Дугаарын сурвалжилга
XVII жарны “Хилэнт-Эх” хэмээх модон луу жилийнхээ засал номыг хийлгэхээр зэхэж буй уншигчдадаа мэдээлэл хүргэх үүднээс энэ удаагийнхаа дугаарын сурвалжилгыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс бэлтгэн хүргэж байна.
Бичээчдийн тоог нэмж, хөтөч гаргажээ
Гандантэгчэнлин хийд энгийн өдрүүдийнхээс илүү хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ялангуяа, Жанрайсэг бурхан байрладаг төв хийдийн баруун урд байрлах “Батцагаан” дуган руу орох, гарах хүмүүсийн цуваа тасрахгүй байв. Тэд айлчлан ирсэн луу жилийнхээ засал номыг хийлгэхээр зорин ирээд буй нь тэр. Дуган руу ороход номын дуу сонсогдож, арцны үнэр ханхийв. Үе үе хонх дуугарах нь хэн нэгэн засал номоо хийлгэж буйг илтгэнэ. Өмнө нь хэзээ ч дугаарлаж байгаагүй газарт буюу арц, рашаан авдаг хэсэгт урт цуваа үүссэн байв. Түүнчлэн зурхайч гэсэн бичигтэй өрөөнүүдийн үүдэнд, мөн бичээчдийн урд хүмүүс дугаарлан зогсож байлаа. Гэхдээ тэд нэг их удаан хүлээхгүй байгаа харагдав. Ялангуяа, зурхайчийнхаас бусад дараалал хурдан урагшилж байлаа. Учир нь, шинэ жилийнхээ засал номыг хийлгэхээр ирж буй сүсэгтэн олныг урт дараалалд удаан зогсоож, залхаахгүйн тулд тодорхой хэмжээний зохион байгуулалт хийжээ. Тодруулбал, үндсэн есөн бичээч дээр нэмэлтээр 15 бичээч гаргасан байв. Ингэснээр сүсэгтэн олонд нийт 20 гаруй бичээч зэрэг үйлчилж байгаа тул урт дараалалд удаан зогсох шаардлага гарахгүй байв.
Мөн бэлэн мөнгөөр болон картаар үйлчүүлэх сонголтыг ч үйлчлүүлэгчдэд олгосон харагдав. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч өөрийн төлбөр хийх нөхцөлдөө тааруулан бичээчээ сонгон үйлчлүүлэх боломж олгосон байв. Түүнчлэн үйлчлүүлэгчид хананд байрлуулсан айлтгалын номын тайлбар хэсэг дээрээс өөрсдийн уншуулах номынхоо үнэ тарифыг харж, хэдэн төгрөг шаардлагатай вэ гэдгээ тооцоолох боломжтой юм. Энэ мэтчилэн сүсэгтэн олонд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор хэд хэдэн зохион байгуулалт хийсний нэг нь шинээр мэдээллийн хэсэг гаргасан явдал байв. Тодруулбал, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд-Мэдээллийн хэсэг гэсэн самбарын дэргэд хөтөч лам байх бөгөөд үйлчлүүлэгчид ойлгомжгүй, мэдэхгүй зүйлээ түүнээс асууж, тодруулан, тодорхой мэдээлэл, чиглэл авч байлаа.
Засал номоо хийлгэхээр зорин ирсэн хүмүүс эхлээд зурхайч руу орж, энэ жилийнхээ төлөв байдлыг сонсож, улмаар ямар ном айлдуулах тухайгаа тэмдэглэн аваад түүнийгээ бичээч дээр бичүүлж, төлбөр мөнгөө тушаана. Үүний дараа арц, рашаанаа авна. Хэрэв тухайн хүн өөрөө хүсвэл дуганд суун ном айлдаж буй лам нарын нэгэн дээр очиж, бичгээ үзүүлэн заслаа хийлгэх боломжтой. Харин заавал ингэх шаардлагагүй гэж үзвэл айлдуулах номоо бичүүлэхэд л болох бөгөөд түүнийг нь лам нар дараа өдрийнхөө хурлаар нийтээрээ уншдаг байна.
Ном Бичүүлэхэд 10-20 минут, уншуулахад 1-2 цаг зарцуулна
Луу жилийнхээ засал номыг хийлгэхээр хол, ойроос ирсэн сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээнд ам сайтай байлаа. Тэд зохион байгуулалт сайтай, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр түргэн шуурхай үйлчилж буйд талархаж буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, айлдуулах номоо бичүүлэхээр дугаарлан зогсож буй үйлчлүүлэгч Ч.Болормаа “Энэ жил дараалал харьцангуй бага байх шиг байна. Би өөрт болон хүүд маань хэлж өгсөн номыг бичүүлэхээр зогсож байна. Бид хоёр нийт долоон ном уншуулахаар байгаа. Эдгээр номын үнийг айлтгалын номын тайлбар дээрээс харахад ерөнхийдөө 1000-5000 төгрөгийн хооронд байна” гэсэн бол өндөр настан С.Энхбаяр “Хөгшин бид хоёр жил бүр шинийн 15-наас өмнө гэртээ засал номоо хийлгэдэг юм. Харин энэ удаад Ганданд ирж хийлгээд явж байна. Бүтэн нэг өдрийн л ажил болох байх даа гэж бодож байтал ашгүй хоёр, гурван цаг л боллоо. Бид хоёр номоо бичүүлчихээд лам дээр очиж өөрийн биеэр сууж байгаад уншуулсан юм. Гэхдээ засал номоо бичүүлчихээд явж болох юм байна. Тэгвэл бүр хорь, гучин минут л зарцуулахаар байна. Нэг үеэ бодоход засал ном хийлгэхэд амар болжээ” хэмээн ярилаа.
Ч.Бямбажаргал: Засал номын үнэд өөрчлөлт оруулаагүй
Гандантэгчэнлин хийд энэ жил арав гаруй дацанд ном хурж, нийтийн засал номыг хүлээн авч, үйлчилж байгаа аж. Сүсэгтэн олны айлдуулах ном хамгийн хямд нь 500 төгрөг, хамгийн үнэтэй нь үйлс түргэн бүтээх, гарз хаах, лус савдгийн хорлолыг арилгах зэрэгт уншуулдаг “Жинсрэг” 200 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Монголын сүсэгтний холбооноос “Батцагаан” дуганд энэ сарын 17-ны 19:00 цагт “Дарь-Эхийн магтаал хурж хонох” дээдийн номын зан үйл, хурлыг зохион байгуулна. Мөн маргааш нь буюу энэ сарын 18-нд 11:30-13:00 цагийн хооронд Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам хуврагуудын хамт монголоор ном хурж буян хишгийн даллага авч, сүсэгтэн олонд насны авшиг хүртээх юм байна. Засал ном, үйлчилгээтэй холбоотой зарим зүйлийг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалаас тодрууллаа.
-Үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс энэ жил ямар зохицуулалт, зохион байгуулалт хийгээд байна вэ?
-Нэгдүгээрт, бичээчдийнхээ тоог нэмсэн. Хоёрдугаарт, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх үүднээс хөтөч гаргасан. Хөтөч лам нар маань Гандан хийдийг сайн мэдэхгүй, анх удаа ирж буй хүмүүст, мөн ахмад настнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
-Жилийнхээ засал номыг заавал шинийн 15-наас өмнө хийлгэх ёстой юу. Энэ өдрөөс өмнө засал номоо хийлгэхийг илүүд үздэг нь ямар учир шалтгаантай байдаг вэ?
-Шинийн 15-наас өмнө заавал засал номоо хийлгэх ёстой, ёсгүй гэсэн зүйл байхгүй. Хүмүүс өөрсдийн сүсэг бишрэлээ л дагах хэрэгтэй. Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ны хооронд бурхны шашны Их дэлгэрүүлсэн Их дүйчэн өдөр тохиодог. Тиймээс энэ өдрүүдэд бурхны ном сонсох, ном айлтгуулахад буян их хураадаг гэж үздэг учраас шинийн 15-наас өмнө засал номоо хийлгэхийг илүүд үздэг болов уу.
-Ямар жилтэй хүмүүс энэ жил тусгайлан засал хийлгэх шаардлагатай вэ?
-Жил нь орж буй, суудал нь өнцөгдсөн, мэнгэ нь голлосон хүмүүс тусгайлан засал хийлгэх шаардлагатай. Мөн харш жилтэй хүмүүс засал ном хийлгэхэд гэмгүй.
-Заавал өөрийн биеэр сууж уншуулах ёстой ямар засал ном байдаг вэ?
-Өөрийн биеэр сууж, идээтэй уншуулах засал ном гэж бий. Бас нэг лам айлдах боломжгүй ном судар ч байдаг. Тухайлбал, их хөлгөн судрыг нэг лам унших боломжгүй учраас нийтээрээ айлддаг. Идээ, сэржимтэй номнуудыг өдөр бүрийн 9:00 болон 14:00 цагаас айлдаж байгаа тул энэ үед сүсэгтэн олон маань ирж сууж болно.
-Сүсэгтэн олны айлтгуулах засал номын үнэ тарифт өөрчлөлт оруулсан уу?
-Номын үнэд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй.
-Танайх цахим үйлчилгээгээ шинэчилсэн юм билээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Хөдөө орон нутаг болон гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулж цахим үйлчилгээг нэвтрүүлж, засал ном хийдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Харин энэ сараас энэ төрлийн үйлчилгээгээ тодорхой хэмжээнд шинэчилж, сайжруулсан. “COVID-19” цар тахлын үеэр энэхүү үйлчилгээ маань илүү идэвхэжсэн гэж болно. Бид www.gandan.mn сайтад хандан үйлчлүүлж буй хүний нэр, утасны дугаараар шүүгээд уншуулахаар бичүүлсэн номыг маргааш өдөр нь айлддаг. Гандан дээр ирж бичүүлсэн хүмүүстэй адилхан гэсэн үг.
Цахим үйлчилгээ очиж бичүүлсэнтэй адил
Уншигч та гэр, ажлаасаа гарахгүйгээр, цаг заваа хэмнэн цахимаар засал номоо хийлгэх боломжтой болсон талаар мэдэх үү. Та шинэчлэгдсэн www.gandan.mn цахим сайт эсвэл аппликейшнд хандаж цахим айлтгал захиалах хэсэг дээрх мэдээллийг оруулна. Тухайн хэсэгт төрсөн он, жил, хүйсийн сонголт байх бөгөөд тэдгээрийг бөглөхөд таны энэ жилийн мөр гаргах болон зурхайг дэлгэрэнгүй харуулна. Тухайлбал, ерөнхий байдал, суудал, зүг гаргах, цээр гаргах, эрүүл мэнд, анхаарах болон болгоомжлох зүйл, эрхшээсэн мэнгэ, урвасан жил зэрэг мэдээллийг харах боломжтой. Мөн уншуулбаас зохих номнуудын жагсаалт тайлбар, үнэ тариф, идээтэй, идээгүй гэх мэт нарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээ гарч ирнэ. Ингэхдээ үндсэн заслын болон хүсвэл уншуулж болох номын жагсаалт гэсэн сонголттой. Мөн хэрэв та суудлын ном бус өөр төрлийн ном уншуулах хүсэлтэй байвал цэсэн дээр дарж "ном захиалах" хэсэгт очих сонголт ч бий. Ингэж цахим үйлчилгээ авах нь Гандантэгчэнлин хийд дээр очиж бичүүлсэнтэй адил бөгөөд бичүүлсэн ном судрыг лам нар маргааш нь нийтээрээ айлддаг байна.
Дараах насныхан тусгайлан засал хийлгэх шаардлагатай
Модон луу жил жилд нь орж буй 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97, 109 настай хүмүүс, мөн нохой жилтнүүд их харш, хонь жилтнүүд бага харш жилийн засал хийлгэнэ. Харин бич, хулгана жилтэн ивээл жилийн заслыг хийлгэвээс гараг эрхсийн нөлөөлөл, жилийн барцад саадаас хол байх аж. "Луу могой хоёр орооцолдох" хэмээх тул огторгуйд ургаж буй энэ луу жилд могой жилтэй хүмүүс цагаан жилийн засал хийлгэх шаардлагатайг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат хэллээ. Тэрбээр “Насны, суудлын, мэнгэний гүймэг есөн жилийн давтамжтай явдаг. Энэ нь хүүхэд эхээс төрөөд билгийн насаараа 9, 18, 27, 36, 45 гэж явдаг. Энэ нь цааш явсаар 81 насан дээр ирдэг. Тиймээс 81 настай ахмадууд насны гүймэг заслыг онцгойлон анхаарч хийлгэх хэрэгтэй. Суудлын гүймгийг ес, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81 настай хүмүүс хийлгэнэ. Хатуу ордог жил бол 37, 97-ны жил. Энэ насныхан мэнгэний засал, 49, 61-ний жилтнүүд цэнд тэргүүтэй тусгайлан засал ном хийлгэх шаардлагатай” гэв.
Ташрамд дурдахад, ивээл жил: Бич, хулгана жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай алс явах, их үйл хийхэд анхаарууштай. Жанцанзэмүүбүнжин, олон гурван гүрэм, Жанаг гагдаг ном уншуулбал зохилтой.
Харш жил: Хонь, үхэр бага харш, нохой жилтэн их харш 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 нас харш тохионо. Ажил үйл алинд ч саад тотгор тохиолддог тул анхаарууштай.
Бага харш жил: Төрсөн жилээс дээш, доош дөрөв тоолж гаргадаг. Догсом, Юмжаврэндүйсүн, Сундуй, Ширнэн, олон гурван гүрэм, Жадамба ном уншуулбал зохилтой.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна