Хүүхдээ товлолын дархлаажуулалтад буюу вакцинд хамруулах нь үр дүнтэй эсэх асуудлыг хөндөж, санал зөрөлдөх тохиолдол бий. Тиймээс товлолын вакцины ач холбогдол, үр нөлөөний талаар АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Энхсайхантай ярилцлаа.
-Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн насанд хүртэл нь тодорхой хугацааны давтамжтайгаар товлолт вакцинд хамруулдаг. Хүүхэд багачуудыг ингэж вакцинд хамруулах нь хэр ач холбогдолтой вэ?
-Юуны түрүүнд вакцин гэж юуг хэлж байгааг тайлбарлах нь зүйтэй болов уу. Вакцин бол бие махбодод тодорхой өвчний эсрэг дархлааны урвалыг өдөөдөг биологийн бэлдмэл юм. Энэ бэлдмэл нь хүний биеийг халдвараас хамгаалах ой санамж гэдэг зүйлийг хүний биед үүсгэдэг. Ингэснээрээ тухайн хүний бие махбод аливаа нэгэн өвчнөөс хамгаалагдаж, урьдчилан сэргийлдгээрээ ач холбогдолтой.
-Ер нь нэг төрлийн вакцинд нэг л удаа хамрагдаж болох уу. Аль эсвэл заавал давтан тунг нь хийлгэх шаардлагатай юу?
-Давтан тунг нь зайлшгүй хийлгэх шаардлагатай. Давтан тунг хийлгэснээр тухайн өвчнөөс сэргийлэх хамгаалалтын механизмыг улам сайн хүчирхэг болгодог. Өөрөөр хэлбэл, хүний биеийг халдвараас хамгаалах ой санамжийг илүү үр дүнтэй бий болгож өгдгөөрөө илүү их ач холбогдолтой байдаг. Хэрэв эхний тунг хийлгэчихээд дараагийн давтан тунг хийлгэхгүй тохиолдолд ой санамж гэдэг зүйл нь үр дүнтэй үүсэж чадахгүй. Ингээд ой санамж нь үүсэж чадахгүй болохоор бие махбод өвчнийг анх удаа таниад түүний эсрэг дархлааны урвал өрнөхөөр эд эсийн гэмтэл хүний биед их хэмжээгээр үүсээд тухайн өвчнөөс хамгаалагдаж чадахгүй болдог. Тийм учраас ямар нэгэн вакцинд хамрагдахдаа бүх тунг нь бүрэн гүйцэд хийлгэх нь үр дүнтэй байдаг шүү. Товчхондоо, аливаа нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга юм.
-Товлолт вакцины үр дүнд ямар нэгэн өвчин, халдвар дэгдэхгүй болсон сайн жишээ юу байна вэ?
-Хүүхэд багачуудыг товлолт вакцинд хамруулах нь маш их үр дүнтэй болохыг баталж нотолсон олон судалгаа, бодит жишээ бий. Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүс орчимд байрладаг. Энэ бүсэд халдварт саагийн тохиолдол устсан гэж хэлж болно. Ийм үр дүнд хүрсэн гол шалтгаан бол мэдээж вакцин. Дэлхий нийтээр вакцинтай болж хүмүүсийг вакцинд хамруулахаас өмнө халдварт саа өвчнөөр олон мянган хүн өвчилж, өвчилсөн хүмүүс нь тахир дутуу болон явж, сууж чадахгүй хэмжээнд хүрдэг байсан. Ийм л хэцүү нөхцөл байдалтай нүүр тулдаг байсан. Харин вакцины ачаар олон мянган хүнийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадаж байгаа. Үүнтэй адил хүүхэд багачууд маань товлолын вакцинд хамрагдсанаар олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
-Жишээлбэл?
-Улаанбурханы эсрэг гэх зэрэг олон вакциныг нэрлэж болно. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсанаар энэ халдвараар өвчлөхгүй, өвдлөө гэж бодоход хүндэрч, амь насанд аюул учруулахгүй байх механизмыг хүний биед бий болгож өгдөг. Улаанбурхан өвчний халдвар маш хурдан тархдаг. Вакцин хийлгээгүй нялх хүүхэд хүртэл халдвар авах эрсдэлтэй байдаг. Тийм учраас товлолт вакцинд хамрагдах нь аливаа нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхэд багачууд нийтээрээ өвчлөх халдвараас сэргийлдгээрээ үр дүнтэй.
-Вакцин хийлгэснээс нэмэлт амин дэм, витамин ууж, урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжсэн нь илүү дээр гэх хандлагатай хүмүүс байдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хүн аливаа нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар нэгэн витамин ууж, түүний нөлөөгөөр дархлаагаа дэмжинэ гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ хүний биед ямар нэгэн аминдэм, витамин дутагдсан тохиолдолд аливаа нэгэн өвчлөлд өртөмтгий болдог нь үнэн. Үүнийг маш олон судалгаагаар тогтоосон байдаг. Тухайлбал, Д болон К2 аминдэм, фолийн хүчил зэрэг аминдэмийг хэрэглэсэн тохиолдолд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эсвэл тухайн хүний бие махбод нь аливаа нэг өвчинд мэдрэг болох магадлал нь буурдаг. Жишээлбэл, Д аминдэм К2 витаминыг хамтад нь хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн дархлааны үйл ажиллагааг дэмждэг. Нөгөө талаараа яс шүдний үйл ажиллагаа бэхэжнэ. Мөн зүрх судасны өвчнөөс хамгаалагдах нөхцөл, суурь болж өгдөг. Бас нэг онцлог, давуу тал нь судасны хананд кальци хуримтлагдахаас сэргийлдэг.
-Хүмүүс фолийн хүчлийг түгээмэл уудаг. Ялангуяа эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд уухыг зөвлөдөг юм билээ. Ер нь фолийн хүчил ямар үр нөлөө үзүүлдэг вэ?
-Монгол хүний биед фолийн хүчил дутагдалтай байдгийг судалгаагаар тогтоосон. Тиймээс фолийн хүчлийг бүх насныхан, ялангуяа жирэмслэхээр төлөвлөж буй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд уух нь илүү үр дүнтэй. Мөн гэр бүлээрээ фолийн хүчлээр баялаг хоол, хүнс хэрэглэх нь чухал.
-Дархлаагаа дэмжих хамгийн зөв арга гэвэл ямар арга байх вэ?
-Дархлааныхаа үйл ажиллагааг дэмжихэд хүний бие махбодын тэнцвэртэй байдал хамгийн чухал байдаг. Зүрх судас, бөөр, уушги, хоол боловсруулах, мэдрэлийн эрхтэн тогтолцоо, сэтгэцийн эрүүл мэнд гээд бүх эрхтэн тогтолцоо тэнцвэртэй байж дархлааны үйл ажиллагаа мөн хэвийн, тэнцвэртэй байдаг. Тийм учраас ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах нь маш чухал. Эрүүл зөв хооллох, эрт унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт.
-Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Монгол Улс ард иргэдээ товлолт вакцинд хамруулахын тулд эрүүл мэндийн байгууллагыг бүх талаар нь дэмжиж, харьяалал харгалзахгүй хамгийн ойр эмнэлэгтээ хандаж үнэ төлбөргүйгээр хийлгэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Хүн эрүүл байх эсэх нь өөрөөс нь маш олон талаар хамаарч байдаг. Иргэн хүний хариуцлага чухал шүү. Тийм учраас хүүхэд багачуудаа товлолын вакцинд хамруулж, олон халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ насан туршид нь хамгаалах, бусдад өвчин тараахаас сэргийлэхийг уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна