Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг /МГБССН/-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг явуулын үзлэгийг энэ онд Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, тус нийгэмлэгийнхэн сум орон нутгаасаа алслагдсан, эрүүл мэндийн даатгал төлөх боломжгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй бүлгүүдэд хүрч ажилладаг байна. Явуулын үйлчилгээг тухайн сум орон нутгийн Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд ингэхдээ нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын оношилгоо, шинжилгээ, жирэмсний хяналт, гэр бүл төлөвлөлтийн аргууд, умайн хүзүүний хавдар, зөвлөгөө, дотор, мэдрэл, зүрх судас, хүүхдийн үзлэг зэрэг 26 нэр төрлийн үйлчилгээг үзүүлдэг юм байна.
Дээрх үйлчилгээг өнгөрсөн онд Төв, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Булган аймгийн 20000 гаруй иргэнд үзүүлжээ. Тус нийгэмлэг нь одоогоор 17 аймагт салбартай, мөн өсвөрийн арван клубтэй, 1000 гаруй гишүүн дэмжигчтэйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар 30 жилийн ойтойгоо золгож байна.
Монголчууд өргөн уудам тал нутагт тархан байршиж амьдардаг учир хөдөөгийн алслагдсан малчид, уурхайчид, хилийн цэрэг зэрэг бүлгийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх нь чухал учраас явуулын үйлчилгээг зохион байгуулахаас гадна төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, “Аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээ”, “Хилийн боомтын төсөл”, “Бид эрхээ мэднэ 1,2 төсөл”, “Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж, хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанарыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байна. Мөн Улаанбаатар хот болон орон нутгийн 20 орчим эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэгтэй хамтран амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ шаардлагатай эмэгтэйчүүдэд спираль, суулгац, эм, тариа зэргийг үнэ төлбөргүй олгожээ.
С.Аз
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна