Парламентад суудалтай намууд Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр эхэлж байсан улс төрийн намуудын зөвшилцөл энэ удаа Баялгийн сангийн тухай хуулийн төсөл дээр дахин төвлөрч, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үйл явдалтай холбогдуулан хэлсэн мэдэгдлийг товчлон хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн ашгийг иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулна


Монгол Улсын Ерөнхий сайд 

Монгол Улсын нийт иргэддээ энэ өд­рийн мэндийг дэв­шүүлж, өнөөд­рийг хүр­тэлх ав­ли­гын эсрэг шу­­дарга ёсны тэм­­цэлд тууштай хамт байсанд талархал илэр­хийлье.

Засгийн газрын хуралдаа­наар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Юуны өмнө, олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодит шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Баялагтаа эзэн” байх суурь зарчмын асуудалд санал нэгдсэн Ардчилсан нам, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, ХҮН намын дарга Т.Доржханд нарт Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Бид хамтдаа зөвшилцсөнөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулж, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр бүсчлэн явуулах өөрчлөлтийг хийж чадсан.

Харин өнөөдөр олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгалзалгүй тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн энэ үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэе.  Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо.

“Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгалаа.

Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх болно.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх болно гэдгийг дахин хатуу илэрхийлье. 

Мөн Засгийн газрын өнөөд­рийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10 дугаар тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.

Энэ нь байгалийн баялгийн засаглалыг ил тод, шударга, ашигтай ажиллахыг нийт иргэ­дээрээ хяналт тавих, засаг­лалын асуудалд шууд оролцох тогтолцооны реформ болох болно. Туулай жилийн 5Ш ажиллагаа эдийн засгийн хувьд үр дүнд хүрлээ. Луу жилд монголчууд баялагтаа шууд эзэн болно.


Л.Гантөмөр: Баялгийн сантай болж, улс төрөөс хараат байлгах зарчимд намууд

санал нэгдлээ

Ардчилсан намын дарга

 

Монгол Улсын эдийн засаг, хөг­жил, ард­чиллын нөхцөл бай­­далд УИХ-д суу­далтай на­мууд дүг­нэлт хийж, то­дор­хой асуудлууд дээр хамтын шийдэл гаргахаар нэгдлээ. Бид хамтарч, парламентын засаглалтай байх, сонгогчдын саналыг гээгдүүлэхгүй байх асуудалд тохиролцож Сонгуулийн хуульд пропорциональ системийг оруулсан. Энэ бол Монголын парламентыг олон намын төлөөлөлтэй, олон ургалч үзэлтэй байлгах боломж юм. Мөн Улс төрийн намын хуулийг шинэчлэн баталж, төрд улс төрийн намаар дамжсан авлигачид орж ирэхгүй байх боломжийг хязгаарлаж, намын санхүүжилт ил тод байх, улс төрийн намд цугларсан мөнгө юунд зарцуулагддаг болохыг нээлттэй байлгах тогтолцоонд шилсэн.

Улс төрийн намууд популизмаас татгал­заж байна. Үүнээс ангижрахын төлөө хичээн ажиллаж буй МАН, ХҮН-ын дарга нарт талархал илэрхийлье. Цаашид хөгжлийн хөтөлбөрүүдэд санал нийлэх хувилбаруудыг гарган ажиллана. "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдрийг хүртэл ашигтай ажиллаж чадаагүй. Монгол Улсын баялгаас хүртэх гэсэн улс төрчдийн уралдаан, нөлөөнөөс болж манай орон баялгийн хараалд өртсөн. Үүнээс гарахын тулд бид хамтраад ярилцах хэрэгтэй. Монгол Улс Үндэсний баялгийн сантай болж, улс төрөөс хараат байлгах зарчимд улс төрийн намууд санал нэгдсэн. Баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт иргэдийн гарт очих ёстой, Олсон мөнгөө ирээдүйдээ хуримтлуулах, хөгжлийн бодлогод зарцуулах, хувьцаагаар дамжуулан ногдол ашгаа авахад санал нэгдэж, өнөөдөр санамж бичгээ баталлаа.

Т.Доржханд: Бие биедээ дэгээ тавилгүй, иргэдийнхээ бодит орлогыг өсгөж, том төслүүдээ урагшлуулна

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн

Монгол Улс хөг­жих асар бо­ломжтой. Чан­гааж байсан зүйл нь улс тө­рийн тогтолцоо. Нэг ч төгрөг зар­цуулахгүйгээр тог­тол­цооны өөрчлөлт хийх боломжтой бай­сан. Харамсалтай нь хоёр намын тогтолцоонд орс­ны үр дүнд зөв­шилцөлд хүрч чадаагүй. Одоо­­гоор пар­­ламентад гурван нам зөв­шилцдөг, ойл­голцдог, нэгд­дэг систем рүү алхаж байна. Үүний эхлэ­лийг Үндсэн хуу­лийн нэмэлт өөрчлөлтөөр хийж чадсан. Одоо бидэнд эдийн засгийн том өөрчлөлт, цогц реформ хэрэгтэй. Энэ системийг авч явах механизм нь Баялгийн сан юм. Популизмаас ангид, бодит прагматик зорилт тавьж асуудлынхаа ард гаръя гэвэл улс төржихгүйгээр Баялгийн сангийн асуудлыг шийдэх ёстой гэж үзээд өнөөдөр хамтран ажиллах гарын үсэг зурлаа. Баялгийн сангийн эх үүсвэрийг зөвхөн хэрэглэж, ашигладаг биш хуримтлуулдаг, өсгөдөг, гаднын хөрөнгө оруулалтыг татдаг, дотоодын бизнесийг дэмждэг тогтолцоо руу оруулж болно. Дэлхийн жишгээс харахад Баялгийн сан хөрөнгө оруулалт татдаг гол суваг болж байна. Тиймээс улс төрийн намууд иргэдийн бодит орлогыг өсгөх, том төслүүдээ урагшлуулах тал дээр хамтран ажиллаж, хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр хатуу тохиролцоо хийлээ. Бие биедээ дэгээ тавьдаг цаг үеийг ардаа орхиж, хөгжлийн­хөө төлөө, иргэдийнхээ бо­­дит орлогыг өсгөх тал дээр бид эр зориг­тойгоор хамтран ажиллах цаг ирж байна. 

Д.Отгонжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22