УИХ-ын гишүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Ч.УНДРАМТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Энэ удаагийн парламент хэрхэн ажиллав, үүргээ гүйцэтгэж чадсан гэж бодож байна уу?
-Энэ парламент ихээхэн онцлогтой цаг үед ажиллалаа. Юуны өмнө дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулсан. Олон улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн гэх зэрэг хүнд нөхцөл байдалд ажиллалаа. Ийм цаг үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тогтолцооны шинэчлэлээс гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, банк, хөдөлмөрийн тухай, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон шүүхийн хуулийг тус тус шинэчлэн баталлаа. Товчхондоо, бидний бүрдүүлсэн парламент өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэн засах эрх зүйн шинэтгэлийг эхлүүлсэн гэж ойлгож болно. Эдгээр хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг 5Ш ажиллагаа зэрэг чөлөөт ардчилсан тогтолцоогоо бэхжүүлж, хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичгийг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, шүүхийн шинэчлэлийг эхлүүллээ.
-Та 2020 онд УИХ-д анх удаа сонгогдож, парламентын бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэвэл?
-Багшийн ширээнээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний хувьд Боловсролын салбарын хууль, Эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засагчийн хувьд урт хугацааны хөгжлийн тогтвортой бодлогыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах зорилго тавьж ажилласан. Бид боловсролын багц хуулийг гурван жилийн турш 21 аймаг, есөн дүүргийн салбарын төлөөлөл, сонирхогч талуудын хамт хэлэлцүүлж шинээр эх хууль болгон баталсан. Мөн мөнгөний, төсвийн, хүнсний салбарын бодлого зэрэг улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралтай шууд холбоотой хууль, тогтоомжид мэргэжлийн хүний байр сууриас гар бие оролцлоо. Хүнсний салбарт онцолбол Ковидын хүнд хэцүү үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж, НӨАТ-аас чөлөөлөх хууль санаачлан батлуулсан. Хүн амын эрүүл мэндийг хангах, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж батлуулсан бөгөөд үүний хүрээнд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн ААНОАТ-ыг эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жил 50 хувь тус тус хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.
-Боловсролын салбарт хууль эрх зүйн шинэчлэлээс гадна шийдвэрлэх шаардлагатай зүйл олон байсан. Тэдгээрийг шийдвэрлэхэд та хэрхэн оролцсон бэ?
-Боловсролын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлээс гадна өөр тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байсан. Үүний нэг нь 21 аймгийн 330 сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн 815 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солиход шаардагдах 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг санаачлан шийдвэрлүүллээ. Энэ бол жижиг асуудал огт биш, сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа хэдэн зуун мянган хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ахуйн соёлын асуудал шийдэгдэж байгаа юм. Жил бүр олон мянган хүүхэд гепатит вирус, гэдэсний суулгалт, зарим нь насан туршийн үр дагавартай өвчин тусаж олноороо амь эрсэддэг, ханиад томуу тусдаг, хүчирхийлэлд өртдөг, халтирч гэмтдэг зэрэг олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил юм.
Сонгогдсон тойрог Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад хими, физик, биологийн лаборториуд, хөдөлмөрийн кабинет байгуулсан. Эдгээр лабораторийн тоног төхөөрөмжийн хэрэглээг дэмжих “Super science selenge” уралдаант хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ. Амьдрал ахуйдаа тулгарсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх технологийн шийдлүүдийг дэвшүүлсэн уралдаанд 500 гаруй хүүхэд хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчин гэх мэт олон чиглэлээр оролцсон. Үүний дараа Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарлахад Сэлэнгэ аймгаас дөрвөн баг шагналт байрт шалгарч маш амжилттай оролцсон.
Цар тахлын хүндхэн үед аймгийн хэмжээнд хичээлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэхийн тулд “E-LAB” цахим сургалтыг нэвтрүүлж, ахлах ангийн 1000 гаруй сурагчийг зургаан төрлийн хичээлд найман сарын турш хамрууллаа. Ингэхийн тулд Улаанбаатарт математик, физик, англи хэлний чиглэлийн тэргүүний багш, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдэх 150 хүний бүрэлдэхүүнтэй багийг Сэлэнгэ аймагт ажиллуулсан. Үүний үр дүнд манай аймгийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтдаа ахиц гаргаж 13 хүүхэд 800 оноо авсан бөгөөд тэдгээр хүүхдэд хувийн зүгээс сургалтын тэтгэлэг гардуулсан.
Ирээдүйн шинжлэх ухаан, инженер суурьтай мэргэжилтнүүдийг бэлтгэх алсын зорилгын хүрээнд эдгээр ажлыг олон жилийн турш системтэй хийж ирсэн бөгөөд бас нэг холбогдох том ажил нь аймгийнхаа ерөнхий боловсролын 35 сургуулийн захирлыг өөрийн сурч, докторын зэрэг хамгаалсан Япон улсын эзэн хааны өргөмжит Нагояагийн их сургуульд туршлага судлуулж, сургалтад хамруулсан.
Хүүхдэд шинжлэх ухааны суурь мэдлэг, бүтээлч сэтгэлгээг цэцэрлэгээс нь олгох ёстой. Тиймээс цэцэрлэгүүддээ “STEAM” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн, 2024 онд бүх цэцэрлэгийг хамруулна.
Сэлэнгэ аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван төв байдаг. Үүнээс Сүхбаатар суманд байрлах МСҮТ-д Япон улсын дэлхийн топ брэндийн хувцас үйлдвэрлэхэд ашигладаг ухаалаг, цахилгаан оёдлын машин 10-ыг, “Мобиком” компанийн дэмжлэгтэйгээр өгч Япон улсын нарийн мэргэжлийн инженер урьж авчран суурилуулж сургалт зохион байгуулж оёдолчдыг бэлтгэж эхэлсэн. Мөн тус МСҮТ-д автомашин засварын машин өргөгч, компьютер оношилгоо, хийн буу, иж бүрэн багаж зэрэг 13 нэр төрлийн техник тоног төхөөрөмжөөр хангасан.
Засгийн газраас ХААИС-ийн салбар Политехникийн коллежийг Сүхбаатар, Шаамар суманд байрлах МСҮТ-ийг түшиглэн байгуулах тогтоол гарч, цаашид хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Боловсролын салбараас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд салбарын зовлон жаргалыг ойлгодог, салбарын хамт олонтойгоо сэтгэл нэгтэй хамтран ажиллаж ирсэн болохоор СӨБ, ЕБС, МСҮТ, их сургууль, Насан туршийн боловсролын төвүүд, БСШУЯ, аймгийн боловсролын газрын хамт олонтойгоо энэ бүхнийг хийж хэрэгжүүллээ.
-Боловсролын багц хуулийг шинэчлэн батлахад таны оролцоо хамгийн өндөр байсан гэхэд болно. Энэ хуулийн тухайд нийгэм ихээхэн эерэг хандлагатай байгаа ч бас шүүмжлэл бий?
-Боловсролын тухай хууль нь Монгол Улсын ирээдүйг хэрхэн бэлтгэх вэ гэдэг том асуудал учраас хүн бүхэнд хамаатай. Монгол Улсын боловсролын салбарт нэг асуудал байгаа нь тэгш бус байдал. Хамгийн гол нь боловсролын тухай хуулийн үзэл баримтлал нь хүүхэд хаана, хэнийд төрж өссөн, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэгээс үл хамаарч тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших ёстой гэдэг дээр суурилж байгаа. Өнөөгийн нийгэмд хувийн сургууль, улсын сургуулийн ялгаанаас үүдэж боловсролын зөрүүтэй хүүхдүүд их сургууль, тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөж байна. Ийм ялгаа англи хэлний мэдлэг дээр хамгийн их гардаг судалгаа бий. Математик, хими, физик зэрэг хичээл батлагдсан хөтөлбөрөөр ямар ч түвшний сургуульд адилхан хэмжээнд заах боломжтой. Харин англи хэл бол тийм биш. Дэлхийн шинжлэх ухааны ололт амжилт, нээлтүүдийн 90 хувь нь англи хэлээр нийтлэгддэг. Бид энэ мэдлэгээс суралцаж, шинжлэх ухаанд үндэслэн хөгжихийг хүсвэл англи хэл сурах зайлшгүй шаардлагатай. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүүхэд дэлхийн ТОП их сургуульд тэнцэх, улмаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өндөр магадлалтай байдаг. Тиймээс эцэг, эхчүүд их хэмжээний мөнгө төлж хүүхдээ хувийн сургуульд сургаж байна. Бид бүх хүүхдэд дэлхийн хүн болох боломж олгохын тулд “Үндсэн гадаад хэл бол англи хэл байна” гэж хуульчилсан.
-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Үүнд та ямар оролцоотой ажиллаж байна. Орон нутагт хэр өрнөж байх юм?
-Шинэ сэргэлтийн бодлого орон нутагт хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Боомтын сэргэлтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын барилга байгууламж, зам харгуйг барьж ашиглалтад оруулж байна. Сэлэнгэ аймгийн иргэд хойд хөрштэй ажил хэрэг, бизнесийн зэрэг олон талаар хамтран ажилладаг. Тиймээс Боомтын сэргэлт төдийгүй Алтанбулаг сумыг “Жишиг сум” болгох зорилготой ажиллаж сумын ерөнхий төлөвлөгөөг батлуулж тодорхой зардлыг улсын төсөвт суулгаж ажил нь явагдаж байна. Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч байна. Мөн цаашид Зэлтэрийн боомтыг нээхээр хэлэлцээр хийгдэж байна. Шаамар сумаас Зүүнбүрэн, Цагааннуур сумдаар дайрч Түшиг, Зэлтэрийн боомт хүртэл 130 километр хатуу хучилттай авто замыг тавьж байгаа нь удахгүй ашиглалтад орно.
-Газар тариалангийн бүс нутагт ямар бодлого барьж ажиллав?
-Газар тариалангийн бүс нутгууд нь Монголын ард түмнийг талх тариатай, эрүүл ногоотой байлгаж байгаа стратегийн ач холбогдол бүхий газар нутаг. Хэрвээ бид өөрсдөө тариа будаагаа тарихгүй бол гаднаас талхаа авах хэмжээнд очно. Энэ утгаараа Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн тариаланчид, ногоочид, зөгийчид, малчид, фермерүүд, үйлдвэрлэгчид нь хүнсний аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг ард түмэн. Дээр дурдсан хоёр хуулийг санаачлан батлуулахаас гадна Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан, хэлэлцэх шатандаа явж байна. Мөн газар тариалангийн бүс нутагт тулгардаг том асуудал бол малчид тариаланчдын дунд газрын маргаан их гардаг. Тэгэхээр энэ хуулиар малчдад газрыг нь эзэмшүүлээд өөрсдийнхөө газарт малынхаа тэжээлээс эхлээд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих эрхийг өгөхийн зэрэгцээ газраа нөхөн сэргээх, хөрсөө хамгаалах үүргийг өгч байна. Ингэснээр малчид өөрийн эзэмшиж буй газраа бүрэн ашиглах, ашиг шимийг нь хүртэх, хайрлан хамгаалах, нөхөн сэргээх эрх, үүрэгтэй болсноор зэргэлдээ тариаланчдын газар руу орох шаардлагагүй болно.
-Таны ярианаас сонсож байхад өнгөрсөн хугацаанд парламент болон хувь гишүүний зүгээс олон ажил амжуулжээ. Харин дараагийн парламентын түвшинд ямар, ямар ажил хийж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна вэ?
-УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачлах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих. Бид өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн шинж чанартай олон хууль баталсан. Одоо энэ хуулиудын хэрэгжилтийг хангуулж хяналт тавих ёстой. Батлагдаж гарсан хуулиуд амьдрал дээр хэрэгжээд эхлэхээр давхардал, хийдэл гардаг. Үүнийгээ засаж сайжруулаад цааш явна. Төгс зүйл гэж байхгүй шүү дээ. Өнөөдөр эдийн засаг сайжирч, 6.5 хувиар өсөж, Монгол Улсын төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа ч өрхийн орлогод нөлөөлөхгүй байна. Тэгэхээр эдийн засгийн бодлогыг зөв голдиролд оруулах шаардлагатай. Төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулахаас эхлээд олон зүйл байгаа. Өнгөрсөн хугацааг цар тахал, дэлхийн улс төрийн нөхцөл байдалтай холбон ярьж болох ч ирэх 2024 оны төсвийг харахад мөнгөний бодлого нь чангарч, зээлийн хүү өсөх хандлагатай байна. Ийм бодлогоор цааш явах юм бол ард иргэдийн бодит орлого өсөхгүй. Томоохон эдийн засгийн өсөлтийг иргэддээ мэдрүүлэх ёстой. Татварын тогтолцоог уг үндсээр нь авч үзэхгүй бол цааш явахгүй. 2024 оны сонгуулиар шинээр бүрдэх парламент энэ мэт зүйлд анхаарч ажиллах шаардлагатай.
-Парламентын нэр хүндийг дээшлүүлэхэд таны бодлоор ямар чиглэл барих ёстой гэж та бодож байна вэ?
-Парламентад өндөр боловсролтой, салбартаа туршлагажсан, мэргэшсэн, төрийн тогтолцоог мэддэг, төлөвшсөн, санхүүгийн хувьд хараат бус хүн орж ажиллах ёстой гэж харагддаг. Хууль боловсруулах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг учраас бичиг цаас боловсруулж, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, хувийн ашиг сонирхолгүй, нийгмийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлтэй хүн байх нь чухал. Дэлхийн улс орнуудын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал олон эерэг өөрчлөлтийг бий болгож байна. Тиймээс жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах нь нийгмийн асуудлыг тал талаас нь зөв, зөөлөн бодлогоор цэгцтэй авч явахад нөлөөлнө.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна