 гаруй жилийнх нь  тал хугацаа юм. “Эрдэнэт" үйлдвэрээс гаргаж байгаа бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, үнэлгээг нь өндөр түвшинд зэрэглэл ахиулуулах, хамт олныг зүгшрүүлэн төлөвшүүлэх ажлыг хийж ирлээ. Хэд хэдэн удаа Олон улсын бүтээгдэхүүний чанарын маргааныг тайлж, өөрийн үйлдвэрийн талд шийдвэрлүүлж байсан гээд ажиллаж байсан жилээрээ бахархаж байна. Миний гал халуун залуу насны жаргал, зовлон энэ л үйлдвэрт өрнөсөн. Маш олон химийн шинжилгээ хийгддэг. 60-70 хүнтэй лаборатори гэдэг Монголдоо Геологийн төв лабораторийн дараа, хоёрдугаарт орно. 
Анхны монгол захирал Ш.Отгонбилэгийн үед “Эрдэнэт" үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан захирлаар томилогдлоо. Тэр үед салбар салбараа хариуцсан хүмүүсийг захирал болгож байлаа. Дараагаар нь “Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч болсон гээд 10 гаруй жилийн ажил өрнөжээ” 
Ийн хүүрнэх эрхэм бол  Ю.Цэдэнбалын нэрэмжит Монгол Улсын баатар үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагчдын нэг, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дэжидийн БАЙГАЛ.  Сургуулиа төгсөөд өвөртөлсөн анхны томилолт нь ажил, амьдралынх нь нэгэн насны томилолт болон орчуулагч багшаас “Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч хүртэл ажиллаж,  одоо ч үргэлжилж, эдүгээ  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлийг тэргүүлж байгаа хувь тохиол зөвхөн түүнийх  ч түүний түүх бол  “Эрдэнэт”-ийн түүх. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн холбооны дарга Д.Байгалтай ярилцлаа. 

-Анх томилогдон  ирээд тухайн үеийн илгээлтийн эздийг хэрхэн сурган, дадлагажуулж байсан бэ? 
-Бүтээн байгуулалтад илгээлтээр томилогдоно гэдэг бол тухайн үед маш том хариуцлага.Үүнээс гадна гадаадын мэргэжилтнүүдийн эв дүйг олох, орос хэлний мэдлэгтэй болох, суралцах ажлыг нь үр дүнтэй болгоход анхаарч байлаа. 
Энэ хугацаанд үйлдвэрийн ажиллагсдын тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, өчигдрийн малчин байсан хүнийг өнөөдөр хүнд үйлдвэрт мэргэжилтэй ажилчин болгох бүх шат дамжлагыг явуулах, Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй багш, шавийн гэрээ байгуулан мэргэжлийн ажлаас эхлээд  Зөвлөлт аж төрөх ёсонд сургах ажил давхар хийж байлаа. 

“Эрдэнэт" үйлдвэрийн боловсон хүчнийг дахин сургах, давтан сургах, эрүүл мэндийн боловсрол олгох, нийтийн биеийн тамираас их спортод тэмүүлдэг болгох гээд ажилтан хүнийг өсгөх, төлөвшүүлэх, соёл хүмүүжлийн арга хэмжээ зохион явуулж байсан.   Энэ бол эргэж олдохгүй үнэт зүйл. Өнөөдөр Монголын уул уурхайн үйлдвэрүүдийг “Эрдэнэт”-ийнхэн удирдаж байна.

 Манайд  бэлтгэгдсэн боловсон хүчнүүд хаана ч ажилласан цаг барьдаг, цөөн үгтэй, хэлснээ биелүүлдэг үйлдвэрлэлийн үндсэн чанарыг өөртөө шингээсэн байдаг.  Энэ бол тухайн үеийн боловсон хүчнийг зөвхөн мэргэжлийн  бус амьдралын түвшинд нь сурган, хөгжүүлж байсны үр дүн.

-Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт" үйлдвэрээс хэчнээн Хөдөлмөрийн баатар төрсөн бол?
-Тухайн үед үйлдвэрээ хөгжүүлж, цэцэглэлтэд хүргэх хүртэл  Ерөнхий захирал нь Зөвлөлтийн талаас томилогддог байлаа. Бид ажлаа сайн хийж, хүмүүсээ сайн сургаж, үйлдвэрээ баталгаатай ажиллуулахын төлөө л явж байсан.  Тухайн үед бид хүмүүсээ төрөөр шагнуулах, тодорхойлох зэрэг ажлыг хийгээгүй явжээ. Тэгээд 1988 онд Ил уурхайн анхны монгол өрмийн машинч Б.Жаргалсайхан  “Эрдэнэт" үйлдвэрийн анхны Хөдөлмөрийн баатар цол хүртэж байлаа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрээс  долоон Хөдөлмөрийн баатар төрөн гараад байна. 
-Монгол захиралтай болсноор давуу тал гарч ирсэн байх?
-Монгол захиралтай болсон тухайн үед “Эрдэнэт" үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилладаг, орос, монгол мэргэжилтнүүд бүрэн бэлтгэгдчихсэн байлаа.  Энэ үед бүтцийн өөрчлөлт хийх бодлогыг барьсан. Мэргэшүүлсэн монгол ажилтнуудыг ажлын байранд нь  томилж, гэрээгээр ажиллаж байгаа Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тоог цөөлж, үндэсний мэргэжилтнүүдээр бүтцээ бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. 
-Та Ахмадын нэгдсэн зөвлөлийн даргаар хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ. Танай Ахмадын нэгдсэн зөвлөл ямар чиг үүрэгтэй вэ?
-Би 2013 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлийн даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш 10 жил болж байна. Манай Ахмадын нэгдсэн зөвлөл 3000 орчим ахмад гишүүнтэй. Зөвлөл дотроо үйлдвэрт харьяалагдаж байсан цех цехээрээ  нийт 29 салбар болон хуваарилагддаг.  

Манай Ахмадын зөвлөлүүд ажиллаж байсан цехээсээ хамаарч 20-500 хүний бүрэлдэхүүнтэй байна. Цехийн Ахмадын зөвлөл болох анхан шатаараа дамжуулан хүндээ хүрч ажиллахад анхаарч ирлээ.  Ахмадын тухай хуулиа хэрэгжүүлж, ахмадуудаа сэтгэл санааны, идэвхтэй хөдөлгөөний,  санхүүгийн хувьд дэмжих, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхахын эсрэг хамгаалах үндсэн чиглэлийг барьж ажиллаж байна. 

Мөн Ахмадын сан байгуулан олон талын ажлыг шийдэж байгаа. Ахмадуудаа жил бүр эрүүл мэндийн үзлэгт  оруулдаг.  Манай “Эрдэнэт" үйлдвэр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий "Эрдэнэт Медипас" эмнэлэгтэй. Ахмадуудаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулдаг. Ахмадын бие даасан эмч ажиллуулж, кабинеттай болсон. Эрүүл мэндийн боловсролыг алхам алхмаар дээшлүүлэх бодлогыг барьж байна. Нөгөө талдаа, хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй байхад анхаарч, долоо хоног бүр  Эрдэнэт хотын дөрвөн чиглэлд явган алхалт хийх, лхагва гараг бүр Дуун цэнгүүн зохион байгуулж байна. 
-Хүнд үйлдвэрт ажиллахад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Эрүүл мэндийн үзлэгээр ямар өвчлөл зонхилж гардаг вэ?
-Хүнд үйлдвэр гэдэг талаасаа зонхилох өвчлөл нэг үеэ бодвол буурсан. Үйлдвэр анх ашиглалтад орж байх үед бараг дэлхий даяараа уушгины тоосжилтын өвчлөл давамгайлдаг байлаа. Дараагаар нь чичиргээ, дуу чимээтэй холбоотой өвчлөл орно. Харин 1997 оноос хойш мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн хувь тогтоолгох асуудал багассан. Өнөөдрийн байдлаар 50 хувиар багассан. Энэ нь техник, технологийн дэвшилтэй холбоотойгоос гадна манай зүгээс хүнийхээ эрүүл мэндэд анхаарч ажилласны үр дүн юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалах хэрэгсэл сайн, тоног, төхөөрөмжийн нөлөөлөл багасаж байна. Өнөөдөр Белаз машины жолооч тоосжилт авахааргүй нөхцөлд ажиллаж, дуу чимээ, доргиотой тоног төхөөрөмж автоматжсан. 
-Танай үйлдвэрээс тэтгэвэрт гарсан ахмадуудад уул уурхайн бусад салбараас ажлын байрны санал их ирдэг болов уу?
-Тийм ээ. Манай үйлдвэрээс тэтгэвэрт гарсан ахмадуудад ажлын байрны санал их ирдэг. Өөр байгууллагад зөвлөх үйлчилгээ хийж байгаа хүн олон бий. 
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ахмадуудаа хэр дэмжиж ажиллаж байна вэ?
-“Эрдэнэт" үйлдвэр маань ахмаддаа хандах хандлагаараа  Ахмад настны тухай хуулиасаа илүү давж ажилладаг. Энэ бол олон улсын түвшинд  хийсэн Хамтын гэрээний үр дүн. Хамтын гэрээндээ ахмадын асуудлаа тусгасан байдаг. Хөдөлмөрийн гэрээний дараах Хамтын гэрээнд асуудлаа зохицуулж тусгах нь ач холбогдолтой байдаг. 
-Нэмэлт тэтгэврийн талаар тодорхой ярихгүй юу. Үндсэн тэтгэврээс гадна “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ахмадууддаа нэмэлт тэтгэвэр өгдөг гэсэн.
-“Эрдэнэт" үйлдвэрт ажилласан жилээс нь шалтгаалан нэмэгдэл тэтгэврийг сар бүр ахмад бүрдээ тэтгэврийн дансанд нь хийдэг. Нэмэлт тэтгэвэр авсан ахмад өөрийн цехийн Ахмадын зөвлөлд дотоод хуримтлалаа бүрдүүлэх боломжтой. 
Манай үйлдвэрийн цехийн захиргаанууд мундаг идэвхтэй ажилладаг. Тэдэнд ахмадууддаа зарцуулах тодорхой төсөв байхгүй.  Гэхдээ л ахмадууддаа ээлтэй хүмүүс. 
-Ахмадууд жил бүр дотоодын аялал зохион байгуулдаг юм байна. Хэчнээн аймгаар аялсан бэ?
-Ахмадын нэгдсэн зөвлөлийн нийт 29 цех байна. Ахмадын зөвлөлийн  дарга нар долоо хоног бүр хуралдаж, зохион байгуулж байгаа ажлаа тайлагнаж, хэлэлцдэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлийн энэ байр бол түүхэн байр юм. Бид бүтэн жил ажлаа төлөвлөн зохион байгуулж, ахмад бүртэйгээ утсаар холбогдон ажилладаг. Тиймээс Нэгдсэн зөвлөлөөс дарга нараа жилд нэг удаа урамшуулж, дотоодын аялал зохион байгуулдаг. Ингэхдээ тухайн орон нутгийн Ахмадын зөвлөлтэй холбогдож, төлөвлөнө. Өнгөрсөн жил Өмнөговийн байгалийн үзэсгэлэнт газраар аялсан. Энэ жил Хэнтий, Дорнодын байгалийн үзэсгэлэнт газраар явна. 
-Энэ жил ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
-Энэ онд уламжлалт шатар, 100 буудалт даам, буухиа, снукер биллъярдын тэмцээнүүдээ зохион байгуулна. Аль нэг уралдаан тэмцээнийг нэг цехийн Ахмадын зөвлөл нэрэмжит болгон зохион байгуулдаг юм. 
-Ахмадуудад тулгамдсан ямар асуудал байдаг вэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй гэж та бодож байна вэ? 
-Аж ахуйн нэгжүүдийн дэргэдэх Ахмадын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад хамгийн хүндрэлтэй зүйл нь мөнгө, санхүү байдаг. Тухайн байгууллагаас хамаарал багатай үйл ажиллагаагаа явуулахын тулд Ахмадын байгууллагууд дотооддоо хуримтлал үүсгэх хэрэгтэй. Манай цехүүдийн зохион байгуулалтаар үүнийг жишээлж болно. Ажиллаж байсан алба, хэлтэстэй нь холбож өгөх хэрэгтэй. Өнөөдөр шинээр томилогдсон даргад өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн хаана, юу хийж явааг нь таниулах хэрэгтэй. Тухайн байгууллагаасаа ямар нэг зүйлд тусламж авахаасаа илүү Ахмадын тухай хуулиа баримтлан, хийх ажлаа танилцуулж, хамтарч шийдвэрлэх боломжийг судлах хэрэгтэй юм. Манай байгууллагад гэхэд Захиргаа, хамтын ажиллагааны төлөвлөгөө байдаг. Ахмадын байгууллага явган алхалт хийх, гадаа талбай цэвэрлэх шүүр хийж байгууллагадаа өгөх, зөвлөх үйлчилгээ хийх зэргээр өөрсдийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх  хэрэгтэй.  

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22