Үнийн хөөрөгдөлгүй үзэсгэлэн худалдаа


Монгол үндэстний уламжлалт Цагаан сарын баяр тохиох гэж байгаатай холбогдуулан энэ удаагийнхаа дугаарын сурвалжилгыг Яармаг дахь “Food city” худалдааны төвд зохион байгуулж буй “Хэрэглээний соёлыг эрхэмлэе” уриатай “Цагаан сар-Соёлтой экспо” үзэсгэлэн худалдаанаас бэлтгэн хүргэж байна.  

Тус төвийн гурав, дөрөвдүгээр давхарт Цагаан сарын тавгийн идээний хэвийн боов, баярын гол гангараа болох Монгол үндэсний дээл, цамц, бүс, малгай, ээмэг, зүүлт, толгойн гоёл, цүнх, мөн гарын бэлгэнд тохиромжтой төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг Цагаан сарын баяртай холбоотой хүнсний болон бусад бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг үнийн хөөрөгдөлгүйгээр нэг дороос сонгон авах боломжийг цогцоор нь бүрдүүлжээ. Мөн орчин нөхцөл нь тав тухтайгаас гадна автомашины гадна болон дотор зогсоол хангалттай, мөн хүүхдийн тоглоомын төв үйл ажиллагаа явуулж буй зэрэгт үйлчлүүлэгчид олзуурхаж байлаа. 


Үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон ХНХЯ-ны харьяа зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгч оролцож байна. Эдгээр байгууллага  бараа, бүтээгдэхүүнээ ямар нэгэн нэмэгдэлгүйгээр, үйлдвэрийнх нь үнээр худалдаж буйг Монголын марктенг менежментийн хүрээлэнгийн марктенгийн менежер Б.Энхбат тодотгов. Тэрбээр “Манай байгууллага 2008 оноос хойш ийм төрлийн үзэсгэлэн худалдааг томоохон худалдааны төвүүдэд тогтмол зохион байгуулж байна.  Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа маань өргөн сонголтой, үнийн нэмэгдэлгүй, орчин нөхцөл нь тохилог, тав тухтай, автомашины зогсоол сайтай гэх мэт олон давуу талтай. Үзэсгэлэн худалдаанд оролцох, хамтран ажиллах аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд нээлттэй” гэв. 

Тухайн үзэсгэлэн худалдаанд оролцож буй зарим аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг онцлон танилцуулъя. Цагаан сарын баярын бэлтгэл базаахад хамгийн түрүүнд тавгийн идээгээ сонгодог. 


Тэгвэл үзэсгэлэнд оролцож буй “Суман гүн” хүнсний үйлдвэр хоёр төрлийн хэвийн боов, мөн тахилын боов,  еэвэн зэргийг дэлгэжээ. Тухайлбал, шар тостой, зүсэлттэй хэвийн боов ширхэг нь 5500, өрөмтэй, зүсэлтгүй нь 4800 төгрөгийн үнэтэй байв. Харин еэвэн хэмжээ болон төрлөөсөө хамааран ширхэг нь 12000-22000 төгрөгийн үнэтэй байлаа. Амталгаа хийж зогсох худалдан авагч Б.Батмөнх “Хэвийн боов аль үйлдвэрийнх байх нь хамаагүй. Гол нь амт, өнгө зүс сайтай байх нь чухал. "Суман гүн"-ий энэ жилийн хэвийн боовны амттай ярих юм алга. Бас өнгө зүс ч сайтай харагдаж байна. Хэд хэдэн үйлдвэрийн хэвийн боовыг амталж үзлээ. Эцэст нь эднийхийг сонгохоор шийдлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаад дараа нь баярын гоёлоо сонгохоор явж одов. 


Мэдээж тавгийн идээгээ авсан бол дараагийн худалдан авалт баярын гоёл буюу монгол дээл, цамц. Тиймээс энэ жилийн дээлийн өнгө, онцлог, хэв маяг, үнэ ханшийг сонирхлоо. Энэ жил ногоон өнгө зонхилж байгаа аж. Иймд хүмүүс ихэвчлэн ногоон болон бусад тод өнгийн дээл сонирхож, худалдан авалт хийж буй талаар “Үндэсний хувцас”-ны борлуулагч Л.Ганчимэг ярилаа. Тэрбээр “Манай дээл дээр үеийн хатдынх шиг мөрөн дээрээ гоёлтой. Мөн нударгыг нь эргүүлж эсвэл эргүүлэхгүй өмсөх сонголт үлдээсэн, бүх дээл маань бүстэйгээрээ онцлогтой болов уу. Монгол, Солонгос торго, даавуугаар урлаж байна. Орон нутгаас захиалга нэлээд ирж байна. Бид эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлтийг харгалзан үзэж, хүмүүсийн худалдан авалтад нийцүүлэх үүднээс хамгийн боломжит хямд үнийг тогтоохыг хичээсэн” гээд барааныхаа үнийг танилцууллаа. Тухайлбал, том хүний дээлийн өнгө, загвар, хэмжээнээсээ шалтгаалан 120000-280000, хүүхдийн энгийн болон дэрэвгэр хормойтой дээл наснаасаа хамаарч 65000-120000, монгол цамц 75000-90000 төгрөгийн үнэтэй худалдаалж байв. 


Баяраар өмсөх дээлээ авсан худалдан авагчид түүн дээрээ зохицох ээмэг, энгэрийн зүүлт, толгойн гоёлоо сонгохоор энэ төрлийн бараа дэлгэсэн асрыг зорих дүр зургийг олонтаа харав. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж, асран хамгаалагчид гараараа урласан ээмэг, хүзүү болон энгэрийн зүүлт, чихмэл тоглоом, дээл, цамц, шүрэн бүс, охидын толгойн гоёл, баавгайг илэрхийлсэн үсний даруулга зэрэг төрөл бүрийн гоёлыг дэлгэн борлуулж байна. Ээмэг урт, богино болон хийцээсээ хамаарч 8000-40000, таван хошуу малын төл, дээлтэй, дээлгүй туулайн зэрэг чихмэл 15000-30000 төгрөгийн үнэтэй байлаа. 
Худалдан авагчид тавгийн идээ, дээл, бүс, ээмэг гоёлоо сонгосны дараа гарын бэлэг худалдаалж буй асруудыг зорьж байлаа. Гарын бэлгийн тухайд хүмүүс ихэвчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олзуурхаж байгаа харагдав. Тухайлбал, цүнх, үүргэвчээрээ алдартай “MR Brand” буюу “Монгол арьсан брэнд”-ийнхэн сар шинийн баяраар хүмүүст бэлэглэхэд тохиромжтой жижиг төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Харахад л хийц, чанар нь мэдрэгдэх мини түрийвч, нэрийн хуудас, нүдний шилний хайрцаг, картны гэр, гоо сайхны жижиг цүнх, дэлгэдэг түрийвч зэргийг өнгө, загварын өргөн сонголттойгоор худалдаалж байлаа. Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг эдгээр арьсан бүтээгдэхүүний үнэ 15000-22000 төгрөгийн хооронд байна. Хэрэв тав болон түүнээс дээш тоогоор худалдаж авсан тохиолдолд тодорхой хэмжээний хямдрал, урамшуулал үзүүлж буйг тус газрын борлуулагч Г.Хулан онцоллоо. Тэрбээр “Бид энэ үзэсгэлэн худалдаан дээр гарын бэлгэнд өгөхөд тохиромжтой, жижиг төрлийн бараагаа дэлгээд байна. Харин Улсын их дэлгүүрийн VI давхарт байрлаж буй салбарт маань эдгээрээс гадна төрөл бүрийн загвартай цүнх, үүргэвч худалдаалж байгаа. Бид бүтээгдэхүүнээ монгол үхэр, сарлагийн арьсаар хийдэг тул нэг удаагийнх биш насан туршийн хэрэглээ болдог” хэмээгээд үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, худалдан авалт хийхийг уриалсан бол дараагийн “органик” уриалгыг “Содон фүүдс”-ийнхэн хэллээ. Тэд Монгол түүхий эд ашиглан солонгос технологиор  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ содон багц, эрүүл мэндийн багц, дархлаажуулалтын багц, витамин багц, зэрлэг жимс багц гэсэн таван төрлөөр багцалж, 8700-15150 төгрөгийн хооронд худалдаалж байна. Тухайлбал, хүн орхоодой, хунчир, чацаргана, барагшун гэх мэт есөн төрлийн эрүүл мэндийн тоник, найман төрлийн зөгийн балтай цай, цагаан, хар, классик гэх мэт ууттай болон аягатай кофе зэрэг бүтээгдэхүүнээс сонгон багцлуулж болохоос гадна санаанд оромгүй бэлэг авах  боломжтойг борлуулагч О.Амин-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Цагаан гаа, улаан чавга, тоортой цайнаас 10 хайрцгийг авбал хоёр хайрцгийг үнэгүй бэлэглэж байгаа. Мөн хайрцагтаа арван ширхэгтэй гурван төрлийн зөгийн балтай цайнаас холиод таван хайрцгийг авбал нэг хайрцаг цай бэлэглэнэ. Түүнчлэн 50 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд сугалаа сугалуулж байгаа. Сугалаа бүхэн хонжвортой шүү” гээд химийн орц найрлагагүй, сахарын агууламжгүй, эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэй, эко бүтээгдэхүүнийг гарын бэлгээрээ сонгохыг уриалав. 


Тэгвэл одоо хүүхэд, багачууддаа юу бэлэглэх вэ гэж үү. Мэдээж эко, оюун ухаан, сэтгэхүй хөгжүүлэх модон тоглоом хамгийн зөв сонголт гэдгийг үзэсгэлэн худалдаа сонирхогчид онцолж байлаа. Тухайлбал, хог хаягдал ангилж ялгах, гутлын үдээс үдэж сурах, замын хөдөлгөөнд зөв оролцох, цахилгаан эрчим хүч, эрүүл мэнд зэрэг салбар бүрийн мэдлэг мэдээлэл олгох, хүүхдийн танин мэдэхүйг нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай 300 орчим нэр төрлийн тоглоомыг 50 хувийн хямдралтай буюу 3500-35000 төгрөгийн хооронд  “Бяцхан гоц ухаантан” тоглоомын дэлгүүрийн асарт худалдаалж байна. Модон тоглоом хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бат бөх, эко тул олон жил тоглох, хадгалах, дамжуулж болох бөгөөд үүгээр ч зогсохгүй зарим тоглоомыг гэр бүлээрээ тоглодгоороо онцлог, давуу талтайн тухай тус дэлгүүрийн менежер С.Чинбаатар  ярилаа. 
Ингэж л хүмүүс Цагаан сарын бэлтгэлээ үнийн хөөрөгдөлгүй үзэсгэлэн худалдаанаас базааж, гэрийн зүг хөлгийн жолоо залж байгаа харагдав. Сануулахад, Монголын марктенг менежментийн хүрээлэн, “Food City” худалдааны төв хамтран зохион байгуулж буй “Хэрэглээний соёлыг эрхэмлэе” уриатай “Цагаан сар-Соёлтой экспо” үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-нд нээлтээ хийсэн бөгөөд ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.


  С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
1
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22