Энэ удаагийн дугаарын зочин буландаа МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор, Стратеги академийн захирал, улс төр судлаач Д.Бумдарийг урьж, ярилцлаа.
-Таны хариуцдаг, хийж гүйцэтгэдэг ажлын талаарх мэдээлэл хангалттай байдаг учраас энэ удаад хоёулаа ажлаас өөр сэдвээр чөлөөтэй ярилцаж болох уу?
-Бололгүй яах вэ. Надад ч гэсэн өөр сэдвээр ярилцлах нь илүү сонирхолтой санагдаж байна.
-Бага нас гэхээр хамгийн түрүүнд ямар дурсамж санаанд буудаг вэ?
-Олон олон сайхан дурсамж бий. Миний аав Завхан аймгийн Түдэвтэй, ээж маань Архангай аймгийн Батцэнгэл сумынх. Харин би Улаанбаатар хотод төрж өссөн. Хоёр нийгмийн шилжилт, өөрчлөлт шинэчлэлтийг харж, мэдэрч өссөн. Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр үед аав маань найз нөхөдтэйгөө хамтарч анхны пүүс, хоршоонуудын нэгийг байгуулж байсан юм. Аавынхаа ажилд туслаж, хоршооных нь дэргэд зуныхаа амралтаар мал хариулдаг байлаа. Хэдий хүүхэд байсан ч миний хүч хаана хэрэгтэй байна, тэр бүхэнд хэрээрээ туслахыг хичээдэг байсан. Энэ үе маань хүүхэд насны хамгийн сайхан дурсамжуудын нэг байдаг. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг шиг эхлүүлсэн ажлаа заавал дуусгахад аав, ээж маань урамшуулдаг байсан нь одоогийн Бумдарь гэж хүн болоход их нөлөөлсөн байх.
-Хүмүүс өөрийгөө онц сурлагатан, спортлог, ажилсаг хүүхэд байлаа гэх мэтээр тодотгож ярьдаг шүү дээ. Та ер нь ямар сурагч, оюутан байв?
-Идэвхтэй хүүхэд байсан юм уу гэж боддог. Цэцэрлэгт байхад л төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцуулдаг байсан. Сурагч болоод тэр эрчээрээ сургуулийнхаа бүх төрлийн дугуйланд хамрагдаж, семинар лекцэд оролцдог байв. Хаана л ямар арга хэмжээ, уулзалт зохион байгуулна тэнд л би гүйж явдаг, тийм л идэвхтэй хүүхэд байлаа. Тийм болоод ч тэр үү хоёрдугаар ангид байхад намайг бүлгэмийн зөвлөлийн дарга болгож байсан юм. Ахлах анги хүртлээ тасралтгүй ангийн дарга хийж байсан нь нэг талаар намайг заавал идэвхтэй байх шаардлагыг бий болгосон гэх үү дээ.
-Инженер багш, улс төр судлаач болох таны багын хүсэл, мөрөөдөл байсан уу. Эсвэл хэн нэгэн нөлөөлж тэс хөндлөн сонголт хийж байв уу?
-Ерөнхийдөө миний багын хүсэл мөрөөдөл байсан. Ахлах ангийн сурагчдын дунд ямар мэргэжилтэй болох вэ гэдэг агуулгаар эсээ бичүүлдэг байлаа. Тухайн үед би багш эсвэл судлаач болно гэдэг хоёр сонголттойгоор эсээгээ бичиж байсан юм. Одоо ингээд бодоход тэр үеийн маань хүсэл мөрөөдөл, зорилго биелсэн. Үг хүчтэй гэдэг дээ. Тухайн үед би багш, судлаач гэдэг хоёр үгийг толгойдоо кодолсон байх. Нөгөө талаас нь харвал, багш болоход гэр бүлийн орчин нөхцөл, аав ээжийн ажил тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Миний мэргэжил боловсролд нөлөөлж, зам мөрийг маань засаж, ерөөсөн хүмүүс бол миний өвөө, эмээ. Аавын аав маань намайг “Миний охин доктор болно” гэж дандаа хэлдэг байсан. Тухайн үед би докторын талаар ямар ч ойлголтгүй байсан хэрнээ л “Өвөө намайг доктор болно гэж хэлсэн. Би доктор болно” гээд л өөртөө итгүүлчихсэн. Тиймээс би тэр итгэл, бодлоо бодит болгохыг зорьсон гэж боддог.
-Өвөө, эмээгийн талаар ярьсных та ямар эмээ болно гэж боддог вэ?
-/Инээв/. Сонирхолтой асуулт вэ. Багын зангаараа их л идэвхтэй, зүгээр суудаггүй эмээ болох байх даа. Манай ээжийн ээж их мэдлэгтэй хүн байсан. Биднийг бага байхад түүх, ардын аман зохиол, үлгэр тууж их ярьж өгдөг. Бас маанийн ерөөл хэлж, утга учрыг нь тайлбарлаж, бидэнд цээжлүүлдэг байлаа. Би үглэдэг биш сургадаг, сургаал айлддаг эмээ шигээ эмээ болно гэж боддог шүү.
-Та Японд арван жил болсон юм билээ. Тэндээс ямар мэдлэг, соёл боловсрол шүүрдэж, тээж ирсэн бэ?
-Би 23 настайдаа Япон руу яваад арван жилийн дараа эх орондоо ирж байлаа. Би Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр Токио хотын Кокушикан их сургуулийн улс төр судлалын ангид магистр, докторын зэргээ 2005-2013 онд хамгаалаад суралцаж байх хугацаандаа туслах багшаар, 2016 онд зочин судлаачаар ажилласан. Тэнд байхдаа олон шинэ зүйлд суралцаж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан гэж боддог. Тухайлбал, бие биеэ хайрлаж хүндлэх, хүлээцтэй хандах, хүнийг олны дунд эвгүй байдалд оруулахгүй байх, бусдад төвөг удахгүйгээр ажиллаж, амьдрах гэх мэт алхам тутамд хэрэг болох ёс суртахуун, соёл, философи Японд үйлчилдэг. Мэдээж олон дунд янз бүрийн л хүн бий. Гэхдээ энэ бол япончуудын нийтлэг байдал.
-Монголд ирэхэд таныг хамгийн их бухимдуулсан сэдэв юу байв?
-Цаг барьдаггүй зан эхлээд их сонин байсан. Манай монголчууд цаг барьдаггүй, хоцорчихоод уучлалт гуйж сураагүй. Энэ асуудал зарим хүнд сүртэй биш санагдаж магадгүй. Гэхдээ цаг барих, хэрэв товлосон хугацаанаасаа хоцрохоор бол энэ талаараа урьдчилж мэдэгдэх, уучлалт хүсэх гэдэг бол бидний хувьд сурах л ёстой зүйл.
-Арван жил гэдэг багагүй хугацаа. Японд амьдраад дассан байх. Эх орондоо эргэж ирэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-Миний сурч байсан Кокушикан их сургууль МУИС хоёр хамтын ажиллагааны гэрээтэй байдаг. Ингээд 2013 онд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимээс надад санал тавьж, багшаар ажиллахыг урьсан юм. Хэдий урилгаар ирсэн ч гэсэн Эрдмийн зөвлөлийн хурлаар орох гэх мэт өндөр босго, шалгуурыг нь давж орж билээ. Ингэж л боловсролын салбартай анх холбогдсон. Эргээд харахад МУИС-д ороод олон зүйлийг сурч, өөрийнхөө хэмжээнд зарим нэг өөрчлөлт, шинэчлэлд гар бие оролцсондоо баяртай байдаг. Жишээ нь анх орох үед салбар дундын мэргэжлийг хөхиүлэн дэмжих өөрчлөлтийг хийж байсан юм. Би салбар дундын мэргэжил олгох буюу “Ажил мэргэжил судлал” гэдэг хөтөлбөрийг хамгийн анх МУИС-д хэрэгжүүлж байлаа. Энэ мэт гурван төрлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Одоо ч нэгийг нь ахалж ажилладаг.
-Улс төрийн намтай холбогдох болсон шалтгаан юу байв?
-Улс төр судлаач гэдэг мэргэжил маань намайг энэ зам руу хөтөлсөн. Ардчилсан нийгмийн гол институц болох улс төрийн намын үйл ажиллагаанд биеэр оролцохгүйгээр гадна талаас нь онол, судалгаа, туршлага нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тухай ярьж хайрцаглаж болохгүй гэдэгтэй санал нэг байсан. Тэгтэл МАН-ын дэргэдэх Стратеги академиас 2020 онд МАН тогтолцоо, бодлогын хувьд өөрчлөлт, шинэчлэлт хийж, социал демократ үзэл баримтлалаа гишүүддээ ойлгомжтой, тодорхой болгоход хамтарч ажиллахыг урьсан юм. Энэхүү ажлын үр дүнгээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр намын байгууллагад хөл тавьсан. Социал демократ үзэл баримтлал бол аль нэг тийшээ хэт хазайхгүй хамгийн дундаж зарчимтай бөгөөд манайх шиг хөгжиж яваа нийгэм, эдийн засагтай улс оронд хамгийн тохиромжтой байдаг.
-Судлаачийн хувиараа намтай холбогдохоор энэ талын ажил, судалгаа шинжилгээний хувьд ямар давуу тал, боломж нээгдэж байна вэ?
-Судалгаа, улс төрийн шинжлэх ухааны онол, хандлагыг намд, намаар дамжуулан засаглалын бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж нэмэгдсэн гэж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт улс төрийн тогтолцоог шинэчлэх, сайжруулахад санал зөвлөмжөө өгөх, судалгааны ажлаа танилцуулах зэрэг олон давуу тал бий болсон. Өнөөдөр МАН-ын дэргэдэх Стратеги академийг социологийн судалгаанаас гадна шинжлэх ухааны судалгааны чиг хандлага руу хөгжүүлж, төрөлжүүлэн дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна. Бид бусад улс орны хөгжлийн гарцыг судалж, жишээ авч, нэвтрүүлж болно. Хамгийн гол нь Монголын нийгэмд, монгол хүнд тохирсон гарц шийдлийг өөрсдөө олж, хөгжлийн бодлого, загвараа тодорхойлох хэрэгтэй.
-Сүүлийн үед жендэрийн асуудлыг, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хөндөх болсон. Судлаач бас эмэгтэй хүний хувьд эл асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Удирдах түвшинд эрэгтэй, гүйцэтгэх шатанд эмэгтэй хүйс давамгайлж байна. Энэ нь анхнаасаа эрэгтэйчүүдэд илүү их боломж олгосон тогтолцоог бүрдүүлсэнтэй холбоотой. Шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байснаас үүдэн нийгэмд давхаргын ялгаа бий болж, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбар, мөн зорилтот бүлгийнхэн бодлого шийдвэрийн гадна үлдэх магадлал өндөр байдаг. Дийлэнх эрчүүд уул уурхай, банк санхүү зэрэг богино хугацаанд үр дүнгээ өгдөг салбарт анхаардаг учраас тэр хэрээр нийгэм эмзэг болж байна. Тиймээс аль ч хүйс, нийгмийн бүлгийн төлөөлөлд гарааны тэгш боломж олгох тогтолцоог бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн хувьд тодорхой хэмжээний өөрчлөлт шинэчлэлт хийж эхлүүлснийг улс төр судлаач хувь хүний хувьд дэмждэг. Улс төрийн томоохон хүчнүүд ч эл асуудалд манлайлж, үлгэрлэж ажиллахаа мэдэгдэж буйд талархалтай хандаж байгаа.
-Таны бодлоор улстөрч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Макс Вебер “Улс төр мэргэжил болох нь” гэдэг алдартай номдоо “Хоёр л төрлийн улстөрч байдаг. Нэг нь өөрийнхөө ажил, амьдралыг дээшлүүлэхийн төлөө явдаг. Нөгөөх нь бусдын, нийгмийн төлөө зүтгэдэг” гэж тодорхойлсон байдаг. Миний бодлоор хувийн биш бусдын төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй, итгэл үнэмшилтэй, эх оронч хүн бол жинхэнэ улстөрч. Ямар эрх ашгийг хамгаалж, юуг бодит болгох уу гэдэг итгэл үнэмшилтэй байх ёстой. Биеэ зөв авч явах, дэвшүүлсэн асуудлаа ойлгуулж, шийдүүлэх хэмжээнд хүртэл ярьж чаддаг гэх мэт наад захын соёл, ур чадварыг заавал эзэмшсэн байх ёстой. Тухайлсан нэг салбарын хүн бол тэр салбарынхаа талаар нарийн мэдлэг, ойлголттой байх хэрэгтэй.
-Нийгмийн тухайд таны санааг зовоож, сэтгэлийг чилээдэг асуудал бий юү?
-Хүүхдийнхээ ирээдүйд л их санаа зовдог. Ямар ч тохиолдолд хүн эх орондоо л илүү аз жаргалтай амьдарч чадна. Амьдралаа босгох, тэр баялгийг бүтээх арга хэрэгсэл нь боловсролоор дамжуулж олж авсан мэдлэг, ур чадвар байдаг. Гэтэл төр үүнийг тэгш хангаж чадахгүй байгаа болохоор эрэлт хэрэгцээнээс үүдэж хувийн болон улсын сургуулийн хэт их ялгаа бий болсон. Энэ их ялгаатай, тэгш бус байдлаас болж олон сөрөг хүчин зүйл бий болж байна. Тиймээс дэд бүтцээс илүү өв тэгш хүмүүжилтэй, өөрөө өөрийгөө авч явах хэмжээний хүн капиталыг өсгөн бойжуулах ёстой боловсролын салбарынхаа бүх түвшинд реформ хийх шаардлагатай байгаа юм. Бас хөрөнгө оруулалтаа ч нэмэгдүүлэх ёстой. Хөгжингүй орнуудын төсвийн задаргааг харахад хамгийн өндөр төсвийг боловсролын салбартаа хуваарилдаг юм билээ. Хүүхдүүд хот, аймаг, сум гээд хаана амьдарч байгаагаас үл хамаарч гарааны нэг шугам дээрээс гарч, өрсөлдөх хэмжээний чанартай мэдлэг боловсрол, ур чадварыг үнэ төлбөргүй эзэмших тогтоцоог л бүрдүүлэх хэрэгтэй.
-Байгууллага, хамт олноо удирдан чиглүүлэх арга барил, зарчмаа хуваалцаж болох уу?
-Би ер нь хүн загнадаггүй. Ажлын тухайд зарчмын шаардлага тавихаас биш уурлаж уцаарлаад загнаад байдаггүй. Байгууллагын удирдлага хамт олноо хайрлаж, урамшуулж, боломж олгож байж ажил урагшилж, үр дүн гарна. Хамтдаа амжилтад хүрнэ. Мөн би бүх зүйл дээр, ялангуяа тухайлсан асуудлаар ажлын хэсэг байгуулахдаа салбар дундын буюу тал талуудын төлөөллийг оролцуулах зарчим баримталдаг. Онолын үүднээс харахад зөв зүйл практикт нийцэхгүй байх тохиолдол гарч болно. Тиймээс бүх талын дуу хоолойг сонсож ажил урагшлах, бодлого бодит, шийдвэр зөв байх боломжийг бүрдүүлэхийг хичээдэг. Харин хувьдаа баримталдаг зарчим бол аливаа зүйлийг дуустал хийх, амлалтдаа хүрэх. Мөн өдөр бүр суралцаж, шинэ, дэвшилтэт зүйлийг эрэлхийлэхийг хичээдэг. Миний мэргэжил ч ийм байхыг шаарддаг. Багш оюутнуудтайгаа адилхан суралцаад л явдаг. Гэхдээ тэднээс нэг алхам түрүүлж уншиж, судлан хичээлийнхээ агуулгаа шинэ зүйлээр баяжуулж байх ёстой.
-Та ер нь энэ олон ажлыг яаж амжуулж байна?
-Манай найзууд намайг “Яаж ингэж идэвхтэй, тасралтгүй ажиллаж чаддаг юм бэ. Чи энэ дэлхийн хүн биш харь гарагийнх” гэдэг юм /инээв/. Миний хань боловсролын салбарын хүн учраас намайг их ойлгож дэмждэг. Хувь, хувьсгалын аль ч ажлаа цалгардуулахгүй байхын тулд би нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттай байхыг зорьдог. Ингэхдээ бусдын л адил түгжрэлийг хүртэл тооцоолдог. Бас цахим орчинд их цаг зарцуулахгүй байх зарчим баритлахаас аргагүй байдалд орсон. Монголчууд цахим орчинд маш их цаг зарцуулдаг гэдэг судалгаанд хувьдаа эмзэглэж явдаг. Орчин үед зохион байгуулалттай байхын тулд цахим орчны хэрэглээгээ зөв байлгахыг эрмэлзээрэй гэж хувийн зүгээс залуустаа зөвлөмөөр байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна