Бүсчилсэн хөгжлийн реформоор эдийн засгийг тэлж, хурдасгана


Эдийн засгийн чуулган-2024

Эдийн засаг сүүлийн найман улирал дараалан өсөж, 2023 онд 6.8 хувиар өсөлттэй гарчээ. Энэ нь бүс нутаг төдийгүй дэлхийд өндөр өсөлтөд тооцогдож байгаа юм. Инфляцын түвшин 7.8 хувь болон буурч, 2018 оноос хойш анх удаа Монгол Улсын төсөв ашигтай гарлаа. Экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрснээр, валютын нөөцийг өсгөж, төлбөрийн тэнцлийг ашигтай гаргасан байна. Энэ бол өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт. 

Монголын эдийн засгий чуулган өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн чуулган бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар хэлэлцүүлэг өрнөж байгаа юм. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс “Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” форум зургаан хэсэгт хуваагдан, бүсчилсэн хөгжлийн хүрээнд төр, иргэний нийгэм, хувийн хэвшил цаашдаа хэрхэн хамтарч ажиллах, ямар ахиц дэвшил гаргах талаар хэлэлцэв.

 

Л.Оюун-Эрдэнэ: Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь төвлөрч, агаарын бохирдол, авто замын түгжрэл, эдийн засгийн тэлэх боломжгүй мухардалд гацаж, орлогын тэгш бус байдал бий болсны үндсэн шалтгаан нь хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ бол аймгуудын хүн ам, газар нутгийн онцлог, нөөцөд тулгуурлаж, эдийн засгаа бүсчлэн хөгжүүлж чадаагүйн уршигт үр дагавар билээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилсэн тойргоор явуулах болсноор тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой зорилгууддаа төвлөрч, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих болно.

Өнөөдөр бид хамтдаа 30 жилийн турш нийслэлийг зорьсон их нүүдэл, хөдөөгийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн асуудлаар энэхүү Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Та бүхний оролцож буй хэлэлцүүлэг, дэвшүүлж буй санал бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэ цэнтэй санаачилга юм. Учир нь форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болно. Энэ удаагийн Эдийн засгийн форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгөөс хот руу биш, харин хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцоллоо.

Дараагаар нь Эдийн засаг, хөгж­лийн сайд Ч.Хүрэлбаатар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтын төслийг танил­цууллаа. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийг нэгтгэсэн төвийн бүсэд эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарч байгаа бол Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг хамарсан говийн бүсэд аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Харин Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг багтаасан баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргах, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг хамарсан энэ бүсэд уламжлалт мал аж ахуйдаа түшиглэсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал, Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгоход ямар тулгамдсан асуудал байгаа талаар саналаа хэлж байна. 

Түүнчлэн Хэнтий, Дорнод, Сүх­баатар аймгийг хамарсан зүүн бүс түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах том хөгжлийн амбицыг харахыг Ерөнхий сайд чуулганд оролцогсдод анхааруулж байна лээ.

Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөжээ. 

Гадаад орнуудын эдийн засагтай бодлогоо уялдуулж чадвал Монгол Улсын эдийн засгийн хөгжил хурдасна гэдгийг сайд Ч.Хүрэлбаатар тодотгож байв. 

Эдийн засгийн чуулганд оролцсон парламент дахь улс төрийн намын удирдлагууд бүсчилсэн хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. 

 

Л.Гантөмөр: Бүсчилсэн хөгжлөөр боломжийг олгох хэрэгтэй

/АН-ын дарга/

 

-Өнгөрсөн жилүүдэд бид бүсчилсэн хөгжил, том тойргийн асуудлыг шийдсэн байсан. Говийн бүсэд энергийн буюу дэд бүтцийн үнийг чөлөөлөх хэрэгтэй гэдэг санал тавьдаг. Ингэснээр хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийж, цахилгаан экспортолно. Мөн усны үнийг чөлөөлбөл хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид шийднэ гэсэн боломжийг хэлж байна. Зүүн бүсийг холбосон коридорыг гаргахыг тулд дэд бүтцийн тарифыг чөлөөлөх хэрэгтэй. 

Ямар хөрөнгө оруулагч, ямар бизнес эрхлэгч, ямар хөрөнгө оруулах гэж байгааг бид хараад боломжийг нь олгох юм. Жишээлбэл, Төвийн бүсийг газар тариалангийн бүс гэж харвал боломжийг нь олгож өгөх нь зүйтэй. 

 

Т.Доржханд: Бүсчилсэн хөгжил эдийн засгийн тулгуур шинэчлэл болно

/УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга/

 

-ХҮН “Сумдыг зах зээлжүүлье, сумдаа өрөөс чөлөөлье” гэх зэрэг бодит ажил хийлээ. 200 гаруй сумаар явсан. Нэг сумын хүн амын тоо 500-2000 хүртэл байна. Жижиг, дунд бизнес байна. Худалдан авалтыг цалин орох үед л хийдэг, бусад үед өр, зээл тавина. Гэтэл бид энэ дэд бүтцийг төрөөс санхүүжүүлээд яваад байсан. Үүний үр дүнд өнгөрсөн 30 жил Монгол Улсын өр нэмэгдсэн, зээлжих зэрэглэл дээшлээгүй. Энэ бүхэн нь өөрөө төсвөөс хамааралтай, өр үйлдвэрлэдгийн зовлон монгол­чуудын нуруун дээр ирлээ. 

Бүсчилсэн хөгжлийг бий болгос­ноор суманд баригдаж байгаа автозамууд, угтах хаалга, соёлын төв хэрэггүй болно. Зах зээлээ дагаад бизнес бий болно. Олон жил ярьсан цахилгаан станц барих боломж ирнэ. Үүнийг төр биш хувийн сектор санхүүжүүлнэ. Ингэснээр төсвийн мөнгө монгол хүний боловсрол, эрүүл мэнд бий болно гэлээ. 

Энэ өдөр эдийн засгийн чуулган зургаан бүсийн салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Төвийн бүсийн салбар хуралдаанд оролцсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Өнөөдөр насны биш сэтгэлгээний үе солигдож эхэлж байна. Өнөөдөр шийдвэр гаргах түвшинд орж ажиллаж байгаа парламентад сэтгэлгээний үе солигдсон байна. Учир нь энэ УИХ, Засгийн газар бодлогын олон том шийдвэрийг гаргаж чадлаа. Өнөөдөр орон нутгийнхан манай аймаг, сум гэхээсээ манай бүс гэж ярьдаг болсон байна. Бид олон жил ярьсан асуудлаа алхам алхмаар хуулиараа шийдэж ирлээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан том суурь, бусад бүсүүдтэйгээ уялдуулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаашдаа бүсийн хэмжээний хурал хийх шаардлагатай болно. Удирдлагын оновчтой шийдвэр гаргадаг тогтолцоог зайлшгүй нэвтрүүлнэ” гэдгийг дурдаж байлаа. Эдийн засгийн чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22