“Би өөрийгөө хүн бүрд заяагаад байхгүй өндөр хувь тавилантай, азтай хүн гэж боддог. Өвөөгөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж суулаа. Анимэйшний тухайд гаднын ижил төстэй бүтээлээс дутахааргүй болсон санагдлаа. Гарч буй үйл явдал, зураглал нь анхаарал татахуйц сонирхолтой байлаа. Өвөөгийн тухай товч бөгөөд тодорхой харуулж чаджээ. Монголчууд бид анимэйшн хийх хэмжээний өвөг дээдэстэй байгаадаа үнэхээр баяртай байна” хэмээн ярих залуучуудын төлөөлөл бол жанжин Д.Сүхбаатарын дөч С.Өлзий.
“Богдын цэрэг”, “Хар сар” амиллаа
Улс төрийн ууган хүчин МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой энэ сарын 2-нд тохиосон бөгөөд эл өдөр шинэ эриний Монгол жанжны намтарчилсан комикс “Сүхбаатар” анимэйшний нээлт Тусгаар тогтнолын ордонд болов. Жанжин Д.Сүхбаатарын гавьяа, их ажил үйлсийн талаар өгүүлэх богино хэмжээний энэхүү анимэйшнийг “Энконтэ” компанийн хамт олон санаачлан энгийн бөгөөд ойлгомжтой байлгах үүднээс 2D хэлбэрийн хөдөлгөөнийг ашиглан бүтээжээ. Тус компанийнхан жанжин Д.Сүхбаатарыг мэндлэхээс өмнөх үеэс нас барах хүртэлх хугацааны амьдралыг өгүүлсэн зургаан цуврал номыг мөн туурвисан байна. Эдгээр номд тулгуурлан орчин үеийн хэлбэрт оруулан дөрвөн цуврал анимэйшнийг бүтээсэн бөгөөд түүнээс эхний ээлжид хоёрыг нь үзэгчдийн хүртээл болгоод буй нь энэ юм. Тус бүр арван минут үргэлжлэх “Богдын цэрэг”, “Хар сар” гэсэн хоёр бүлэг ийнхүү дэлгэцнээ амиллаа. Энэхүү богино хэмжээний анимэйшн кинонд жанжин Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, тэр дундаа 1911 болон 1921 оны түүхэн хувьсгалын тухай өгүүлжээ.
Жанжин Д.Сүхбаатар гэж хэн бэ
Монгол Улсын олон мянган жилийн үүх түүхийг орчин үеийн хүүхэд залуучуудад хялбаршуулсан байдлаар хүргэх зорилго “Энконтэ” компанийнхан тавьж, 2017 оноос “Сүхбаатар” төслийг эхлүүлжээ. Үүний хүрээнд залуучуудын дунд судалгаа явуулахад жанжин Д.Сүхбаатарын талаар хоёр төрлийн хариулт өгсөн байна. Нэг хэсэг нь “Мөнгөн тэмдэгт дээр зураг нь, мөн төв талбай дээр хөшөө нь байдаг” гэсэн бол нөгөө нэг хэсэг нь “Мөрийтэй тоглоом тоглодог, танхай хүн юм биш үү” гэдэг хариулт өгсөнд сэтгэл нь эмзэглэсэн тухай комикс зохиолч, зураач, Соёлын элч Н.Эрдэнэбаяр ярилаа. Тэрбээр “Бид 100 жилийн өмнөх түүхээ мэддэггүй юм байна. Тиймээс бид Түүхийн хүрээлэн болон түүх судлаачидтай хамтарч, мөн судалгаа шинжилгээний 250 гаруй материал, баримт бичиг дээр ажилласан. Бид Д.Сүхбаатарын тухай тус бүр 20 анимэйшн болон комикс цуврал бүтээх зорилго тавин ажиллаж байгаа. Энэ хүний талаар контент хийж байгаа гэхээр намайг шууд л МАН-ын ухуулагч гэдэг өнцгөөс хардаг нь үнэхээр харамсалтай. Үнэндээ бол би энэ намын дэмжигч ч биш. Энгийн уран бүтээлч. Бас жанжин Сүхбаатар ч гэсэн энэ намын өмч биш, бүх ард түмний баатар, бидний бахархалт хүн шүү дээ. Бид өнгөрсөн түүх рүүгээ нулимж, ирээдүйг бүтээнэ гэж байхгүй. Би хүүхэд байхаасаа л Чингис хаан, Сүхбаатар зэрэг баатруудын түүхийг дурлаж уншдаг, тэдний талаар судалдаг байсан. Уран бүтээлч хүнийхээ хувьд төслийнхөө гол дүрээр Д.Сүхбаатар жанжныг сонгож авсандаа маш их баяртай байгаа” хэмээн ярилаа.
Бурхны бүтээл
Орчин үеийн хүүхэд залуучууд зузаан ном, урт контэнтээс зугтдаг болсон учраас өөрсдийнх нь хүсэл сонирхолд тулгуурлан богино хэмжээний анимэйшн төрлийг сонгож бүтээлээ туурвисан гэдгийг сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу хэллээ. Тэрбээр “Миний хувьд жанжин Д.Сүхбаатарт шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэтэл тал бүрийн судалгааны явцад энэ хүний талаарх бодол санаа маань өөрчлөгдөж, бүр дурлаж эхэлсэн шүү. Д.Сүхбаатар жанжин бол бие бялдар, оюун ухааны хувьд цаанаасаа төрчихсөн хүн гэж хэлж болно. Хэтрүүлж хэлбэл бурхан бүтээсэн юм шиг тийм л төгс төгөлдөр хүн байсан юм билээ. Тиймээс Монголын тусгаар тогтнолын бэлгэдэл, монголчуудын бахархалт баатрын үүх түүхийг үнэн зөвөөр сэргээх нь чухал гэж үзээд зөвхөн нэг талыг бус тэгш хэмийг барьж бүтээлээ хийсэн” хэмээсэн бол тус анимэйшний зураач Б.Нямдорж “Жанжин Д.Сүхбаатар гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй залуус олон байна. Тиймээс бид орчин үеийн шийдлээр энэ хүнийг залуучуудад таниулж, мэдүүлэхийг хичээлээ. Сүүлийн үеийн залуучуудын үзэл бодол, хандлага өөрчлөгдсөн шүү дээ. Тиймээс орчин цагийн шийдэл буюу анимэйшн хэлбэрийг сонгосон юм. Анимэйшн гэдэг бол видео хэлбэрээр үздэг ном л гэсэн үг. Бид бүтээлээ хийхийн тулд аман болон бичгийн гээд олон талын судалгаа хийж, судлаач нартай хамтарч ажилласан. Бүтээлээ сонирхолтой болгож хүмүүст илүү хүргэх, мөн гол дүрийн баатрынхаа гавьяа, их үйлсийг илүү тодотгож харуулахын тулд зарим хэсэг дээр бага зэрэг хэтрүүлсэн байж магадгүй” гэв.
Жанжны таван зарчим
Жанжин Д.Сүхбаатар 1922 оны арванхоёрдугаар сард харьяат цэргүүдэд ухуулан сэнхрүүлэх бичиг бичиж байжээ. Тэрхүү бичигт “Бид шашныг хүндэтгэж, Монголын ард түмнийг энх амгалангийн дэвшилд хүргэж, тэгш журамт баян хүчирхэг Монгол Улс буй болгохын төлөө зорин тэмцэнэ” хэмээн тэмдэглэсэн нь түүнийг алсын хараатай, жинхэнэ улстөрч болохыг илтгэж буй бөгөөд энэ нь одоогийнхоор “...Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно...” хэмээх Үндсэн хуульд тэмдэглэсэн үгтэй утга санаа ижил гэдгийг Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ хэлээд тэрбээр “Д.Сүхбаатар жанжны баримталдаг байсан таван зарчим зөвхөн цэргүүдэд зориулаагүй. Бид архитай холбоотой үзэл санаа, агуулгыг нь Үндсэн хуульдаа тусгахад буруудахгүй” хэмээгээд жанжны таван зарчмын онцлон тодотголоо.
Нэгдүгээрт, бүх хүн цэргийн алба хаах. Үүгээр дамжуулан хүн бүр эрх тэгш зарчимтай байх ёстой гэдгийг нийтэд ойлгуулжээ. Хоёрдугаарт, архи ёсыг алдуулж, ёрыг өдөөдөг тул үүнийг ашид тэвчих. Гуравдугаарт, ариун цэвэрч байдал. Дөрөвдүгээрт, арвилан гамнах. Тавдугаарт, цэрэг хүн цэрэг гэдэг нэр, үүрч яваа буу зэвсгэндээ бардаж ард түмнийг айлган сүрдүүлж, хясан боогдуулж, цочоож болохгүй гэсэн зарчмыг баримталж байжээ.
Уншихаас илүү үзэх нь сонирхолтой бас үлдэцтэй
Ардын хувьсгалын анхдагч, их жанжин Д.Сүхбаатарын тухай өгүүлэх энэхүү анимэйшн киноны нээлтэд оролцогчдын зарим нь Монгол үндэснийхээ дээлээр гангарсан харагдаж байв. Тэдгээрийн дотроос үндэснийхээ хувцсаар гоёсон залуучууд нүдэнд тод тусаж байлаа. Тэдний нэг болох ШУТИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан З.Шижиртуяагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Д.Сүхбаатар гэдэг хүний үүх түүхийг ерөнхий боловсролын сургуульд байхдаа, мөн их, дээд сургуулийн эхний дамжаанд үзэж судалж байсан болохоор энэ хүний тухай тодорхой хэмжээний ойлголттой байдаг. Ерөнхий боловсролын сургуульд байхад бидэнд Д.Сүхбаатар гэдэг хүний царай, дүр төрхөөс илүү нэр нь тод үлдсэн байдаг. Харин одоо царайг нь илүү тодоор харах боломж олдоо. Ер нь түүхэн баатруудын талаар зөвхөн ном, товхимлоос уншихаас илүүтэй ийм анимэйшн байдлаар үзэж судалбал илүү сонирхолтой бас үлдэцтэй байх юм шиг санагдлаа. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг дээ. Тиймээс бид түүхээ тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй. Бүтээл хийж, түүнийгээ олон нийтэд хүргэх, таниулах эвент арга хэмжээ зохион байгуулах нь маш том хариуцлагатай ажил байдаг. Үүнд олон хүн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулдаг учраас тэднийг хүндэтгэж, үндэснийхээ дээлээр гоёж ирсэн юм” хэмээн ярилаа.
“Сүхбаатар” анимэйшн киноны хоёр цуврал үзэгчдийг уйдаахгүй, дуу, дүрслэл тод, үг хэллэг ойлгомжтой, сонирхол татахуйц байв. Эхлэхээсээ л анхаарал татаж “Одоо яах бол” гэж догдлон суудал дээрээ өндөлзсөөр дуусгав. Гол дүрийн баатар бол орчин цагийн хэллэгээр Монгол супермэн юм. Маш бага хугацаанд жанжин Д.Сүхбаатар гэж хэн бэ, ямар гавьяа байгуулсан, үр хойчдоо ямар зам мөрийг нээж өгсөн бэ гэдгийг бүрэн утгаар нь багтаан харуулж чадсан нь кино уран бүтээлчдийн ур чадварыг тодотгож байлаа. Харин үзэгчдийн алга ташилт тэрхүү кино амттай болсныг бататгаж байх шиг.
Бичвэрийн өмнө өгүүлсэн залуугийн тухайд, жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд эцэг “Цагаан дээлт” Дамдин, эх Ханджавын ганц хүү болон мэндэлсэн бөгөөд улмаар 1910 онд Н.Янжмаатай гэрлэж, хүүтэй болжээ. Тэд ганц хүүгээ С.Галсан хэмээн нэрийдсэн бөгөөд хүү нь Г.Наран, Г.Амгалан, Г.Сүхболд гэдэг хоёр охин, нэг хүүтэй болжээ. Их жанжны ганц хүү Галсангийн том охин Нарангийн хүү Сүх-Эрдэнэ бөгөөд Сүх-Эрдэнийн хүү Өлзий юм.
Сонирхуулахад, их жанжин Д.Сүхбаатарын жинхэнэ нэр нь Сүхээ тул ном, зохиолд “Сүх хүү” хэмээн тэмдэглэсэн байдаг ч түүнийг “Гоймон баатар” гэж өргөмжлөн хочилсоор яваандаа түүнийг Сүхбаатар гэж нэрийдэх болсон байна. Д.Сүхбаатар Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, Засгийн газрын төлөөлөгч байсан бөгөөд 1921 оны арваннэгдүгээр сард Зөвлөлт Орос улсад очиж найрамдлын гэрээ байгуулан Владимр Ильич Ленинтэй гар барьж, зураг татуулсан байдаг аж. Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа таалал төгсжээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна