УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд тантай ярилцаж байна. Сонгуульт жилийн эхэнд уулзаж байгаа учраас Баянгол дүүргийн МАН-ын хорооныхон өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөснөө хэр нугалж ажилласан талаар ярилцлагаа эхлүүлье?
-Юуны өмнө “Монголын үнэн” сонины нийт уншигчдадаа болон Баянгол дүүргийн хүндэт иргэд, намын гишүүд дэмжигчид та бүхэнд удахгүй болох монгол түмний баяр, Сар шинийн мэнд дэвшүүлж, амар амгаланг тань айлтган мэндчилье. Угтан золгож буй модон луу жилдээ өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, аж ахуй эрхлэгчдийн ашиг орлого өсөн дэлгэрэхийн ерөөлийг танай сониноор дамжуулан дэвшүүлье. Баянгол дүүргийн МАН-ын хороогоор овоглосон журмын нөхөд маань 2022 оны ээлжит VIII Бага хурлаараа надад дахин итгэл хүлээлгэж, гурав дахь удаагаа намын даргаар сонгосон. Энэ бол өмнөх ялалт, амжилтаа бататгах гэсэн намын гишүүн бүрийн чин эрмэлзэл гэж ойлгож хүлээн авч, журмын нөхөдтэйгөө хариуцлагатайгаар хамтран зүтгэж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу намын хорооны бүтцэд намын хорооны тэргүүлэгч 11, Хяналтын хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй, улс төрийн ажилтан хоёр, хорооны намын хороо 34, намын анхан шатны үүр 108, намын үйл ажиллагааг дэмжигч Ахмадын холбоо, СДМЭХ, СДМЗХ, СДМОХ зэрэг төрийн бус байгууллагын тус бүр 34 салбар, нэгжтэйгээр ажиллаж ирлээ. Хамгийн сүүлд бид нэгдүгээр сарын 26-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар зохион байгуулалтаа шинэчиллээ. Ингэснээр хорооны намын хорооны тоог 34 хэвээр үлдээсэн бол намын үүрийн тоо 108 байсныг 178 болгоод байна. Баянгол дүүргийн МАН-ын хороо шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжсэнээр 2839 боловсон хүчин, идэвхтэн, сонгуультан үүрэг гүйцэтгэж байна. Улс төрийн намын тухай болон бусад хууль тогтоомжууд мөн МАН-ын 30 дахь Их хурлаас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх нь дүүргийн МАН-ын хорооны бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэл байлаа.
-Энэ хүрээнд намын хорооноос зохион байгуулсан онцлох ажлуудын талаар та бидэнд мэдээлэл өгнө үү?
-МАН-ын 30 дахь Их хурлаас дэвшүүлсэн “Дэвшилтэт нам” болох зорилтын хүрээнд МАН-ын хорооны гишүүн, ажилтан болон намын анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгчид намын дэргэдэх төрийн бус байгууллагын дарга нар, идэвхтэн сонгуультнуудыг хөгжүүлэх, намын ажлын онол, зүй тогтол, зарчим, арга зүйд сургах, дадлагажуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх “Баянгол дүүргийн МАН-ын хорооны удирдах ажилтан, идэвхтэн, сонгуультны манлайлал” сургалтын цахим хөтөлбөр гарган хэрэгжүүллээ. Намын хорооны боловсон хүчин, сонгуультнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд анхаарч удирдах ажилтнууд, дүүргийн хороодын МАН-ын дарга, дэд дарга нартай “НАШБ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах арга зүй” сэдвээр тусгай хөтөлбөрт сургалт, Улс төрийн боловсролын институтээс зохион байгуулсан Удирдах ажилтны сургалтад намын хорооны тэргүүлэгчид, улс төрийн ажилтнууд, хороодын намын хорооны дарга 40 хүнийг хамруулсан. Мөн намын бүлэгтэй хамтран нийслэлийн Багануур дүүргийн удирдлага, намын хороотой хамтран НАШБ /намын анхан шатны байгууллага/ -ын дарга, дэд дарга нартай туршлага солилцох хоёр өдрийн төлөвлөгөөт сургалтыг тус тус явууллаа. Өнгөрсөн гурван жилд дүүргийн МАН-ын хорооны удирдах бүрэлдэхүүн, хорооны намын хорооны төлөөлөгчид оролцсон 45-60 идэвхтэн, сонгуультны баг бүрдүүлэн баруун бүсийн тав /Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий/, төвийн бүсийн зургаа /Архангай, Булган,Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ/, зүүн бүсийн гурван /Хэнтий, Дорнод, Сүхбаатар/ аймгийн намын хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, зөвлөгөөн хийж, туршлага солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллалаа. Мөн намын хорооны ажилтнууд болон хороодын намын хорооны дарга, намын дэргэдэх төрийн бус байгууллагын дарга оролцсон 40 хүнийг БНХАУ-д зохион байгуулсан 10 өдрийн сургалт, аяллын хөтөлбөрт хамруулсан. “Гишүүн төвтэй нам” болох зорилтыг хангах хүрээнд МАН-ын эгнээг шинэ гишүүнээр өргөтгөх асуудлыг амжилттай зохион байгуулж байна. Баянгол дүүргийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаас намын эгнээг өргөтгөх, шинээр гишүүн элсүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг МАН-ын 99, 100, 101 жилийн ойн хүрээнд гурван удаа зохион байгуулах шийдвэрийг гаргаж, 3304 иргэний өргөдөл, хүсэлтийг бичгээр хүлээн авч шийдвэрлэснээр 2744 иргэн шинээр элсэж, 256 иргэн намын гишүүнчлэлээ сэргээлгэж, Тусгаар тогтнолын ордонд бат илэрхийлэхээ хүндэтгэлтэйгээр гардан авч, намын эгнээг 3000 гишүүнээр өргөтгөөд байна.
-Хүн төвтэй бодлого хэрэгжүүлэн ажиллажээ гэж ойлголоо. МАН “Нээлттэй нам” болох бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд Баянгол дүүргийн МАН-ын хороо ямар байдлаар ажиллаж байна вэ?
-“Нээлттэй нам” болох бодлогын хүрээнд намын зохион байгуулалтын ажлын амин сүнс болсон бүх шатны хурлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, ялангуяа намын гишүүд дэмжигч, сонгогчдоос гарсан санал шүүмжлэл, өргөдөл гомдолд ул суурьтай хандах, авах арга хэмжээг боловсронгуй болгож, энэ ажлыг хариуцдаг бүтцийг бий болгон ажиллаж байна. Харин “Цахим МАН” бодлогын хүрээнд намын гишүүдийг “Е-МАН” цахим системд бүртгэхээс гадна түүгээр дамжуулан мэдээлэл авах, зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцуулах, санал бодлоо илэрхийлэх зэргээр уг программыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлээд байна. НАШБ-уудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын ажлын тасралтгүй явагдах зарчмыг хангах зорилгоор хороодын болон намын үүрийн болон намын дэргэдэх төрийн бус байгууллагын дарга нар, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга болон зарим үед бусад шаардлагатай бүрэлдэхүүнийг оролцуулан цаг үеийн “Шуурхай зөвлөгөөн”-ийг хийж, ажлын зөвлөмж, чиглэл, үүрэг даалгавруудыг өгч удирдлагаар ханган, өдөр тутмын эргэх холбоотой ажиллаж байна.
-Баянгол дүүрэг хүн ам ихтэй, төвийн дүүрэг учраас тулгамдсан асуудал мундахгүй. Дүүрэгт засаглаж буй намын зүгээс ямар шийдэл дэвшүүлж, үр дүн гаргаж ажиллав. Тухайлбал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хийсэн томоохон ажлуудаас дурдвал?
-Манай Баянгол дүүрэг таны хэлсэнчлэн хүн ам ихтэй, төвийн дүүрэг. Төвийн дүүрэг гэдэг утгаараа нийтийн эзэмшлийн томоохон зам уулзварууд, хөл хөдөлгөөн ихтэй. Тийм ч учраас бид өнгөрсөн 2021-2023 онд дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг түлхүү хийлээ. Тухайлбал, 2021 онд төв болон туслах гудамжуудад 22.7 км авто замыг өргөтгөн шинэчилсэн. Томоохноос нь дурдвал Баянгол дүүргийн 17, 18, 19 хорооны нутаг дэвсгэрт хүмүүсийн хэлж заншсанаар “Модны 2”-ын замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчиллээ. Ингэснээр тус зам нь нийт 12 м-ийн өргөнтэй дөрвөн эгнээтэй, хоёр талдаа 1.5 метрийн явган хүний зам, гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн шинэчлэгдсэн. Мөн 9, 10, 11, 21 дүгээр хорооны гэр хороолол дунд 3.3 км авто замыг шинээр тавилаа. Ингэснээр Баянгол дүүргээс Сонгионохайрхан дүүргийн гэр хорооллын хэсэгтэй шууд холбогддог болсон нь чухал ач холбогдолтой ажил боллоо гэж ард иргэд сайшааж байгаа. Мөн “Од” кино театрын арын 28 дугаар сургууль орчмын, Жасрайн гудамжны авто зам зэрэг олон гол замыг шинээр тавих болон өргөтгөн шинэчлэх ажлыг хийсэн байна. 2022, 2023 онд ч мөн авто замын шинэчлэлийн чиглэлээр олон ажлыг хийсэн. “Модны 2”-ын замаас үргэлжлүүлээд Гэмтлийн эмнэлгийн урд талын замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчилсэн. Мөн “Нарны гүүр”-ний баруун талаас мод боловсруулах үйлдвэр хүртэлх, Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх зам, 19 дүгээр сургууль руу явдаг болон замчдын гудамжны шороон зам зэргийг шинэчилж хатуу хучилттай авто зам шинээр тавьсан зэргээр дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон ажлыг хийж ирлээ. Ингэж зам өргөтгөх, шинээр тавих ажил үр дүнтэй болж байгаагийн нэг чухал суурь нь дүүргийн Засаг дарга, удирдлагууд газар чөлөөлөлтийн ажлыг маш зоримог бөгөөд зөв зохион байгуулж байгаатай холбоотой. Нийтийн эрх ашгийн үүднээс зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй болсон олон гараашийг чөлөөлсөн, олон ч газрыг нийтийн эзэмшилд нь буцаан авсан. Үүний үндсэн дээр замын болон нийтийн эзэмшлийн гудамж талбай тохижуулах ажлуудыг хурдан хийх боломж бүрдсэн.
-Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад хэрхэн ажиллав. Энэ тухайд та жишээ дурдаж болох уу?
-Дүүргийнхээ өнгө төрхөд ихээхэн анхаарч, иргэдийн амьдрах ая тухай орчныг бүрдүүлэх чиглэлд ач холбогдол өгч, анхааран ажиллаж ирлээ. Энэ хүрээнд авто замаас гадна явган хүний зам, гудамжны тохижилт, шинэчлэлд ихээхэн анхаарсан. 2021-2023 онд нийтдээ 90 орчим байршилд, 30 орчим мянган м.кв явган хүний зам, талбайн тохижилтыг хийсэн. Мөн 25 хорооны 55 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгууллаа. Энэ мэтчилэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэд бүтцийн чиглэлд, ялангуяа зам, гудамж талбайн тохижилтод маш сайн анхаарсан. Иргэдэд маань хүрч, мэдрэгдэж байгаа байхаа гэж найдаж байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, “Алтай хотхон”, “Нарны хороолол” дундах явган хүний гүүрэн байгууламжийн ажил байлаа. Тухайн орчимд замын хөдөлгөөний ачаалал маш их. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс тухайн хэсэгт хоёр ч гүүрэн байгууламж барихаар иргэддээ амласан юм. Үүний дагуу эхний гүүрэн байгууламжийг саяхан ашиглалтад оруулаад байна. Манай дүүргийн бас нэг онцлог бол хуучны орон сууц олонтой. Иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд бид орон сууцны барилгын дулаалга, дээврийн засварын ажлыг жил бүрийн улс болон орон нутгийн төсөвт тусгуулж ирсэн. Үүний үр дүнд 2021-2023 онд 15 хорооны 30 байранд дулаалгын ажил, 69 байранд дээвэр засварын ажил хийгээд байна. Түүнчлэн боловсролын салбарт 2021-2023 онд таван сургууль, найман цэцэрлэг шинээр болон өргөтгөн барьж ашиглалтад оруулсан байна. Одоо үргэлжлүүлээд хийж байгаа, энэ ондоо багтаад ашиглалтад орох хоёр сургууль, хоёр цэцэрлэг сургуулийн цогцолбор, дөрвөн ч шинэ цэцэрлэгийн ажил ид өрнөж байна.
-2024 онд Баянгол дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөх вэ. Төлөвлөгөө ямар байдлаар гарсан бол?
-2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад голлон зам болон тохижилт, ногоон байгууламжийн ажилд анхаарсан. Миний хувьд анх л УИХ-ын гишүүн болсноосоо эхлээд дүүргийнхээ замыг дорвитойхон шинэчлэхээр зорьж ажилласан. Улс, орон нутгийн төсөвт суулгуулах талаас нь санаачилга гаргаж ажиллах, зарим тохиолдолд өөрийн хувийн хөрөнгөөр зам тавьсан тохиолдол ч бий. 2024 онд улсын төсвийн 26.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий авто замын ажил хийхээр төсөвт тусгуулсан. Мөн 15 орчим тэрбум төгрөгийн ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр төсөвт суулгаад байна. Эхнээсээ тендерийг нь зарлаад явж байна.
-Дүүргийн намын хороог тэргүүлж ажиллах хугацаанд гишүүд, дэмжигчдэдээ чиглэсэн өөрчлөлт шинэчлэл болон шинэлэг ямар ажлуудыг зохион байгуулж ажиллав?
-Манай намын хороонд шинээр хийж буй ажлын нэг нь 2017 оноос хойш жил бүр шилдгүүдээ зургаан номинац /шилдэг хорооны намын хороо, үүрийн дарга, дэд дарга, хяналтын ажилтан, ахмад, залуу намын гишүүн г.м/-аар шалгаруулж гадаадад аялах эрхийн бичгээр шагнан урамшуулж байна. Тухайлбал, 2020 онд Турк улсын Анталяад, 2021 онд Дубай хотод, 2022 онд БНСУ-ын Чэжүд 7-10 хоног амарч, аялсан бол 2023 оны шилдгүүд маань Вьетнам улсад аялах эрхээ аваад байна. Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн намын хорооноос зохион байгуулсан “Улаанбаатар-Улан-Үд-Байгаль далай” гурван өдрийн амралт, БНХАУ-ын Хөх хот, Манжуур хотын 7-10 хоногийн амралт, аялалд нийт 18 хорооны намын хорооны 775 намын гишүүнээ хамруулсан байна. Түүнчлэн УИХ, Засгийн газрын гишүүн, МАН-ын хорооны даргын хувьд жил бүрийн Сар шинийн баяр болон олон улсын ахмадын баяраар намын гишүүд, дэмжигч, ахмад настнуудаа “Улаанбаатар палас”-т хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ажлын үр дүнгээ тайлагнаж ирсэн нь уламжлал болон тогтоод байна. Мөн залуу үеийн бүтээлч хандлага, бизнес сэтгэхүйг хөгжүүлэх, дэмжих зорилгоор “Шилдэг бизнес төсөл” уралдааныг дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд долоо дахь жилдээ зохион байгуулаад байна.
-Ярилцсанд баярлалаа.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (2)