Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үүний хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”-ийг зохион байгуулсан. Зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тэргүүлэх чиглэл, нөөц, кластер, худалдааны хэлэлцүүлгийн модератор хийсэн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судлаач, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхайтай ярилцлаа.
-Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх нь хэр зөв оновчтой шийдэл гэж харж байна вэ?
-Манай улс одоогоос 22 жилийн өмнө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичгүүд баталж байсан. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх тухайд шийдэлтэй алхам хийгээгүй. Гэхдээ энэ олон жилийн дараа эл асуудлыг дахин сөхөж буй нь авууштай алхам боллоо. Монгол Улс өнгөрсөн хугацаанд 2007-2015, мөн 2015-2022 он гэсэн хоёр үе шаттайгаар стратегийн нэгдсэн бодлого, боловсруулан баталж байсан.
Харин “Алсын хараа-2050” бол урт хугацааны хөгжлийг илүү бүтцийн загварт оруулж, хөгжлийн салангид байсан бодлогын баримт бичгүүдийг нэгтгэсэн цогц бодлого, эдийн засгийн орон зай, нөөц бололцоонд тулгуурлан хөгжих хэтийн төлөвийг тодорхойлсон. Харин одоо үүнийг хэн, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс бүсийн хөгжлийг дахин хэлэлцээд бүсчлэн хөгжүүлэх нь эдийн засгийн орон зайгаас гадна Монгол Улсад байгаа бүх хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилан хөгжүүлж, төвлөрөл саарч, хэт хотжилт түүнийг дагасан нийгэм эдийн засгийн асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна. Манай хоёр хөрш аж үйлдвэрийн хөгжлийн стратеги төлөвлөлтөө тодорхойлон хөгжүүлж байгаатай адил Монгол Улс ч хөрш орнуудын хөгжлийн чиг хандлагад уялдсан төлөвлөлттөй хөгжих нь өндөр өгөөжтэй бөгөөд хамгийн гол нь төрийн бодлого тогтвортой байх нь чухал юм.
-Монгол Улсыг зургаан бүсэд хувааж эхлээд бүс тус бүр урьдчилсан хэлэлцүүлэг, дараа нь нэгдсэн форум зохион байгуулсан. Таны оролцсон зүүн бүсийн тухайд тэргүүлэх чиглэлүүдээ хэрхэн тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх гарц шийдлийг ямар байдлаар гаргасан бэ?
-Бүсийн урьдчилсан хэлэлцүүлэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, тухайн орон нутгийн удирдлага, төрийн албан хаагч, улс төрийн намууд, хувийн хэшлийнхэн, иргэний нийгмийн байгууллага, малчид гээд бүх талын төлөөлөл оролцож, тэдний үзэл бодлыг сонсож, гарц шийдлийн талаар хэлэлцсэн. Оролцогчид дэд бүтцээ дагасан түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Жишээлбэл, Хэнтий аймаг Чингис хааны өлгий нутаг гэдэг утгаараа, Дорнод аймаг уламжлалт мал аж ахуйдаа тулгуурлан эко аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Зүүн гурван аймагт төр хувийн хэвшлийнхэн эрчимжсэн мал аж ахуй, мах махан бүтээгдэхүүн боловсруулах хөдөө аж ахуйн цогцолборуудыг барьж байгуулсан. Тиймээс үүнд тулгуурлан эрчимжсэн мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнийг дагасан хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Мөн хүнд үйлдвэрүүдийг ч хөгжүүлэх боломж бололцоо бий. Жишээлбэл, Хэнтий аймгийн Тулгатайн хүрэн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барьж байгуулан эрчим хүч нийлүүлэх замаар өөрсдийн бие даасан үйлдвэрлэлээ бий болгох нь зүйтэй гэдэг санал гарч байсан. Ер нь эрчим хүчний хараат байдал, хомстол нь эдийн засгийн өсөлтийг боомилж байдаг нэг хүчин зүйл. Энэ утгаараа аль ч бүс нутагт хүнд, хөнгөн ямар ч үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Дараагийн хөндсөн нэг асуудал бол боомт дагасан хөгжил байсан. Дорнод болон Сүхбаатар аймаг боомттой ойрхон учраас энэхүү боломжоо ашиглан урд, хойд хоёр хөршийг холбосон эдийн засгийн коридорыг бий болгож хөгжүүлснээр манай улсын гадаад худалдааны эргэлт сайжирч нэмэгдэх боломжтой гэж үзсэн. Үүний тулд төмөр замын сүлжээг өргөтгөж, улмаар Ази, Европыг холбосон тээврийн сүлжээ болон ачаа эргэлтийг нэмэгдүүлбэл эдийн засгийн эргэлт бий болж, тэр хэрээр бүс нутгийн орлого нэмэгдэнэ гэсэн үг. Мөн Эрээнцавын боомтыг олон улсын статустай болгох боломжтой гэж харж байгаа.
-Эдгээр тэргүүлэх чиглэлүүдийг хэрхэн, яаж бодит ажил болгох вэ?
-Зүүн бүсийн хөгжлийн зураглалыг дахин багцалж хэлбэл, аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх, боомт дагасан эдийн засгийн коридор бий болгох, хүнд болон түүнийг дагасан хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх том нөөц боломж байгаа гэдгийг оролцогчид хэлж байсан. Мэдээж энэ бүхнийг төсвийн мөнгөөр хийх боломжгүй тул төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Бүсийн хөгжлийн бодлогыг ч хувийн хэвшлийнхэн нэлээд дэмжиж, сонирхож байсан. Тиймээс төрөөс бодлого, хууль эрх зүйн таатай орчин нөхцөл бүрдүүлэх, мөн татварын хөнгөлөлт урамшуулал, дэд бүтцийг хөгжүүлэхэд суурь хөрөнгө оруулалтыг шийдэх зэргээр хувийн хэвшлийнхнийг дэмжиж хөрөнгө оруулалт татах нь зүйтэй гэж бодож байна.
-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсүүдэд томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тэнд ажиллах боловсон хүчний асуудал хөндөгдөж таарна. Үүнийг шийдэх ямар шийдэл байж болох вэ?
-Ажиллах боловсон хүчин том асуудал болж байгаа. Зүүн бүсэд 95 мянга гаруй хүн хөдөлмөр эрхэлж байна. Үүний 41 мянга нь буюу 43 орчим хувь нь малчид. Тиймээс яах аргагүй ажиллах хүчний хомстол үүснэ. Монгол Улсын хүн амын 1.2 сая нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд үүний 300 мянга нь малчин. Гэтэл “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт 2030 онд 250 мянга, 2035 онд 500 мянган шинэ ажлын байр бий болгох зорилт тусгасан. Тэгвэл ирэх арван жилд шинээр бий болох ажлын байранд ямар ажиллах хүчийг нийлүүлэх вэ гэдэгт бодлогын шийдэл тодорхойгүй байна. Тиймээс бүсүүдийнхээ тэргүүлэх чиглэлд суурилан тэрхүү эрэлтэд нийцүүлж одооноос хүний нөөцөө бэлтгэх шаардлага бий болж байна. Ер нь Засгийн газраас гаргаж буй урт хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд их, дээд сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын уялдаа, хамтын ажиллагаа, стратеги төлөвлөлт нэн чухал юм. Тухайлбал, зүүн бүсийг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж байгаа бол эдгээр салбарт ажиллах хүний нөөцийг боловсролын салбар бодлогоор бэлтгэх хэрэгтэй.
-Манай улсын ид хөдөлмөрлөх насныхан гадагшаа гарч буйн шалтгааныг судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Манай улсын хөдөлмөр эрхэлж буй 1.2 сая хүний арван хувьтай тэнцэх хэмжээний буюу 120 мянган хүн гадаадад ажиллаж, амьдарч байгаа нь үнэхээр харамсалтай. Гадаадыг зорих монголчуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. ХНХЯ-наас гаргасан судалгаанаас харахад 25-30 насны 67 мянган хүн боломж олдвол гадагшаа явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судлаачийн хувьд ажил олгогчоос тавьж буй шаардлага, ажил хайж буй хүний ур чадвар хоёрын хооронд маш том зөрүү бий болсон гэж харж байна. Үүний нэг шалтгаан бол авч буй цалин хөлс нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байх явдал юм. Зүй ёс нь тухайн хүний цалин татвар, зээлээ төлөөд дараагийн цалин буутал бусад хэрэглээгээ хангах хэмжээний түвшинд байх ёстой. Гэтэл өнөөгийн нийгэмд зохистой цалин хөлс авч чадахгүй, зарлага нь цалингаасаа давж байгаа учраас л гадаадад ажиллаж хөдөлмөрлөх хүсэлтэй болчихоод байна. Үнэндээ Монголд чанартай, “Зохистой” хөдөлмөр эрхлэх боломж хомс учраас “Цалинтай ядуус” гэдэг тодорхойлолт гарч ирсэн.
Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нэг судалгаанд Монгол хүн нэг ажлаас гарч нөгөө ажилд шилжихэд дунджаар долоон сар зарцуулдаг гэсэн үр дүн гарсан байсан. Энэ нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт буюу харьцангүй хурдан ажилд орж байна гэсэн үг. Гэхдээ энэ нь тогтвортой ажлын байр бий болоход сөрөг талтай юм. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөл байдал нь тогтвортой ажлын байр бий болгож чадахгүй үндсэн нөхцөлийн нэг болж байгаа юм. Мөн их, дээд сургуулиа төгссөн оюутан, залуус ажилд орохын тулд дунджаар 3-5 жилийн хугацааг зарцуулж байна. Энэ нь хувь хүний ур чадвараас гадна тухайн эзэмшсэн мэргэжил нь нийгэмд эрэлт, нийлүүлэлтийн зөрүүтэй байдал нөлөөлж байна. Тиймээс энд дурдсан асуудлуудыг бууруулж хөдөлмөрийн зах зээлийн зохистой байдлыг бий болгохын тулд салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй.
-Хөдөлмөрлөх насныхны гадагшаа явж буй урсгалыг сааруулж, эх оронд нь үлдээхэд бүсчилсэн хөгжлийн бодлого ямар үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна вэ?
-Ирээдүйд бий болох шинэ ажлын байранд ажиллах хүний нөөцийг хэрхэн бэлтгэх, гадагшаа урсаж буй хөдөлмөрлөх хүчийг тогтоох хөдөлмөрийн бодлого хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр нь бодлогоор ажлын байр, чадвартай хүний нөөцийг бэлтгэх, зохистой ажлын байр нэмэгдүүлэх үүргээ биелүүлэх ёстой. Бид ажиллах хүчээ нэмэгдүүлэхийн тулд гадаадад бэлтгэгдсэн ур чадвартай, туршлагатай ажиллах хүчийг эх орондоо таатай нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд бүсчилсэн хөгжлийн бодлогод уялдуулах ёстой. Тиймээс саяхан зохион байгуулсан бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнд зүүн бүсийг төлөөлсөн оролцогчид Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай талаар санал дэвшүүлж байсан. Эцэст нь хэлэхэд төр хүмүүн капиталаа хөдөлмөрийн зах зээлд бэлдэхэд хөгжлийн бодлоготойгоо уялдуулан дахин шинээр харж төлөвлөх, оновчтой шийдэл гаргах цаг иржээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна