П.Олонбат: Малчдын төлөөлөл хууль тогтоох байгууллагад суудалгүй олон жил боллоо



Монгол Улсын сайн малчин Пужуугийн ОЛОНБАТТАЙ ярилцлаа.

-Та аль нутгийн хүн бэ?
-Увс аймгийн Зүүнговь сумын төвд байх “Зэлийн гол”-д ард Пужуугийн тав дахь хүү болон мэндэлсэн. Тухайн үеийн хүүхэд багачуудын л адил ээж, аав ах дүү нартайгаа өсөөд 1968, 1970 онд сумын найман жилийн сургуульд орж суралцсан ч хоёрдугаар ангиас сургуулиас гарч мал дээр гарсан даа. Ингээд 1978 онд цэргийн албанд татагдан Говь-Алтай аймагт гурван жилийн хугацаат цэргийн албаа хааж 1981 онд цэргээс халагдаж ирээд “Говийн хөгжил” нэгдэлдээ малчин болсноор ажил, амьдралын минь гараа тавигджээ.

-Монгол Улсын сайн малчин цолыг хэдэн онд хүртэв. Өөр ч  шагнал хүртсэн байх?

-Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн мал маллаж байхдаа БНМАУ-ын залуу аварга малчин гэдэг цолыг 1988 онд хүртэж байлаа. Түүнээс хойш улс оронд нийгмийн шилжилт болж мал хувьд шилжсэн дээ. Ингээд хувийн малаа олон жил дараалан өсгөсөн учир Монгол Улсын сайн малчин гэдэг эрхэм хүндтэй цолыг 2004 онд хүртсэн.

-Мал маллахаас гадна багийн дарга, ойн нөхөрлөлийн гишүүн гэх зэрэг алба хашиж байж?

-Мал маллахын хажуугаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Оргих” нэгдүгээр багийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд баг маань Сэлэнгэ аймгийн тэргүүний багаар шалгарч байв. Тэр ойн нөхөрлөлийн хувьд Цагааннуур сумын ЗДТГ-тай 10 жилийн хугацаатай менежмент төлөвлөгөөтэй ажиллаж, хууль бус мод бэлтгэлтэй хийсэн тэмцэл маань үр дүнд хүрсэн. “Харгистайн баян бүрд” ойн нөхөрлөл маань 15 өрхийн 32 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байлаа. Нөхөрлөлийн гишүүдтэйгээ ногоо тарьж, эзэмшлийнхээ ойд цэвэрлэгээ, арчилгааны огтлолт хийж санхүүгээ бүрдүүлдэг байв. Манай нөхөрлөлийн үйл ажиллагаа улсын хэмжээнд загвар болж, загвар 12 нөхөрлөлийн нэгээр нэрлэгдэж БОАЖЯ хүндэт гэрчилгээ олгож байлаа.

-Сүүлийн үед мал маллах хэцүү боллоо. Цаг уурын өөрч­лөлтөөс үүдэлтэй бэлчээр хомстлоо гэдэг яриа их гарах болжээ?

-Би Монгол орны гурван айм­гийн нутагт мал маллаж үзлээ. Манай Увс аймгийн Зүүнговь сум малын бэлчээр багатай. Их хүйтэн учир өнөөдрийн ашигласан бэлчээрийг маргааш ашиглах боломжгүй байдаг. Тэгэхээр малаа бэлчээхдээ бэлчээрийн маш нарийн хуваарь, зохицуулалт хийх шаардлагатай болдог. Ха­рин төвийн аймгуу­дын нутгаар бэл­чээрийг хуваа­рилах талаар ямар ч ойлголт байгаагүй. Саяхнаас л бэлчээрийн хязгааргүй хэрэглээ жаахан хумигдаад байна уу даа. Жилээс жилд байгаль цаг уур, малын тоо толгой өссөнтэй холбоотойгоор бэлчээрийн менежментийн талаар ярихгүй бол болохгүй байна. Түүнээс гадна нэгдэл нийгмийн үед малчид баян айлын эрх хүүхэд шиг байлаа. Мал маллах амархан юм шиг байж. Яагаад гэхээр маллаж байгаа малынх нь хоол тэжээл, эрүүл мэнд, бэлчээр ургамлыг нь өөр хэн нэгэн өмнөөс нь бодож тохируулж, хариуцдаг байлаа. Өөр нэг хүчин зүйл нь бэлчээр нийтийн өмч учраас хүн бүхэн хүнийрхүү сэтгэлээр ханддаг, хязгааргүй нөөцтэй мэт аашилдаг болсон. Үүнд л хамаг учир байгаа юм. Нийтийн өмчид хүн өөрийн сэтгэлээр ханддаггүй юм байна л даа.

-Та бэлчээр хувьчлах тухай яриад байна уу?

-Энэ бэлчээр хувьчлах тухай биш юм аа. Зүгээр л эзэнд нь ойртуулах тухай юм. Бэлчээр нутаг муудаж талхлагдаж байна, эзэнд нь ойртуулж хамгаалах шаардлагатай гэхээр  бэлчээрийг өмчлүүлэх гэж байна гэж буруу ойлгодог. Түүнээс наагуур олон арга байна. Жишээлбэл, өвөл, хаврын бэлчээрийн менежмент төлөвлөгөө боловсруулж суурь малчин, баг бригад сум, аймаг, улсын хэмжээнд ме­неж­­мент төлөвлөгөө хийх маягаар малчинтай бэлчээрийн менежмент төлөвлөгөөг 10-20 жилээр хийж болно. Газрын тухай хуульд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарын оруулсан “Малчдын өвөлжөө, хаваржааны бууцад нэгээс хоёр га газар эзэмшүүлэх тухай” санал оруулсныг миний хувьд 100 хувь дэмжиж байгаа юм. Үүнийг малчид болон төр засгийн зарим удирдлага дэмжихгүй байгаа нь ач холбогдлыг нь бүрэн ойлгохгүй байгаад цаад учир нь байна. Малчид өвөлжөө, хаваржаандаа нэг га газар эзэмшвэл, эзэмшлийн газартаа хашаа хороо, орон сууц барих нөхцөл нь бүрдэнэ. Ингэснээр тухайн газар үнэ цэнтэй болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах боломжтой болно. Энэ нь малчдын тогтвор суурьшилтай амьдрах нөхцөл бүрэлдэж, тухайн өвөлжөө, хаваржааныхаа орчмын бэлчээрийг нарийн хуваарьтайгаар ашиглах сэдлийг төрүүлнэ гэж ойлгоод байгаа юм.  Энэ бүгдийг зохицуулах хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байна. “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээх, бэлчээр ашиглагчийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль гаргах зайлшгүй шаардлагатай байгаа” гэж дурдаад “Энэ хуулийг батлахад олон хүчин зүйл бий. Сургалт, сурталчилгаа сайн хийх шаардлагатай тул хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг, оролцоо чухал” гэж хэлсэн.  Иймд амьд­ралаас урган гарах ийм хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд олон жил мал малласан малчны төлөөлөл УИХ-д шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа юм. Мал маллах стандарт тогтоож өгөхгүй бол малчид байгалийн эрсдэлд хэдэн малаа алдаад дуусах нь.

-Та УИХ-д нэрээ дэвшүүлэх бодолтой байна уу?

-Болохгүй юм юу байх вэ. Малчид намайг дэмждэг, хамгийн гол нь намын удирдлага мэднэ шүү дээ. Би 1984 онд МАН-д орлогч гишүү­нээр элсэж 1985 онд жинхэнэ гишүүн болсон. Тэр үед нэгдлийн мал маллаж байхдаа сар бүрийн 25-нд 60 гаруй километр газраас тогтмол хуралдаа оролцож, их эрч хүч авч байсан. Энэ эрчээрээ 40 жил намтайгаа амьдралаа холбож байна. Нийгмийн олон бүлгээс хууль тогтоох байгууллагад тө­лөөлөл оруу­лах нь тухайн сал­барын зовлон жаргал, тулгамдсан асуудалд илүү ойр, нухацтай хандах боломжтой болно гэж би харж байна. Малчдын төлөөлөл хууль тогтоох байгууллагад суудалгүй олон жил боллоо. Миний хувьд малчдын, ахмадуудын ч төлөө­лөл болох боломжтой.

-Малчдын талаар бодлогын шинж чанартай ямар ажил хийв. Цаашид хийх ажлынхаа талаар дурдвал?

-УИХ-ын дарга Г.Занданшатарын малчин өрхүүдийн хамтын хөдөлмөр, үйл ажиллагаагаа нэгтгэн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээг­дэхүүний ашиглалтыг сайжруулах тухай малчин өрхүүдийн нэгдсэн холбоо байгуулах, эрхзүйн орчныг боловсруулж батлуулах тухай санааг миний хувьд талархан дэмжиж байгаа. Хамгийн гол нь хамтран ажиллахыг хүсэж байна. Хөдөөгийн хөгжил малчны хотноос гэсэн уриатай Монголын үндэсний мал аж ахуйн хөгжлийн холбоо байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Монгол малчдын эрх ашиг, боловсрол, эрүүл мэнд мөн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөө малчин бид төрийн гар хараад суухгүйгээр эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Зорилгоо биелүүлэхийн тулд эх орны өнцөг булан бүрд байгаа малчидтайгаа холбогдож тэднийхээ санал хүсэлтийг сонссоны үндсэн дээр “Монгол малчин” өргөөний зураг төслийг гаргаж Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингүнжавын гудамж”-д бүтээн байгуулалтын ажлаа эхлээд “Хурлын танхим”, “Алдаршуулах танхим”-аа ашиглалтад оруулаад байна. Ойрын хугацаанд захиргаа, номын сан, туслан зуучлах эрүүл мэндийн тасгийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Малчин бэлтгэх сургалтын төвийн зориулалтаар Тэрэлжид дөрвөн га газар авсан. Түүнд түшиглэж хийх зорилготой.

-”Монгол малчны өргөө”-нд ямар үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид “Монгол малчин” өргөөнд зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

“Монгол малчин цогцол­бор”-ын их танхим.

-Эх орны нийт малчдын соёлын төв өргөө байх болно. Тус цогцолборт эх орны өнцөг булан бүрээс малчид, мал аж ахуйн мэргэжилтэн болон мал аж ахуйн салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг бизнесийн аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага зэрэг олон талын төлөөлөл хуран цугларч хурал, зөвлөгөөн хийх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Энэхүү цогцолборын хурлын их танхим нь 1000-аас доошгүй суудалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тохь тухаар бүрэн хангагдсан байна. Тус танхимд арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ мал аж ахуйн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатрууд, Гавьяатнууд, Улсын аварга ба сайн малчид, Манлай болон алдарт уяачид, Мал аж ахуйн аварга мэргэжилтнүүд зэрэг хөдөлмөрийн сайчуудыг алдар­шуулах хүндэтгэлийн үзүүлэн бүхий хэсэг байна. Ийм боломжийг бүрдүүлснээр Монгол орны олон арван мянган малчдын, ахмад, залуу үе, эмэгтэйчүүд, бизнесийн төлөөлөл төвлөрөн уулздаг малчдаар овоглосон өргөөтэй байх болно. Мөн малчид-бүх төрлийн ченж, брокер нар малчид-малын эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хамтарсан болон гуравласан уулзалт зохион байгуулбал тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэнэ гэж харж байна.

“Малчин бэлтгэх сургал­тын төв”.

-Энэхүү цогцолборын бас нэг чухал зорилт, хэсэг нь эх орны өнцөг булан бүрд эцэг эх, ахан дүүс, ураг төрлөө дагаж залгамжлан мал аж ахуйн салбарт эх оронч сэтгэлгээгээр гарч ажиллаж байгаа олон арван мянган залуу малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжил туршлага эзэмшүүлэх зорилготой “Малчин бэлтгэх сургалтын төв” байх болно. Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа залуучуудын дийлэнх нь бүрэн ба бүрэн бус дунд боловсрол болон тодорхой мэргэжил хараахан эзэмшиж амжаагүй, цаашид сүргийн бэлчээртэй ажиллаж байгаа үедээ мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн ч ийм боломж нөхцөл хязгаарлагдмал байдалд ажиллаж, амьдарч байгаа залуучууд билээ.

“Малчин бэлтгэх сургалтын төв”-д зуны улирал буюу цаг агаар тааламжтай үе тавдугаар сарын 15-наас наймдугаар са­рын 15-ны хооронд сургалт явуу­лахад ЕБС- ийн сурагчдын хичээл тарахад зөрүүлээд малчин бэлтгэх сургалтад малчин болох хүүхдээ явуулахад тохиромжтой хугацаа гэж үзэж байна. Одоо малчид малчин болох хүүхдээ 4-5  дугаар ангиас завсардуулж малчин болгож байна. Энэ нь ирээдүйд өрх гэрээ толгойлж аав, ээжийнхээ удмыг залгамжлан малчин болоход хангалтгүй боловсрол юм.

Нөгөө талаас нь боловсролтой малчин бэлтгэнэ гээд 12 дугаар анги төгсгөөд малчин болгоно гэвэл малчин болох хүүхэд дэндүү цөөхөн үлдэнэ. Малчид 4-5 дугаар ангиас хүүхдээ сургуулиас завсардуулж малчин болгож байгааг буруутгах арга байхгүй. Харин эдгээр хүүхдүүдээ “Малчин цогцолборын сургалтын төв”-д сургаж, тал бүрийн мэдлэг, боловсрол амьдрал ажлын зөв дадлыг сургах, сургалтад хүүхдээ хамруулахыг санал болгож байна. Малчдын эдгээр хүүхдүүд хот бүү хэл аймгийн төв орж үзэж танилцаагүй, цэрэгт явж байгаа тохиолдол олон байгаа шүү дээ. Энэ нь нийгэм, соёлын хөгжлөөс хоцорч байна. Иймд улсын хөгжил, хот сууринтай танилцаж нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж юм үзэж, нүд тайлж бусдаас сурч мэдэх зүйл асар их байгаа учир “Мал­чин бэлтгэх сургалтын төв”-д суралцуулж мал аж ахуй, ма­лын эрүүл мэнд, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын өндөр мэдлэгтэй эрдэмтэн багш нар, малын эмч, мал зүйч зэрэг мэргэжилтнүүд, мал аж ахуйн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар, аварга болон сайн малчид уяач зэрэг багш нараар тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу сургалт явуулах зорилготой. Хойч үедээ боловсрол, мэргэжил эзэмшүүлэх нь мал аж ахуйн салбарын хөгжилд ихээхэн ач холбогдолтой үр дүн авчирна гэж үзэж байна. 

“Туслан зуучлагч эрүүл мэндийн төв”.

-Энэ цогцолборт зайлшгүй байх нэг үйлчилгээ нь хөдөө орон нутгаас нийслэл хотыг зорин эрүүл мэндийн үйлчилгээ авахаар ирж байгаа малчид, малтай хот сууринд оршин суудаг иргэдэд зориулсан “Туслан зуучлагч эрүүл мэндийн төв” ажиллуулах асуудал болно. Энэхүү төвд хандсан малчдыг хүлээн авч анхан шатны үзлэг, оношилгоо хийх туршлагатай эмч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулж өвчтөнийг цааш нь нарийвчилсан үзлэг, шинжилгээ, эмчилгээ, сувилалд холбон зууч­лах ажлыг зохион байгуулна.

“Туслан зуучлагч эрүүл мэндийн төв” нь хотын төрөл бүрийн эмнэлэг, сувилал, оношилгооны газартай гэрээ хийж ажиллана Гэрээнд эмчилгээний төлбөрийг 5-10 хувь хөнгөлж, хоног хугацаа алдахгүй чанартай сайн эмчлэх үүрэг хүлээнэ. Хамгийн гол нь эрүүл мэндээ оношлуулж эмчлүүлэх малчид өөрт нь тохирсон эмчилгээ, оношилгоог зөв олж очиход хүндрэл учирдаг энэ асуудлыг зохицуулахад “Туслан зуучлагч эрүүл мэндийн төв” нь чухал үүрэг гүйцэтгэнэ

“Музей болон Таван зүсэн малын хүрэл хөшөө”

-Мөн энэ цогцолборт монгол орны мал аж ахуйн салбарын үе үеийн хөгжлийг харуулсан түүхийн музей байгуулж ажил­луулна. Уг музейд мал аж ахуйн түүхэн хөгжил, малчин түмний хэрэглэж, эдэлж ирсэн гэр орон, тоног хэрэгсэл, малыг уналга ачлагад хэрэглэх, ашиг шимийг авч боловсруулахтай холбоотой тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өргөн хүрээтэй харуулсан баялаг үзмэртэй байх юм. Музейн үзмэрийг сургалтын бааз болгон ашиглана. Үүнд, Гэр цуцаж, барьж сургах, тэмээ хомнож, ачиж сургах, ноос цохиж, эсгий хийж сургах, үхрийн шир ганд хийж, элдэж, чөдөр, ногт, хазаар, олом жирэм хийж сургах,  хонь төхөөрч мах эвдэж сургах,  эмэгтэй хүүхдүүдэд үнээ мал сааж цагаан идээ бэлтгэх, хоол хийж зочноо хүндэтгэх, даавуу эсгэж, оёж дээл хувцсаа хийж сургах, хонины дотор цэвэрлэж сургах гэх мэт амьдралын наад захын ажил хөдөлмөрийг малчин багшаар заалгана.

Музейн үзмэрт түшиглэсэн сургалтыг олон түмэнд нээлттэй явуулах. Үзмэрүүд нь эх орны олон үндэстэн ястны төдийгүй дэлхийд тархсан монгол туургатны мал аж ахуйд хэрэглэж байсан ба өнөө үед хэрэглэж байгаа зүйл, арга ажиллагааны өвөрмөц онцлогуудыг баг­тааснаараа бүс нутгийн малчид харилцан бие биеэсээ суралцах, хүүхэд залуучуудад монгол соёлын уламжлалыг таниулж мэдрүүлэхийн зэрэгцээ дотоод гадаадын аялагч, жуулчдыг татах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна. Дотор нь ийм олон талын өргөн үзмэртэй музей байхын зэрэгцээ гадна талбайд монгол үндэстний бахархал, улс орны эдийн засгийн тулгуур, ард түмний амьжиргааны үнэт баялаг болсон “Таван хошуу мал”-ын хүрэл хөшөө босгож гэр хэлбэрийн суурь дотор нь мал тус бүрийн танилцуулга байршуулна.

Номын сан.

-Тус цогцолборын бүрэлдэхүүнд байнгын ажиллагаатай номын сан байна. Энэхүү номын сангийн зонхилох ном, бүтээл нь мал аж ахуйн салбарын түүхэн хөгжил, мал маллагаа, мал сүргийг эрүүлжүүлэх шинжлэх ухааны болон ардын уламжлалт арга ажиллагаа, туршлагын талаар бичсэн эрдэмтэн, мэргэжилтнүүд, үе үеийн хөдөлмөрийн алдарт­нуудын бичиж туурвисан ном бүтээлүүд байхаас гадна, МАА-н холбогдолтой хууль, эрх зүй, эдийн засаг, зах зээлийн холбогдолтой ном, сурах бичиг, гарын авлага зэрэг бүтээлүүдийг багтаасан баялаг сантай байх юм.

Залуу малчид маань аав, ээжээсээ сурсан мал маллагааны арга ажиллагааны хүрээнд мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Мал сайн маллана гэдэг асар их өргөн ойлголт, залуу малчид олон талын мэдлэгтэй, орчин үетэйгээ нийцсэн, чанартай ахуй амьдралтай, эдийн засгийн чадамжтай малчин болоход бусдаас сурч мэдэх зүйл асар их байгаа учир МАА-н чиглэлийн номууд, эрдэмтдийн бүтээл, малчдын, туршлага нь чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хүлээн авалтын танхим.

-“Монгол малчин цогцолбор” маань байнга олон хүн цуглаж хурал зөвлөгөөн, сургалт, үйлчилгээ үзүүлэх төв учир томоохон хэмжээний хоолны газар зайлшгүй щаардлагатай.

Бидний төлөвлөж байгаагаар хоолны газар нь 800-аас доош­гүй суудалтай, цогцолборт төв­лөрч явагдах арга хэмжээ, шил­дэг тэргүүний, сайн малч­дын зөвлөгөөн, ахмад мал­чид, залуу малчид, уяачид, мал­чин эмэгтэйчүүд гэсэн тө­рөл­жүүлсэн уулзалтууд, Мон­гол Улсын баатар, Гавьяат малчдадаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, Улаанбаатар хо­тод буй 21 аймгийн нутгийн иргэдийн уулзалт зөвлөгөөн, Монголын уламжлалын дагуу хурим найр, тэмдэглэлт баяр болон алдаршуулах ёслол зэрэг олон талын захиалгат үйлчилгээ үзүүлэх газар байх болно.

ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22