Монгол Улсаа бүрэн эрхт, тусгаар тогтносон орон гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн нь маршал Х.Чойбалсангийн түүхэн гавьяа”


Мэндэлсний нь 129 жилийн ойд


Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 129 жилийн ой тохиож байна. Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар  сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Түүний эцэг  Жамц нь  Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн барга ястан хүн байжээ. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу Тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, түүнд аав Жамц нь Дугар гэдэг нэр хайрласан байна.  Долоон наснаасаа эхлэн төвөд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон талаар түүний намтарт өгүүлсэн байдаг. Маршал Х.Чойбалсан 17 насандаа Монгол Улсын Гадаад яамны байгуулсан орос, монгол хэл бичгийн сургуульд тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад найман монгол хүүхдийн хамт суралцжээ. Түүнийг суралцаж байх хугацаанд 1917 онд  Орос улсад  хувьсгал өрнөсний улмаас нутагтаа буцан ирж Цахилгаан мэдээний түр сургуулийг дүүргэсэн байна. Х.Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн нь түүний цаашдын хувь заяанд эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн болжээ. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн түүхтэй. Тэрбээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэсэн байдаг. Маршал Х.Чойбалсан  1930 оноос  1952 оныг хүртэл насан эцэслэтлээ тухайн үеийн БНМАУ-ыг удирдсан билээ.

Эдүгээ  Монгол цэргийн музейд маршал Х.Чойбалсангийн эдэлж, хэрэглэж байсан түүхэн үнэт зүйлийг дэлгэн тавьсан байдаг. Энэ талаар Монгол цэргийн музейн Мэргэжлийн албаны дарга, эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэг, эрдэм шинжилгээний ажилтан, түүхч Ж.Одонтуяа нар тайлбарлаж байна.

  

Үндсэн хуульд төрийн далбааг тусгав

 

1936 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад маршал цолыг бий болгожээ. Тухайн үеийн тогтоолоор Г.Дэмид, Х.Чойбалсан нарт анхны маршал цол олгосон байна.  Монгол цэргийн Хүндэтгэлийн танхимд  маршал хувцастай Х.Чойбалсангийн хөргийг хүндэтгэлтэйгээр байршуулжээ.  Мөн Хүндэтгэлийн танхимд маршал Х.Чойбалсанг албан өрөөндөө байгаагаар дүрсэлсэн баримал, ажлын ширээ, тухайн үеийн хувцас хэрэглэлийг тавьжээ.

Маршалын  ёслолын дүрэмт хувцасны загварыг 1944 онд баталсан байна. Дээрх дүрэмт хувцсыг маршал 1944-1952 оны хооронд өмсөж, хэрэглэж байсан байна. Энэ дүрэмт хувцаст үндэсний хээ, хуарыг шигтгэсэн байдаг. Монгол  Улс 1940 онд Үндсэн хуулиа баталж, төрийн сүлдтэй болсон. Үүнтэй холбоотойгоор маршалын дүрэмт хувцасны товчин дээр төрийн сүлдийг шигтгэж өгсөн байна. Мөн дүрэмт хувцасны гоёл чимэглэлийг алтан утсаар шаглажээ. Ёслолын дүрэмт хувцас цацагтай эполеттой бол өдөр тутмын дүрэмт хувцас нь пагонтой байжээ. Үүнээс гадна хээрийн дүрэмт хувцсыг  нэвтрүүлсэн байна. Маршалын дүрэмт хувцсыг Цэргийн оёдлын үйлдвэрт тусгайлан оёдог оёдолчинтой байсан аж. Зөвхөн энэ дүрэмт хувцсыг оёход бүтэн сарын хугацаа шаардагддаг байсан гэнэ. Тухайн үеийн маршалын дүрэмт хувцсыг  урлахад орсон алтан утасны орц өнөөдрийнхөөс харьцангуй илүү байсан байна. 1944 оны дүрэмт хувцсыг урласан утасны 70 хувь нь алттай байсан гэж судлаачид үздэг.


Мөн танхимд маршал Х.Чойбалсангийн эдэлж, хэрэглэж байсан эрдэнийн шигтгээ бүхий монетон тоноглолтой сэлмийг захиалан байршуулжээ. Хүндэтгэлийн танхимд 1945 оны Төрийн далбааг залсан байна.

 “Маршал Х.Чойбалсан 1945 оны долдугаар сарын 4-нд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсад айлчилжээ. Тухайн үед Оросын тал маршал Х.Чойбалсанг хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна.  Энэ айлчлал нь тухайн үеийн БНМАУ бол бие даасан, бүрэн эрхт улс гэдгийг Оросын талаас олон улсад, тэр дундаа Хятадад   хүлээн зөвшөөрүүлж байсан. Тухайн айлчлалаа өндөрлөж, Монголдоо ирээд маршал Х.Чойбалсан 1945 оны долдугаар сарын 10-ны БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлсэн байдаг. Ингээд  Төрийн далбааг Үндсэн хуульд тусгаж байсан. Монгол Улсаа бүрэн эрхт, тусгаар тогтносон орон гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн нь маршал Х.Чойбалсангийн түүхэн гавьяа”  хэмээн Монгол цэргийн музейн Мэргэжлийн албаны дарга, эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэг тайлбарлав.

1945 оны БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэнэ. Үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй, гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна.  Энэ далбааны эхийг БНМАУ-ын маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдог зохиожээ.

 

Ж.Одонтуяа: Дорнод аймагт маршалын нэрэмжит үзэсгэлэнг дэлгэнэ

 

Маршал Х.Чойбалсангийн охин Ч.Хулан Монгол цэргийн музейн сан хөмрөгт аавынхаа гэрэл зургийн цомог, эдэлж хэрэглэж байсан зүйлийг  дурсгасан байна.

Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, түүхч Ж.Одонтуяа  “Манай музей маршал Х.Чойбалсангийн тэгш ой жилүүдэд судлаачдын бүтээлийг үндэслэн үзэсгэлэн гаргадаг. Энэ онд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн төв музейгээс маршал Х.Чойбалсангаар сэдэвчилсэн үзэсгэлэн гаргана. Манай музейгээс маршал Х.Чойбалсантай холбоотой материалыг хууль, эрх зүйн хүрээнд зөөвөрлөн, нүүдлийн үзэсгэлэнд оролцохоор судалгааны түвшинд хамтран ажиллаж байна. Энэ жил Монгол Улсад генерал цол олгосны 80 жилийн түүхт ой тохиож байна. Анх генерал цол хүртсэн 11 хүний намтар судлалын талаар Монгол цэргийн музейд байршуулжээ.  Өнөөдрийн байдлаар нийт 219 генерал төрөн гарчээ” хэмээв.

Маршал Х.Чойбалсан хүн амаа бичиг үсэгжүүлэх, боловсроход анхаарч ирсний нэг жишээ монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольсон нь манай улсын боловсролын нэн шинэ түүх билээ. Цаашлаад анхны 10 жилийн дунд сургууль,  1942 онд МУИС-ийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Улаанбаатар хотын нэгдүгээр дунд сургууль болон МУИС нь маршал Чойбалсангийн нэрэмжит сургуулиуд юм. Маршал Чойбалсан өөрөө "Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх", "Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам", "Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь дөрвөн ботиор хэвлэгдэж байжээ.

Маршал Х.Чойбалсангийн үед  Монгол Улсад  эдийн засаг, соёлын олон томоохон бүтээн байгуулалт өрнөж байжээ.  Тухайлбал, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц мөн аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх,  шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Мөн  Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, "Совмонгометалл" нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд, Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр замыг ашиглалтад оруулж, морин өртөөг халан, авто өртөө байгуулжээ. 

Энэ жил 1939 оны Халхын голын байлдааны ялалтын болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтад оролцсон ахмад дайчдын талаар намтрын өлгөц бүхий судалгаа хийж, “Эгэл баатрууд I” ботийг гаргажээ.

2025 онд Чөлөөлөх дайны  ялалтын 80 жилийн ойг угтаж бүх аймгаас судалгаа авч, V боть бүтээл гаргахаар ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган аймгийн 3000 орчим ахмад дайчны намтрын өлгөц бүхий ботийг гаргаад байна. Өмнө нь дайнд оролцсон эгэл жирийн цэргүүдийн талаар ном бүтээл туурвиж байгаагүй. Тиймээс БХЯ, Архивын ерөнхий газар, Монгол цэргийн музей хамтарч судалгаа хийж байна.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22