Улстөрчид “унтаж”, урлаг соёлынхон бужигнасан долоо хоног


Монголчууд үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг сайхан уламжлалтай. Хахир өвлийг өнтэй давж, хаврын сартай хавтай сайхан золгож, нас нэмсний баяраа хотол даяараа өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэлээ базаасан долоо хоног өндөрлөж байна. Сар шинийн босгон дээр Засгийн газар халамж тэтгэвэр, хүүхдийн мөнгө, 1072 хувьцааны ногдол ашиг, Насны хишгийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүллээ. Ийнхүү иргэн бүр эх орныхоо хишгийг хүртсэн сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Тэрбээр шинээр тэтгэлэгт хөтөлбөрийн эзэн болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хоёр жилийн хугацаанд нийт 516 хүүхэд хамрагдаж АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд суралцаж байгаа юм байна.


УИХ-ын намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталж, хаалтаа хийсэн. Гэвч иргэдийн дунд ээлжит бус чуулган хуралдаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж магадгүй гэсэн хүлээлт байлаа. Гэвч албан ёсны захирамж гарсангүй. УИХ, Засгийн газрын гишүүд сар шинийн өмнө тойрогтоо ажиллаж, аварга малчдад шагнал гардуулснаар туулай жилийг үдэж байна. Сар шинийн босгон дээр Монгол Улс зочид олонтой байна. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов тэргүүтэй зочдыг буцаж амжаагүй байхад Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Хөшигийн хөндийд хөл тавилаа. Холбооны Бүгд Найрамдах Герман улс Монгол Улстай стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлогтой. Тус улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд 530 гаруй сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэдэг тооцоо байдаг юм байна. Үүнээс гадна Холбооны Бүгд Найрамдах Герман улс Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болжээ.

УИХ-аар хэлэлцэгдэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хууль гацаанд орчихоод байгаа. Гадаадын иргэний оруулах хөрөнгийн хэмжээ, газар эзэмшүүлэх хугацаа асар их маргаан, ард олны эсэргүүцэлтэй тулсан. Тэгвэл иргэн Н.Номун-Эрдэнэ “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” ний­тийн өргөдөл гаргаж, 107 мянга гаруй хүний дэмжлэгийг авч чадлаа. Ингэснээр дээрх асууд­лыг Улсын Их Хурлаар шийд­вэрлүүлэх боломжтой болж байна. 


Өнгөрсөн долоо хоногийн хам­гийн таатай мэдээг Цахим хөгжлийн сайд Н.Учрал дуулгалаа. АНУ-ын Цахиурын хөндий дэх дэлхийн шилдэг компаниудын монгол мэргэ­жилтнүүд технологийн зөвлөл байгуулан нэгдэж ажиллахаар болжээ. Мэдээллийн технологийн дэлхийн хөгжлийн төв цэг болсон Цахиурын хөндийд 350 орчим монгол инженер залуус шилдэг компаниудад ажиллахаас гадна гарааны бизнес үүсгэж багаараа өрсөлдөж байгаа юм байна. Үүнээс гадна Н.Учрал сайд Цахиурын хөндийд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүхий таван монгол компанийг танилцуулж, Төв Азийн улс онуудын “Silk Road Hub”-д элсүүлэхээр яриа хэлцэл эхлүүлжээ. 

Сүүлийн хэдэн жил тамга тэмдэгний хэрүүл хийж, нэг нэгнээ ээлжлэн шүүхэд дуудаж байгаа Ардчилсан намынхан бас л хөл толгойгоо олохгүй үймж байна. Тус намын хэсэг гишүүд нэгдэн хэвлэлийн бага хурал зарлаж Л.Гантөмөрийг Боловсролын зээлийн сангийн хэрэгт холбогдож байгаа гэж Авлигатай тэмцэх газраас бичиг ирүүлсэн. БЗС, нүүрсний хэрэг, Хөгжлийн банктай холбогдсон, хүнийг Ардчилсан намын даргаар ажиллуулахгүй гэж ярьж байна. Тэр ч бүү хэл АН-ынхан намын даргадаа хилийн хориг тавиулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Тэд “Ардын намынхан нүүрсний хулгайч нартаа хариуцлага тооцчихсон. Гэтэл Ардчилсан намынхан БЗС, нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцоогүй. Генсекээсээ эхлүүлээд дэд дарга нар нь залилан луйвартай холбоотой хүмүүс. Ардчилсан нам дотроо бослого зарлаж байна” гэж мэдэгдлээ. Бас Иргэний зориг, ногоон намаас мэдээлэл хийлээ. Тус намын дарга Б.Батбаатар “МАН, АН-аас бусад улстөрийн 35 намыг нэгдэж сонгуульд орохыг гуйж байна” хэмээн мэдэгдэв. Б.Батбаатар даргын хувьд өмнө нь АН-аас УИХ-д сонгогдож, хожим Иргэний зориг, ногоон намын даргаар томилогдсон улстөрч. Тэрбээр урилгаа 35 намын даргад өөрийн биеэр гардуулж өгөхөөр болсноо зарлав. 

Монголын улс төр нам гүм. Харин урлагийнхан ид бужигнаж байна. Өөжгий нэрээрээ олны танил болсон гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших цахим хуудсаараа дамжуулан “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дууг дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар дуулахыг онцгой эрхийн хүрээнд бүрмөсөн хориглож байгаагаа мэдэгдэв. Дан ганц “Номин талст”-ынхан ч биш зууны манлай дуучин Б.Сарантуяагаас эхлээд олон дуучин энэ хоригт багтаж байгаа бололтой. Зохиогчийн эрхийн тухай хуульд тухайн бүтээлийг эзэмшдэг буюу зохиосон зохиогч өөрөө зөв­шөөрөөгүй тохиолдолд нийтэд түгээхийг хориглоно гэсэн заалттай учраас түүний дууг дуулдаг дуучид Д.Өлзий-Оршиход төлбөр төлөхөөр болж байна. 


Ирэх хаврын чуулганаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хууль батлагдвал зохиогчийн эрхийг эзэмшдэг хөгжмийн зохиолчид, яруу найрагчид уран бүтээлээ үнэлж, караоке баарнуудаас хүртэл мөнгө авах эрхтэй болох юм байна. 

Иймэрхүү сонинтойгоор XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жил шувтарч, “Хилэнт эх” хэмээх луу жил айлчлан ирлээ. Дорнын ард түмний дунд эрх мэдэл, сүр хүч, эд баялгийн бэлгэдэл болсон луу жил монголчууд бидэнд аз хиймор, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг дагуулан ирж байгаа гэдэгт итгэнэм.

Уншигч та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22