Хөдөлмөрчдийн "луужин" Гүнжилам


“Зууны 100 эмэгтэй”  төслийг “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхжаргал санаачлан ном болгож нэг, хоёрдугаар ботийг уншигчдын гарт хүргээд байна. Өнгөрсөн болон энэ зууны эхэн үеийн Монголын түүх, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдийг алдаршуулах нь энэхү төслийн зорилго юм. Төслийг санаачлагчид тэдгээр эмэгтэйчүүдийг www.100women.mn вэб сайтаар дамжуулан олон нийтийн нээлттэй санал асуулгаар тодруулж, түүхч, судлаачдын мэдээлэлд үндэслэн шалгаруулжээ. Энэ дугаартаа бид “Зууны 100 эмэгтэй” нэгдүгээр ботиос алдарт нэхмэлчин Б.Гүнжиламын тухай нийтлэлийн хэсгээс онцлон хүргэж байна. “Зууны 100 эмэгтэй”-чүүдийн нийтлэлийг цаашид үргэлжлүүлэн хүргэх болно.  


Таван жилийн төлөвлөгөөгөө дөрвөн сар 18 хоногийн өмнө биелүүлсэн амжилтаар Төрийн шагнал хүртэж, уг санаачилга нь улс орны үйл хэрэг болсон тул Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан БНМАУ-ын алдарт нэхмэлчин Балжиннямын Гүнжилам
* * *
Б.Гүнжиламыг Архангай аймгийн Цэнхэр суманд мэндлээд ой хүрээгүй байхад нь Нийслэл хүрээний Балжинням гэдэг айлд өргүүлжээ. Төрүүлсэн аав, ээж нь түүнд Гүнжинлхам гэж нэр хайрласан ч хүүхэд ахуй цагт нь буруу, зөрүү дуудагдсаар албан ёсны бүртгэлд Гүнжилам хэмээн бичигджээ. Балжиннямын гэр бүл боловсрол мэдлэгтэй, ажил төрөлтэй, хичээнгүй улс байсан нь түүний ирээдүйн амьдралд сайнаар нөлөөлсөн байна. Тэд охиноо хаа сайгүй дагуулж явахын зэрэгцээ хоол хийж сургах, бүжгийн дугуйланд явуулах зэргээр байнга зааж, сургадаг байжээ. Кино, концерт үзэхдээ хүртэл дагуулж яваад, билетийг нь дэвтэр дээр нааж, үзсэн зүйлийг нь бичүүлдэг байв. Эмнэлэгт ажилладаг ээж нь шинжилгээний хариу, үзлэгийн тэмдэглэл хөтлөх хүснэгт зуруулж сургасан нь хувийн тооцоотой, эмх цэгцтэй нэгэн болгоход нөлөөлжээ.
Б.Гүнжилам 1955-1965 онд Нэгдүгээр арван жилийн сургуульд сурч ахуйдаа цэцэг ногоо үрслүүлэх, тарих зэрэг ажилд суралцаж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байв. Наймдугаар анги төгсөөд 22 охин, дөрвөн хүүгийн хамт үйлдвэр сургалтын ангид орсноор алдарт нэхмэлчин болох замаа тавьжээ. Эсгэх, нэхэх, оёх гээд юм юмыг тэнд сурчээ. Есдүгээр ангийнхаа зуны амралтаар хүүхдийн 14 ширхэг костюм оёж, 70 төгрөгийн цалин аваад ихэд урамшин баярласан нь анхных. 1965 онд МХЗЭ-ийн илгээлтээр 120 хүүхэд Аж үйлдвэрийн комбинатад ажилд ороход Б.Гүнжилам Ноосон нэхмэлийн үйлдвэрт хуваарилагдав. Тухайн үед хамт ажиллаж байсан Н.Должинсүрэн,  Щ.Цэрэнжаргал нарын дурсамж яриа "Залуучуудын үнэн" сонины хуудсанд үлджээ. Тэд Гүнжиламыг Гүнжил гэж дууддаг байж. Н.Должинсүрэн "Тэгэхэд би өөр тасаг хариуцаж байсан боловч өглөө бүр ажил эхлэхээс 15 минутын өмнө нэг жаахан бор охин нэхэх машины дэргэд ирчихсэн утсаа залгаж байхыг олонтаа хардаг байв. Нэг удаа Гүнжилам мөнөөх машиныхаа ард байхгүй байлаа. Би гайхан очвол шалан дээр суучихсан аалзны тор мэт орооцолдсон утас бүрийг залгах, засах гэж хөлсөө гоожуулж суув. Асуувал "Нөхөд маань машинаа ийм л болгочихоод орхичихсон байх юм. Ингэхлээр яаж чанартай бүтээгдэхүүн гаргах билээ" гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн. Манай Гүнжил ирмэгцээ л ийм нөлөөтэй хүн болохоо харуулсан юм даа" хэмээн ярьжээ.
Ш.Цэрэнжаргал "Би Гүнжилд ажлаа өгдөг, түүнээс ажил авдаг нэг ээлжийн хүн. Үнэндээ ээлж хүлээлцдэг хүний ажиллагаанаас дараачийн хүний ажил шууд шалтгаалдаг. Намайг өглөө ирэхэд Гүнжил маань бүх юмыг бэлтгэчихсэн байдаг. Машины тосолгоо, суурь утасны бүрэн бүтэн байдал, машины ямар гол дээр доголдож байгаа, хаана юуг анхаармаар байгааг хүртэл өөрөө тэмдэглэчихээд надад ярьж өгдөг. Тэр ч байтугай яавал утасны хаягдал бага гаргамаар байгааг хүртэл зөвлөдөг байлаа. Ингэхээр би мөн л ийм байдлаар ажиллах хэрэгтэй болно. Нэг машин дээр хамт ажилладаг нөхрийн сайн нөлөө намайг жинхэнэ нэхэгч хүний дөртэй болгосон" гэж ярьсан байна.
Аав Балжинням охиндоо орос хэл, хуучин монгол бичиг заана. Мөн Орос сэтгүүл захиалж өгөөд уншуулдаг байв. Түүнийг ажилд орсны дараа Зөвлөлтийн нэхмэлчин баатар эмэгтэйн тухай бичсэн сэтгүүл үзүүлж "Зөвлөлтийн нэхмэлчид ингэж төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг юм байна. Энэ туршлагыг миний охин сураад ажилдаа нэвтрүүлбэл..." гэж зөвлөжээ. Зөвлөлтийн тэр нэхмэлчин нь Иванов хотын Нэхмэлийн үйлдвэрийн тэргүүний нэхмэлчин Л.И.Омельченко байв. Хожим Б.Гүнжиламыг "Монгол Омельченко" хэмээн нэрлэсэн нийтлэл сонинд гарч, орос, монгол хоёр бүсгүй багш шавь, найз нөхдийн холбоо харилцаатай болсон түүхтэй.
Ноосон нэхмэлийн үйлдвэрт ажиллаад зургаан жил болсон Гүнжилам аавынхаа захиас, өөрийн эрмэлзлээр хоёр суурь машин дээр хэрхэн ажиллаж, бүтээмжээ хэрхэн дээшлүүлж болох төлөвлөгөө тооцоо гарган даргадаа үзүүлэв. Дарга нь үйлдвэрийн эдийн засагчийг дуудаж, эдийн засгийн тооцоолол хийлгэсэн байна. Ингээд Б.Гүнжилам V таван жилийн төлөвлөгөөгөө гурван сар 18 хоногийн өмнө дуусгах үүрэг авлаа. Тэр өөрийн хийх ажлаа секунд, минут бүрээр тооцохын зэрэгцээ эд материал, цалин хөлсний хэмнэлт зэргийг нарийн тооцжээ. Таван жилд найман зорилт хэрэгжүүлэх үүрэг авсан нь том зориг, хүндхэн даваа гэдэг нь тодорхой. Сар бүрийнхээ нормыг 103 хувиар биелүүлж, 25560 метр долгион хөнжил нэхэж, 5 жил 3 сар 18 хоногийн ажил хийх, нэхэлтийн алдаанаас болж гарах хөнжлийн нэг метр тутмын нормт оёог нэг см-ээр багасгах, 300 төгрөгийн цалингийн хэмнэлт гаргах, хөндлөн утасны ашиглалтыг сайжруулан, таван жилдээ 562 кг хөндлөн утас, 7345 төгрөг хэмнэх гээд нарийн тооцоотой амлалт авчээ. Түүнчлэн долгиот хөнжил нэхэх хоёр машинд нэгэн зэрэг үйлчлэх маршрутыг оновчтой болгож, ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах, боловсрол, мэргэжил, орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэх мэт найман зорилт дэвшүүлэв.
Эдгээр зорилтдоо хүрэхийн тулд үйлдэл, хөдөлгөөн бүрээ минут, секундээр хэмжих шаардлагатай болсон гэдэг. Ажлын цагаас 20 минутын өмнө ирж, суурь машины тосолгоо, үйлчилгээ, цэвэрлэгээг хийгээд, зүү, хайч, шугам, шоглоом, хээний цаас, харандаа зэрэг есөн төрлийн багажаа баруун талдаа гар хүрэх зайд байрлуулдаг байв. Төлөвлөгөөгүй нэхмэлчид зүүгээ энгэртээ хатгах, хайчаа машиныхаа аль нэг хэсэгт тавих, зарим хэрэгслээ халаасандаа хийх зэргээр эмх цэгцгүй ажилладаг учраас хэрэггүй зүйлд цаг их алдана. Харин Б.Гүнжилам энэ мэтийг анзаарч жижиг зүйл дээр ч гэсэн цаг хэмнэж эхэлсэн байна. Зүүн гараар челнокны харвалтаас хамгаалах хаалтыг сөхөж, баруун гараар утас нь тасарсан челнокийг хайрцагнаас авахад 2,4 секунд, баруун гараар челнокны хайрцагны даруулгыг онгойлгож, зүүн гараар утастай челнокийг хайрцагт хийхэд 1,5 секунд гэх зэрэг нарийн хэмжилтүүдийн түүх түүний тэмдэглэлийн дэвтэрт үлджээ.
Удалгүй түүний энэ санаачилга улс орон даяар түгэв. Хөдөлмөрийн бүтээмжийг эрс дээшлүүлсэн Б.Гүнжиламын тухай сонин хэвлэлд гарч, намын удирдлагууд ч сайшаав. Монголын Үйлдвэрчний эвлэлийн X их хурлын тогтоолд "...ардын аж ахуйн төрөл бүрийн салбарын 60 гаруй мянган хөдөлмөрчид түүний жишээгээр ажилдаа хувийн тооцоо нэвтрүүлэх хөдөлгөөн өрнүүлэн таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх үйлсдээ шинэ амжилт гаргасаар байна" хэмээн онцлон дурджээ. V таван жилийн хугацаанд төлөвлөгөөгөө дөрвөн сар 18 хоногийн өмнө биелүүлсэн амжилтаараа Балжиннямын Гүнжилам БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Төрийн шагнал эрхлэх хорооны 1976 оны долдугаар сарын 10-ны өдрийн нэгдүгээр тогтоолоор Төрийн шагнал хүртсэн юм. Үүнээс дөрвөн жилийн дараа 1980 онд 33 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг энгэртээ гялалзуулав. Нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбалын "Алдарт нэхмэлчин Гүнжилам болон бусад олон нөхдийн эх оронч санаачилга улс орон даяар алдартай юм" хэмээн тодорхойлсон үг үсэгтэй диплом, үнэмлэхээ тэр өдгөө нандигнан хадгалж байна.
Б.Гүнжилам анх өөрийн ажилладаг хоёр суурь машин дээрээ хувийн тооцоотой ажиллаж байгаад, дараа нь энэ ололтоо хамтын тооцоот болгож нэхмэлийн үйлдвэртээ нэвтрүүлсэн юм. Газар тариалан, авто тээвэр, барилга, цахилгаан станцын ажилчид түүний арга туршлагаас суралцаж, салбар бүрдээ хэмнэлттэй ажиллаж, төлөвлөгөөгөө хугацаанаас өмнө биелүүлэхээр хичээж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр эх оронч санаачилга гаргаж, үйлдвэр бүр нарийн тооцоотой ажилладаг болов. Ингэж нэг хүний ажилдаа гаргасан шинэ санаачилга улс орны үйл хэрэг болсон тул түүнд Хөдөлмөрийн баатар цол олгожээ. Түүний туршлагаар олон ч залуус алдар цолонд хүрсэн гэдэг. "Би таны туршлагаар баатар болсон шүү" гэж өөр мэргэжлийн танихгүй хүмүүс талархлаа илэрхийлдэг байсан тухай тэрбээр дурсан ярьсан. "Залуучуудын үнэн" сонины 1979 оны нэгэн дугаарт түүний ярилцлага гарчээ. "Жинхэнэ ажилчин гэж чухам ямар хүнийг хэлэх вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Эрхэлсэн ажлаа яавал илүү чанартай сайн хийх вэ гэж алхам тутамдаа бодож, арга ухаан зарж, сэтгэл санаа, эрдэм ном, хүч чадлаа бүрэн дайчилж чаддаг хүн л манай үеийн жинхэнэ ажилчин хүн" хэмээн хариулжээ. Тэр өөрөө жинхэнэ ажилчин байв. Арван жилийн нэг ангийн найз, Ноосны үйлдвэрт хамт ажиллаж байсан Л.Мажигсүрэн "Би энэ үйлдвэрт анх ирсэн даруй ажилдаа түүртэж, ёстой "мах болтлоо" ядардаг байлаа. Ажлын үед хэсэг амсхийж суумаар санагдах цаг бишгүй байсан. Тэгээд Гүнжийгээ сэмхэн харахаар огтхон ч ажиггүй, туршлагатай нэхэгч шиг л ажилладаг байв. Ингэхээр би өөрийн эрхгүй ажиллана. Гүнжилээс алжаал ядралын тухай асуухад "Үгүй" гэж товчхон хариулна. Харин туршлагатай нэхэгч болсон хойноо "Нээрээ анхны үед тун их ядардаг байсан. Гэвч ядарснаа мартан зорьсноо биелүүлэх гэсэн ганцхан мөрөөдөл намайг хөтөлдөг байлаа хэмээн ярьж билээ. Манай Гүнжил ийм л бодолтой хүн дээ" хэмээн ярьжээ.
Нэхмэлийн үйлдвэртээ ажиллаж байхдаа Гүнжил 1985-1988 онд Марксизм, Ленинизмийн оройн дээд сургууль төгсөж, нам олон нийтийн сонгуульт ажилд идэвхтэй оролцож байв. Нам, үйлдвэрчин, эмэгтэйчүүдийн байгууллага, олон улсын хурлуудад удаа дараа сонгогдон оролцож, АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргын албыг хүртэл хашсан түүхтэй. Үйлдвэр, цехдээ залуучуудын болон үйлдвэрчин, намын үүрийн даргаар олон жил ажиллажээ. Нэхмэлийн үйлдвэрийн Ахмадын зөвлөлийн дарга хийж байхдаа 1980 оны сүүлээр хийсэн нэг ажилдаа тун сэтгэл хангалуун байдаг. Тухайн үед Ноосон нэхмэлийн үйлдвэрт өргөтгөлийн барилга бариад байжээ. Тэндээс үлдсэн хөрөнгөөр гурав дөрөвдүгээр хорооллын эцэст ажилчдын 72 айлын орон сууц барих санаачилга гаргасан нь дэмжигдэж, Ноосон нэхмэлийн үйлдвэрийн 80-аад ажилчин орох оронтой болж байв.
Гэвч түүний амьдрал, ажил үйлсийн зам үргэлж дардан байсангүй. Ардчилсан хувьсгал эхэлсэн 1991 онд 44 насандаа тэтгэвэрт гарч, нэг жил гэртээ суусны дараа Ноосны үйлдвэрийн Эрдэм шинжилгээ туршилтын төвийн инженер болж, их сургуулийн хүүхдүүдэд жил багшлав. Удаад нь Тахир дутуу иргэдийн нийгэмлэгийн дарга Шүхэрт гэж хүний санал болгосноор хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг амьдрах ухаан, ажил мэргэжилд сургахаар банкнаас 10 хувийн хүүтэй 700 мянган төгрөгийн зээл авч анги танхим, ажлын байр нээжээ. 29 дүгээр тусгай сургуулиас анх авчирсан 14 хүүхэд нэмэгдсээр 29 болов. Өөрсдийн хийснээ зараад, түүгээрээ байрны түрээсээ төлөх ёстой. Арга буюу байраа хүртэл барьцаанд тавьж, зээлээ төлж чадахгүйн улмаас орох оронгүй болжээ. Бусдын төлөө явсаар өөрөө хохирсон гэж хэлмээр ч юм шиг. Харин сургаж, хүмүүжүүлсэн 29 хүүхэд нь сайн сайхан яваад баярлаж суудаг гэсэн.
Өдгөө 74 настай Б.Гүнжилам гуай Шувуун фабрикийн шинэ суурьшилд байх гэртээ амьдардаг. Угийн хөдөлмөрч хүн зүгээр сууна гэж байхгүй, хашаандаа хүнсний ногоо тарьж, үр хүүхэд, ач гуч нараа тойруулан жаргаж сууна. Гутлын үйлдвэрийн ажилчин, Монгол улсын Хүндэт донор Д.Цээсүрэн, Б.Гүнжилам нар 1971 онд гэр бүл болж, таван хүүхэд төрүүлж, өсгөжээ.
Б.Гүнжиламын санаа сэтгэл өнөөдөр ч үйлдвэртэйгээ байнга холбоотой. Ноосон нэхмэлийн үйлдвэрийн байр одоо ч түүний нүдэнд харагдана. Хувьчлал нэрээр бүх үйл ажиллагааг нь зогсоож, суурь машин, тоног төхөөрөмжийг нь төмрийн хаягдал болгон, хэрчиж зараад дууссанд харамсаж явдгаа ярьсан. "Манай үйлдвэрт монгол хонины ноосны 70 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож, орны бүтээлэг, ноосон өмд, цамц гээд бүхнээ л өөрсдөө хийх гэж зүтгэдэг байлаа. Гэтэл одоо ямар байна вэ. Энэ олон сайхан үйлдвэрийг устгасан ардчиллынхантай тооцоо хийдэггүй юм байх даа гэж бид боддог" хэмээн ярина.
Социалист их бүтээн байгуулалтын жилүүдэд зөвхөн үйлдвэрийнхээ төдийгүй нийт улс орон даяар хөдөлмөрчдийн үлгэр дууриал, зүг чиг, луужин болж байсан Б.Гүнжиламын түүхээс өгүүлэхэд ийм байна. Түүний түүх бол XX зууны ажил хөдөлмөр оргилсон БНМАУ-ын тод томруун түүх билээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22