С.Далхаасүрэн: Түүхэн шийдвэрүүд гаргасан олонхын бүлгийн Ажлын албыг ахалж яваа маань нэр төрийн хэрэг


УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэнг энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа.

 

-УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө. Сонгуульт жилийн хугацаа дуусах дөхсөн учраас Байн­гын хороодоос авахуулаад ажлын тайлан­гаа тавьж эхэлжээ. Таны тай­ланг сонсъё. Ер нь бүлгийн Ажлын албаны чиг үүрэг ямар байдаг юм бэ. Эрхэлж буй ажлынхаа онцлогоос манай уншигчидтай хуваалцана уу?

-Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу сонгуу­лийн үр дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулан ажил­ладаг. Нам, эвслийн бүлэг нь УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл, нийгэм, эдийн засгийн цаг үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар байр сууриа тодорхойлж бүлгийн шийдвэр, санал, дүгнэлт гаргадаг.  Түүнчлэн улс төрийн намыг парламентад төлөөлж буй бүлэг нь УИХ-ын чуулган, Байнгын хороод болон Бүлгийн хуралдаан зохион байгуулах, Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах, гишүүдийнхээ өдөр тутмын үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг чиг үүрэг бүхий ажлын албатай байдаг. Бүлгийн ажлын алба нь УИХ-ын Тамгын газрын бүтцийн нэг нэгж юм. УИХ дахь МАН-ын бүлэг нь парламентын найман удаагийн сонгуулиар бүлгээ байгуулж, ажлын албаа бүрдүүлэн ажиллаж байна. Бүлгийн Ажлын албаны ажилт­ны тоо тухайн бүлгийн гишүү­дийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байхаар хуульд заасан байдаг. Түүний дагуу бүлгийн Ажлын алба маань Хууль, эрх зүй, Эдийн засаг, Нийгмийн бод­лого, Хэвлэл мэдээлэл, Захир­гааны гэсэн таван хэсэг­тэйгээр ажиллаж байна.


-Тэгэхээр таны хашдаг ал­быг улс төрийн “Гал тогоо”-той зүйрлэж болох юм. Нэг их ил гараад байхгүй ч торгон мэд­­­рэмж шаардсан албан ту­шаал гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Тухайн асуудлаар шуурхай, сайн шийдвэр гаргахад зөв, судал­гаатай мэдээллээр УИХ-ын гишүүдийг хангахаас авахуулаад батлагдсан хууль, тогтоомж маань хөрсөн дээр хэрхэн бууж байна, ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ямар ачаа үүрүүлж байна гэдэг талаас нь ч судалж шинжлэх шаардлагатай. Өдөр тутмын ажил албыг шуурхай, цаг алдалгүй залгуулах, зөв­лөгөө мэдээллээр хангах үүрэгтэй. Бодлогын зөв шийдэл, гарц санал болгохоос авахуу­лаад сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна, ямар хууль тогтоомжоор дамжуулан хэрэгжүүлэх боломжтой вэ гэх мэт олон асуудалд анхаарч ажиллах ёстой. Энэ ч утгаараа иргэдийн санал бодлыг сонсох нь их чухал. Миний хувьд МАН-аас байгуулагдсан ажлын хэсэг ахалж, өнгөрөгч жил орон нутаг, 21 аймагт зохион байгуулсан “Нээлттэй нам” хэлэлцүүлэгт оролцон ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсон ажилласан. Төрж өссөн Өвөрхангай аймаг болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл аймагт Ажлын хэсэг ахлан ард иргэдтэй нээлттэй уулзалтуудыг хийж, тэдний санал хүсэлтүүдийг багцлан УИХ, Засгийн газар болон намын удирдлагууддаа уламжилсан.Олон ч санал хүсэлт гарсан, хийж хэрэгжүүлмээр олон ч санаа оноог орон нутагт ажиллахдаа олж авсан. Тухайл­бал, төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгох, зөвхөн нэг сум, аймагт бүтээн байгуулалт өрнүүлээд өнгөрөх бус үндэсний хэмжээний бодитой, өгөөжтэй хөрөнгө оруулалт хийдэг болох. 

Хувьцаа, ногдол ашгийг жил бүр иргэдэд тогтмол өгдөг байх, үнийн өсөлтийг хязгаарлах, төсвийн хөрөнгө оруулалт айл бүрийн хаалгаар орж ирдэг байх. Хүртээмжтэй, тэгш боловсролын тогтолцоо бий болгох, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг нутагтаа авдаг болох зэрэг олон асуудлыг хөндөн тавьсан. Төр төлөөлсөн гишүүдэд дайсан эдгээр саналын нэлээд нь өнөөдөр УИХ-аас хууль болон батлагдаж, хэрэгжиж эхэлж байгаад талархалтай байгаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд их сайшааж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Өрх бүрд үр өгөөж нь ирэхийг хүсэж байна. Шударга ёс, ёс зүйг хүсэмжилсэн, нэхсэн олон шахалт, шаардлагууд ч байна. Төрийн бүх шатанд шударга ёсыг хүсэмжилж, иргэндээ ээлтэй орчин бүрдүүлэхийг иргэд хүсэж байна. 


-Олон зүйлийн тэнцвэрийг олох шаардлагатай ажил шиг санагдлаа. МАН-ын бүлгийн хувьд чамгүй олон гишүүнтэй бүлэг байлаа. Энэ утгаараа эрх баригч намын бүлгийн Ажлын албыг ахлан ажиллаж байгаа хүний хувьд ачаалал ихтэй цаг хугацааг өнгөрүүлсэн болов уу? 

-Ачаалалтай ажилласан гэхээсээ илүүтэй парламентын бүтээлч бодлого боловсруулдаг, мэтгэлцээн өрнөдөг энэ том талбарт хувь хүнийхээ хувьд илүү их зүйлийг мэдэж суралцаж хөгжсөн цаг хугацаа байлаа. Тулхтай, мэдрэмжтэй, ноён нуруутай, ажил хэрэгч төрийн олон хүнээс сурч, суралцаж л явна даа. Цаашид ч сурах зүйл их байна. Бүлгийн ажлын албаны ажилтнууд бол нэг талаар төрийн улс төрийн албан тушаалтнууд. Нөгөө талаар намын гишүүн, намын сонгуульт үүрэг хүлээн ажилладгийн хувьд эдгээр хоёр ажил албаны дундын зохицлыг олж чаддаг, нам-бүлэг хоёрын хамтын ажиллагаа, зөв хослолыг бүрдүүлэхэд илүү хувь нэмрээ оруулж ажиллахыг хичээдэг.

-Бүлэг дээр “галтай” олон асуудал орж ирнэ. Тэр бүрд саналаа нэгтгэхээс авахуулаад улс төрийн чухал шийдвэр гаргадаг. Энэ бүхэнд Ажлын албаны даргын хувьд ямар зарчим баримталж ажилладаг вэ?

-Ер нь бүлэг бол олон ургальч үзлийн талбар, бас индэр байх ёстой. Гишүүд бол тухайн хууль, тогтоолын төсөл, асуудлын талаарх үзэл бодол, санаа оноогоо чөлөөтэй, ил тод, нээлттэй илэрхийлэх ёстой. Тэрхүү чөлөөт талбар нь мэдээж бүлгийн хуралдаан. Бүлгийн хуралдаан дээр гишүүд байр суурь, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх учиртай. Эрүүл шүүмжлэл өрнүүлэх ёстой газар шүү дээ. Өрнүүлж ч ажиллаж байна. Харин тухайн асуудлыг олонх дэмжиж, бүлгийн хурал­даанаар хэлэлцэн шийдвэр гаргадаг. Ингээд нэгэнт алх цохьсон бол цөөнхийн саналаа хүндэтгэн олонхын шийдвэрээ дагаж явах ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмыг л дагаж ажилладаг даа. Нөгөө талаар Ажлын алба УИХ-ын гишүүн бүрд ижил тэгш, шуурхай үйлчлэх ёстой. Энэ зарчмынхаа дагуу л ажиллахыг хичээдэг дээ.

-Энэ парламентын үед сөрөг хүчний бүлгийн Ажлын албаны орон тоог нэмсэн шүү дээ. Ер нь сөрөг хүчний бүлгийн Ажлын албатайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны үе үеийн дарга нартайгаа эвтэй сайхан л ажилладаг. Хааяа биенийхээ өрөөгөөр орж гарч санаа оноогоо солилцох үе ч бишгүй. Онцолж хэлэхэд, энэ удаагийн парламентын хугацаанд сөрөг хүчний бүлэг үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулах нөхцөлөөр хангаж өгсний нэг нь хуулиар сөрөг хүчний бүлгийн Ажлын албаны орон тоог нэмж өгсөн явдал юм. 

Хуучнаар сөрөг хүчний бүлгийн Ажлын алба нь гишүүдийнхээ тооны хоёрны нэгтэй тэнцдэг байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн бүрд хүрч ажиллахаас эхлээд тооны хувьд сөрөг хүчний бүлгийн Ажлын алба цөөддөг байсан. Үүний дагуу манай нам 2012-2016 онд сөрөг хүчин байхдаа мөн л цөөхөн ажилтантай байсан шүү дээ. Харин сүүлийн дөрвөн жилд Улсын Их Хурлын тухай хуульд хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол тухайн бүлгийн ажлын албаны ажилтны тоо 12 хүртэл байхаар энэ удаагийн парламент шийдэж өгснөөр сөрөг хүчний бүлгийн Ажлын албаны ажилтны тооны цөөдөл арилсан.

-Эрх баригч намын бүлгийн Ажлын албаныхан УИХ-аар хэлэлцэх хуулийн Ажлын хэсэгт орж ажилладаг. Таны хувьд өнгөрсөн хугацаанд ямар хуулийн Ажлын хэсэгт ажиллав?

-Ажиллалгүй яахав. Манай ажлын албаны ажилтнууд тухайн хуулийн төслөөр санал дүгнэлт боловсруулах, гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүдэд орж ажилладаг. Миний хувьд өнгөрсөн хугацаанд цөөнгүй хуулийн Ажлын хэсэгт багтаж ажилласан. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн шинэч­лэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэгт багтаж, найман сарын турш ажилласан байдаг. Үүний үр дүнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар томилуулсан. Ингэж Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор батлагдсан УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн их, дээд сургуулийн төлөөлөл зэргээс бүрдсэн ажлын хэсэгт орж, хараат бус, ил тод нээлттэй, шударга шүүхийн шинэчлэлд гар бие оролцсондоо баяртай байдаг. 

-Танай намын бүлгээс энэ парламентын үед олон чухал хуулийг санаачлан батлууллаа. Энэ хуулиудыг батлуулахад Ажлын алба ямар дэмжлэг үзүүлж ажилласан бэ?

-Энэ удаагийн чуулган бол найм дахь удаагийн парламентын намрын отгон чуулган. УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр үргэлжилснээр өндөрлөөд байна. Энэ чуулганы хугацаанд нийт 286 хууль тогтоолын төсөл хэлэлцэж, бие даасан 12 хууль, 224 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын 62 тогтоол баталсан. Харин МАН-ын бүлэг 13 удаа хуралдаж, давхардсан тоогоор 108 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн дүн мэдээ гарсан. Бүлгийн даргын 21 удаагийн, бүлгийн долоон удаагийн шийдвэр гарсан байна. Энэ удаагийн парламент улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд ээлтэй олон чухал шийдвэрийг гаргаж, хуулиудыг баталсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмтэй олон хуулийг батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хүүхэд хамгааллын хуулийг шинэчлэн баталлаа. Төрийн хэмнэлтийн хууль, Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын багц хуулиуд, Боловсролын багц хуулиуд, Цахим бодлогын багц хуулиудыг батлан гаргасан. Соёлын салбарын хуулиудыг шинэчлэн баталлаа. Эдийн засаг, төсөв санхүүгийн чиг­лэлээр дорвитой том хуулиуд хэрэгжиж байна. Зөвшөөрлийн хууль, Аялал жуулчлалын тухай хууль, Хоршооны хууль, Уул уурхайн биржийн бүтээг­дэхүүний тухай хууль, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиудыг дурдаж болно. Сая батлагдсан нийслэл Улаанбаатар хотын замын хөдөл­­гөөний түгжрэлийг буу­руулах, гэр хорооллыг орон сууц­жуу­лах хуулийн үр өгөөж ч алсдаа нийслэлийн иргэн бүрд мэдрэгдэж, үр дүн нь гарна гэдэгт итгэлтэй байна. 

-Энэ парламентын үед УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох түүхэн шийдвэр гаргасан. Энэ талаарх санаачилга, хэлэл­­цүүл­гийн бүх шатанд оролцсон хүний хувьд та энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бэ. Ач холбогдлыг нь хэрхэн тодорхойлох вэ?

-2024 оны парламентын сон­гууль анх удаа бүрэлдэхүүнээ өргө­жүүлсэн, сонгуулийн холимог тогтолцоо бүхий хууль эрх зүйн шинэ орчинд болох гэж байна. Энэ бол 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан найм дахь удаагийн парламентын олонх, цөөнхийн гаргасан хамтын шийдвэр. Миний хувьд энэ талаарх санаачилга, өөрчлөлтийн тогтолцоог эхнээс нь л дэмжиж байсан. УИХ-ын 126 гишүүний 78 нь бүсчилсэн тойрогт, 48 нь жагсаалтаар сонгогдоно. 2024 оны сонгуулийг бүсчилж явуулах тогтоолын төслийг УИХ-ын намрын чуулганаар шийдвэрлэсэн. 2023 оны төгсгөлд гаргасан энэ шийдвэрийн дагуу сонгуулийг томсгосон тойрогт, бүсчилсэн хэлбэрээр явуулах нь зүйтэй буюу улс орноо цаашид бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх УИХ-ын тогтоолыг олонхын саналаар дэмжин баталлаа шүү дээ. Би хувьдаа энэ шийдвэрийг том зургаараа улс орны хөгжлийн томоохон өөрчлөлт, шинэчлэлийн эхлэл боллоо гэж харж байгаа юм.

-Хэдийгээр олонхын саналаар хуулиа баталсан ч сонгуулийн шинэ тутам хувилбар учраас УИХ-ын гишүүдийн зүгээс зөрүүтэй байр суурь илэрхийлсэн тохиолдол бүлгийн хурлын үеэр гарсан болов уу. Ер нь дан ганц УИХ гэлтгүй Засгийн газраас ч бүсчилсэн хөгжлийн талаар нэлээд ярих боллоо?

-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад үзэл бодлоо уралдуулсан, санаа оноо зөрүүтэй шүүмжлэл, эсэргүүцэл их байсан. Ерөөсөө 60 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй том бүлэг учраас ийм олон талын байр суурь байх ч ёстой шүү дээ. Гэсэн хэдий ч манай намын бүлгийн гишүүдийн хувьд улс орны цаашдын хөгжилд илүү хэрэгтэй гэдэг талаас нь асуудалд хандаж, үнэлж дүгнэж байсныг энд тодотгож хэлэх нь зүйтэй болов уу. Олон жил явж ирсэн жалга довны үзлээс ангижрах эхлэл суурийг тавилаа шүү дээ. Улс орныхоо хөгжил дэвшлийг том зургаар нь харж, тэмүүлж буй энэ бодлогыг бид дэмжих ёстой. Энэ ч үүднээс олонхоор хэлэлцэн дэмжсэнээр бид өнөөдөр УИХ-ын сонгуулиа анх удаа томсгосон тойрогт, бүсчилсэн хэлбэрээр явуулахаар болоод байна. Үүний үр дүн ирэх жилүүдэд илүү мэдрэгдэх болов уу гэж харж байгаа. Энэ шийдвэртэй зэрэгцээд УИХ-ын намрын чуулганаар Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлгүүд үе шаттай болж байна. Ирэх хаврын чуулганаар УИХ Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэхээр зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн энэхүү үзэл баримтлалыг 2024 оны төсөвт ерөнхий агуулгаар нь мөн тусгасан. Улсын төсвийн хуваарилалтад ч дээрх том бодлогоо дагасан өөрчлөлт, шинэчлэлийг тусгаж өгсөн. Жишээлбэл, энэ жилийн тухайд өмнөх хөрөнгө оруулалтуудаас илүү онцлог. Өмнөх жилүүдэд тойрог, аймаг, сум, баг хороо дагасан хөрөнгө оруулалтыг түлхүү анхаардаг байсан бол энэ жил бүс нутгийн хөгжил дагасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхээр тусгаад байна. Эрчим хүч, авто зам зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд ч жин дарж байгаа. Ийм том утгаар нь харж чадвал бүсчилсэн хэлбэрээр сонгууль явуулж, бүс нутаг төлөөлсөн гишүүдтэй болох нь улсын хөгжилд томоохон хувь нэмэр болно гэж хувь хүний зүгээс харж байна. Нөгөөтэйгүүр Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Хөдөөгийн сэргэлтийг дэмжих хүрээнд “Шинэ сэргэлтийн таван цагариг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс бүх аймгийн төвийг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлэхээр боллоо гээд УИХ, Засгийн газраас улс орны хөгжлийг том зургаар нь тодорхойлон, бодлогоо чиглүүлэн харж эхэлж байгаад залуу хүний хувьд талархалтай хандаж байна. 


-Та бол улс төрийн албан тушаалтан. УИХ-ын гишүүдтэй тулж ажилладаг гэдэг утгаараа эрх баригч нам итгэлтэй хүнээ энэ албан тушаалд томилсон болов уу гэж ойлгож байгаа. Ер нь МАН-тай хэзээнээс ажил, амьдралаа холбов?

-2004 онд анх “Монгол төрийн дархан түшээ”, туршлагатай парламентач  Д.Лүндээжанцан ахаасаа намын батлахаа гардан авч байлаа. МАН-тай  ажил, амьдралаа холбоод яг 20 жил болж байна даа. Ингээд оюутан ахуй цагаасаа л намын үйл ажиллагаанд оролцож, намын дэргэдэх оюутны холбоонд Нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Улмаар намын дэргэдэх залуучуудын байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүн, дүүргийн залуучуудын холбооны дарга зэрэг сонгуульт  албыг хашиж байлаа. Нам ялагдсан хүнд жилүүдэд  Баянгол дүүргийн   НАМЗХ-ны /тухайн үеийн/  дарга, намын анхан  шатны нэгж болох үүрийн дарга зэрэг сонгуульт албыг хашиж явсан. Тухайн үед  миний хариуцан ажиллаж байсан  135 дугаар үүр маань Баянгол дүүргийнхээ “Шилдэг хамт олон” болж байлаа.   Ингэж л намын ахмад, дунд, залуу үеийн олон хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцаж, хөгжиж иржээ. Тэндээс ажил, амьдралын олон сайхан ахан дүүс, найз нөхдөө олж авсанд талархаж явдаг. Аав, ээж хоёр маань  ч МАН-ын гишүүд учраас  өнөөдрийг хүртэл итгэл үнэмшилтэйгээр энэ намд хоёргүй сэтгэлээр  зүтгэж явна даа. 

-Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд  Бага хурлын гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд ямар байдлаар оролцож байна вэ?

-Манай намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажил ид өрнөж байна.  Миний хувьд одоогоор  намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж  байна. 2008 оноос хойш УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд бүх шатны сонгуульд туслах ажилтнаас авахуулаад  сонгуулийн ерөнхий менежер хүртэл ажилласан байна. Намын олон ч сайхан туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллаж олон ч зүйл сурч мэдэж авсан. Туршлагатай ахмад хүмүүсийн үгийг сонсож, залуучуудтайгаа зөвлөлдөж санаа бодлоо уралдуулж, цаашлаад дүү нартаа сурсан мэдсэн зүйлээ харамгүй зааж зөвлөдөг байх хэрэгтэй гэж боддог. Надад итгэл хүлээлгэж хариуцуулсан ажлыг хоёргүй сэтгэлээр, хариуцлагатай хийхийг л их эрмэлздэг дээ. Ер нь төрийн алба, улс төрийн ажил эрхэлж буй хүн  олон талаар  арвин туршлага хуримтлуулдаг юм шиг санагддаг.

-Таны хувьд залуучуудын байгууллагаас гадна төрийн албаны бага­гүй туршлага хуримтлуулсан санагдаж байна?

-Миний хувьд мэргэжлийн хяналт, Гааль, ХНХЯ зэрэг төрийн захиргааны болон төрийн тусгай албанд удирдах албан тушаал хашиж ирсэн. Сүүлийн дөрвөн жилд улс төрийн албан тушаал хашиж байна. 

-Та Өвөрхангай аймгийн Нут­гийн зөвлөлийн даргаар ажил­ладаг. Нийгэмд чиглэсэн энэ төрлийн цөөнгүй ажлыг хашиж ирсэн санагдаж байна. Нутгийн зөвлөлийн ажлынхаа талаар бидэнтэй хуваалцана уу? 

-Миний хувьд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж өссөн, унаган хүүхэд. Хоёр жилийн өмнө төрийн түшээд, орон нутгийн удирдлагууд болон нутгийн зөвлөлийн удирдлагуудын зүгээс итгэл хүлээлгэж, Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар сонгосон. 

Нутгийн зөвлөл маань үеийн үед УИХ-ын гишүүд болон нутгийн төрийн түшээд, нутгийн зон олонтойгоо гар сэтгэл нийлж, нутаг орныхоо хөгжлийн бодлогын төлөө ажиллаж ирсэн баялаг түүхтэй байгууллага. Төрсөн нутгаараа овоглогддог энэ сайхан байгууллагыг тэргүүлж ажиллаж байгаа маань нэр төрийн хэрэг гэж хүлээж авч, итгэл үнэмшилтэйгээр ажилладаг. Ажил авснаас хойш нутгийн зөвлөлийн нэрэмжит олон ажил, арга хэмжээг санаачлан зохион байгууллаа. Нэн тэргүүнд хүний эрүүл мэндийн асуудал чухал учраас аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс хүсэлт тавьсны дагуу 40 орчим сая төгрөгийн өртгөөр ходоодны дурангийн аппаратыг Нутгийн зөвлөлөөсөө шийдэж өгсөн. Мөн нутгийн их аварга Дашдоржийн Цэрэн­тог­тохын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаа­ныг зохион байгууллаа. Нутгийн иргэдийн зүгээс “Алдарт аваргынхаа нэрэмжит барилдааныг зохион байгуулснаас хойш бөхчүүдийн амжилт, барилдааны чанар эрс сайжирч, төрийн наадмын үзүүр бөхтэй боллоо” гэж бэлгэшээж ярих болсон. Үүний зэрэгцээ “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд, харваачдаа ч дэмжин ажиллаж байна. Дурдаад байвал олон ажил хийж, хэрэгжүүлжээ. 


-Залуучуудын төлөөллийн хувьд тэдэнд чиглэсэн олон ажлыг санаачлан зохион байгуулж ирснийг тань мэдэх юм байна. Ер нь залуу хүний хувьд эх орныхоо хөгжилд ямар байдлаар хувь нэмрээ оруулъя гэж бодож санаж явдаг вэ?

-Залуучууд маань алхам тутамдаа суралцаж хөгждөг, ачаалал, үг даадаг, хариуцлагатай байгаасай л гэж боддог. Урдах ажлаа хариуцлагатай сайн хийчихдэг, ар гэрээ сайхан аваад явчихдаг байхад залуучуудын маань улс орондоо оруулж буй том хувь нэмэр юм шүү гэдгийг энд тодотгож хэлмээр байна. Өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалын хүрээнд залуучуудаа дэмжиж туслан, хамтран ажиллахыг эрмэлздэг. Тухайлбал, миний гол анхаарч байгаа зүйл гэвэл Өвөрхангай аймгийнхаа, цаашлаад улс эх орныхоо хөгжлийг ирээдүйд авч явах хүүхэд, залууст оюуны болон бие сэтгэлийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь чухал гэж боддог юм. Энэ хүрээнд оюутан, залуучуудын хөгжилд анхаарсан олон төрлийн үйл ажиллагаа, спортын олон төрөлт уралдаан тэмцээн, уулзалт хэлэлцүүлэг гээд олон ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Амьдралын боломж тааруу, сурлага сайтай зарим оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг олгохоос авахуулаад сумдад олон залуусыг гэр оронтой болоход нь ч дэмжлэг үзүүлж ажилладаг. Манай Өвөрхангай аймагт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” төсөл хэрэгждэг. Олон талын ач холбогдолтой төсөл учраас Нутгийн зөвлөлийн зүгээс байнга дэмжиж, хамтран ажилладаг. “Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг мөн зохион байгууллаа. Улаанбаатар хотод сурч буй оюутнуудын дунд “STUDENT CUP-2023” спортын таван төрөлт тэмцээн, Өвөрхангай аймагтаа ажиллаж, амьдарч буй залуучуудын дунд “UVURKHANGAI CUP-2023” спортын зургаан төрөлт тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 1000 гаруй оюутан залуус оролцож хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдлөө. Оны өмнө нутгийн шилдгүүдээ тодруулах “Алтан соёмбо” ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээ зохион байгууллаа.

-Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг зарцуулдаг вэ. Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?

-Миний хувьд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай хүн гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаагаа удирддаг, миний ажлыг их ойлгож дэмждэг учраас амар байдаг. Миний хувьд улсын төдийгүй хувийн, олон нийтийн ажлыг зэрэгцүүлэн эрхэлж байгаа учраас цаг заваа зохицуулна гэдэг амаргүй. Гэсэн хэдий ч гэр бүлдээ аль болох их цаг гаргахыг хичээнэ. Амралтын өдрүүдэд ер нь л гэртээ хүүхдүүдтэйгээ байх дуртай.

Ярилцлагын төгсгөлд зуун дам­насан түүхтэй ууган хэвлэл “Мон­голын үнэн” сонины уншигчдадаа болон Ардын намын үзэл баримт­лалыг дэмжиж, нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэдэг эрхэм гишүүддээ удахгүй болох сар шинийн мэндийг хүргэе. Та бүхний маань ажил үйлс өөдрөг, амжилтаар дүүрэн байх болтугай гэж ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22