Антропологич Д.Бум-Очиртой ярилцлаа.
-Даяаршсан нийгэмд нэг зүгт харж явъя гэдэг агуулга зарим хүнд соёл, зан заншлын хувьд ч нэг болох ёстой гэж ойлгогддог юм уу гэж бодмоор. Удахгүй монгол түмний баяр Цагаан сар болно. Тэгэхээр хоёулаа дээрх агуулгыг задалж ярья?
-Эхлээд түүх сөхье. Бидний туулж өнгөрүүлсэн түүхэнд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх, хязгаарлагдмал хэмжээнд тэмдэглэх, эсвэл бүр хуучны хоцрогдсон зүйл гэж үзэн хориглож байсан тал бий. Тухайлбал, социализмын үед маршал Х.Чойбалсан нас барсны дараа цуцалж, тэмдэглэх шаардлагагүй хэмээн хориглож, дараа нь хотын хүмүүст хамаагүй “Нэгдэлчдийн баяр”, “Малчдын баяр” хэмээн орон нутагт тэмдэглэхийг зөвшөөрөх гэх мэтчилэнгээр утга агуулгыг нь гажуудуулах, хүрээ царааг нь хязгаарлаж байсан түүхтэй. Мөн саяхан дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед өргөн хэмжээнд тэмдэглэх боломжгүй болох үед цахимаар тэмдэглэсэн. Энэ мэтээр улс төрийн нөхцөл байдал болон, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тэмдэглэх эсэх агуулга яригдаж байж. Энэ бол бидний мэдэх түүх. Үнэндээ бид энэ баярыг тэмдэглэх албатай.
-Албатай гэж хэлэх нэг хэрэг. Яагаад албатай юм бэ?
-Би хоёр шалтгаан хэлье. Нэгдүгээрт, Цагаан сар бол төрт ёсны баяр. Монголчууд бид өөрийн эрхтэй, өөрийн улстай, тусгаар тогтнолтой байгааг энэ баяраар ёслон тэмдэглэж байдаг. Энэ утга агуулгыг Чингис хаан 1206 онд Их Монгол Улсаа байгуулаад Цагаан сарыг өргөн хэмжээнд ёслон тэмдэглэсэн үйл явдлаас харж, ойлгож болно.
Хоёрдугаарт, аливаа ард түмэн, улс үндэстэн юугаараа ижилсэж, нийлж, нэгдэж нэг ард түмэн болдог юм бэ. Түүх соёл болон бүтээсэн үнэт зүйлсээрээ. Гэхдээ энэ түүх соёл, үнэт зүйлсээ хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлах ёстой. Ухамсарлахгүй, үнэлэхгүй бол сайхан үүх түүх, хэчнээн сайхан өв соёл байсан ч тэр нь үнэ цэнгүй, үүрэггүй болж хувирна. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр өөрийгөө монгол гэдгийг ухамсарлаж нэгдэж байх ёстой. Тэгэхгүй бол бид нэг монгол, нэг үндэстэн байх боломжгүй. Тэгвэл биднийг нэгтгэх ухамсрыг бэхжүүлж байдаг олон чухал хүчин зүйлийн нэг нь үндэсний баяр ёслол байдаг. Монголчуудад тэр нь Цагаан сар, Наадам хоёр байх жишээтэй.
-Үндэстний нэгдлийг ухамсрын түвшинд суулгаж өгдөг зүйл нь Монгол өв соёл, баяр ёслол байх нь?
-Нийгмийн оюун санааг жилд нэг удаа монгол гэдэг үзлээр цэнэглэж, сануулж, иргэд 3.5 саяулаа сэрж мэдэрч, магадгүй бүүр цаашилбал хилийн чанадад байгаа монгол угсаатнууд сэрж мэдэрдэг үндэсний хэмжээний баяр жилийн 365 хоногт хоёрхон л болдог. Энэ нь Цагаан сар, наадам. Жилийн 365 хоногт монгол гэдгийг нь сануулж бүтэн жилийн турш цэнэглэж байдаг үндэсний хэмжээний баярыг ерөөсөө алгасаж болохгүй. Алгасаад л байх юм бол бидний нэгдмэл чанар, ижилслийг мэдрүүлдэг ач холбогдол, хүчин зүйлс сулраад л байна. Цөөрөөд байх тусмаа үндэсний эв нэгдэл, үндэсний ухамсар, дархлаа улам л суларна.
Цагаан сар бол монголчуудын өмч
-Таны яриаг сонсож суухдаа Цагаан сарыг монголчууд өмчлөөд авчихаж байгаа юм уу гэж бодлоо. Азийн орнууд бүгд л тэмдэглэдэг шүү дээ?
-Монголчууд цагаан сарыг өмчилсөн (инээвхийлэв). Цагаан сартай төстэй хаврын баярууд, эсвэл шинэ жил дэлхийн улс орнуудад олон бий. Хамгийн ойролцоо нь сарны тоолол буюу билгийн тооллыг баримталж байгаа Азийн бусад ард түмний хаврын баяр.
-Тэгвэл яагаад Азийн бусад орноос Цагаан сарыг ялгаж өмчлөөд байгаа юм бэ?
-Бидний Цагаан сар тэмдэглэх ёс заншил, цаг тооллын хувьд дорнын бусад шинэ жилийн баяруудын заншлаас олон талаараа өвөрмөц, ялгаатай юм. Цаг хугацааны хувьд Азийн бусад улс орнуудтай тааруулаад тэдэнтэй нэг өдөр тэмдэглэе гэдэг санаа байдаг. Бид Азийн бусад улсын шинэ жилийн баяртай тааруулж нэг өдөр шинэлж болохгүй. Үүнийг монгол хүн бүр мэдэж аваад цаашид ийм зүйл ярих хэрэггүй. Яагаад гэвэл бид тусгаар тогтносон улс, нэгэн үндэстний хувьд бусадтай ижилсэж, үгүй болох гээгүй л юм бол аль болох олон зүйлээрээ ялгарч, өвөрмөц онцлогоо хадгалж үлдэхийг хичээх хэрэгтэй. Өөрийн гэсэн бодлоготой, тархи толгойтой байх ёстой. Дэлхийн олон улсын жишгийг дагаж байна гээд дэлхий буруу тийш явж байвал бид дагаж буруудах уу. Үгүй. Энэ зүгээр нэг муйхарлал биш юм. Хэрвээ Цагаан сар төрт ёсыг, тусгаар тогтнолыг бэлгэдэж, улс байгуулсан түүхийг тэмдэглэж байгаа юм бол бид тусгаар тогтнолоо өмчилдөг, хамгаалдаг шигээ Цагаан сарыг өмчлөх, хамгаалах ёстой гэсэн үг. Түүнчлэн цагаан сар агуулга, бэлгэдэл, ёс заншлын зэрэг олон талаар дахин давтагдашгүй Монголын түүх соёлын өв. Тиймээс Цагаан сар бол Монголын өмч, монголчуудын өмч. Энэ ялгаатай зан заншлууд нь Монголын Цагаан сарыг бид өмчлөх ёстой гэдгийг тайлбарлаад байгаа юм. Азийн бусад орны билгийн тооллын шинэ жилийн баяр нь манай цагаан сар шиг сайхныг бэлгэддэг үү, эсвэл төрт ёсны баяр байдаг уу. Тиймээс бид бусад улс үндэстний тэмдэглэдэг хаврын баяртай адилтгаад, хамаатуулах, хамтруулах гэж оролдох хэрэггүй. Даяаршил дунд дангааршлыг бий болгож байгаа бидний үндэсний код энэ юм.
-Цаг тооллын хувьд таарах ёсгүй гэсэн таны үг онцгой санагдлаа. Энэ санаагаа дэлгэрүүлнэ үү?
-Монгол үндэстэн “Монгол зурхай” гэдэг өөрийн гэсэн зурхайтай. Хятад болон бусад дорнын зурхайгаас өөр. Нэгдүгээрт, бид тусгаар улс учраас өөрийн гэсэн цаг тоололтой. Аль нэг хаан солигдоход тэр хаанаар цаг тоолол эхэлдэг байсан түүх дэлхийд бий дээ. Европын орнууд, Азийн орнууд ч ялгаагүй. Улс байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн он тооллыг тоолж эхэлдэг дээ. Тусгаар улс гэдгээ, шинээр улс байгуулснаа харуулж байгаа хэрэг. Тэгвэл монгол зурхай гэж байгаа нь үүнтэй зарим талаараа төстэй юм. Монгол цаг тоололтой, монгол зурхайтай байна гэдэг нь бид тусгаар улс гэдгээ илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Ер нь Монгол гэж тусгаар улс мөн юм бол өөрийн зурхайгаа хэрэглэж, өөрийн бичиг үсгээ хэрэглэ. Магадгүй өөрийн гэсэн зурхайг өөрийн гэсэн бичиг үсгийг түүхэндээ зохиогоогүй бол тэгээд хүний зурхайг хүний бичиг үсгийг л хэрэглэхээс яахав. Өөрийн гэсэн зурхайн цаг тоололтой байгаа нь зүгээр нэг үндэсний үзэлтэй хэдэн нөхөд ялгарах гээд муйхарлаад байгаа хэрэг биш. Монгол орны дэлхийд оршин буй газар зүйн байршил, цаг агаар, одон мичид, сарны тохиол, бүр эрхэлж буй аж ахуй зэрэг олон хүчин зүйлийг нөхцөлдүүлэн нар тэдэн цагт мандана гэдэг шиг хаврын урь тэдэнд орно гэж тооцож гаргаад байгаа хэрэг юм. Хамгийн энгийнээр хэлэхэд Солонгос, Япон, Вьетнам, Хятад улсад хавар болох өдөр харилцан адилгүй байж таарна даа. Тийм учраас бид бусад орны зурхайгаар он цагаа тоолох ёсгүй юм. Өөрийн газар зүйн байрлал, байгаль цаг уурын онцлогт тохируулан зохиосон зурхай, цаг тооллоо хэрэглэх нь илүү утга учиртай юм.
Ёс уламжлал өөрчлөгдөх нь жам
-Цагаан сар дөхөөд ирэхээр нийгэмд маш олон маргаан дэгддэг. Зан заншлыг хэтрүүлсэн хийрхэл болоод хэт минимал буюу ор нэр төдий тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж талцдаг. Бид агуулгын хувьд ёслоод өнгөрөх төдий авч үлдэх үү, өргөн дэлгэр тэмдэглэж өв соёлоо уламжлуулаад явах юм уу. Шинэчлэл хийх хэрэгтэй юү?
-Эдийн засаг, мөнгө төгрөгтэй холбоотой ийм маргаан, асуудал гардаг. Айл бүр өөрийнхөө боломжоор л тэмдэглэх нь зохимжтой болов уу. Тухайн айл залуу гэр бүл үү, дунд насных уу, ахмад настан уу гэдгээсээ шалтгаалаад хэр өргөн хүрээтэй тэмдэглэхээ өөрсдөө мэдэж байгаа. Мөн тухайн айлд тохиолдсон уй гашуугаас шалтгаалан золголт хийхгүй байх ч ёс бий. Минимал тэмдэглэнэ үү, өргөн тэмдэглэнэ үү тэр айл гэрийн хэрэг. Мэдээж монголчууд ёс төрөө хүндэтгээд, бэлгэ ерөөлөө бодоод аль болох өнгөтэй, өөдтэй тэмдэглэхийг хичээцгээж байгаа хэрэг гэж би боддог. Түүнээс биш учиргүй хоорондоо уралдаад, илүүрхэж дутуурхаад байгаа хэрэг биш болов уу. Тэгэхээр ямар өнцгөөс харж ойлгохоос болж өөр өөрөөр ойлгож, өөр өөрөөр тайлбарлаж болох юм.
-Цагаан сарыг бүр анх тэмдэглэж эхэлсэн тэр агуулга руу нь аваачаад, гаднын улсын болон шашны нөлөөг нь авч хаяад бүр дахин дэглэх ёстой гэж үздэг хүмүүс ч байна. Ингэж болох уу?
-Ер нь бид язгуур хэв маяг руугаа ойртох гэсэн оролдлого 1990 оноос хойш эрчимтэй хийсэн. Ганцхан баяр ёслолын хувьд ч биш бусад ёс заншил өв соёлоо сэргээх оролдлогуудаас харагдана. Аливаа ард түмний өв соёл гэдэг түүхийн илэрхийлэл, үйл явдлуудын бичээс байдаг. Тиймээс Цагаан сард ч гэсэн янз бүрийн түүхэн цаг үеийн онцлог хадгалагдан үлдэж, нэмэгдэж хасагдаад бидний цаг үед ирсэн. Эдгээр зан заншил дунд гаж буруу зүйлгүй бол шинээр дэглэх хэрэггүй. Уламжлал гэдэг зөвхөн 1000 жилийн өмнө тогтсон юм биш. Мянган жилийн урт хугацаанд засагдаж сайжраад, хэрэггүй зүйлс хаягдахдаа хаягдаад, гээгдэхдээ гээгдээд ирж байгаа зүйл. Шашны нөлөө гэхээр монголчуудын дунд зонхилох Буддын шашныг хэлж байна уу. Хүн амын дийлэнх нь Буддын шашныг шүтэж байна. Энэ чинь хүний итгэл үнэмшлийн тухай асуудал. Монголчуудыг Буддын шашин шүтэхийг нь болиулж болохгүй биз дээ. Үүн шиг хэрвээ Цагаан сарын зан үйл дотор Буддын шашны зан үйл, суртал нөлөө байгаа бол тэр нь байж л байг. Нөгөө талаас аливаа ёс уламжлал заавал өөрчлөгддөг. Энэ нь бүр жам ёсны зүйл юм. Харин таны хэлж байгаа орхигдоод, мартагдаад байгаа, хаях учиргүй байсан тийм ёс заншлуудаа сэргээх нь зүйтэй.
-Энэ баярыг тэмдэглэх нь нийгмийн оюун санаанд хэрхэн нөлөөлдөг юм бэ, бидэнд шууд утгаараа ямар хэрэгтэй вэ?
-Цагаан сар гэдэг сэтгэлзүйн баяр. Нэр нь Цагаан сар. Өмнөх асуултад хэлбэрийн хувьд Цагаан сар гэдгийг тодруулаад агуулгаа дутуу орхичихлоо. Бүх зүйлийг цагаанаар буюу сайн сайхан, амар амгалан байхыг бэлгэддэг. Сэтгэл ариун байхыг, хангай дэлхий амар амгалан байхыг, эв түнжинтэй, ээлтэй буянтай байхыг бэлгэддэг. Үүний цаана сэтгэл яригдана. 365 өдрийн туршид бидний амьдралд буруу зөрүү үйлдэл хийх, хүнтэй муудаж сайдах, таатай таагүй зүйл бодох, уурлаж харамсах, хорсож занах гэх мэт таатай таагүй олон зүйл болж байдаг. Гэтэл жилдээ ганц тохиох Цагаан сарын баяраар хүн бүр бэлгэдлээ бодоод ийм зүйлийг цээрлэх ёс барьдаг. Бүр улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчил буурдаг. Нийтээрээ нэг Цагаан сарын өдрүүдэд сайн сайхан зүйл бодож, санаж, ярьж, үйлдэж ариун сайн сайхан бүхнийг эрхэмлэн дээдэлдэг. Уурлаж уцаарлахгүй, бэлгэгүй муу зүйл бодохгүй, хэлэхгүй, хийхгүй, хараал хүртэл хэлэхгүй, хүнтэй муудахгүй байхыг хичээдэг. Энэ бол бид энэ өдрүүдэд нийтээрээ ухамсартайгаар сайн сайхан бүхнийг хүсэж, бодож, бүтээж, муу муухай болгоныг тэвчин цээрлэж байгаа хэрэг юм. Хэдэн зуун жил өвөг дээдэс маань бидэнд цагаан сарын энэ ёсыг зааж сургаад суулгаад өгчихсөн. Бага байхаас эмээ өвөө, аав ээж, ахмадууд ингэж сургасан. Бид бараг бүгдээрээ ингэж сонсож, заалгаж өссөн байх. Үүний үр дүнд бүх ард түмнээрээ эдгээр өдөр хамгийн сайн сайхан, эв эетэй, амар амгалан оршихуйн тухайд үзэл санаанд нэгддэг гэсэн үг. Энэ бол нөгөө талдаа маш том сэтгэл засал. Жилийн 365 өдрийн туршид Цагаан сарын өдрүүд шиг цагаан сайхан бүхнийг эрхэмлэн дээдэлж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байвал Монголын амьдрал ямар байх бол гээд бодоод үзээрэй. Өөрөөр хэлбэл, Цагаан сарыг бид олон янзын хэлбэрээр тэмдэглэж байгаа хэрэг юм. Харагдах, үзэгдэх хэлбэр талаас гадна сэтгэлээрээ сайн сайхан, амар амгалан байна гэдэг бол ёс уламжлалаа хүндэтгэж Цагаан сараа оюун санаа, сэтгэл зүйн хувьд тэмдэглэж байгаа хэрэг юм. Магадгүй Цагаан сараа тэмдэглэх олон хэлбэр дотроос энэ сэтгэл зүйн хэлбэр хамгийн чухал нь байх. Цагаан сараа тэмдэглэх жинхэнэ утга учир, мөн чанар бараг энд л байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр “Монголын үнэн” сонины уншигчдаасаа өв соёлынхоо утга учрыг гүнээ ухамсарлан, цээр ёсоо сайтар баримтлан, чин сэтгэлээр Цагаан сараа тэмдэглэж байхыг хүсье.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна