УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламентын бүрэн эрхийн хугацаа дөрвөн сарын дараа дуусна. Энэ парламентын хаврын отгон чуулган ирэх сард нээлтээ хийх бөгөөд 44 хууль, тогтоомжийг хэлэлцэн батлахаар жагсаалт гаргаад байгаа юм. Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ-ын хувьд парламентын түүхэнд бичигдэн үлдэх цөөнгүй шийдвэрийг гаргаснаараа онцлогтой. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийснээр парламентын гишүүдийн тоог 126 болгох түүхэн шийдвэрийг гаргасан. Улмаар ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар Сонгуулийн хуулийг ч батлан гаргасан билээ. Үүний дагуу манай улс цаашид бүсчилсэн хэлбэрээр хөгжих бодлогыг УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна. Энэ тухайд хууль эрх зүй талаас үндсэн суурь болохуйц хэд хэдэн шийдвэрийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батална. Тухайлбал, Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дагуу Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хаврын чуулганаар батлах юм. Түүнчлэн парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцсөний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тохиролцоод байгаа юм. Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн заасан байдаг. Үүний дагуу монголчууд баялагтаа эзэн байх эрх зүйн орчныг энэ хаврын чуулганаар бүрдүүлэн баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудлууд гараанаас гарах бодлогын суурь баримт бичгийг энэ УИХ баталгаажуулахаараа онцлогтой. Товчхондоо, баялгийн суурь реформыг баталгаажуулах хаврын чуулган болох юм. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөөд байгаа юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Оюутолгой”, цаашид ашиглах ордуудын ашгийг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрүүлж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгажээ. Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангахын зэрэгцээ энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр тусгасныг Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. Баялгийн сангийн тухай хуулийг баталснаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Төрийн ордны тухай хуулийг шинэчилнэ
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын 18-д Төрийн ордны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулжээ. Түүнчлэн УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг шинэчлэхээр болоод байгаа юм. Манай улс өнгөрсөн онд УИХ-ын гишүүдийнхээ тоог 76-гаас 126-д хүргэх хуулийн төслийг баталсан. Үүний дагуу ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн дүнд парламентын 126 гишүүнтэй болно. Дээрх хуулиудын өөрчлөлт нь энэхүү өөрчлөлттэй холбоотой. Тухайлбал, ингэж гишүүдийн тоог даруй 50-аар нэмэгдүүлэх учраас байр, өрөөний хүрэлцээний асуудал хөндөгдөх болсон. Тийм ч учраас Төрийн ордонд зохион байгуулалтын бэлтгэл ажил ид өрнөж эхлээд байгаа юм. Ингэхдээ гишүүдийн тоо нэмэгдэхтэй холбоотойгоор өрөө, тасалгааг суллах, шинээр бэлдэх зэргээр зохицуулалт хийж эхэлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог нэмсэнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулах болон аж ахуйн асуудлыг судлах ажлын хэсгүүдийг байгуулаад байгаа юм. Ингэснээр Төрийн ордны өрөө, чуулган болон байнгын хороодын хуралдааны танхимын багтаамж, ширээ сандал, микрофон нэмэх асуудлыг судлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Б.Мөнхбаатар ахалж байгаа бөгөөд тус ажлын хэсэг тооцоо судалгаа хийж, УИХ-д танилцуулах юм. 76 гишүүнтэй байхад Төрийн ордон сул өрөө, танхимгүй, тамгын газруудын ажилчид багталцахгүй учраас хэд хэдэн коридорыг өрөө болгон засаж байсан. Тэгвэл сонгуулийн үр дүнгээр сонгогдох 126 гишүүнийг ажлын албатай нь Төрийн ордонд хэрхэн багтаах вэ гэдэг судалгааг энэ ажлын хэсэг хийх юм. Монгол Улс 1992 оноос хойш 30 жил парламентын 76 гишүүнтэй байснаа өөрчилж, түүхэн шинэчлэлийг хийсэн. Тиймээс хууль эрх зүйн хувьд ч, аж ахуйн хувьд ч олон шинэчлэлийн жил болж байна. Түүнчлэн 2024 оны төсөвт 126 гишүүний суудал тохижуулалтад 12 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байгаа билээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “ УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаатай холбогдуулан Төрийн ордонд ажиллах боломжийг нь хангах ёстой. Энэ бол аж ахуйтай холбоотой асуудал. Засвар үйлчилгээтэй холбоотой 12 тэрбумд зардлыг багтаана. Энэ нь урсгал болон тоног төхөөрөмжийн зардал орсон дүн. Их танхимаас эхлээд бусад зохицуулалт хийнэ. Манай цахим тоног төхөөрөмж хуучирсан. Үүнийг системээр нь өөрчлөх шаардлагатай болж байгаа гэх мэтчилэн ажлууд багтсан” гэх мэдээллийг өгсөн юм. Ямартаа ч энэ хаврын чуулганаар Төрийн ордны тухай хуулийн шинэчлэлийг хийж, УИХ-ын 126 гишүүнтэй болохтой холбоотой зарим зохицуулалтыг хийхээр болж байна. Түүнчлэн хаврын чуулганаар Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай болон Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай, Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай болон Хөдөө аж ахуйн бүс, Эрүүл мэндийн тухай зэрэг олон чухал хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна