Шинийг эрэлхийлэгч
“Захиалагчийнхаа итгэлийг алдахгүйн тулд өөрөөс гарах бүхий л хүч, ур чадвар, уран сэтгэмжээ бүрэн дайчилдаг. Үйл урлаж суухдаа хамгийн сайн сайхан зүйлийг бодож ерөөн сэтгэлээ шингээдэг. Хэн хэн нь л нүүр бардам байх ёстой шүү дээ” хэмээн догдлол дүүрэн ярих энэ хүн бол Монгол Улсын уран хатгамалч, өвлөн уламжлагч Б.Болорцэцэг. Энэ бүсгүй уран хамтгамалчдын үндэсний IV уралдаанд соёлын өвийн бүтээлч үйлдвэрлэлийн төрөлд бүтээлээ сойж тэргүүн байр эзлэн Монгол Улсын уран хатгамалч хэмээх цолын эзэн болжээ. ...тэргүүн байр Завхан аймгийн хатгамалч Б.Болорцэцэг” хэмээн дуудахад сэтгэл нь хөдөлж баярын нулимс унагажээ.
Тэрбээр “Хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан урласан бүтээлийг маань шударгаар үнэлсэнд баярлаад бүр уйлсан. Хөдөлмөрөө үнэлүүлэх нь үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж байдаг юм билээ. Анх удаа томоохон хэмжээний уралдаанд оролцож тэргүүн байр эзлээд зогсохгүй хариуцлагатай том цол хүртсэндээ туйлын баяртай байгаа. Энэхүү шагнал урамшуулал бол миний хувьд том хариуцлага, хүчтэй ташуур болсон. Цаашид би илүү их хичээж чанар чансаатай, шинэ содон бүтээл урлахын төлөө хичээн ажиллана” хэмээн сэтгэгдлээ хуваалцаад тус уралдаан оролцогчдод урам зориг өгөхөөс гадна харилцаа холбоо, хамтын ажиллагаа тогтоох зэрэг олон боломж нээж өгсөн гэлээ.
Уран сэтгэмж, ур чадвараа гарган урласан түүний бүтээл нь зүү ороох оёдолтой ээмэг, бөгж, зүүлт, мөн энгэрийн зүү байв. Өөрийн сэтгэсэн шинэ шийдэл санаагаа бодит болгосон тул шүүгчид түүний бүтээлийг өндрөөр үнэлжээ. Аялагчид аялсан улс орон, газар нутгаасаа дурсгалын зүйлс худалдан авдаг учраас тэдэнд зориулж овор хэмжээ багатай, үнэ боломжийн хэрнээ үргэлж үнэ цэнтэй байх бүтээл урлахыг зорьжээ. Зөвхөн даалин дээр л зүү ороодог гэсэн хуучны арга, хэвшмэл ойлголтыг эвдэж бүх төрлийн материал дээр хатгаж буйн нэг жишээ бол энэ юм.
Б.Болорцэцэгийн урлах эрдмээ эхлүүлсэн үе нь 2016 он. Тодруулбал, тухайн үед Завхан аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга зүү ороох гурван өдрийн сургалт зохион байгуулж, түүнд хамрагдаж эхлэл сууриа тавьснаар амьдралаа залгуулдаг албан ёсны ажилтай болжээ. Өнгөрсөн хугацаанд 150 гаруй даалин, хэдэн зуун хавтага, зоосон ширээний сүлжмэл зэргийг урласан байна. Мөн орчин үеийн залуучуудын хэрэглээ, хүсэл сонирхолд нийцүүлэн дээл, бүс, гутал зэрэг хувцас хэрэглэл дээр хамтгамал урлах болжээ. Бүтээлийнхээ загварыг гаргах, эсгэх, оёх, зүү ороох гэх мэт бүх шат дамжлагыг нэг бүрчлэн өөрөө хийдэг бөгөөд амьтны дүрсийг амьд юм шиг тод харуулахын тулд зүү ороохтой задгай хатгамлыг хослуулдаг байна. Урлаж буй бүтээлийн овор хэмжээ, хийц зэргээс хамаарч хамгийн багадаа хоёр, түүнээс ч олон хоног зарцуулдгийг тэрбээр ярьсан юм. Б.Болорцэцэг хүсэл сонирхлынхоо дагуу, захиалагчийн хүсэлтээр бүтээл урлахаас гадна өвлүүлэн уламжлагч гэдэг хүлээсэн үүргээрээ сурах хүсэл өвөртлөн ирсэн хэн бүхэнд мэдсэн сурсан, мэддэг чаддагаа харамгүй хэлж өгсөөр одоогоор 200 гаруй шавьтай болсон байна.
Тэрбээр зүү ороох хатгамлын талаар тодорхой ойлголтгүй байхдаа бүдүүн утсаар нөхөртөө хамгийн анх даалин урлаж өгч байжээ. Энэхүү даалингаа одоо урлаж буй бүтээлтэйгээ харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай байдаг тухай инээд алдан ярив. Б.Болорцэцэг “Би чанар бас дахин чанар гэдэг зарчим баримталдаг учраас нейлонтой бус дандаа цэвэр торгон утас хэрэглэдэг. Бүтээл маань нэг удаагийнх бус насан туршийнх, үе дамжин өвлөгдөх учраас олон жилийн эдэлгээ даахуйц хэмжээний чанартай байх ёстой. Тиймээс сайн чанарын торго, утас ашигладаг. Мөн харахад өнгөний зөв зохицолтой, загварлаг, шинэлэг байх ёстой учраас түгээмэл биш хээ угалз хатгахыг илүүд үздэг” хэмээгээд цаашид бүтээл дээрээ урлаж буй амьтны дүрсийг 3D хэлбэрээр хатгаж, амьд мэт харагдуулах шийдлийг эрэлхийлж буй, мөн өөрийн гэсэн урлантай болж, бүтээлийн урын сантай болох зорилго тавьсан тухайгаа хуваалцав.
Ийн ажил, амьдралынхаа талаар хөөрөлдөн суухдаа зоосон ширээ сүлжиж байв. Зоосон ширээг гэр бүлийнхэн нь хүртэл сүлждэг болжээ. Ялангуяа аравдугаар ангийн сурагч охин нь гар урлалд илүү сонирхолтой тул хавтага зэргийг урладаг болжээ.
Уран хатгамалч гэр бүл
Дараагийн онцлон танилцуулах хатгамалч бол Монгол Улсын уран хатгамалч гэр бүл юм. Тэдний урлангийн хананд байрлах олон өргөмжлөл дундаас модоор хийсэн мэт харагдах Монгол үндэсний хувцастай хүү, охин хоёрыг дүрсэлсэн арьсан бүтээл нүдэнд тод тусав. Урлангийн эзэн, чимэглэл зураач Г.Чинбаяр дээр дурдсан уран хатгамалчдын үндэсний IV уралдаанд оролцон мартагдсан соёлын өвийг сэргээж урласан бүтээл төрлөөр тэргүүн байр эзэлж Монгол Улсын уран хатгамалч цол хүртсэн байна. Харин түүний эхнэр Г.Саранчимэг 2018 онд зохион байгуулсан уран хатгамалчдын улсын гуравдугаар уралдаанд зээг даруулах төрлөөр тэргүүн байр эзэлж, мөн адил Монгол Улсын уран хатгамалч болж байжээ.
Мартагдсан соёлын өвийг сэргээж урласан гэдэг нь Богд хааны үеийн төрийн түшээдийн гутал хувцас дээрх хатгамлыг сэргээж энэ удаад арьсан гөлмөн дээр хатгасан байна. Тэд Богд хааны өмсөж байсантай адил битүү хатгамал угалзтай монгол гутлыг анх 1999 онд урлаж байжээ. Богд хаан одоогоос 100 гаруй жилийн өмнө улсаа тунхагласнаар тухайн үеийн шилдэг 120 гаруй зураач, урчуудыг цуглуулан ёслол хүндэтгэлд өмсөх өөрийн болон хатныхаа хувцас хэрэглэлийг урлуулж байжээ. Тэдний 20 гаруй нь Богд хааны гутлыг урлаж байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэн үлджээ. Тэдний өмсөж хэрэглэж байсан зарим хувцас, хэрэглэл үнэт ховор үзмэр болон музейд хадгалагдаж буй. Гэсэн ч тэдний гутал, хувцас дээрх ардын урлалын нэгэн төрөл болох хатгамал мартагдахад хүрсэн тул Г.Чинбаяр сэргээн үр хойчдоо өвлөн уламжлуулах зорилго тавьжээ. Ингээд эхнэрийн хамтаар тухайн үеийн гутлын арга ажиллагаа, техник, оёдол хатгамлын нэр төрлийг олж мэдэхийн тулд уйгагүй судалгаа, эрэл хайгуул хийсний үр дүнд тийнхүү зорилгодоо хүрч, битүү хатгамал угалзтай монгол гутлыг урлаж байжээ. Ингэхдээ гурвуулаа хамтарч найман сарын хугацаанд гутал дээрх түмэн наст хээг зүү ороох, шаглах гэх мэт 12-16 төрлийн хатгамлаар битүү дүүргэсэн байна. Түүнээс хойш өнөөг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд маш олон хүнд ийм хатгамалтай гутал, бүс, эмээл зэргийг урлаж өгчээ. Тэдний дунд Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүн ч багтдаг байна.
Утас хагалж оёх хатгамал гэж нэрийдэн өвлүүлэн уламжлуулж буй энэхүү хатгамлын тухайд Монгол Улсын уран хатгамалч Г.Чинбаяр “Энэ төрлийн хатгамлыг арьсан дээр хатгахад илүү тохиромжтой байдаг. Утас хагалж оёх оёдлын гол мөн чанар нь хатгамлыг даруулж буй оёдлын 3/1 юм уу 4/2-ыг арьс руу нь суулгаж оруулж өгөхөд байдаг юм. Ингэж байж хэдэн үеийн эдэлгээ даах хэмжээний бат бөх болдог. Гөлөмний булигаар нь элэгдээд урагдахад утас нь яах ч үгүй яг л хэвээрээ байдаг нь манай ардын урлалын гайхамшигт шинж чанар” хэмээн тодотгосон бол түүний эхнэр, Монгол Улсын уран хатгамалч Г.Саранчимэг “Бид хоёулаа чимэглэл зураач мэргэжилтэй. 1996 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Загвар, эсгүүр, оёх, хатгах гээд бүгдийг өөрсдөө нэг бүрчлэн гараараа хийдэг. Тиймээс нэг бүтээл хийхэд багагүй хугацаа зарцуулдаг. Зарим хүн бидний хатгамлыг машиных юм уу гэж андуурдаг. Тийм л нарийн арга техник ашиглаж бүтээлээ урладаг даа” хэмээн ярилаа. Би ч мөн зарим хүний адил тэдний бүтээлийг хараад машиных гэж андуурсан, бас үнэхээр уулга алдам гайхалтай байсныг нуух юун.
Тэд онцгой олон бүтээл дундаасаа уран хатгамалч оюутан залуустай хамтран 21 цамын иж бүрэн цогц бүтээлийн бүс, гутлыг зургаан жилийн хугацаанд урласан тухайгаа онцлон дурдаж байлаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсын соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан уран хатгамалчдын үндэсний IV уралдаанд 150 орчим хүний 1000 гаруй бүтээл долоон төрөлд өрсөлдсөн бөгөөд оролцогчдын хамгийн ахмад нь 80, залуу нь 15 настай байсан юм.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна