Стратеги академи, түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар нарын хамтран бэлтгэсэн “XX зууны Монголын ард түмний удирдагч Дамдины Сүхбаатар” номыг уншигчдын гарт хүргэхэд бэлэн болжээ. Энэхүү ном урьд өмнө нь нийтлэгдсэн бүтээлүүдээс ялгарах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Д.Сүхбаатарыг яагаад Монголын ард түмний удирдагч хэмээн үзэж байгаа үндэслэлүүдийг гаргахыг оролдсон байна. Түүнчлэн эл номыг Стратеги академитай гэрээ байгуулсны үндсэн дээр Үндэсний төв Архивын сан хөмрөг, гол номын сангуудын эх сурвалжуудыг харьцуулж, түүхэн үнэний зарчмыг удиртгал болгож, Д.Сүхбаатар судлалаар хэвлэгдсэн бүх ном, өгүүлэл, нийтлэлийг үзэж, эш татсан байна. Д.Сүхбаатарыг өөр овогтой, буриад, өвөрлөгч, бас үл бүтэх явдалд оролцож байсан тухай өгүүлэл, нийтлэл бичсэн хүмүүсийн бүх материалыг хамруулсны зэрэгцээ архивын хөдөлшгүй баримт, гол эх сурвалж, намтар дуртгал судлалын хэрэглэгдэхүүнийг аман түүхийн баримт болгож, тэдгээрт шүүмжлэлтэй хандаж, хүндэт удирдагчийн нэр төрийг хамгаалахыг эрхэм зорилго болгожээ.
Түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар бүтээлийнхээ тухай “Энэ ном бол Д.Сүхбаатар судлалаар гаргаж байгаа гурав дахь бүтээл маань юм. Номыг хийхэд, албан ёсны гэрээ байгуулж ажилласан Стратеги академийн захирлаар ажиллаж байсан Б.Болорсайхан, одоогийн захирал Д.Бумдарь, редактор, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Дүнчигмаа, магистр Ч.Мягмардулам нартаа зохиогчийн хувьд гүн талархал илэрхийлж, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Мөн энэхүү бүтээлийг ажил хэрэгчээр уншиж, үнэтэй санал, зөвлөгөө өгсөн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Н.Хишигтдээ чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлж, таны болон бусад эрдэмтдийн бүтээлээс дараагийн номдоо дэлгэрэнгүй оруулж, Д.Сүхбаатарын намтрыг бүрэн хэмжээгээр боловсруулах ажил хийх бодолтой байна” гэжээ.
Монгол Улсын баатар, Монголын Ардын Нам, төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ой тохиож байгаа энэ цаг үед түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатарын энэхүү бүтээл судлаачдын ширээний ном, уншигчдын хувьд үнэн бодит мэдээлэл авах чухал судлагдахуун болох биз ээ.
Монголын үндэсний ардчилсан хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарыг гадаадын хүмүүс сайн таньдаг, их дотно ханддаг байжээ. Энэ тухай тэдний дуртгалаас тоймлон хүргэж байна.
ОК(б)Н-ын Төв Хорооны Алс дорнодын товчооны нарийн бичгийн дарга Б.З.Шумяцкий:
-Монголын ардын хувьсгалт Цэргийн яамны сайд, армийн жанжин Сүхбаатар бол ядуу ард, монгол оронд үүсэн төрж буй шинэ харилцаануудын төрсөн хүү мөн болно. 20 настай, залуу хүн боловч гойд эрэлхэг эр билээ. Түүний тухай ард олны дунд баатрын ёсоор нэгэнт домоглон хэлэлцэх болжээ. Сүхбаатар бол Ардын хувьсгалт намын идэвхтэй зүтгэлтний нэг, Монголын шилдэг уран илтгэгч мөн. Сүхбаатар цэргийн эрдэмд дуртай бөгөөд түүнд бусдыг сургаж өөрөө сурсаар байна. Сүхбаатар, Зөвлөлт Орос улсын талыг баттай баримталж байна. Сүхбаатар, оросоор бага сага ярина гэсэн товч танилцуулга тодорхойлолт гаргаж байжээ. Энэ нь Д.Сүхбаатарын тухай дуртгалууд болон ОХУ–ын Нийгэм, улс төрийн түүхийн архив (РГАСПИ, ОХУ-ын Нийгэм улстөрийн түүхийн архив. ф. 495, on. 152, д.9, л. 42-65)-т хадгалагдаж байдаг баримт ажээ.
“Сибирь ба Алс дорнод дахь Гадаад хэрэг эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Ф.И.Гапон:
“...төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь амьдралаас урган гарсан зөв алхмын нэг, Зөвлөлт-Монголын ард түмний хувьд зайлшгүй хэрэгтэй, цагаа олсон зүйл болох”-ыг онцолж, хоёр ард түмний хурцадсан асуудлаар хэлэлцэн тохиролцож чадна” гэжээ.
В.И.Юдин: ...төлөөлөгчдийг ЗОУ-д явахаас өмнө Монголын улс төрийн гурван бүлгийн хооронд хэлэлцээр болж, хоорондоо тохиролцсон гэжээ. Энэ гурван бүлэг гэдэг нь үндэсний үзэлт ноёд, түшмэдийн ба Ардын намыг нэрлэсэн ажээ.
И.С.Маслаков: Зургадугаар сарын сүүлчээр сүүлийн хурал болж, түүнд монголчуудаас гадна Юмтаров, Балсанов нарын буриад, бас Богд хааны төлөөлөгч байсан, монголчууд Зөвлөлт засаг хэчнээн хэмжээний буу зэвсэг зэргийг өгч чадах зэргийг асуусан. Оросууд бид энэ талаар хариулж чадаагүй, тийм эрх ч бидэнд байгаагүй тул Зөвлөлт засгийн газрын тунхаглалыг үзүүлсэн. Түүнийг Монголоор орчуулсны дараагаар монгол нөхөд Троицкосавск явахыг шууд зөвшөөрсөн. 1920 оны наймдугаар сарын 21-ний өдөр Сибирийн төлөөлөгчийн газар ба Монголын төлөөлөгчдийн хооронд шийдвэрлэх хэлэлцээр болж, жинхэнэ ардын ашиг тусыг урьтал болгон явуулах тухай ЗОУ-ын шаардлагад нийцүүлэн МАН-ын нэрийн өмнөөс”. 10000 цэргийг хангах зэвсэг, 200-300 пулемёт, 20-30 хээрийн их буу, автомашин, 7-8 сая долларын зээл хүсжээ. Төлөөлөгчдийн Л.М.Карахантай хийсэн хэлэлцээрээр Зөвлөлт Орос улс МАН-д дараах зүйлийн зэвсэг, мөнгийг олгохоор амласан байна. Үүнд: Гурван мянга ба 24 мянган байлдагчийн гар бөмбөг 10000, нисэх онгоц хоёр, хуягт машин үйлчилгээ, бүрэн хэрэглэлийн хамт, их буу дөрөв, тус бүр 1000 сумны хамт, пулемёт том 10, жижиг 30, гар буу 150, ачааны ба суудлын машин тус бүр хоёр, бүх хэрэгслийн хамт, хээрийн телефон утас хоёр дивизийнх, 300000 лан цагаан мөнгө зэрэг болно.” гэжээ. (26:8-36) Баримтаас харахад, тусламжийн зэвсэг хэрэгслийг цувуулан өгөхөөр шийдэж, эхний ээлжид 3000 хүний бүрэн хэрэглэл зэвсэг, нисдэг онгоц хоёр, хуягт цахилгаан тэрэг нэг, ачааны тэрэг нэг, мөнгө гучин түмэн лан, винтовын сум гучин түм, бөмбөг мянгыг үнэгүй өгөхөөр болж, Бодоо, Догсом нарт замын зардал болгон нэлээд тооны орос цөлхөөв цаас өгсөн, тэд дөрвөн хайрцаг буюу 48 ширхэг гар бөмбөгийг Хиагтад авчирсан байна. Энэ тусламж нь зөвхөн монголчуудад зориулагдсан юм биш, цагаантны эсрэг тэмцэх, улмаар хятадын хувьсгалыг дэмжихэд ашиглахаар давхар тооцоологдсон байв. Тийм ч учраас ОК(б)Н-ын Сибирийн товчооны гишүүн бөгөөд Дорно дахинд явуулах ажлыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Н.К.Гончаров, Дорно дахины секцийн эрхлэгч Н.Г.Буртман, ГХАК-ын Монгол дахь төлөөлөгч О.Макстенек нарын болгоомжилж байсан зүйл нь “...Монголд орос цэрэг оруулах нь олон улсын шинжтэй үйл явдал болох тул” нэлээд татгалзаж, бас эргэлзэж байсан тал илэрч байжээ. Гэвч Зөвлөлт Орос улсын стратегийн чиг бодлогоор, дорно дахинд зайлшгүй анхаарал хандуулах, монгол нөхдийн тусламж хүссэн тохиолдлыг бүрэн ашиглахаас өөр арга замгүй байсан бололтой. Бас Орост амьдарч байсан буриад нөхдийг ч Монголын асуудалд боломжийн ашиглахаар шийджээ. Үүний тодорхой жишээ нь Элбэгдорж Ринчиног Монголд явуулж, Монголын төр, засгийн их эрх мэдэлтэй болгосон явдал юм.
Монголын ахмад түүхч Н.Магсаржав:
-(Магсар хурц) “Монгол улс хэмжээт цаазат засгийн хэргийг боловсон улсуудын хууль ёсонд зүглүүлэн явуулсан нь” бүтээлдээ “...Андуугийн түвд нар барон Унгерны үед түвд цэргийн тэргүүлэгч Саж лам хэмээн түрэмгийлж явсан Жамьянданзан гэгч лүгээ сүлбээлдэн нууц цэрэг элсээж ардын нам засгийг устгах санаатай байна хэмээх зэргийн цуу үг гарсан хирд зохих газраас цэрэг гаргаж түвд нарыг жанчин байцаалахад ...ялангуяа Саж ламын зэрэг андуу нар үнэхээрийн цэрэг элсээх байдалтай үлэмжхэн буу зэвсэг бэлтгэсэн цэргийн туг далбаа хүртэл гарсан нь маш сэжиглэлтэй болох учир зохигчдыг бариулан түр цагийн байлдааны (ёсоор) нягтлан байцаалгаж ...ял оноож айлтгасанд Богд хаанаас ...өршөөн шийтгэвээс зохино хэмээсэн ...Саж лам Жамьянданзан дахин хувьсгалын хэрэгт оролцсон учир цаазаар аваачсан явдлыг хойно гаргана ...түвд Саж лам Жамьянданзангийн зэрэг хүмүүс гяндныг самууруулж хувьсгал дэгдээхээр зөвлөлдсөн хэрэг гэрчлэгдэн гарч илэрсэн учир хамтатган шийтгэх цаазын комисс гаргаж, ...Бодоо, Чагдаржав, Тогтох, Дэндэв, Лувсанцэвээн, Пунцагдорж, Санжаадамба, Алтангэрэл, Чагдар, Гомбо, Анихан, Сүхдэй, Дамба, Цэен, түвд Жамьянданзан нарын 15 хүнийг үгслээр урвасан ба нууц дарсан цаазын бичгийн ёсоор алах ял оноосныг нь ёсоор болгон баталж, 24 цагийн дотор цаазаар аваачсан хойно Богд хаантнаа сонсгон айлтгажээ” (30:278-279.283) гэжээ. Одоо зарим судлаач Саж ламын хуйвалдааныг үндэслэл муутай, улс төрийн хилс хэргээр ямар ч гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гэж бичиж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Харин Сажийн ламын тухай Э.Ринчино зориуд дуртгалдаа бичсэн нь Сүхбаатарыг ая тал хардаггүй гэдгийг батлахаас гадна харийн хүмүүс ардын нам, засгийн газрыг янз бүрийн аргаар тандаж, хэтийн төлөв ямар болохыг шинжиж байсны нэг илрэл болов уу. Э.Ринчино бичихдээ: “1921 оны намар Засгийн газрын эсрэг зэвсэгт бослого үймээнийг зохион байгуулсан Саж лам нь түвд хүн бөгөөд Богд хаан түүнийг сайн таньдаг, 1920 онд Богдыг хятадууд гэрийн хорионд байлгаж бүхийд түүнийг чөлөөлөхөд оролцсон, тэгээд ч Богд хаан Сүхбаатарт алт, сувд эрдэнийн үнэтэй бэлэг илгээж, Засгийн газар гуйвж, хааны үгийг зөрчиж зүрхлэхгүй байсан учраас Москвад байсан Сүхбаатар “Хэн ч байлаа гэсэн эх орноосоо урвагчдад өршөөл байхгүй, тэд хамгийн хатуу шийтгэл хүлээх ёстой” гэж эсэргүүцэл илэрхийлж, шүүхээс оноосон ялын дээд хэмжээг ёсчлон гүйцэтгэхийг шаардаж байжээ” Энэ нь Ринчиногийн бичсэнээр, Сүхбаатар өөрөө Богд хааныг бялдуучилдаггүй, эрс шийдвэртэй гэснийг батлахын сацуу Сүхбаатар бол эдийн шуналгүй, авлига хээл хахуульд автагддаггүй нэгэн байсан гэдгийг нотолж өгсөн ажээ. Ер нь тэр үед Монголд төрийн тэргүүн нь хэмжээт эрхт хаан буюу олон түмэнд “амьд бурхан” хэмээн шүтэгдсэн Богд Жибзундамба хутагт, гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу одоогийнхоор ерөнхий сайд нь Богдын шадар хүн-Жалханз хутагт Дамдинбазар байсан бол эрх баригч нам нь Коминтерныг талархагч МАН байсан онцлог тогтолцоо байсан билээ.
Тэгвэл Оросын нэрт эрдэмтэн С.К.Рощин бичихдээ: -“Одоо буриадын улс төрийн нэрт зүтгэлтэн Э.Д. Ринчино Сүхбаатарын талаар юу гэж хэлснийг авч үзье. Тэрбээр МАН -ын удирдлагатай харилцан тохиролцсоны дагуу Коминтерний АДНБДНГ-аас 1921 оны дөрөвдүгээр сард Монголд томилогдон ирж, 1925 оныг хүртэл ажиллахдаа Засгийн газрын зөвлөх, БЦЗ-ийн дарга, МАН -ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Засгийн газрын тэргүүлэгч гишүүний хувиар улс нийгмийн амьдралд чамгүй нөлөөлж байжээ” гэж Л.Б.Жабаевагийн Элбэк-Доржи Ринчино и национально-демократическое движение монгольских народов (Улан-Удэ, 2001) номоос эш татаж, “Нам, Засгийн газрын зарим зүтгэлтнүүдийн тухай тодорхойлолт” гэсэн 1922 оны хоёрдугаар хагаст хамаарах нэгэн гар бичмэлдээ Э.Ринчино: -Сүхбаатар, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, Намын Төв Хорооны бүгд хурлын гишүүн, намыг үндэслэгчийн нэг, ...Хүний хувьд Сүхбаатар бол Монголын орчин үеийн нийгмийн зүтгэлтнүүдээс хамгийн аятайхан хүн. Тэр, эргэлзээгүй ил цагаан, шулуун шударга, үнэнч, хурц зоригтой, эрэлхэг, тэнэг биш. Лам нар, ялангуяа цэргийнхний дотор нэр хүндтэй. Улс төрийн зүтгэлтний хувьд зөөлөн аядуу, гэхдээ зарчимгүй биш, нийт ардчилсан чиг шугамыг нэлээд тууштай баримталдаг.
Богдын өмнө бялдуучилж долигонодоггүй хэрнээ орчин үеийн Монголын олон зүтгэлтнүүдийн адил бас огт хөндий байдаггүй ...Сүхбаатарын гол дутагдал бол тэр бүр биеэ дааж чаддаггүй, практик ажиллагаандаа тууштай биш (Өмнө нь тэрээр тууштай хэмээн тэмдэглэсэн, Ринчино энд өөртэйгөө зөрчилджээ), ...Сүхбаатар бол Зөвлөлт Оросын талыг баттай баримтлагч итгэлтэй хүмүүсийн нэг” гэж Элбэк-Доржи Ринчино. О Монголии Улан-Удэ, 1998, 148-150 дахь талаас эш татжээ. Ринчино бодитой байхыг хичээж байжээ. Тэр Сүхбаатарыг намыг үндэслэгчийн нэг, Зөвлөлт Оросын талыг баримтлагчдын нэг гээд түүний хувийн сайхан чанаруудыг тэмдэглэж, улс төрд төвшин хэдий ч зарчимгүй биш, Богд хааны өмнө бялдуучилдаггүй хэмээн бичжээ. Үүний хамтаар Ринчино Сүхбаатарыг үнэлэхдээ болгоомжтой бөгөөд товч татуу байгаа нь харагдана. Тэрбээр тэмдэглэлдээ Сүхбаатарыг С.Данзан, Хатанбаатар нарын дараа гуравдугаарт тавьжээ” (31:209- 210) гэжээ.
Энэ бүхнээс нягтлан үзэхэд, Элбэгдорж Ринчиногийн дурсамжид, Монголын ард түмний удирдагч Сүхбаатарыг ерөнхийд нь эерэг үнэлсэн хэдий ч, цаанаа нэг л хүйтэн, хөндий хандсан тал ажиглагдаж байгаа мэт. Тухайлбал, үүсгэсэн хэрэг явдлын гайхамшигт домог түүх, үлгэр болж, үе үед уламжлагдаж дэлгэрэх биз ээ, дурсагдах нь магад гэж Ринчино хэлснээс гадна тэр үеийн нам, засгаас Саж ламыг суллах гэж байсныг Сүхбаатар л эрс эсэргүүцсэн гэсэн сонин баримт тааралдаж байна. Оросын эрдэмтэн С.К.Рощины дүгнэснээр, Ринчино, их жанжин Д.Сүхбаатарыг С.Данзан, Хатанбаатар нарын дараа гуравдугаарт тавьснаас гадна бас өөрөө өөртэйгөө их зөрчилдсөн гэдэг нь илэрхий юм. Энэ хүний товч намтар, улс төрийн үйл ажиллагааны талаар дараагийн бүлэгт өгүүлэх учраас та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
“XX зууны Монголын ард түмний удирдагч Дамдины Сүхбаатар” номын хэсгээс
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна