Жендэрийн үндэсний хорооны энэ оны ээлжит хуралдаан болж, хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан нээлээ.
Хорооноос үндэсний хэмжээнд гаргаж олон нийтэд мэдээлдэг хүйсийн тэнцвэрт байдлын тайланд ахиц гарсан байна. Тухайлбал, төрийн томилогдох албан тушаалтан болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, яамдын газар хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан хүйсийн квот хангагджээ.
Жендэрийн ойлголт мэдлэг олгох сургалтад 32218 хүнийг хамруулжээ
Жендэрийн үндэсний хорооны өнгөрсөн оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт болон энэ онд авч хэрэгжүүлэх асуудлаар Хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр танилцуулав. Тус хороо өнгөрсөн онд таван зорилтын хүрээнд 71 арга хэмжээг 90 хувийн хэрэгжилттэй, ажлын алба 13 зорилтын хүрээнд 117 үйл ажиллагааг 92.6 хувийн хэрэгжилттэй гүйцэтгэсэн байна. Мөн өнгөрсөн онд жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт семинарт нийт 32218 ажилтныг хамрууллаа. Сургалтад оролцогчдыг хүйсээр нь харвал 46.2 хувь нь эрэгтэй, 53.8 хувь нь эмэгтэй байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад эрэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж хүйсийн тэнцвэрт байдал хангагдсан ахиц дэвшил гарчээ. Түүнчлэн олон нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд үндэсний болон олон улсын зорилтот аяны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан 1.7 сая орчим хүнд мэдээлэл хүргэсэн байна.
Хуралдаанаар төрийн албанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, анхаарах асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва танилцуулсан бөгөөд тэрбээр “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх хэм хэмжээг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамд тусган мөрдүүлж, гарсан гомдлыг шийдвэрлэсэн эсэх талаарх мэдээллийг тайлагнаж, урьдчилан сэргийлж ажиллах нь чухал” хэмээн онцоллоо.
Дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөө боловсруулахыг даалгав
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан хуралдааныг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын Сонгуулийн тухай хуульд холимог системийг оруулж, жагсаалтыг нэгийг харьцах нэг зарчмаар эрэгтэй, эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх, жендэрийн 20 хувийн квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувьд байх зохицуулалтыг тусгасан. Мөн Улс төрийн намын тухай хуульд төрөөс улс төрийн намд олгох санхүүжилтийг хүйсийн тэнцвэрт байдалтай уялдуулсан бөгөөд цаашид энэхүү ахиц дэвшлийг хадгалан үргэлжлүүлэх шаардлагатайг онцлон тодотгов. Түүнчлэн боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 18-34 насны малчдын 88 хувийг ганц бие эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох гишүүдэд үүрэг болгов. Мөн эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг хорооны гишүүдэд даалгав.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг Засгийн газар 50 хувьтай буюу “хэрэгжих шатанд” гэж үнэлж, цаашид хэрэгжүүлэх үндсэн асуудлаа тодорхойлсон байна. Холбогдох хуульд зааснаар Засгийн газар жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг УИХ-д хоёр жил тутам тайлагнах, тайлан бэлтгэх ажлыг Жендэрийн үндэсний хороо үндэсний хэмжээнд зохион байгуулах үүрэгтэй байдаг аж.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна