Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.
-Сүүлийн гучаад жилд Соёлын яам тогтвортой ажиллаагүй. Тусад нь гаргаж нэг үзээд л, татан буулгаж нэг үзээд л... Уг нь уугуул үндэстэнтэй улс л бие даасан соёлын яамтай байдаг. Тэр утгаараа Монгол Улс уугуул үндэстэн бүхий улсын хувьд Соёлын яамтай байх ёстой байх. Тухайлбал, таны санаанд чухам юу багтаж байсан учраас Соёлын сайдаар ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн бэ?
-Бид үндэстэн улс. Эх хэл, өв соёл, эх түүх бол биднийг нэгтгэн үндэстэн улс болгож байдаг зүйл. Шинжлэх ухаан, антропологийн хувьд соёл бол хүнийг хүн болгодог хүчин зүйл гэж үзэх тохиолдол бий.
Тэр тусмаа тухайн улсын онцлог, соёл нь улсынхаа иргэнийг бий болгож байдаг. Монгол өв соёл, түүх, уламжлал бол монгол хүнийг монгол болгож буй гол хүчин зүйл гэсэн үг.
Бид сүүлийн 30 жил ороо бусгаа цагийг туулахдаа Соёлын яамаа нэг нээж, нэг хаах зуур өнөөдрийн монгол хүний оюун санаа, оюун санааны дархлааг бий болгогч хүчин зүйлс маань ч тогтворгүй болох нөхцөлийг бүрдүүлсэн байх магадлалтай.
Нийгмийн шилжилтийг туулах хөгжлийн явцад нэг хэсэг бидэнд хамгийн чухал нь эрүүл мэнд, боловсрол гэж үзэж байсан үе бий. Нэг үгээр бол бие физиологийн эрүүл байдал чухал гэж харж байснаас биш хүний далд оюун санааны эрүүл байдал, түүнийг буй болгодог, биднийг бусдаас ялгаатай болгодог хүчин зүйлсийг хойш эрэмбэлж ирсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэр ч утгаар энэ бүхэн хойш орхигдсоноос болоод урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж баймааж бүрэлдэн тогтдог нэгдмэл үндэстний хүчин зүйлс маань суларсан байна. Хэдийгээр Соёлын яамыг дахин байгуулж, бодлого, үйл ажиллагааг суурь судалгаанд үндэслэн богино хугацаанд эрчимтэй ажиллаж эхэлсэн нь сайшаалтай хэдий ч урт хугацаанд үр дүн, үр нөлөө харагдах юм.
Сүүлийн 30 жил төрөөс баримтлах соёлын бодлого, хэрэгжүүлэх тогтолцоо нь тогтворгүй байсны үр дагаварт өнөөдөр нийгэмд буй болоод байгаа аливаа тулгамдсан асуудал, бие биеэ үл ойлгох, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөлийн суурь нь тавигдсан байх магадлалтай. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч буюу тухайн үеийн Ерөнхий сайд Монгол Улс бие даасан Соёлын яамтай байх ёстой хэмээн шийдвэрлэсэн. Миний хувьд соёлын өвөө хадгалах, хамгаалах, хоёрдугаарт урлаг, уран сайхнаа хөгжүүлэх, үүгээр дамжуулан үндэстний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлэх ёстой гэдэг бодлогыг нэн чухал бөгөөд магадгүй хожимдож эхэлж буй бодлого юм болов уу гэж бодож сайдаар ажиллах саналыг хүлээн авсан. Цагаа олсон чухал алхам болсон.
Соёлын салбарыг бүрэн тодорхойлох, нөхцөл байдлыг үнэлэх судалгаанаас бид ажлаа эхэлсэн
-Монгол хүнийг бий болгож буй зүйл бол яах аргагүй байгаль цаг уур, түүнд зохицсон амьдрах арга, соёл, зан заншил нь юм. Сүүлийн 30 жилд монголчуудын туулсан нийгэм, сэтгэлгээний өөрчлөлтийн явцад бид уугуул өв соёлоосоо хэр холдсон байна вэ?
-Бидний уугуул соёл, үндсэн зүйл бол нүүдлийн соёл иргэншил. Бид нүүдэлчин хүмүүс. Мал маллах, малаа дагаж амьдрах байгалийн ур ухаан, энэ сав шимийг ойлгох ойлголт энэ бүхэн тэр чигээрээ монгол хүн гэдгийг бий болгож байгаа хүчин зүйл. Бид суурьшмал иргэншилд хурдацтай шилжиж байгаагаас болоод үндсэн ахуйгаасаа холдож буй нөхцөл бодитой байна. Өнөөдөр нийт хүн амын маань 70 хувь нь суурьшмал амьдралтай байна. Гэхдээ нэг сонирхолтой нь залуучууд, залуу хойч үе маань дэлхий дахин даяаршиж буй нөхцөлд өөр олон улсын соёлуудтай харилцаж сурахын хэрээр өөрийн соёлоороо бахархах, гоёх, үүнийгээ мэдэх хүсэл сонирхол нь нэмэгдэж байгаа чиг хандлага судалгааны дүнд гарч ирсэн. Энд нэг зүйлийг эхлээд тайлбарлахад Соёлын яамны бодлого энд тэнд бусад яамны хавсарга байдлаар явж ирсэнтэй холбоотойгоор салбарын баримт бичиг гэх зүйлгүй, дорвитой судалгаа ч үгүй явж иржээ. Төсвөөс цалинждаг соёл, урлагийн хэдэн байгууллагаар л энэ салбарыг олон нийт төсөөлж байсан. Гэтэл хувийн хэвшил, чөлөөт уран бүтээлчид, авьяас суурьтай оюуны өмч бүтээгчид гээд өргөн цар хүрээтэй салбар. Түүнчлэн дэлхий дахинд эдийн засгийн эргэлт соёл, урлаг суурьтай бүтээлч үйлдвэрлэлд шилжиж байгаа учраас хөл нийлүүлэх хэрэгцээ, шаардлага чухал тул юуны түрүүнд соёлын салбарыг бүрэн тодорхойлох, нөхцөл байдлыг үнэлэх судалгаанаас бид ажлаа эхэлсэн юм. Тэр судалгааны нэг нь үндэсний нэгдмэл үнэт зүйлийн судалгаа байсан. Яагаад гэвэл, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан есөн бодлогын нэг нь үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд чиглэж байгаа төдийгүй энэ нь бүхэлдээ манай яамны бодлого, чиглэлтэй уялдаж байсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээнүүд авах вэ гэдгийг тодорхойлохын тулд суурь судалгаа хийж байж агуулгаа бүрэн ойлгосон.
-Үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэгт юуг багтааж ойлгох вэ. Энэ маш чухал гэдгийг ямар нэг тайлбаргүйгээр ерөнхийд нь ойлгож болох ч тун өргөн хүрээг хамрах ухагдахуун шүү дээ. Тухайлбал, чухал аль хэсэг нь яагаад соёлын бодлоготой хамааралтайг дэлгэрүүлэн тайлбарлана уу. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь байх?
-Үндэсний нэгдмэл үнэт зүйл бол онолын талаас соёлын нэгдмэл байдал, улс төрийн нэгдмэл байдал, эдийн засгийн нэгдмэл байдал, нийгмийн нэгдмэл байдал бүтэн байж бэхэждэг гэж үздэг. Гэтэл судалгаа хийгээд үзтэл манай үндэсний нэгдмэл байдал маань 49 хувьтай гэж гарсан. Энэ бол анхаарах шаардлагатай тоо. Улс төрийн нэгдмэл байдал гэхэд л бид тэр түвшинд хэр ойлголцолтой байна вэ гэдгээс хамаарах бол эдийн засгийн нэгдмэл байдал маань тухайлбал, эдийн засгийн бүтцээ “Уул уурхай бол манай ирээдүй юм” гэж хүлээн зөвшөөрч байгаа эсэхээс хамаарна. Тэгвэл бидний чиг үүрэгт хамаарах соёлын нэгдмэл байдлын түвшинг тодорхойлохын тулд 80 гаруй индекст судалгаагаа үргэлжлүүлсэн. Судалгаанаас үзэхэд нэгдүгээрт түүх соёл, өв уламжлал, ёс заншлын нэгдмэл байдал хамгийн өндөр буюу 64 хувь гарсан. Тиймээс соёлын нэгдмэл байдлаасаа эхлэн сууриа бүрдүүлж байж үндэсний нэгдмэл байдал руу зорих ёстой юм байна гэж дүгнэсэн.
Нэгдүгээрт, дэлхийд монгол соёлоо таниулж, Монголоороо бахархуулах, соёлын өв, соёл урлагаараа дамжуулан үүнийг хийх ёстой юм байна. Хоёрдугаарт, соён гэгээрлийн ажлыг хийх ёстой. Гуравдугаарт, монгол хэл бичгээ сайн сургахад анхаарч, нүүдлийн соёл иргэншлээ илүү таниулах хэрэгтэй юм байна гэх зэргээр ажлын маань чиглэл суурь судалгааны үр дүнд үндэслэн гараад ирсэн учраас үүнийг зөвхөн дараалалд оруулж, зөв төлөвлөж, хэрэгжүүлж чадах юм бол хүүхэд залуус маань уугуул нүүдлийн соёл иргэншил рүүгээ илүү ойртох боломжтой гэж дүгнэсэн.
Манай өвлөн уламжлагч нар маань бидний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бататгах, цаашлаад оршин тогтнохуйн баталгаа язгуур хэлбэрээр нь суурийг сайн хадгалж иржээ гэсэн дүгнэлт гарч ирсэн. Тэгэхээр бидэнд алдагдсан зүйл байгаа ч сүүлийн 30 жилийн хугацаанд өв тээгчид маань болон соёл урлагийн салбарынхан маань хангалттай сайн байжээ гэсэн дүр зураг харагдаж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөд соёлын үйлчилгээг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна
-Бид уугуул, нүүдлийн соёл иргэншлээ авч үлдэхийн тулд өв соёлоо үзмэр шиг шилэн хоргонд оруулж болохгүй. Тэгвэл үүнд “заналхийлж” байгаа хүчин зүйл юу вэ. Мөн өнөөдрийг хүртэл хадгалж, тээж авчрахад нөлөөлсөн хүчин зүйл вэ?
-Соёлоо авч үлдэх хамгийн чухал зүйл юу вэ гэхээр соёл хэрэглээнд орох явдал. Соёл хэрэглээнд орж байж оршин тогтнох баталгааг олдог. Соёл дотор бидний биет бус өв, зан заншил, эх хэл, эх түүх, урлаг бүгд тээгдээд явж байгаа. Соёлоо хэрэглээнд оруулах нь гурван үе шаттай. Яг байгаа чигээр нь, эртний үед үүссэн байдлаар нь буюу язгуур хэлбэрээр нь “консерволж” хадгалж авч үлдэх ёстой соёл. Дахиад нэг хэсэг нь тухайн соёлыг хэрэглээнд оруулж, өнөөгийн амьдралын хэв маягтай хослуулан дахин шинэчилж авч үлдэх хэсэг. Соёл гэдэг өдөр тутам хэрэглээнд ороод цаг үедээ уусаад өөрчлөгдөөд л явж байдаг зүйл юм. Тогтмол оршдог зүйл биш. Дахин шинэчлэгдээд хувьсаж өөрчлөгдөөд явж байдаг хөдөлгөөнтэй зүйл. Тэгэхээр бид хэрэглээнд оруулахын тулд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэл эрхэлж буй уран бүтээлч, үйлдвэрлэгч нартаа соёлын өвийг хэрэглээнд оруулахад нь ойрхон болгох нөхцөлийг бий болгох, эрдэмтэн судлаач нарт мэдлэг шилжүүлэх шаардлагатай. Монгол гэр гэхэд байгаа чигээрээ хадгалагдах ёстой, бас өнөөгийн амьдралын хөгжлийн хэв маягт нийцэн технологи, инновацад орж хөгжиж явах ёстой. Бүтээлч үйлдвэрлэл гэдэг нь соёлын өвийг хүний ур чадвар, авьяас билэг, техник технологитой уялдуулаад шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйл явц. Тэгэхээр бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, соёлын өвөө, түүх соёлоо хэрэглээнд оруулж, өнөөгийн залуу үеийнхний хэрэглэж буй платформ, орчинд нь нийцсэн шинэ төрлийн зүйл болгон хувиргаж явах тусмаа соёлоо хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах давуу тал үүснэ.
Мөн яг анхных нь хэлбэрээр таниулах чухал өв бас бий. Тийм ч учраас “Нүүдэлчин” нүүдлийн соёлын фестивалийг зохион байгуулж байгаа юм. Бид нүүдлийн соёл иргэншлийн төв улс байсаар ирсэн, цаашид нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалах үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсээр байх болно. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь дэлхий дахинд нүүдлийн соёл иргэншлийг таниулах, ижил төстэй соёлтой улс орнуудыг зочноор урьж оролцуулах, улмаар хүүхэд залууст, нүүдлийн соёл, мал аж ахуй, зан заншлыг өвлүүлэх явдал. Тиймээс 21 аймгаас биет бус өвийн өвлөн уламжлагч нар маань мал ахуйтайгаа нэг дор цуглаж байгаа нь онцлог юм.
Таны асуулт руу буцаад ороход “Ер нь юу аюултай юм шиг санагдаж байна вэ” гэвэл бид мал аж ахуй, нүүдэлчин амьдралаасаа холдох юм бол уугуул монгол хүн гэдэг ухагдахуун, дахиад оюун санааны тэр нөхцөл байдал маань холдоно. Бид суурьшмал соёлтой хүмүүстэй л адилхан болно гэсэн үг. Дэлхий дахинаа суурьшмал соёлтой хүмүүс байна. Тэр хүмүүс бүгдээрээ ижилхэн болж байна. Тэр утгаараа бид мал маллах ухаанаасаа холдох юм бол өөрийн үндсэн онцлог, ялгарах шинж чанараасаа холдох юм. Тэгэхээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аль болох төвлөрлийг сааруулах, хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг дэмжих, үүнийг дагаад хөдөөд соёлын үйлчилгээг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Аль болох малчин ард түмнээ тухайн нутагтаа тавтай тухтай амьдрах боломжийг бий болгож, мал маллах ухаан маань өвлөгдөж явах тусам уугуул соёл маань тогтвортой байх суурь тавигдах юм.
-Тэгэхээр л яг эдийн засгийн асуудал руу орох болно. Хөдөө аж ахуй, тэр тусмаа мал аж ахуй илүү өгөөжтэй байж гэмээнэ тэнд хүмүүс малаа дагаад бэлчээрт нүүн амьдрах болно. Одоо бол аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайг гурвууланг нь тэргүүлэх салбар гээд зарласан ч бодит байдалд хөдөө аж ахуй тийм ч өгөөжтэй салбар биш байна. Дэлхий дахинд угаасаа хөдөө аж ахуй эрхлэгчид цөөрч, суурьшмал хүмүүс нэмэгдсээр байгаа шүү дээ.
-Монгол Улс тэргүүлэх чиглэлээ нэгэнт тодорхойлсон. Хөдөө аж ахуй бол тэргүүлэх салбарын нэг мөн боловч цаашид эдийн засгийн бүтцээ зөв тодорхойлох ёстой гэж бодож байна. Тэр нь юу гэхээр дан ганц тэргүүлэх чиглэл гэхээс илүү тэр дотроо ямар зүйл рүү илүү анхаарлаа төвлөрүүлж явбал өрсөлдөх чадвар бий болох вэ гэдгээ тодорхойлох чухал. Мал аж ахуй гээд ярихаар өнөөдрийн бүтэн зургаараа явбал ямар өгөөжтэй байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Яг мал аж ахуйн хувьд миний бодол гэвэл бидэнд гурван чиглэл байна. Хэрэв үнэхээр бүтцээ тодорхойлоод махны чиглэлээр түлхүү хөгжүүлье гэвэл эрчимжсэн мал ахуйгаас өөрөөр энэ боломжгүй. Миний мэдэж байгаа зүйл гэвэл тухайн малын амьдын жин, үр өгөөжтэй байх хэмжээнээс эхлээд тэжээл, маллагаа өөр байдаг. Яг уламжлалт аргаараа махны чиглэлийн үйлдвэрлэл хөгжүүлнэ гэвэл бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулах болно. Тэгж үзвэл аль хэсэгт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлээд аль бус нутагт эрчимжсэн аж ахуй нь байх юм бэ гэдгийг тогтоох ёстой. Уламжлалт мал аж ахуй, заншлаа авч үлдэх замаар уугуул соёлоо хадгалахын зэрэгцээ цаашлаад эдийн засгийн бүтэцдээ зөв хувь нэмэр оруулах боломжийг үүсгэх ёстой болов уу.
-Зөвхөн соёлыг дангаар нь ярих боломжгүй гэдгийг та эдийн засаг, хөдөө аж ахуйн бодлого дээр жишээлж ярилаа. Тэгвэл хамгийн уялдаа холбоотой бас нэгэн салбар нь аялал жуулчлал. Нөгөө нь гадаад сурталчилгаа. Тухайн улсын гадаад сурталчилгаа, гадаад нэр хүнд гэдэг зүйл тусгаар тогтнолынх нь баталгаа болж байдаг. Яагаад гэвэл тусгаар улс мөн эсэхийг гадаад улс орнууд, тодруулбал, НҮБ-ын гишүүн улс орнуудын саналаар шийддэг учраас. Энэ утгаар нь харах юм бол Монголыг гадаадад ойлгуулах хамгийн гол, том зүйлийг та юу гэж тодорхойлох вэ. Та Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах үндэсний хорооны даргын хувиар үүнд ямар хариулт өгөх вэ?
-Миний бие Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах үндэсний хороог ахлаад жил гаруй болж байна. Гэхдээ энэ чиглэлд бид стратегийг гаргаад хоёр жил шахам болж байгаа. Энэ стратегийн хүрээнд ажиллаж байна. Энэ бол богинохон, нэг удаагийн ажил биш. Олон давтамжтай, урт хугацаанд хийж байж амжилтад хүрэх ажил.
Дэлхийд хамгийн үнэтэй брэнд юу вэ гэхээр “Made in USA” гэж нэрлэдэг. Яагаад вэ гэхээр Америк дэлхийн хамгийн том эдийн засгаас гадна тийм болохын тулд өөрийнхөө улсыг “хүчирхэг улс” гэж тодорхойлон байршуулж чадсан. Бид олон улсад өөрийн улсын байр суурийг зөв тодорхойлж, зөв байршуулж чадаж байж манай улсын иргэд, бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгддэг гэдгийг сайн ойлгох ёстой. Тэр гадаад улс ямар хамаатай юм бэ. Бид эндээ л болж байвал гэж бодоод байдаг. Дэлхий угаасаа харилцан хамааралтай болчихсон энэ үед манай бүтээгдэхүүн дэлхийн тавцанд гараад зарагдах нь тэнд бид үнэ цэнтэй, танигдсан байх эсэхээс шууд шалтгаална. Тэгэхээр бид нэгдүгээрт үнэ цэнтэй танигдсан байж гэмээнэ бидний тусгаар байдал хамгаалагдана.
Бид олон судалгаа хийж үзсэн л дээ. Дэлхий дээр Монгол Улс гэдгийг арван хүн тутмын нэг нь л мэддэг. Мэдэж байгаа хүмүүсийн гуравны нэг нь Хятадын Монгол гэж мэддэг. Дахиад гуравны нэг нь “Чингис хааны” гэж мэддэг, гэхдээ нүүдэлчин зэрлэгүүд маягаар төсөөлдөг. Нөгөө үлдсэн гуравны нэг нь газрын зураг дээр Орос, Хятадын дунд байдаг гэдгээр ойлгодог. Энэ судалгаа ерөөсөө биднийг тодорхойлчихсон. Ийм байгаа нөхцөлд манайхаас ноолуур дэлхийд гарлаа гэхэд 50 ам.доллароор зарагдах уу, 500 ам.доллароор зарагдах уу.
Шинэ Зеланд хүнсний бүтээгдэхүүн болон ноос ноолуураар дэлхийд гарна гэж тодорхойлоод үүндээ тохирсон үндэсний брэндийг гаргаж ирсэн нь “pure” гэдэг Шинэ Зеландын брэнд бий болсон. Бид бас Монгол Улсаа тэгж тодорхойлох ёстой. Зөвхөн нэг үг гаргаж ирээд, зөвхөн маркетинг хийх гээд байгаа юм шиг боловч нөгөө талдаа Монгол Улсаа судлах шаардлагатай болж байгаа гэсэн үг юм. Монгол Улс дэлхийд ямар бүтээгдэхүүнээрээ гарах вэ, төлөөлөх бүтээгдэхүүн, үйлчилгээ, монгол хүний үнэ цэн, нэгдмэл үнэт зүйл нь юу юм бэ гээд судлаад явсан чинь манайд хэд хэдэн давуу тал байсан. Нэгдүгээрт, манай улс энхийг сахиулагчдаараа эерэг байдаг юм байна. Хоёрт, ардчилал хүний эрхийн хувьд энэ бүс нутагтаа хамгийн эерэг байгаа. Гуравт, бид маш залуу улс. Хэдийгээр бид өөрсдийгөө голоод байгаа ч маш олон оронд хөгжлийн хурд нь удааширч байхад манайх хурдтай хөгжиж буй орны тоонд орж байна. Тухайлбал, 2023 онд Азидаа хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй улсуудын нэг гэж гарч ирж байна. Дэлхийд 2024 онд Монгол, Энэтхэг хоёр улс л долоон хувийн өсөлт үзүүлнэ гэдэг дүгнэлт Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гарч ирж байна. Тэгэхээр манай улсын хөгжил хурдацтай, өсөлттэй, дээрээс нь ардчилал, хүний эрх хөгжсөн, хүн ам нь залуухан, нээлттэй улс орон гэдэг дүгнэлт судалгаанаас гарч ирсэн. Энэ бол бидний давуу тал бөгөөд бусдаас онцгой болгох зүйл. Түүнчлэн тусгаар тогтнол болон бусад үнэт зүйлсийг маань баталгаажуулах суурь нь болж буй хүчин зүйл.
Нөгөө талдаа олон улсад өөрийгөө гайхалтай сурталчиллаа гэхэд тэр бүтээгдэхүүн, үйлчилгээ нь байхгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхээр бид хөдөө аж ахуйн салбараа голлох юм байна, хоёрдугаарт аялал жуулчлал, гуравдугаарт уул уурхай, дөрөвдүгээрт, бид юугаараа өрсөлдөх чадвар сайтай вэ гэхээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжоороо илүү юм байна. Энэ дөрвөн чиглэлээр суурь давуу талууддаа суурилсан, өөрийнхөө үнэ цэнийг таниулсан брэнд гаргаж ирэх ёстой юм байна гэж үзсэн нь “Go Mongolia” Always moving гэж тодотгосон нь дээрх агуулгыг бүрэн шингээсэн. Бид түүх соёлын хувьд маш баялаг төдийгүй бид энэхүү газар нутагтаа олон мянган жил оршин байсан түүхтэй. Цаашид ч байх болно. Бид маш бат бэх улс. Ардчилал, хүний эрх тогтвортой. Moving гэдэг үгээр бид нүүдлийн соёл иргэншил, үргэлж өсөж, урагш тэмүүлж байдаг гэдэг агуулгыг илэрхийлнэ. Мөн Монголоос мэдрэх мэдрэмж тань сэтгэлзүйн хувьд ч сайхан байна шүү гэх агуулга. Энэ бүтэн агуулгаар брэндээ гаргаж ирсэн. Цаашид олон жил тогтвортой байгаасай гэж хүсэж байгаа.
Уран бүтээлчдийн авьяас чадварыг технологитой уялдуулснаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах боломжтой
-Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн шинэ салбарын талаар ярих ёстой байх. Үндэсний өв соёл суурилснаас бусад салбарын хөгжлийг яаж харж байгаа вэ. Шинээр санаачилсан хууль батлагдах тохиолдолд ямар хөшүүрэг, дэмжлэг болох вэ. Эдийн засгийн бүтэц болж орж ирэхэд гол чухал зүйл нь юу вэ?
-Бид улс орноороо уул уурхайгаас хамааралтай амьдарч байна. Дэлхий дахинаа 2030 оноос эхлээд байгальд ээлтэй болно гэдэг дундын хэлэлцээрт хүрч байна. Уул уурхайн салбар маань бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх экспорт хийх боломжгүй болохыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр бид Монгол Улсын дараагийн зах зээл, эдийн засаг, экспортыг гаргаж ирэх шаардлагатай. Тэр ч утгаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй яригдаж байна. Үүний нэг адил бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг ч бас боломжтой гэж харж байгаа. Яагаад гэхээр Монгол улсын хувьд соёлын өв маань маш онцлог. Бид өөрийн онцлог бүхий соёлын өв дээрээ суурилсан уран бүтээлчдийн авъяас болон хүний оюун ухаан, ур чадварыг технологитой уялдуулаад шинэ төрлийн бүтээл, уран бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж ирвэл дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай. Маш боломжтой.
Соёлын өвөө хадгалан хамгаалах, сонгодог болон язгуур урлагийг хөгжүүлэх, мөн соён гэгээрүүлэх ажлыг төр заавал бодлогоор дэмжих шаардлагатай. Бусад нь арилжааны зарчмаар хөгжих буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар хөгжих ёстой. Тухайлбал дүрслэх урлаг, кино урлаг, дуу хөгжим, цирк гэх мэт салбарууд нь дэлхийн жишгээр арилжааны зарчмаар хөгжих нь зүйтэй гэдэг бодлогыг баримталж байна. Аливаа зүйлд хөрөнгө зарцуулагдаж, үйлдвэрлэгдэж гарч ирж байж хэрэглээнд орж ирнэ. Бүх зүйлийг төр хийнэ гэвэл боломжгүй. Нэгэнт дэлхийд шинэ төрлийн сонин содон зүйлийг хүлээж байгаа үед бид тэдний хүсээд байгаа технологи, өөрөөр хэлбэл тэдний хүлээж авдаг нөхцөл байдлаар түүнийгээ аваачиж өгөх нь бидний үүрэг болчихоод байна гэсэн үг. Үүний тод хоёр жишээ гэвэл, өмнө нь би “The Hu” хамтлагийг ярьдаг байсан бол одоо дээрээс нь “Тамгагүй төр” жүжгийг дурдах ёстой.
“The Hu” хамтлаг бидний сонсож өссөн язгуур урлагийн өв болох морин хуур, хөөмий, хархираа, уртын дуу гэсэн элементүүдийг гаднынхны хэрэглэдэг металл рок хөгжмийн зэмсэгтэй уялдуулаад тэдний ашигладаг платформ дээр байршуулан өөрсдийнх нь менежментээр зах зээлд гарсан учраас шинэ төрлийн “хүннү рок” урсгалыг бий болгосон.
“Тамгагүй төр” жүжиг мөн ялгаагүй. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны жүжгийг бүтээлч үйлдвэрлэлээр хөгжүүлж, оюуны өмчийг нь ашиглан шинэ төрлийн тайзны бүтээлийг бий болгосон. Тэр доторх бүх элемент, хувцас гоёл, тайз чимэглэл, бүжиг, дуу хөгжим зэрэгт монгол өв соёлыг шингээсэн нь гаднынхны платформ дээр тэндэхийн үзэгчдийг татаж эргэлтэд орж буй хэлбэр юм. Тэгэхээр бидэнд боломж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан эдийн засгийн салбар бий болгох чадамжтай. Дэлхийд энэ зах зээлд 2.2 их наяд ам.доллар эргэлдэж байна. Эндээс бид орлого олох боломжтой гэж үзэж байгаа. Монголын зах зээлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар хэмжигдэхгүй.
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хууль батлагдсанаар гол нь юуг яаж шийдэх билээ?
-Нэгэнт тогтворжсон эдийн засаг, үйлдвэрлэл төрөөс ямар нэг дэмжлэг авахгүй, харин ч буцаагаад татвараа бүрэн дүүрэн авч, түүнээсээ дараагийн шинэ эдийн засагтаа хөрөнгө оруулж байх ёстой гэж үздэг. Тэгвэл шинэ эдийн засаг бий болгох гээд явж байгаа буюу дөнгөж хөгжих гэж буй эдийн засгаа төр заавал бодлогоор дэмжиж ажиллах нь чухал. Тэр ч утгаараа бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийг ирээдүйн эдийн засаг, аж үйлдвэрлэл гэж үзэж байгаа тиймээс төр засаг дэмжих ёстой. Мэдээж, асуудал олон талтай байдаг учраас хуулийн төсөл маань миний хүссэнээр УИХ-д орж чадаагүй. Гэхдээ тодорхой түвшинд бодлогоо шингээж чадсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь оюуны өмч суурьтай, ямар нэг өртөг шингээхгүйгээр шууд үнэ цэн бүтээж байгаа салбар.
Тийм ч учраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг НӨАТ-аас чөлөөлөх ёстой гэж үзэн энэ зохицуулалтыг анх өргөн барьсан төсөлдөө тусгаад байсан. Энэ байр сууриндаа би маш хатуу зогсож байсан боловч төслийг өргөн барьснаас хойш НӨАТ-тай холбоотой тухайн заалтаа татаж авахад хүрсэн. Нэг Засгийн газар, НӨАТ-тай холбоотой зарчмаа эвдэхгүй байх саналыг танхимын зарим гишүүн гаргаж тавьсан. Би одоо ч итгэл үнэмшилтэй байдаг зүйл юу гэхээр хүний оюун санаанаас урган гараад ямар нэгэн өртөг шингээхгүйгээр үнэ цэн шууд бүтээдэг салбар яагаад нийт зардлынх нь 70 гаруй хувьд өртөг шингээд бусдаас буцаагаад НӨАТ-ын буцаан олголтоо авч болдог салбартай дүйцэх ёстой юм бэ гэдэг байр суурь.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар авьяас чадвар бүхий хүний хүчин зүйл дээр оршин тогтнодог онцлогтой. Энэ утгаараа хүний цалингийн зардал нийт зардлынх нь бараг 90 хувийг эзэлдэг. Тийм учраас энд татварын зарчим заавал байх ёсгүй гэж үзэж байгаа. НӨАТ-ын нэг адил зарчим хэрэв ярьж байгаа юм бол бүтээлч үйлдвэрлэлийн салбарт цалингийнх нь зардалд НӨАТ-ын буцаан олголт өгөх ёстой юм л даа эцсийн дүндээ. Нөгөө талдаа бид нэгэнт шинэ эдийн засаг үүсгэхийн тулд дэмжих ёстой тэргүүлэх салбар гээд бодлогоо хэрэгжүүлж байгаа л юм бол тодорхой түвшинд бодитой дэмжлэг байх ёстой. Угаасаа улсаас хэдхэн төрлөөр л дэмжлэг үзүүлж чадна шүү дээ. Шууд мөнгө өгч чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ эдийн засаг руу орж байгаа нийт хөрөнгө оруулалт, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх хөшүүргийг л бий болгох ёстой. Тэгэхийн тулд бид хөрөнгө оруулалтын таатай нөхцөл үүсгэх, гаднаас хөрөнгө оруулалт татаж буй бол зарим хөнгөлөлт, чөлөөлөлт өгөх зэрэг тодорхой хэдэн заалтыг хуулийн төсөлд оруулсан. Гэхдээ миний хүссэн хэмжээнд ороогүй.
Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль хоёр маань ямар зохицуулалттай вэ гэхээр Зохиогчийн эрхийн тухай хуулиар энэ оюуны өмч энэ хүний зохиосон бүтээл юм аа гэдгийг л бүртгэдэг. Оюуны өмчийн тухай хууль нь энэ бүтэээлээр ийм, ийм төрлийн үүсмэл бүтээгдэхүүн хийж болно гэдгийг л тодорхойлж өгдөг, бүртгэдэг. Гэтэл тэдгээр нь эдийн засгийн эргэлтэд хэрхэн ороод яаж түүнд хяналт тавих вэ гэдэг зохицуулалт эдгээр хуульд байхгүй. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд ороход бүртгэх, хянах, тоолуурын систем орж ирж байгаа. Жишээ нь, нэг гэрэл зурагчны бүтээлийг фото банкнаас аваад хэрэглээнд оруулах, тэр нь тоологдоод төлбөрийн харилцаа үүсгэх боломжийг бий болгоно гэсэн үг. Одоо хэн нэгэн өөрийнхөө уран бүтээлийг хулгайд алдлаа гэхэд нөгөө талдаа ямар ч эдийн засгийн тооцоолол байдаггүй. Хэдэн төгрөг байх байсан юм, ямар хэрэглээнд орсон юм бэ гэдэг нь мэдэгддэггүй. Яагаад гэхээр тоологддоггүй учраас. Үүнийг зохицуулалттай болгоно. Дуу зохиогч дуугаа оюуны өмчид бүртгүүлээд системд орсон байх юм бол караоке ресторанд ашиглах тоолонд үүлэн системээр тоологдоод тухайн хүний орлогожих боломжийг бүрдүүлнэ. Хоёр дахь том зүйл гэвэл НҮБ-ын Хүүхдийн сангийн 2020 оны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд өсвөр насны хүүхдүүд хүний хөгжлийн асуудлаас хамгийн их орхигдож байна гэсэн судалгаа гарч ирсний үндсэнд бид тэдэнд зориулсан соёлын хэрэгцээг нь тэгш хүртээмжтэй хангах боломжийг бий болгох ёстой гэж үзсэн. Энэ утгаараа соёлын эрхийн бичиг гэдэг хөтөлбөр бодлого оруулж ирж байгаа. Энэ нь ямар учиртай зүйл вэ гэхээр 16-18 насны 140 мянга гаруй хүүхдэд жил болгон соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичиг олгох юм. Тэд энэ эрхийн бичгээ аваад түүгээрээ ном худалдаж авч болно, үзвэр үйлчилгээ үзэж болно, дугуйлан секцэд хамрагдаж болно. Хамгийн ихээр санхүүгийн эрх чөлөөгүй байдаг өсвөр насныханд эрхийн бичгээр дамжуулаад соёлын хэрэгцээгээ хангах боломж олгож байгаа. Соёл хүртэж сурсан иргэнийг ирээдүйд бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийнхээ хэрэглэгчийг бэлтгэж байгаа зарчим гэж харж байна. Нөгөө талдаа соёлын салбар руу аль болох хөрөнгө оруулалт, санхүү оруулахдаа үзэгч, хэрэглэгчээр дамжуулж худалдан авалт, хэрэглээг нь дэмжиж байгаа юм.
-Бид олон жил өнөө маргаашийн ахуй, хэрэгцээгээ хангахын тулд төр засгийн бодлого, төсвийн зарцуулалтыг чиглүүлж ирсэн. Нүдэнд үзэгдэж харагдахгүй хүний хүчин зүйлд тулгуурласан соёлын салбарыг дэмжих, ийшээ мөнгө оруулах, татвараар дэмжих гэдэг сэтгэлгээ улс төрийн шийдвэр гаргалтын түвшинд зөрчил, эсэргүүцэлтэй тулгарч байна уу. Үүнийг яаж давж байна вэ?
-Би улс төрд өмнө нь байгаагүй. Энэ миний хамгийн анхны улс төрийн ажил. Улс төрийн ажил дундаа төрийн захиргааны ажил. Тэр дундаа өмнө нь тогтолцооны, хууль зүйн орчны хөрс нь бүрэн болоогүй, бодлого нь бэлэн байгаагүй газар хүлээж авсан. Засгийн газарт ажиллаж байгаа сайд болгон өөрийнхөө салбарын асуудлыг хамгийн чухал нь гэж боддог. Тэр нь ч үнэн. Миний хувьд соён гэгээрэх нь чухал гэж бодно. Хүн соён гэгээрэхгүйгээр, соёлгүйгээр хэн ч биш. Та нарын барих гээд байгаа замыг хүн л барина. Тэр хүн оюун санааны хувьд бүрэн биш бол тэр зам баригдахгүй гэж бид бодно. Гэтэл нөгөө талын хүн бол энэ зам байхгүй бол хүн яаж соёлжих юм бэ гэж үзнэ. Миний эндээс харсан гол зүйл юу байсан бэ гэхээр салбар дундын уялдааг хангах, ойлголцлыг нэгтгэх, аль аль талдаа харилцан хүндлэлтэй, эрх ашиг харилцан хангагдсан шийдэл гартал маш няхуур, детальд орж ажиллах чухал юм байна гэж бодсон. Тэр ч утгаараа УИХ дээр асуудал орж ирэхэд ард түмний төлөөлөл болоод сууж байгаа хүмүүс олон түмний дуу хоолойг тусгах, тухайн хуульд олон талын эрх ашгийг нийцүүлэхэд чухал байдаг юм байна гэдэг нь харагдсан.
Салбарын хувьд бид азтай байсан гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, шинээр байгуулагдсан учраас бидэнд бүх зүйлийн суурийг судалгаанд үндэслэн хийх боломж үүссэн. Хоёрдугаарт, судалгаа суурьтай орчин цагт бодлого гаргаж буй учраас техник, технологи ашиглах боломж байсан. Мөн Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд гээд бүх түвшиндээ соёлын салбарыг дэмжиж байсан учраас бид нэлээд сайн эрх зүйн орчин бүрдүүлэх, салбарын тогтолцоогоо бүтэн болгох, цаашлаад бодлогоо тодорхойлж гаргаж ирэх боломж бүрдсэн. Миний баримталсан гол зүйл гэвэл “Соёлын яамыг буулгана. Байх ёсгүй” гэдэг үг дахиж хэзээ ч битгий гараасай, тийм болтол нь бодлогыг нь тодорхой болгоод орхивол миний энэ салбарт орж ирсний хувь нэмэр юм байна гэдэг итгэл үнэмшил. Эх орныхоо бат бэх байдлыг хил тойроод зогсож буй цэргүүд буу бариад манадаг бол манай салбарынхан оюун санаанд нь хөгжим, харандаа, үзэг бариад дархлааг нь бэхжүүлээд манаад байж байдаг хүмүүс. Бидний хэрэглэж буй зэмсэг л өөр болохоос биш ялгаагүй. Тэгэхээр үүнийг тодорхойлоод аваад явах бие даасан төрийн захиргааны төв байгууллага заавал байх ёстой. Дахиж хэн нэгэн хүний амнаас “Энэ яамыг татан буулгана” гэдэг үг гарахгүй болтол нь л суурийг нь зөв тавих ёстой юм байна гэж л би бодож байгаа. Хаашаа явахаа мэдэхгүй холбичоод байж болохгүй. Соёлын өв, соён гэгээрэл, сонгодог болон язгуур урлагийг Монгол Улс байнга бодлогоор дэмжиж явах учиртай. Бид дэлхий дахинаа соёлын өв, соёл урлагаараа дамжуулан Монгол Улсаа таниулж явж байх ёстой. Мөн соёлын бүтээлч салбараараа дамжуулан соёлыг хэрэглээнд оруулж эдийн засгийг бий болгох боломжтой.
-Эрчүүдийн хийдэг улс төр дунд ороод өөрийгөө ойлгуулах, бодлогоо авч гарах, шийдвэрээ хамгаалах явцад хамгийн хэцүү нь юу байсан бэ. МАН- ын Удирдах зөвлөлийн гишүүн, дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгч, Азийн улс төрийн намуудын холбооны эмэгтэйчүүдийн салбарын даргаар ажиллаж байгаагийн хувьд эрчүүдийн тоглоомын дүрэмтэй нийцэх, эсвэл эвдэх ёстой гэдэг дээр энэ дөрвөн жилийн туршлагаасаа ямар замнал, түүх, үзэл бодолтой болсон бэ?
-Бизнесийн салбарт байхад эрэгтэй эмэгтэй гэж ялгаж харахаас илүүтэй ур чадварт суурилах зарчимтай байсан. Нэн ялангуяа Монгол Улс ур чадвартай хүний нөөцийн дутагдалтай байгаа. Тэгэхээр чадвар нь байвал яаж түүнийг алдахгүй байх вэ гэдэг нь л илүү чухал байдаг учраас бизнесийн салбарт хүйсийн ялгаварлах нөхцөл нь бага. Мөн шийдвэр гаргах захирлуудын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бизнесийн салбарт нэлээд өндөр түвшинд байдаг. Өнөөдөр ингээд л харахад татвар төлөлтөөрөө эхний гуравт явж байгаа уул уурхайн компанийг эмэгтэй хүн аваад л явж байна. Хамгийн том банкийг эмэгтэй хүн удирдаад л явж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн гэхэд эмэгтэй захирал олон байдаг. Тийм байсан учраас би улс төрд орж ирэхдээ арай өөр бодолтой хөл тавьсан. Эмэгтэйчүүд энд бага байдаг гэсэн мэдрэмж байгаагүй нь их гэнэн зүйл байсан. Гэтэл улс төрд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо үнэхээр бага юм байна. Гэхдээ үүнийг тоо талаас яримааргүй байна. Харин шийдвэр гаргалтын тэнцвэртэй оролцоот байдал гэдгийг анхаарах ёстой. Нөгөө талаас бидний гол бодох ёстой зүйл бол түвшин түвшиндээ шийдвэр гаргаж буй газартаа эмэгтэйчүүд нийгмийн дуу хоолой байж, асуудал шаардлагыг илэрхийлэх чадвартай, идэвхтэй оролцоотой байх нь чухал байна. Анх улс төрд орж ирэхэд нийгэм маань өөрөө эмэгтэй хүмүүсийг улс төр, шийдвэр гаргах түвшинд хүлээж авахад бэлэн юм уу гэж бодогдсон. Тэгэхээр улс төрд эмэгтэйчүүдийг тэгш оролцоотой байхыг нийгэм байх ёстой зүйл гэж хүлээж авахад хүнд байгаа юм уу. Хүнд гэхээсээ илүү шинэ байх шиг байна. Эмэгтэй хүн тэнд байхаар онцгой содон үйл явдал болчихоод байгаа хэрэг. Бүр эсвэл ямар мундаг юм бэ, мундаг болохоор тэнд оччихлоо гэж хүлээж аваад байна. Зүй нь энэ нь энгийн үзэгдэл болох ёстой. Бизнест энэ бол энгийн үзэгдэл байсан атал улс төрд ялгаатай байна. Гэтэл энэ чинь энгийн л үзэгдэл.
Хоёр дахь зүйл гэвэл дотор нь орж суугаад харахад эмэгтэй хүн асуудлыг маш нарийн хардаг, өөртөө болон бусдад шүүмжлэлт сэтгэхүйтэй байдаг нь хамтран ажиллаж байгаа хүмүүсийнхээ зоригийг мохоох тал байдаг нь ажиглагдсан. Би бол өөрийнхөө ажилд байнга хэрэгжүүлдэг зарчим юу вэ гэхээр би өөрөө байгаа бол дахиад гурваас дөрвөн эмэгтэйг татаж оруулж ирэх ёстой гэдэг бодол. Эмэгтэйчүүдийг илүү олон болгох тал дээр тэднийг татаж, дэмжих хэрэгтэй. Жишээ нь намайг ажил авахад маш олон хүн “төрийн хар хүн” гэж байдаг, төрийн нарийн бичгийн даргаар эрэгтэй хүн томилоорой гэж зөвлөж байсан ч би эмэгтэй хүн томилсон. Шийдвэр гаргах түвшинд байгаа эмэгтэй хүмүүс маань ялгаагүй адилхан ур чадвартай байвал нийтлэг жишгийг заавал дагах албагүй гэж боддог. Бид ч өөрсдөө хайрцгаас гарах чухал. Азийн улс төрийн намуудын холбооны эмэгтэйчүүдийн салбарын даргын ажлыг хийхдээ ч бас л монгол эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд энэ бол боломжгүй холын мөрөөдөл, сонин содон зүйл биш гэдэг хэм хэмжээг тогтоож харуулахыг зорьж байна.
-Нэгэнт төрийн ажил хийгээд үзсэн, улс төрд хөл тавиад орчихсон. Бас залуу хүний хувьд энэ ажил дээрээс хөгжиж, цаашид олон зүйлийг хиймээр бодол санаатай болсон байгаа байх. Дараагийн сонголт, төсөөллөө юу гэж харж байна вэ?
-Би яг одоо салаа зам дээр ирж байна. Буцаад хувийн хэвшилдээ ажиллавал ямар үр нөлөө үзүүлэх вэ. Хэрэв улс төрд төр, нийгмийн зүтгэлтэн болоод явбал ямар үр нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодож байна. Би хувийн ажлаа хийхгүй байсан ч гэр бүл маань намайг санхүүгийн хувьд ч, оюун санаа, сэтгэл зүйн хувьд ч тогтвортой байх боломжийг олгож байгаа тохиолдолд бид нэгэнт л хамтаар амьдрах нийгэмд аж төрж байгаагийн хувьд зөвхөн өөрийн ашиг сонирхлыг бодохгүй, ирээдүйн төлөө, хүмүүсийн төлөө ажиллах ёстой юм болов уу гэх бодол байгаа.
Уг нь би өөрт ногдсон хугацаандаа сайн ажиллая, өгсөн ажлыг үнэхээр тултал хийгээд “Баярлалаа, би ийм ажил хийсэн шүү” гээд гарна гэдэгтээ маш итгэлтэй байсан. Одоо ч бэлэн. Гэхдээ төрийн сайд хийгээд үзэхээр боломжтой, чадвартай хүмүүс нь төр, нийгмийнхээ төлөө зүтгэх ёстой гэдэг бодол төрдөг юм байна. Улс төрд чин сэтгэлээсээ харж байгаа зүйл гэвэл энэ нийгмийг бүтээж байгаа дийлэнх олонх маань ирээдүйгээ босгоход гар бие оролцоосой гэх хүсэл. Хоёрдугаарт, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүний хөгжлийн салбаруудад тэгш боломжийг олгодог нийгэм үнэхээр хэрэгцээтэй. Тэр зам руу явах, бүтээхийн тулд эдийн засгаа л зөв хөгжүүлэх юм байна. Тэгээд аль болох нэг хүнд ногдох ДНБ-ийг маш богино хугацаанд нэмж чадвал хүмүүсийн нуруун дээр байгаа хөрөнгө санхүүгийн нөхцөл байдал сайжрах боломжтой болох юм. Тийм нийгмийг бий болгохын төлөө хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
Э.Боргилмаа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна