Ард түмэндээ хайрлагдсан эмэгтэй


Ардын хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь их жанжин Сүхбаатартай хамтран зүтгэж, 40 жил тэр үйл хэргийнхээ төлөө үнэнчээр ажиллаж, амьдарсан Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын таван удаагийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, дэлхийн  бүгд найрамдах улсуудын түүхэнд хоёр дахь эмэгтэй төрийн тэргүүнээр тодорсон гарамгай удирдагч Нэмэндэйн Янжмаа

“Зууны 100 эмэгтэй”  төслийг “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхжаргал санаачлан ном болгож нэг, хоёрдугаар ботийг уншигчдын гарт хүргээд байна. Өнгөрсөн болон энэ зууны эхэн үеийн Монголын түүх, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдийг алдаршуулах нь энэхү төслийн зорилго юм. Төслийг санаачлагчид тэдгээр эмэгтэйчүүдийг www.100women.mn вэб сайтаар дамжуулан олон нийтийн нээлттэй санал асуулгаар тодруулж, түүхч, судлаачдын мэдээлэлд үндэслэн шалгаруулжээ. Энэ дугаартаа бид “Зууны 100 эмэгтэй” нэгдүгээр ботиос дэлхийн бүгд найрамдах улсуудын түүхэнд хоёр дахь эмэгтэй төрийн тэргүүнээр тодорсон Нэмэндэйн Янжмаагийн тухай нийтлэлийн хэсгээс онцлон хүргэж байна. “Зууны 100 эмэгтэй”-чүүдийн нийтлэлийг цаашид үргэлжлүүлэн хүргэх болно.  

* * *
Эмэгтэйчүүдийн эрх зуухны хүхээгнээс доош суухаар хэмжигдэж, эрийн боол, гэрийн зарц болохоор богтлогдон очдог хувь заяаны дэнс Ардын хувьсгалын дараа өөрчлөгдсөн юм. Ийм эмгэнэлт хувь заяаг дайрах шахсан, гэхдээ өөрийн хүслээр өөрчилж чадсан, хувь заяагаа өөрчлөөд зогсохгүй мянга мянган эмэгтэйчүүдэд өөрөө өөртөө эзэн байх замыг заасан хүн бол эл нийтлэлийн баатар Нэмэндэйн Янжмаа билээ. 1921 оны Ардын хувьсгалын дараа шинэ нийгэм журам байгуулах үйл хэргийг 1960-аад он хүртэл өртөөлөн буухиалсан Н.Янжмаагийн амьдрал мөнхүү 40 жилийн Монголын эмэгтэйчүүдийн түүх ажээ. Түүний туулсан зам, гишгэсэн мөр бүхнээс хөгжил, дэвшил, эмэгтэйчүүдийн эрх, жаргалант амьдрал соёолжээ. Мөнхүү тэр үйл хэрэг, үйлс бүтээлийн зорилгынх нь чанадын чанадад эр нөхөртөө үнэнч халуун сэтгэлтэй монгол эмэгтэйн дүрийг мөнхөлж үлдээсэн нь үнэнхүү сэтгэл уярам.

Сайн ханийн нэрийг гутаахгүй хадгалав

1893 оны хоёрдугаар сарын 6-нд Нийслэл хүрээний Элбэг-Амгалан гацаанд жирийн ард Нэмэндэй, Сэрээнэн нарын охин болж төрсөн Янжмаа идэр залуу насандаа Сүхбаатартайгаа танилцаж, 1912 онд хүү Галсан нь мэндэлжээ. 1919 он хүртэл буюу хувьсгалын их үйл хэрэг эхэлтэл энэ гэр бүл арай тайван тогтуун амьдарсан юм болов уу. Энэ зуур цэрэгт алба хааж, хэвлэлийн газар үсэг өрөгчөөр ажилласан Сүхбаатар, С.Данзан нарын үүсгэн байгуулсан улс төрийн нууц бүлгэмд нэгдэж, хувьсгалын ажилд зүтгэж эхэлжээ. Чухам энэ цагаас Сүхбаатарынх хэмээх нэгэн гэр бүлийн амьдрал хувьсгалт тэмцлийн шуурган гал дундуур туучсаар Ардын хувьсгалын ялалттай золгосон юм. Ингээд арай нэг амьдрал тогтох нь уу гэтэл 1923 онд их жанжин Сүхбаатар бие барсан эмгэнэлт явдал тохиолдож, цэл залуухан Янжмаа хүүгээ тэврэн хоцорлоо. Арав гаруйхан жил ханилсан Сүхбаатар, Яижмаа нарын амьдралд юу эс тохиолдсоныг тоочивч барахгүй. Эмэг эх Балжид нь зээ охиноо баян айлд богтлон өгөхийг завдсан ч өвөг эцэг Өвгөнхүүгийнхээ ачаар хайрлаж дурласан Сүхбаатартайгаа ханилсан, хувьсгалын хэрэгт тусламж гуйхаар Орос улс явах гэтэл замын зардалгүй. Янжмаа өвөг эцэг Өвгөнхүүгийнхээ барьж өгсөн гэрийг зарж замын зардал хийгээд орох оронгүй хоцорсон, Хиагтаас хувьсгалын нууц мэдээ дамжуулж эр нөхөртөө тусалж байсан, цэргийн хувцас оёдог байсан гэх мэт сонирхолтой бөгөөд дурсамжтай, гэхдээ үргэлж нэг л зорилгын төлөө явсан түүхүүд хөвөрнө. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Янжмаа тэр үеийн олон бүсгүйчүүдийн туулсан хэн нэгэн эрд хүчээр богтлогдон очдог муйхар ёсыг өөрийн зоригоор өөрчилж, чин хайр сэтгэлээр Сүхбаатартайгаа ханилан сууж, нэгэн биеийн тал төдийгүй нэгэн их үйл хэргийн хамтрагч, үргэлжлүүлэгч, залгамжлагч нь болсон явдал юм. Тэрбээр Монголын төрд 40 жил зүтгэхдээ ханийнхаа нэр төрийг өндөрт өргөж явахаа эрхэм зорилгоо болгосон байсан тухай Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын ахмад ажилтан Ц.Сийлэгмаа гуай хожим дурсжээ. Янжмаа "Сайн хүний нэрийг гутаахгүй хадгалж явахаас илүү эрхэм зорилго байхгүй" хэмээн байн байн ярьдаг байж. "Манай нөхөр их сайхан хүн байсан. Би нөхрөө өндөр сайхан нуруутай юм, өргөн сайхан цээжтэй юм, өвч бүрэн зэвсэгтэй юм, үнэхээр сайхан залуу юм гэж дуулж байдаг сан" гэж сайхан ханиа дурсан ярьдаг байжээ. Янжмааг төрүүлсэн ээж Сэрээнэнг нь баян айлд богтлон өгснөөр бага балчиртаа эцгээсээ хагацаж, өөрөө ч богтлогдохын даваан дээр өвөг эцэг Өвгөнхүүгийнхээ ачаар аврагдсан гээд тухайн үеийн бурангуй ёсноос хол байсангүй. Тэр бурангуй ёсыг биеэр мэдэрсэндээ ч тэр үү, эмэгтэйчүүдийн эрх, соёл, боловсрол, эрүүл энхийн төлөө нэгэн насны ухаан бодол, сэтгэл, зүтгэлээ зориулсан юм. Ардын хувьсгалын үйл хэрэгт биечлэн зүтгэсэн Янжмаа 1923 он хүртэл буюу их жанжныг бие барах хүртэл цэргийн хувцас оёх, ар талын ажилд нь туслах, Хиагтаас хувьсгалын нууц мэдээ дамжуулах, Цэргийн хувцас бэлтгэн нийлүүлэх тасгийг байгуулж, удирдах зэргээр ажиллажээ. Ерөөс хувьсгалт тэмцэлд тэр үеийн эмэгтэйчүүдийн оролцох гол арга хэлбэр нь энэ байв. Янжмаа хувьсгалын их удирдагчийн гэргийн хувиар ч тэр эмэгтэйчүүдийг манлайлан тэмцэлд оролцжээ. Хувьсгал ялсны дараа тэднийг Богд хаан хүлээн авч уулзан Янжмаад есөн эрдэнийн шигтгээтэй бөгж, Сүх жанжинд хэт хутга тэргүүтэн бэлэглэсэн байна. Мөн 1922 онд Намын Төв хороо, Засгийн газраас тэднийд хашаа байшин, нэг мянган янчаан олгосон байдаг. "Сүхбаатар өвөө үсээ дандаа эмээгээр авхуулдаг. Өглөө эмээ дурдан бүсийг нь ороож өгдөг байсан гэдэг. Хувьсгал хийгээд завгүй бас удаан хамт амьдраагүй болохоор жаргалтай амьдарч ч амжаагүй гэдэг" хэмээн ач охин Наран нь хожмоо дурсжээ. Нээрээ л Сүхбаатарынх гэдэг айл жаргалтай амьдарсангүй. Гэхдээ Монголын ард түмэнд эрх чөлөө гэдэг эрхэм жаргалыг өгчээ. Монголын эмэгтэйчүүдийн төлөө төрсөн Янжмаа ижил хань, итгэлт журмын нөхрөөсөө хагацсаны дараа Н.Янжмаа сурч боловсрох зорилгыг эрхэм болгож, 1924 оны наймдугаар сард Москвад болсон Коминтернийн эмэгтэйчүүдийн гуравдугаар Бага хуралд төлөөлөгчөөр оролцохдоо тэнд сургуульд суралцах хүсэлтээ тавьжээ. Хүсэлт биелж, 1927 онд Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын их сургуульд суралцан 1930 онд төгсөв. Сургуульд явахаасаа өмнө буюу 1924 оны есдүгээр сараас Намын Төв хорооны Суртлын хэлтсийн дэргэдэх Бүсгүйчүүдийн тасгийн даргаар томилогдож, 1924 оны арваннэгдүгээр сард хуралдсан Улсын анхдугаар их хурал дээр эрэгтэй, эмэгтэй ялгалгүй эрх чөлөетэй болж, бүсгүйчүүд өөрийн дураар нам, эвлэлийн гишүүн болж, эрдэм ном сурч байгаа явдлыг улам дэлгэрүүлж, боловсруулахыг сонордуулсан үг хэлсэн ба Улсын анхдугаар Их хурлаас баталсан анхдугаар Үндсэн хуульд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан нь Монголын эмэгтэйчүүдэд чухам үүр гийсэн явдал болсон юм.
Н.Янжмаа 1924-1927, 1933-1939, 1943-1947, 1947-1949, 1958- 1962 онуудад нийт таван удаа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар ажиллахдаа тухай бүр түүхэн шийдвэрүүдийг нам, засгаар гаргуулан, өөрөө гардан хэрэгжүүлжээ. Тухайлбал, Монголд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн үүсгэн байгуулагдаж, идэвхэжсэн 1920-оод оны дундуур эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийгмийн хоцрогдлоос гаргах, сүй тавьж, богтлох ёсыг халах зэрэг асуудлаар МАН-ын Төв хорооны дэргэдэх Бүсгүйчүүдийн тасгийн дарга Н.Янжмаа удаа дараа үг хэлж, хөөцөлдсөн байдаг. Эмэгтэйчүүдийг соёлжуулж, гэгээрүүлэх  ажлыг хийхэд юм юм дутаж байсан учир гаднаас сургагч багш урьж ирүүлэх, хөрөнгө гаргах хүсэлтийг Намын Төв хороонд тавьсны дагуу Коминтернийн Дорно дахины орнуудын эмэгтэйчүүдийн хэлтсээс В.Тарантаева ирж ажиллаж байв. Улмаар МАХН-ын Төв хорооны IV Их хурлаас Бүсгүйчүүдийн тасгийг хэлтэс болгон, хэлтсийн дүрмийг "Бүсгүйчүүдийн санал" сэтгүүлд хэвлэв. Уг дүрэмд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эх нялхсын газрууд болон өнчин хүүхдийг асрах газар байгуулахаар онцгойлон заажээ. Н.Янжмаа сургуулиа төгсөж ирээд буюу 1930 оноос Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн даргаар томилогдон ажилласнаас хойш Бүсгүйчүүдийн хэлтсийн дээрх дүрмийг биелүүлэх гэж бүх насаараа зүтгэсэн байдаг. Тэрбээр эх, нялхсын сайн сайхны төлөө л нам, төрийн албан тушаалууд, эмэгтэйчүүдийн байгууллагын даргын байр сууриа харамгүй зориулжээ. Улаанбаатар хот дахь анхны цэцэрлэгийг тэрбээр ЗХУ-д сургуулиа төгсөж ирээд байгуулж, эрхлэгчээр нь ажиллав. Хожим 1948 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүний хувиар хэлсэн үгэндээ "...Эмэгтэйчүүдийг ажилд оруулж, сургахын тулд гал тогооноос нь салгах хэрэгтэй гэж их Ленин хэлсэн. Манай улс эхчүүд бидэнд бололцоо олгож, хүүхдийн цэцэрлэгийг улам олшруулан сайжруулж байгаа. Үүнийг манай эмэгтэйчүүд ашиглах хэрэгтэй" гэж хэлж байв. Ийм боломж, бололцоо байсаар байхад сурах, ажиллахаас хойш сууж байгаа эмэгтэйчүүдийг шүүмжилж, Ардын хувьсгалын өмнөх бурангуй нийгмийг сануулдаг байжээ. Бүсгүйчүүдийн хэлтсээс 1924-1927 онуудад Бүсгүйчүүдийн түр сургуульд эмэгтэйчүүдийг олноор сургах, эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллах боловсон хүчнүүдийг бэлтгэх, соёл, гэгээрлийн гол төв гэгдсэн Улаан гэрүүдийг улс орны өнцөг булан бүрд байгуулах, дуу хөгжим, бүжиг заах зэрэг ажлууд яг л тасралтгүй урсах голын урсгал шиг өрнөв. Албан ёсны баримтаар 1924 онд эмэгтэйчүүдийн бичиг үсгийн дугуйланд анх 20 хүн суралцаж эхэлсэн бол 1931 онд энэ дугуйлангаар 2000 орчим эмэгтэйчүүд бичиг үсэгтэй болжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн хамгийн бурангуй богтлох ёсыг 1926 оны төр, засгийн шийдвэрээр халсан байдаг. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 1947 онд Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн төв зөвлөл болон зохион байгуулагдахад Н.Янжмаа даргаар нь дахин томилогдож, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах бодлогоо шинээр дэвшүүлэн тавьжээ. Тэр үед нийт эмэгтэйчүүдийн тоо 387903 байсан ба түүний дөнгөж 28 хувь нь бичиг үсэгтэй гэсэн статистик гарчээ. Эмэгтэйчүүдийн бараг 70 хувь бичиг үсэггүй байгаа учир Н.Янжмаа таван асуудлыг Намын Төв хороонд тавьж шийдүүлжээ.
Ингэснээр эмэгтэйчүүдийн байгууллага гишүүн эмэгтэй­чүүдээсээ сар бүр тогтмол 1-2 төгрөгийн татвар хураадаг болж, эмэгтэйчүүдийн гар урлалын бүлгэмүүд өргөжсөн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийг сургах түр сургууль байгуулж, эмэгтэйчүүдийн сэтгүүлийг олноор хэвлэж, үнэ төлбөргүй тараадаг болсон ба Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн дотоод бүтэц, орон тооны ажилтнуудтай болжээ. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон улсын тавцанд гаргахад Н.Янжмаагийн гүйцэтгэсэн үүрэг мөн л алтан үсгээр бичигдэнэ. Бүр анх 1924 онд Москва хотноо болсон Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн гуравдугаар Их хуралд оролцохдоо Эмэгтэйчүүдийн байгууллагын гадаад хамтын ажиллагааны суурийг тавьсан гэж үздэг ба түүнээс хойш эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Клара Цеткин, Лениний гэргий Крупская нартай уулзаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал тавьж, олон удаа бичиг илгээжээ. Ингээд Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 1946 онд элсэн оров. Үүнээс хойш Н.Янжмаа олон улсын хурлуудад оролцож илтгэл тавьдаг болсон ба 1948 онд Парист болсон олон улсын үзэсгэлэнд монгол бүсгүйчүүдийн хийсэн уран хатгамлаар үзэсгэлэн гаргажээ. Түүнд "Ард түмэндээ хайрлагдсан эмэгтэй" хэмээх эрхэм алдрыг хамтран ажиллаж байсан журмын нөхөд нь өгсөн юм. Үнэхээр л хайрлахаас аргагүй олон ажлыг халуун сэтгэлээрээ хийдэг байжээ. 1947 онд ядуу дорой, өнчин хүмүүс, нялхас хүүхдүүдэд туслах зорилгоор Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн дарга Н.Янжмаагийн нэр дээр 20 мянган төгрөгийн тусгай сан байгуулжээ. Даргын нэр дээр ядарсан зүдэрсэн олон хүн өргөдөл, хүсэлт ирүүлдгээс улбаалан уг санг үүсгэж, олон ч хүнд тусалсан байна. Ерөөс Н.Янжмаа Монголын эмэгтэйчүүдийн төлөө л төрсөн мэт санагдана. Гэрээр бичиг сурсан өдрийн од мэт цөөн эмэгтэйг бодвол нийтээрээ бичиг үсэггүй, эмэгтэй хүн бичиг сурна гэвэл нүгэлд тооцдог, хайрлах дурлах эрхгүй, "үс урт, ухаан богино" тодотгол дор ямар ч эрх чөлөөгүй амьдарч байсан Монголын эмэгтэйчүүд Ардын хувьсгал ялан мандсан 40 жилийн хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдсөн бөгөөд тэр бүхний 90 хувь энэ эмэгтэйн гавьяа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэр Монголын эмэгтэй­чүүдийн төлөө хэтэрхий их ажилласан байдаг. Н.Янжмаа 1949 онд нам, төрийн удирдагч Х.Чойбалсангийн даалгавраар эмэгтэйчүүдийн байгууллагын даргаасаа тушаал буусан ч 1956 онд дахин Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн дарга болж, 1962 он хүртэл буюу насан хутгийг олох хүртлээ ажилласан юм. 1921-1962 онд эмэгтэйчүүд кирилл үсэгт сурсан бол, албан тушаалд дэвшсэн бол, олон хүүхэдтэй, жирэмсэн эхчүүдийн халамж хамгаалал авдаг болсон бол, эх нялхсын амралт, сувиллууд байгуулагдсан бол гээд... Энэ бүхэн түүний л санаачилга, хөөцөлдлөгөөгөөр бүтэв. Зүгээр нэг бүтээгээд, байгуулаад байсангүй, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хэзээ ч хувиршгүй философийг бий болгосон мэт...

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22