Айл өрхийн аз жаргал бол гэр бүлийн гишүүн бүр эрүүл байх. “Монгол айл эрүүл байгаасай” хэмээн чин сэтгэлээсээ хүсэж, хөдөлмөрлөдөг бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Н.Мөнхцэцэг гэдэг. Бизнесийн салбарт 2018 онд хөл тавин “Хоног” брэндээ үүсгэн амжилттай ажиллаж байна. Ярилцлагынхаа оршилд бизнесээ эхлүүлсэн сонирхолтой түүхийг нь сийрүүллээ.
“Монгол айл бүр эрүүл байгаасай”
Н.Мөнхцэцэг 2014 онд толгойгоо даах тэнхэлгүй болтлоо өвдөж, очоогүй эмнэлэг улзаагүй эмч байхгүй, эрүүл мэндийнхээ төлөө их мөнгө зарцуулжээ. Тархины цусан ургацаг авахуулах, үгүй бол эвлэрэх, эсвэл тэмцэх гэсэн гурван сонголт үлдлээ. Тухайн үед оношоо сонсоод угаалгын өрөөндөө орон уйлж, хагалгаанд орохоос айж байв. Жаахан тайвчирч, уужирсны дараа юунаас болж ийм өвчин үүсдэгийг судалж, интернэтээс хайж, эрүүл мэндийн ном уншиж эхлэв. Эцэст нь буруу хооллолтоос болж дархлаа унаж, ханиад хүрдэг, хоолой их өвддөг, өндөр халуурдаг, хамар битүүрдэг байснаа мэджээ. Ингээд эрүүл болох анхны алхмаа хоолноосоо эхлүүлэв. Зөв хооллож, зөв дадал хэвшилтэй болоход тэвчээр, их цаг хугацаа шаарддагийг биеэр туулжээ. Өдөр бүр төгс хооллоно гэж байхгүй. Амьдралын сайхныг мэдэрч, өөрийгөө эрхлүүлж хааяа нэг амттан иднэ. Эргээд харахад зургаан жил урт хугацаа. Ямар хоол идвэл миний бие эрүүл байх вэ гэдгээс авахуулаад, эрхтэн тус бүр эзнээ амьд явуулахын тулд ямар үүрэгтэйг мэддэг болжээ. Түүний зөв хооллолт өглөөний цайгаар эхэллээ. Сүүнд овьёос чанаж зөгийн бал, үзэм хийж идээд хэсэг хугацаа өнгөрөв. Нүүрээр батга гарч нэг л таагүй санагдана. Өглөө бүр сүү уух нь батга гарах шалтгаан болсныг олж мэдлээ. Батганаасаа салах гэж дахин нэг жил зарцуулав. Овьёос сүүнд буцалгаж болохгүйг мэдээд усанд чанаж идлээ. Нэг л таагүй. Үргэлжлүүлэн судаллаа. Халуун бүлээн чанартай шар будаа өглөө идвэл биеийг хоргүйжүүлдэг гэнэ. Худалдаанд элбэг байх шар будаа аваад л чанаж идлээ дээ. Нэг халбагадлаа. Чулуу тас няс. Дахиад нэг халбагадлаа. Юу ч юм нэг зүйл. Уг нь сайн угаасан даа гэж бодов. Тэр шар будааны чанамал үнэхээр хоолой давсангүй. Ингээд 2016 онд чанартай, ямар ч хаягдалгүй, амттай шар будаатай танилцлаа. Хоёр жил тасралтгүй өглөө бүр хэрэглээд тархин дахь цусан ургацаа мэсгүй эмчилж чадсан. Биеэр туршиж чанарыг баталгаажуулсан шар будаагаа монголчуудтайгаа хуваалцах мэргэн санаа 2018 онд төржээ. Түүний бизнесийн суурь “Хоног” шар будаа байлаа.
-Танай брэндийн нэр их содон юм. Ямар утгатай нэр вэ?
-Анх “Millet Buckwheat” гээд англи нэрээр худалдааллаа. Тэр үед монголчууд шар будааг “нохойн хоол” гэж боддог, ач тусыг нь сайн мэддэггүй байсан шүү дээ. Тиймээс Монголд амьдардаг гадаадын иргэдэд зориулсан маркетингаар ийн нэрлэв. Гэтэл өдрөөс өдөрт хүнд танигдаж, худалдан авагчид сураглаад ирэхээр борлуулагчид надаас нэр асууж эхэллээ. Нэр өгөх төвөггүй байсан. Цэвэлийн толь, Шагжийн тольд шар будааг хоног будаа хэмээн нэрлэсэн нь санаанд буулаа. Энэ нэршил их учиртай санагдаад “Хоног” хэмээн нэрлэсэн. Харин учир утгаар нь брэндийнхээ уриаг илэрхийлсэн юм.
-Бизнесээ эхлүүлээд удаагүй байтал цар тахал дэгдэж, дэлхий нийтээрээ хөл хорионд орсон. Ийм хүнд цагт дотоодын зах зээлд байр сууриа олох амаргүй байв уу?
-Бүх нийтийн хөл хорио, халдвар, хамгаалалт гээд хүнд үед бууж өгөлгүй даваад гарсан. Одоо бодоход банкныхаа итгэлийг, барьцаанд тавьсан орон байраа, зах зээл дэх байр сууриа алдаагүй амжилттай даван туулжээ.
-Эрүүл хүнс гэхээр төрөл бүрийн ногоо санаанд түрүүлж буудаг. Тэгвэл танай цагаан будаа энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад бардам багтах шалтгааныг дурдана уу?
-Миний бардам хэлдэг хамгийн эхний тодорхойлолт бол шинэ ургац. Будаа хөгцөрдөггүй, мууддаггүй учир хуучин ургацыг ялгахад бэрх. Гэхдээ монголчууд өдрөөс өдөрт хэрсүүжиж байна. Хуучин цагаан будаа шарласан, хугарсан бутарсан, ус даадаггүй, амтгүй, хэт цайвар цагаандуу бол дахин өнгөлсөн байдаг. Нарийн судлаад ирэхээр ялгадаг, хадгалах, хэрэглэх мэдлэгтэй болно. Олон жил өнжсөн будаа идвэл хорт хавдар тусах эрсдэлтэй. Сүүлийн үед хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн нь хүнснээс шалтгаалж байгаа юм. Хоёр дахь тодорхойлолт бол глютингүй. Энэ төрлийн хүнсийг хэрэглэснээр өвчин эмгэгээс салж эрүүлждэг. Гуравдугаарт шинэ ургацын будаа энергийн эх үүсвэрийг их хэмжээгээр агуулна. Дөрөвдүгээрт, агшаахад нэг нэгээрээ салж, идэхэд амттай байдаг.
-Генийн өөрчлөлтгүй, глютин агуулаагүй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх үү?
-Хэрэглэгчдээс ийм хүсэлт, санал их ирдэг. Буурцаг, глютингүй гурил, хөц будаагаар нэр төрлөө нэмэхийг хүсдэг. Бодол, хүсэл их байвч Монголын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, ард түмний эрүүл мэндийн мэдлэг, худалдан авах чадвар гээд олон хүчин зүйлийг тооцоолж байж дараагийн алхмаа хийнэ. Нэр төрөл нэмэхээсээ илүү глютингүй хүнс үйлдвэрлэгч болохыг хүсдэг. Би амттанд их дуртай. Глютингүй амттан үйлдвэрлэх хүсэл бий.
-Эко хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчид танай шар будааг өглөөний цайндаа ашиглах болжээ. Инстаграм, фэйсбүүкийн бичлэгээс тодорхой харагддаг. Ямар ид шидтэй, давуу чанартай болоод “Хоног” шар будааг сонгодог юм бол?
-Шар будаа бол эрүүл мэндийн асар их өгөгдөлтэй хүнс. Яс хугарвал шар будаа ид. Маш хурдан бороолно. Ханиад хүрвэл шар будаа ид. Хоолны хордлого болбол шар будаа ид. Хордлого тайлна. Өглөө бүр сүүгүй чихэргүй давсгүй шар будаа идвэл элгэнд тааламжтай, элэгний халуун бууруулдаг. Элэгний халуун буурснаар зүрх, бөөрний үйл ажиллагааг дэмжинэ. Хаван, холестерин бууруулна, даралт хэвийн байлгана. Чухал өгөгдөлтэй хүнс. Чихрийн шижин, тархины судасны нарийсал, хавдар гээд олон төрлийн өвчнөөс ангижруулах хүнс бол шар будаа.
-Ер нь танай брэндийн салбартаа танигдсан, ялгарах онцлог юу вэ?
-Сайн бүтээгдэхүүн өөрийгөө зардаг гэдэг үнэн шүү. “Хоног” брэнд ямар нэгэн сурталчилгаагүй зах зээлд танигдсан. Манай будаа давуу тал, ялгарах онцлог ихтэй. “Хоног” гурвалжин будаа ногоон өнгөтэй. Энэ нь 100 хувь түүхий натуралаараа байгаа будаа юм. Бор гурвалжин будаатай харьцуулбал уургийн агууламж нь 50 хувиар илүү. Дархлаа сайжруулна. “Хоног” шар будааг Өвөрмонголын Зүүн Баарин хошуунд тариалдаг. Наранд 120 хоног ургуулдаг. Ямар ч химийн бордоогүй тариалдгаараа онцлог. “Булганы айраг сайхан”, “Архангайн цагаан идээ сайхан” гэдэг шиг газарзүйн бүсээс хамаарч нутаг нутгийн идээ, ундааны гарц ондоо. Манай будаанууд олон улсын газарзүйн бүс нутгийн чанарын гэрчилгээтэй. Мөн олон улсын органик бүээгдэхүүн гэсэн чанарын гэрчилгээтэй. “Хоног” шар, гурвалжин, цагаан будаа цавуулаггүй гэсэн шинжилгээний бичигтэй гээд дурдвал олон давуу тал бий. Би бүтээгдэхүүний чанарт анхаардаг. Будаа зарж ашиг олохыг хичээдэггүй, яаж хэрэглэх аргыг заахыг зорьдог.
-Цагаан сарын баярт зориулсан бэлгийн багц, хямдрал зарласан уу?
-Цагаан сар, шинэ жилийн баяраар монголчууддаа зориулж хямдрал зарладаг уламжлалтай. “Амар байна уу”, “Соёлтой золгоё”гэсэн цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ хямдрал, урамшуулалтай худалдаалж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна