Бяцхан гараар боссон “бичил” гэр


Бөөн баяр, бөөн аз жаргал дундаас бид энэ удаагийнхаа дугаарын сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. Тэд эхлээд ханаа тойруулж, хаалгаа бэхэлж, тооноо тулж, униа өлгөв. Үргэлжлүүлэн дотуур цаваг, дээвэр, туурга, гадуур цагаан бүрээсээ тавьж, бүслүүрийг нь чангахан шиг татлаа. Хамгийн сүүлд нь өрхөө татаж, тавилга, эд хогшлоо оруулав. Ширдгээ дэвсэж, тулга, тогоо шанага, авдар, бурхны гүнгэрваа, ор, ширээ, сандал, эмээл зэргийг жам ёсоор нь байх ёстой газарт нь байрлууллаа. Ингэж л тэд Монголын Үндэсний музейн ажилтан, цэцэрлэгийнхээ багш нарын тусламжтайгаар бяцхан гараараа хамтдаа өргөө цагаан “бичил” гэр босгосон юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт байрлах нийслэлийн 328 дугаар цэцэрлэгийнхэн Монголын Үндэсний музейгээс хэрэгжүүлдэг "Монгол гэр” боловсролын хөтөлбөрт ахлах бүлгийн хоёр, бэлтгэл бүлгийн нэг ангийн нийт 60 гаруй хүүхдийг хамруулсан нь энэ юм.  Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхэд багачуудад Монгол гэрийн онцлог, давуу тал, барих уламжлалт арга, дэг ёс, тавилга, эд хогшлыг нэрлүүлж, таниулж мэдүүлэхэд оршиж буй юм. 


Нүдээр харахаас гараар барих нь өгөөжтэй

328 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд Монгол үндэсний хувцсаараа гангарч, ийнхүү соёл уламжлалтайгаа танилцан гэрийн болон тавилга, эд хогшлын талаарх ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжилтэй дасгал хөдөлгөөн хийж, нэгэн өдрийг аз жаргал, дурсамж дүүрэн өнгөрүүлэв. Энэхүү үйл явдал тухайн цэцэрлэгийн байранд өрнөсөн нь олон давуу тал олгож буйг цэцэрлэгийн удирдлага болон багш нар онцолж байлаа.  Тухайлбал, хүйтний эрч буураагүй, ханиад томууны дэгдэлт намжаагүй энэ үед хүүхэд багачуудыг авч явахгүйгээр сурч, хүмүүжиж буй орчинд нь сонирхолтой арга хэлбэрээр мэдлэг, боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулсанд талархаж буйгаа тус цэцэрлэгийн эрхлэгч С.Отгонсүрэн хэллээ. Тэрбээр “Манай цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байна. Оны өмнө нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээж авсан. Бид сонирхолтой бөгөөд хөнгөн хэлбэрээр багачуудад мэдлэг, мэдээлэл олгохыг эрмэлздэг. Тиймээс Монголын Үндэсний музейд хандаж, энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Бидний хүсэл эрмэлзэл, тухайн музейгээс зохион байгуулдаг хөтөлбөртэй сайхан нийцлээ. Хүүхдүүд их сонирхож, нэлээд идэвхтэй оролцлоо. Монгол гэр юу юунаас бүрддэг, гэрийг хэрхэн, ямар дарааллаар барьдаг вэ, ямар тавилга, эд хогшлыг хаана хаана байрлуулах ёстой вэ гэх мэт асуултын хариултыг мэдэж авлаа. Энэ талаар хэн нэгнээр яриулах аль эсвэл зурагтаар ийм төрлийн нэвтрүүлэг үзэхээс илүүтэй гараараа барьж, мэдэрч, гэрээ барьсан учраас “Энэ юу билээ” гэж асуух төдийд л шууд хариулж байх жишээтэй. Үнэхээр бодит үр дүн дүнтэй хөтөлбөр байлаа. Энэ мэтчлэн Монголын Үндэсний музейгээс өгөөжтэй олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм билээ. Бид дараагийн удаад цаасан урлалынх нь хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн” хэмээгээд хүүхэд багачуудын мэдлэг ойлголт, танин мэдэхүйг нэмэгдүүлсэн, үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлсэн юм. 
Нийслэлийн 328 дугаар цэцэрлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд үүд хаалга нээж, хүүхэд багачуудаа хүлээн авчээ. Тус цэцэрлэг 150 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогоор 70 хүүхэд хүлээн авч, зургаан бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  


Халх, Буриад, Казах үндэстний хувцастай танилцсан нь

Монголын Үндэсний музей­гээс хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөр буюу “Ухаант Цэцэнхүүгийн аялал”-д хамрагдсан дараагийн цэцэрлэг бол 161-ийнхэн байв. Тус цэцэрлэг Зан заншлын өргөө буюу Монгол гэртэй тул энэ удаад халх, буриад, казах үндэстний хувцас хэрэглэлийн иж бүрдэлтэй танилцах хөтөлбөрийг сонгож, 170 гаруй хүүхэд, багш, ажилтнаа хамруулав. Энэ тухайд цэцэрлэгийн эрхлэгч Г.Олонцэцэг “Бид хүүхэд багачуудаа музейн боловсролын хөтөлбөрт хамрууллаа. Бэлтгэл болон ахлах бүлгийн хүүхдүүд халх, буриад, казах үндэстний хувцас хэрэглэлийг ялгаж, цаасан дээр стикерээр наасан. Өөрөөр хэлбэл, дүрслэх урлагийн хичээлийн хэлбэрээр энэ талын мэдлэгийг олгосон гэсэн үг. Хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд маань үндэстэн ястан бүрийн соёл уламжлал, хувцас хэрэглэлийн онцлог, ялгаатай болохыг мэдэж авсан. Хүүхдүүдийн хүлээж авах, ойлгох чадвар насны бүлгээсээ хамаарч харилцан адилгүй байдаг. Тиймээс энэ удаагийн хөтөлбөрийн дасгал ажлыг бэлтгэл бүлгийнхэн түлхүү сонирхож, сайн гүйцэтгэсэн. Тэд багш болон музейн ажилтнуудтай нэлээд идэвхтэй, харилцан ярилцаж байгаа харагдсан. Харин бага, дунд бүлгийнхэн маань эхний ээлжид танилцах байдлаар хүлээж авсан. Цаашид энэ хөтөлбөрийг илүү боловсронгуй болгож, үндэстнүүдийн хувцсыг жижгээр урлаж, түүнийгээ хүүхэлдэй ч юм уу биет зүйлд өмсүүлэх байдлаар зохион байгуулбал илүү сонирхолтой, үр дүнтэй байх болов уу гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.  
Нийслэлийн 161 дүгээр  цэцэрлэгт бүртгэлтэй байдаг 370 гаруй хүүхдээс одоогоор 240 гаруй нь идэвхтэй явж байгаа аж. Тус цэцэрлэг Зан заншлын өргөө буюу Монгол гэрээ хүйтний улиралд дотор, бусад үед гадаа талбайдаа барьж, хүүхэд багачуудыг монгол гэр, монгол зан заншил, өв соёлтойгоо танилцах, суралцах боломж олгодог байна.  



И.Мөнхчимэг: Харааны бэрхшээлтэй хүүхэд музей үзэх боломжтой болсон

Монголын Үндэсний музейнхэн он гарснаас хойш боловсрол хөтөлбөрөө 20 гаруй цэцэрлэгт хэрэгжүүлжээ.  Мөн “Соёлын сэргэлт” аян, “Нүүдэлчин Монгол",  даншиг зэрэг томоохон хэмжээний соёлын наадмын үеэр боловсролын хөтөлбөрөө олон нийтэд танилцуулдаг бөгөөд өнгөрсөн жил тус хөтөлбөрт 29 мянга гаруй хүнийг хамруулсан байна. Энэхүү хөтөлбөрийн талаар тус музейн боловсролын ажилтан И.Мөнхчимэгтэй цөөн хором ярилцлаа. 

-Танайх боловсролын хэдэн хөтөлбөрийг ямар байдлаар хэрэгжүүлж байна вэ? 
-Боловсрол хөтөл­бөрийг цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн түвшинд хэрэгжүүлдэг. Мөн хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдүүдийг ч хамруулдаг. Манайх музейн үзэсгэлэнгийн танхимуудын товч танилцуулга, онцлох үзмэрийн зураг, тайл­барыг багтаасан брайль үсгийн тайлбарт номыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүүхдүүд музей үзэх боломжтой болсон. Энэ мэт арга хэлбэр ашиглан нийгмийн бүх бүлэг, насныхныг боловсролын хөтөлбөртөө хамруулахыг хичээдэг. Манайх одоогоор “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал”, халх, буриад, казах угсаатны хувцас танилцуулах, шагайн наадгай, оньсон тоглоом, Монгол гэр, Монголын уламжлалт түүх, Монголын бичиг соёл гэсэн боловсролын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг. Ингэхдээ тухайн цаг үетэй нь уялдуулж зохион байгуулдаг юм. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхэлж, хэлний өдөр тохиох үеэр “Чингисийн чулууны бичиг”-ийг үзмэрээр нь үзүүлж, танилцуулаад дараа нь тухайн бичээсийг бийрээр бичүүлдэг. Иймэрхүү байдлаар буюу тухайн нэг үзмэр дээр тулгуурлаж боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 
-Удахгүй тохиох Монголын уламжлалт Цагаан сартай холбоотой ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ? 
-Цагаан сар ба мэндлэх хүндлэх ёс гэсэн шинэ хөтөлбөр боловсруулж байна. Хамруулах зорилтот бүлэг нь ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийнхан. Гэхдээ бид боловсролын хөтөлбөрийнхөө агуулга, сэдвийг тухайн хүүхдүүдийн насны онцлогт тохируулж өөрчилдөг учраас аль ч түвшинд хэрэгжүүлж болдог. Одоогоор сургуулийн өмнөх буюу цэцэрлэгийн насныхны дунд Монгол гэр хөтөлбөрийг зохион байгуулж байна. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд монгол гэр барих уламжлалт арга ухаанд суралцах, гэрийн иж бүрдлийг нэрлэж, тогтоохоос гадна булчин нь хөдөлж, хөгжихөд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа болов уу. 
-Та бүхэн хөтөлбөрийнхөө сэдэв, агуулгыг ямар зарчимд тулгуурлаж, хэрхэн боловсруулдаг вэ? 
-Бид сургууль дээр нь очиж, нүүдлийн маягаар хөтөлбөрөө хэрэгжүүлсэн тохиолдолд хичээлийнх нь агуулга, нас, сэтгэхүйн онцлог, сурах арга барилд нь тохируулж, хөтөлбөрөө боловсруулдаг. Тухайлбал, түүхийн хичээлийг хэддүгээр ангид ямар агуулгаар үзэж байна, түүнд нь тохируулж, үзмэрээ сонгох, дасгал ажил зэргийг мэргэжлийн багш нартай хамтарч, зөвлөлдөж байж боловсруулдаг. 
-Танай боловсрол хөтөл­бөрт хамрагдахад төлбөр мөнгө төлөх үү? 
-Музей тусгай хэрэгцээт үзэгч, өндөр настан, 0-16 насны хүүхдүүдэд үнэгүй үйлчилдэг. Мөн хүүхдүүдээ дагуулж ирсэн багш төлбөр төлөхгүй. Манайхаас хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөрүүдээс зөвхөн ааруулын хөтөлбөр л төлбөртэй байдаг. Яагаад гэвэл, ааруул хийхэд шаардлагатай сүү, аарц, элсэн чихэр, хэв гэх мэт зүйлийг худалдаж авдаг. Мөн ариун цэврийн стандартыг өндөр түвшинд хангах ёстой учраас тодорхой хэмжээний төлбөр мөнгөтэй байдаг.  
-Хүүхэд багачуудын түгээ­мэл асуудаг асуултыг асууя. Музей үзэх нь ямар ач холбогдолтой вэ?   
-Музейн боловсрол, соёл гэж том зүйл бий. Тиймээс бид хүүхэд багачуудад энэ талын мэдлэг олгох үүднээс хөтөлбөрөө явуулын байдлаар хэрэгжүүлдэг юм. Учир нь, хотын төвөөс алслагдсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд музей үзээгүй байх тохиолдол байдаг. Тиймээс бид Монголын уламжлалт өв соёлын талаарх ойлголт, мэдлэгийг өгөхөөс гадна үзмэрүүдийг видео хэлбэрээр танилцуулж, тусгай төхөөрөмжөөр, зарим үзмэрийг бодитоор нь үзүүлдэг. Харин музейд зочилж буй хүүхдүүдийн тухайд чанга дуу чимээ гаргахгүй, ямар нэгэн зүйл ууж, идэхгүй, шилэн хоргонд хүрэхгүй гэх мэт соёлд суралцдаг. Музей үзэж дуусаад дараа нь боловсролын өргөөнд орж үзсэн үзмэртээ тулгуурлаж, дасгал ажил хийж гүйцэтгэдэг.  
-Та бүхэн 2024 онд ямар зорилго зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?  
-Боловсролын хөтөл­бөрийнхөө хүртээмжийг нэмэг­дүүлэх, зарим төрлийг нь дижитал хэлбэр рүү шилжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үүний хүрээнд “Ухаант Цэцэнхүү” цуврал хүүхэлдэйн киног IP телевизүүдэд байршуулах ажлыг зохион байгуулж байна.  
Ташрамд дурдахад, Олон улсын музейн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэж байх шийдвэрийг 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөлийн XI бага хурлаас гаргажээ. Эл өдрөөр музей улс орны хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм, соёлын  байгууллага болохыг олон нийтэд сурталчлах байдлаар томоохон арга хэмжээг зохион байгуулдаг аж. 


 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22