Ц.Базарханд: Бүсчлэл нь аймгуудад харилцан уялдаатай, хамтдаа хөгжих боломж олгоно


Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд үүний хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”-ийг улсын хэмжээнд ирэх сарын 1, 2-нд зохион байгуулах юм. Энэхүү форумын өмнө зургаан бүс урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж, хөгжлийн бодлогоо зөвлөлдөж байна. Тухайлбал, Хөвсгөл, Орхон, Булган аймаг буюу хойд бүсийнхэн эдийн засгийн хөгжлийн бодлогоо хэлэлцэх үеэр МУИС-ийн ШУС-ийн Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхимийн багш, дэд профессор Ц.Базархандтай ярилцлаа.

-Хойд бүсийн хэлэлцүүлгээр ямар асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж байна вэ?

-Юуны түрүүнд бүс нутгийн талаарх ойлголт, тайлбарыг хэлэх нь зөв болов уу. Бүс нутаг гэж юу вэ гэдгийг гадаад, дотоодын эрдэмтэд олон янзаар тодорхойлсон байдаг. Тодруулбал, бүс нутаг нь байгаль, аж ахуй, нийгэм, эдийн засгийн нутаг дэвсгэрийн систем бөгөөд тухайн системийн бүрдүүлэгч хүчин зүйлсийн харилцан нөлөөнд бий болдог бодлого төлөвлөлтийн нэгж юм. Бодлого, төлөвлөлтийн нэгж гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг бүс нутгийн бодлого нь дэмжиж байх ёстой. Бүс нутгийн бодлого өөрөө төлөвлөлтийнхөө нэгж болдог. Тэгэхээр бүс нутгийн хөгжлийн бодлого нь бусад салбарын бодлогыг тусгаад чиглүүлж өгч байх ёстой.

Бүсүүдийн урьдчилсан хэ­лэл­цүүлгээр тухайн бүсийн онцлогийг тодорхойлох, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж байгаа юм. Бүс бүрийн хөгжлийн зорилтот хөтөлбөр нь улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулж батлах суурь болох юм. Хойд бүсийн тухайд хөгжлийнх нь гол асуудал бол Монгол Улсын гурав дахь том хот Эрдэнэтийн асуудал. Хөгжлийн хувьд орон зайн багтаамж байхгүй. Тиймээс цаашид Эрдэнэт хотыг дагаж бий болох томоохон бүтээн байгуулалтыг Булган аймгийн нутаг дэвсгэрт хийхээс өөр аргагүй. Тэгэхээр Эрдэнэт хот, Булган аймаг хоёр бол яах аргагүй нэг бүс, бүсчилсэн хөгжлийг хамтран хэрэгжүүлэгчид. Улмаар Хөвсгөл, Булган, Эрдэнэт гэсэн хөгжлийн том коридор бий болно гэсэн үг.


-Манай улс аймгуудаа хувааж, зургаан бүс болгон бүсчлэхдээ ямар нөхцөл байдлыг нь харгалзан үзсэн бэ?

-Бүсчлэл тогтоох арга зүй гэж байдаг. Олон арга бий. Гэхдээ дийлэнх улс орон нутаг дэвсгэрээ бүсчлэхдээ тухайн орон нутгийн онцлог, уламжлалт эдийн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, онцлог зэрэг маш олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Зарим тохиолдолд угсаатны хүчин зүйлийг нь хүртэл харгалзаж үзэх тохиолдол байдаг. Манай улсын хувьд эдийн засгийн болон орон зайн хувьд харилцан хамааралтай хөгжих, бүсийн тодорхой чиг үүр­гийн төвүүд үүсэж болох, түүн дээрээ тулгуурлаад хөгжих бо­ломжтойгоор нь нэг бүс болгоод байгаа юм. Аль эсвэл тэргүүлэх чиг­лэлийн хувьд адил төстэй байвал мэдээж тэр нь давуу тал болно. Бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх арга механизм, хэрэглүүр нь бүс нутаг төлөвлөлт. Тиймээс бид бүс нутгаа төлөвлөх гээд байгаа юм. Бүс нутаг нь өөрөө төлөвлөлтийнхөө нэгж болдог. Эдийн засгийн нутаг дэвсгэрийг бүрдүүлж байгаа хүчин зүйлсийн талаарх ойлголтууд гэж бий. Байгаль, газар зүй, нийгэм, эдийн засгийн гэх мэт хүчин зүйлсээрээ ялгаатай болон ижил төстэй байдлаар нь нутаг дэвсгэрийн болон орон зайн хуваарилалтыг хийж байж бүс нутгийн хил хязгаар тодорхой болж, энэ талаарх ойл­голт бий болдог. Бүс нутаг төлөв­лөлт гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг бүс нутгийн хөгжлийн бодлогоор дэмжих үйл явц гэж ойлгож болно. Тодруулбал, Мон­гол Улсын хөгжлийн бодлогыг нэг том цул гэж авч үзвэл, энэ цулыг хөгжлийн бүсүүдэд тарааж тусгасан байх ёстой л гэсэн үг.  Эдгээр нь нийлж байж улсын хөгжлийн бодлогыг цогцлооно. Бүс нутгийн хөгжлийн бодлогыг төлөвлөлтөөр дэм­жиж байх нь хамгийн чухал. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлогоо боловсруулж баталж байж бүсийн хэмжээнийхээ төлөвлөлтийг хийнэ.

-Бүсчилсэн байдлаар хөг­жүүлэх зорилтын нэг нь Улаан­баатар хотын төвлөрлийг саа­руулах гэж ойлгож байна. Таны бодлоор эл асуудлыг ийм аргаар шийдэх боломжтой болов уу?

-Бүс нутаг төлөвлөлтөөр хот орчмын буюу хотын эрчимтэй таталцал, нөлөөллийн бүс, хот бүс нутгийн асуудлыг шийддэг. Үүнийг шинжлэх ухаанд хот орчмын буюу хот бүс нутгийн асуудал гэж үздэг. Бүс нутгуудыг хооронд нь ангилдаг. Төсөөтэй эсвэл төв бүс нутаг гэх мэтээр. Мөн захиргааны буюу төлөвлөлтийн бүс нутгийг үүсгэж хөгжүүлэх тохиолдол ч байдаг. Энэ аргыг Энэтхэг улс нэлээд ашигладаг юм билээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, тодорхой нэг чиг үүрэгтэй хотыг бүсийн төв гэж зарлан хөгжүүлж, төлөвлөлтийн нэгжүүдийг үүсгэ­дэг. Бүс нутгийн тухайд бас  олон ангилал бий. Эдийн засгийнх нь хувьд, цаашлаад эдийн зас­гийнх нь доторх асуудлаар нь хүртэл ангилдаг. Зарим улс орон бүсүүдээ өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд уналттай, улсаас татаас, дэмжлэг үзүүлэх гэх мэтээр ангилахаас гадна чиг үүргийнх нь хувьд хөдөө аж ахуйн, аялал жуулчлалын гэх зэргээр ч ангилдаг. Харин бидний өнөөдрийн ярьж буй гол асуудал бол эдийн засгийн бүс, бүсчлэл юм.

Бүс нутаг өөрөө хөгжихийн тулд тодорхой чиг үүрэгтэй байдаг. Тэр үүрэг нь бүсийн тэргүүлэх чиглэл болно. Бүсийн тэргүүлэх чиглэлийг тухайн бүсэд багтаж буй аймгууд бодлогодоо шингээгээд явах ёстой. Бүс нутгийн бодлого гэдэг бол энэ. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн бодлогыг яаж дэмжиж, бүс нутаг өөрөө хэрхэн хөгжих вэ гэдэг асуудал бол тухайн бүсийн хөгжлийн бодлого. Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого гэвэл бүс нутаг төлөвлөлттэй холбоотой бүх асуудал орно. Хэрэв говийн бүс гэж нэрлээд бүсийнхээ дотоод асуудлыг гарган ирж, түүнийг шийдэхийн төлөө ажиллавал бүсийн хөгжлийнх нь зорилт гэсэн үг. Хоорондоо ийм ялгаатай байдаг. Тэгэхээр мэдээж бүсчилсэн хөгжлийн бодлого бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгыг хэрэгжүүлэх арга мөн үү гэвэл мөн.

-Үүнийг хэрхэн, яаж гэдгээ илүү тодруулна уу?

-Бүсчилсэн хөгжлийн нэг зорилго бол хөгжлийн ялгааг орон зайдаа багасгах явдал юм. Улаанбаатар хотоос 50, 60 км-ийн цаана байрлах Төв аймгийн сум, суурин газрууд хөгжлийн хоцрогдолтой байгаад байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс тэнд биш Улаанбаатарт ажиллаж, амьдрахыг илүүд үзэх нь мэдээж. Улаанбаатар, Төв аймаг гэсэн хот бүс нутгийн хэмжээний асуудлыг шийдэх олон арга, хувилбар бий. Тухайлбал, дагуул хот байгуулах, хаяа хотуудаа хөгжүүлэх гэх мэт. Бидний ярьж буй Аэросити дагуул хотын бүтээн байгуулалт Төв аймгийн нутаг дэвсгэрт өрнөж байна. Энэ нь тухайн аймгийн бус Улаанбаатар хотын асуудлыг шийдэх гэж буй шийдэл юм. Цаашид Төв аймгийн нутаг дэвсгэрт жижиг суурьшлын бүсүүдийг оновчтой төлөвлөж, хөгжүүлбэл Улаанбаатар хотын олон асуудал шийдэгдэнэ. Зөвхөн Төв аймаг гэхгүйгээр бусад бүс нутаг руу зарим үйлдвэрийг шилжүүлэн байршуулах нь бүсчилсэн хөгжлийн бас нэг зорилго.

-Бүс, бүсчлэл бий болгосноор нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт бий болно гэж та харж байна вэ?

-Аймгуудаас гадна бүсүүдэд тодорхой төсөв хуваарилах юм бол өөрчлөлт гарна. Бүсийн захирагчтай, ажлын албатай болж тодорхой эрх мэдлийг хэрэгжүүлж байж өөрчлөлт авчирна. Өмнө нь баруун таван аймгийг нэг бүс болгоод тухайн орон нутгийн удирдлагууд нь ээлжлээд бүсийн захирагч гэж явдаг байсан. Энэ бол оновчгүй шийдэл гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлогыг урагшлуулдаг институцыг бүсэд байгуулах ёстой. Энэ нь тухайн бүсийг бүрдүүлж буй аймгуудын Засаг дарга нарын зөвлөл ч байдаг юм уу, ямар ч хувилбараар байж болно. Ийм шийдлээр биш юмаа гэхэд ядаж бүсэд хэрэгтэй байгаа асуудлыг аль нэгэн аймагтаа шингээж, хамтарч хөгжих л хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлөөр шийдэж болох бас нэг асуудал бол аймгуудын хөгжлийн зөрүү, ялгаа. Жишээлбэл, өрсөлдөх чадварын индексээр Булган аймаг 20 хавьцаа явж байхад Эрдэнэ хот эхний байруудад багтдаг. Мөн Орхон аймагтай хил залгаа оршиж буй Булган аймгийн сумууд хөгжлөөрөө хоцрогдсон тохиолдолд  иргэдийн хувьд Булган аймагт харьяалагдаж байснаас Эрдэнэт рүү шилжихийг илүүд үзэх нь ойлгомжтой.

Хоорондоо 20, 30 км-ийн зайтай сумууд хөгжлийн хувьд эрс тэс ялгаатай байна шүү дээ. Үүнийг засаг захиргааны нэгжийн хуваарилалтын түвшинд шийдэж чадахгүй. Харин энэ мэт асуудлыг бүсчилсэн хөгжлийн бодлогоор шийдэж, аймгууд харилцан уялдаатай, хамтдаа хөгжинө. Цаашид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого зөв нэг голдиролдоо орвол засаг захиргааны нэгжийн хуваарилалт мөн давхар шийдэгдэнэ.  Үүний тулд эхний ээлжид бүсчилсэн хөгжлийн бодлогоо батлах хэрэг­тэй. Дараа нь түүнийг хэрэгжүүлэх институцтэй болох ёстой. Ингэж байж л дээр ярьсан болон бусад асуудлыг шийдэх боломж бүрдэнэ.

-Манай улс сонгуулиа анх удаа бүсчилсэн байдлаар зо­хион байгуулах гэж байна. Энэ нь бүсчилсэн хөгжлийг дэм­жиж, урагшлуулахад нөлөөлж, түлхэц болох уу?

-Миний харж буй өнцөг бол бүсчилсэн тойрог бүсийн хөгж­лийн зорилтот хөтөлбөрийг хэ­рэг­жүүлэх эхний алхам байж болно. Үүнээс гадна улс орны хөгжлийг урагшлуулах томоохон төсөл хөтөлбөрийг гацаанаас гаргаж, эрчимжүүлэх шийдэл ч байх магадлалтай. Мөн төсвийн хуваарилалт нэлээд оновчтой болох болов уу гэж харж байна.  

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.104.98
2024/01/30
0
0
боожгой
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22