Мэндчилгээ


Эх орон нэгтэй элгэн садан ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа,

Та бүхэндээ “Хилэнт эх” хэмээх модон хөх луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өлзийт жилийн ерөөл бэлэг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? 

Улиран одож буй усан туулай жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа харамгүй хайрлалаа. Улсын эдийн засаг шинэ сэргэлтийн замдаа орж, нийгэм, улс төр шинэтгэл-ийн эрч хүчээр давлагаалсан, цэгцрэх цагийн аяс нэгэнт тодорхой болсон нь туулай жилийн онцлог байлаа. 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрлээ. Түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларын экспорт хийж, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Төсвийн орлого 6.0 их наяд төгрөгөөр өсөж, гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрлээ. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болоод байна.

Энэ бол Монгол Улсын Их Хурлаас “ард түмэн засаглах” эрхийг хангахын төлөөх шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, засаглалын тогтолцоонд хийсэн эрх зүйн шинэчлэл, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй нийт олноороо хамтран тэмцсэний бодит үр дүн юм.

“Хөгжлийн банкны”, “Нүүрс­ний”, “Ногоон автобусны” гэх мэт хэргүүд, хулгай, луйврын үйлдлүүд ээлж дараалан илэрлээ. Тэр хэрээр хулгайлагдсан боломжууд улс орондоо, ард түмэндээ эргэн ирж, өсөлт өгөөж нэмэгдэж байна. 

Улсын Их Хурал хууль тог­тоох үйл явцад олон ний­тийн оролцоог хангадаг, хуулийн хэрэгжилтэд ард түмэнтэйгээ хамтран хяналт тавьдаг цоо шинэ тогтолцоонд шилжлээ. Хариуцлага, хяналтын тогтол­цоо босоогоос хэвтээ чиглэлд шилжсэний үр дүнд аливаа хулгай, худлын бусармаг үйлдлүүд ард түмэн, нийт нийгмийн хурц хараа, шударга шүүлтүүрээс бултан зайлах боломжгүй болж байна. Энэ үйл явц хөх луу жилд улам эрч хүчээ авах нь нэгэнт тодорхой боллоо.

Эрчим, итгэлээр цэнэг­лэгд­сэн, шударга ёсны төлөөх нийт монголчуудын тэмцэл эргэлт буцалтгүй их хөдөлгөөн болон өрнөж байна. Энэ их хүчийг хэн ч, юу ч зогсоож чадахгүй бөгөөд цаашдаа улс орноо, төр засгаа, нийт нийгмээ цэвэрлэн цэгцлэх цэгцрэх хөдөлгөөн болж эрчилнэ.

Тиймээс хөх луу жилд юуны өмнө хулгай луйвар, худал хуурмагийг илчлэн зохих хариуцлага, тохирох шийтгэлийг оноож, шударга үнэний дархлаа бий болгох нь нэн чухал зорилт байх болно. Түүнчлэн нэгэнт бий болж буй эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлэх, монгол хүн бүр, монгол айл болгоны амьжиргаанд өгөөж болгож шингээхийн төлөө тууштай чармайна.

Иргэндээ, баялаг бүтээгч­дэдээ ээлтэй татварын бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн үрэлгэн байдал, үр ашиггүй тогтолцоог халах Нийтийн буюу төрийн санхүүгийн шинэчлэл зайлшгүй чухал зорилт байх болно. 

Эдгээр зорилгод энэ жил болох Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль онцгой чухал ач холбогдолтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон тогтолцооны томоохон өөрчлөлтүүд, бүсчилсэн хөгжлийн бодлогыг амилуулах энэ түүхэн сонголтод нэн хариуцлагатай хандахыг хүндэт ард иргэд та бүхэндээ хандан уриалж байна. 

Таван эрдэнэ мал сүрэг, нүүдэлчдийн давтагдашгүй гайхам соёлыг өвлөн тээсэн малчин түмэн бол Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэг бат багана юм. 

2023 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр Монгол Улсын хэмжээнд 64.7 сая мал тоологджээ. Энэ бол өмнөх оноос тооны хувьд буурсан үзүүлэлт хэдий ч малчид маань малын тоог биш, чанарыг чухалчилж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Ашиг шим сайтай, эрүүл, үүлдэрлэг мал сүрэгтэй болж гэмээнэ малчин түмний амьдралд дэвшил гарна.

Үүний тулд шинэ нүүдэлхийх гарцаагүй шаардлага бий болоод байна. Энэ нүүдэл мал-малчин-бэлчээр гурвын харилцан шүтэлцээг хангасан, хамтын хөдөлмөр, зөв менежментэд суурилсан байх ёстой. Монголын хөдөөд шинэтгэл хийх энэ их үйлсэд малчин түмэн минь итгэл сэтгэлээ бүрнээ нэгтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Эрхэм хүндэт монголчууд аа,

Өвлийг өнтэй давж, урин цагийн түрүүчтэй золгон, хөх луу жилээ бид ийнхүү угтаж байна. Луу жилийн бэлгэдэл нь хүчирхэг байдал, хүндэтгэл, баяр баясгалан байдаг хэмээн дорнын зурхайд өгүүлжээ. 

Тиймээс Монгол даяар өрнөж буй цэгцрэх хөдөлгөөн Хөх Монголын хүчирхэгжин мандахын угтал болох болтугай.

Өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн гайхамшигт эх орон, түүх, соёлдоо, монгол хүн монгол хүндээ хайртай байх их хүндэтгэл төгс оршиг ээ.

Хүчирхэг, хүндэтгэл дүүрэн Монгол Улсын бүрэн эрхт эзэн Монголын ард түмэн ямагт баяр баясгалан бялхам байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын ЗАНДАНШАТАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 4 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 4 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 9 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 11 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 11 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр