Монголчууд эх орныхоо баялгаас хувь хүртэх, Тавантолгойн 1072 хувьцааг жил бүр ногдол ашиг өгдөг өгөөжтэй, амьтай хувьцаа болгох, “Баялгийн сан”-гийн хуулиа батлахыг олон жил хүлээсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас энэ хоёр том асуудал нэг дор шийдэгдэж улс төрийн намууд нэгдэн “Баялгийн сан”-гийн хуулиа боловсруулж өргөн барихаар хэлэлцээрийн ширээний ард сууж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг иргэн бүрийн данс руу шилжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын иргэн болж төрснийхөө төлөө хүн бүр байгалийнхаа баялгаас хувь хүртэж, тарааж цацдаг бус хурааж хуримтлуулдаг “Баялгийн сан”-гаа байгуулах боломж бүрдэв. Монгол Улсын Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлж, онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж, нууц гэрээнүүдийг ил болгон компанийн засаглалыг сайжруулсны үр дүнд өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг олгох боломжтой болж байна. Үүнээс гадна сүүлийн 30 гаруй жил шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжин муутай явж ирсэн улс төрийн намууд нэг хүний ашиг сонирхлын төлөө бус нийтийн эрхийг хүндэтгэн ирээдүйн хөгжлөө бодож нэгдэж нийлж, нягтарч ажиллах цаг болсныг хожимдсон ч гэсэн ойлгосон бололтой. Ийнхүү нэгдэл нягтрал, ногдол ашгийн талаар яриатай, долоо хоног өндөрлөж байна.
Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин дэлбэрч Онцгой байдлын албаны гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амиа алдсан алба хаагчдыг сүүлчийн замд нь үдэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн удирдлагууд оролцлоо. Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны байгууллагын нэгдүгээр үүрэг. Иймээс гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засах зардал, оршин суугчдыг түр хугацаанд байрлуулах түрээсийн байрны мөнгийг Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, оршин суугчдыг зочид буудал руу нүүлгэжээ. Хэргийн газарт цагдаа, тагнуул, онцгой байдлын шинжээчид ажиллаж, галын шалтгаан, гэм буруутныг тогтоох ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар байгалийн шингэрүүлсэн хий ачиж явсан автомашин тойргоор эргэхдээ зай анзаарахгүй, давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүссэн гэдэг дүгнэлт гарчээ.
Сошиал орчинд шатахууны хомстол нүүрлэж магадгүй гэсэн таагүй мэдээлэл цацагдаж салбарын сайдыг сандаргалаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “АИ-92 бензиний нөөц хангалттай байгаа. Шатахуун импортлогчид үнэтэй евро-92 бензинийг борлуулах сонирхолтой байна. Бид энэ асуудалд анхаарч ажиллана. Евро-92 бензин савандаа багтахгүй их хэмжээтэй байгаа учраас үнэ буулгаж заруулна. Дизелийн түлшний нөөц нэмэгдэж 5000 төгрөгөөр зарагдаж байсан түлш 3 300 төгрөг болж буурсан” гэж нэрлэгдэв.
Өнгөрсөн жил иргэдийн зүгээс нүүрсний хулгайчидтай тэмцэх жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хүний өөрийн нам ялгалгүй авлигатай тэмцэхээ илэрхийлж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайг зарлаж, хариуцлага тооцно хэмээн “ам гарсан”. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүрч “манай, танай нам” гэж ялгахгүйгээр шалгагдах ёстой хүмүүс шалгагдаж, гэм буруутай нь хариуцлага хүлээж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 15 хоног үргэлжилж шүүгчид шийдвэрээ гаргалаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг прокурорын саналын дагуу УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал, өөрийн найз Б.Ганхуягтай хамтарсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, түүнийгээ тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оноож, 1.8 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр болжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр таван жил есөн сар хорьж, нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жилээр хасаж, 9.9 тэрбум төгрөг хураах шийдвэрийг шүүхээс гаргалаа.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таагүй мэдээллийг "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас дуулгалаа. "Монгол Улс авлигын төсөөллийн индексээр өмнөх жилийнхээс таван байр ухарч, 180 орноос 121 дүгээрт жагсжээ. Засгийн газар авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, хууль хяналтынхан олон хүнийг хорьж, шалгаж, хариуцлага тооцож байгаа ч яагаад авлигын төсөөллийн индекс буурахгүй байна гэсэн асуулт сошиал орчинд ид өрнөж байна. Зарим хуульч “Авлигын гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж, холбогдож байгаа хүмүүс, хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа учраас авлигын төсөөллийн индекс өндөр гарч байгаа юм” гэсэн тайлбар хийж эхэллээ.
УИХ-ын сонгууль болоход 150 хүрэхгүй хоног үлдлээ. Улс төрийн намуудын нэгдэл задрал ид яригдаж, “жижиг” гэх тодотголтой, тамга тэмдгээ цүнхэлсэн намын дарга нар уулзалтаас уулзалтад уригдаж тун ч завгүй байна. Эхний ээлжид Монголын ногоон нам (МНН), Монгол үндэсний ардчилсан намын (МҮАН) их хурлуудаа хийж, УИХ-ын 2024 оны сонгуульд “Үндэсний эвсэл” болон нэгдэн орохоор болж, тэргүүнээрээ Н.Номтойбаярыг сонголоо. Тэгвэл АН-ынхан ээлж дараалан хэвлэлийн хурал хийж “Ногоон автобусны сонсгол” явуулахыг байн байн шаардаж сууна.
Хэдхэн хоногийн дараа Сар шинийн баяр болно. Хаа сайгүй цагаалга будаалга, золголтод бэлтгэж, хэвийн боов, ууц, архи дарс, ааруул, өрөм, бууз, баншны тухай яриа эцэс төгсгөлгүй хөвөрч байна. Сар шинийн баярыг далимдуулан хуурамч бараа, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хил гаалиар их хэмжээгээр оруулан ирж худалдаалж байгаа талаар мэргэжлийн хяналтынхан анхааруулсаар байгааг сануулах нь илүүц биз ээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна