Т.Баярхүү: 20 аймгийн 190 суманд төрийн 4000 гаруй албан хаагч ажиллаж байна


Манай улсын нийт нутгаар их хэмжээний цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буй энэ цаг үед УОК хэрхэн яаж, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүтэй ярилцлаа.

 

-Одоогоор хэчнээн аймагт хаваржилт хүндрээд байна вэ? 

-Цаг уур орчны шинжилгээний газраас зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд энэ сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд зургаан аймгийн 23 сум төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 88 сум цагаанаар зудархуу гэсэн дүгнэлт гарсан. Нийт 20 аймгийн 90 сум, нийслэлин хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрч, хаваржилт хүндэрч эхэллээ. Одоогоор нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Зудтай жил буюу 2009-2010 оны өвөл нийт нутагт дунджаар 8.5 мм цас орж байсан нь олон жилийн дунджаас 1.4 дахин их үзүүлэлт байв. Тэгвэл энэ жилийн тухайд одоогийн байдлаар олон жилийн дунджаас 1.6 дахин их буюу 9.6 мм цастай байна. Өөрөөр хэлбэл, 2009-2010 оны зудтай өвлөөс ч илүү их цастай жил болж байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. 

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ? 

-Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сарын 19-ний 279 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүний хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 25-нд бүх аймгийн Засаг дарга, Аймгийн онцгой комиссын гишүүдтэй цахим хурал зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг чиглэл, мөн гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан зөвлөмж зэргийг өгсөн. Өвөлжилт хүндэрсэн аймаг, орон нутагт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн ажиллаж, тулгамдсан тодорхой асуудлыг шийдвэрлэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн УОК-ын Шуурхай штабыг байгуулан аймаг, сумын онцгой комиссыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүд, сайд нараар ахлуулсан УОК-ын Шуурхай бүлгүүд аймаг орон нутагт дэмжлэг үзүүлэх байдлаар үүссэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

-УОК-ын зүгээс хаваржилт хүндэрч буй аймгуудад ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ? 

-Зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд улсын болон аймаг орон нутгийн нөөцийн өвс, тэжээлийг малчдад хүргэх, айл өрхүүд рүү зам гаргах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, аймаг, сумдын онцгой комисст төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас дэмжлэг үзүүлж 434 нэгж техниктэйгээр 1800 алба хаагч 23451 км зам, давааны зорчих хэсгийн цасыг арилгаж, 669 өрх айлд өвс, тэжээл, нүүрс хүргэх ажлыг зохион байгуулсан. Одоо энэхүү ажлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хүн хүч, техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна. Эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор 9.2 мянган тонн тэжээлийг аймаг, орон нутагт хөнгөлөлттэй үнээр олгосон.

-Одоогоор аль аймгуудад гүвээ, зам даваа хаагдаад байна вэ. Тухайн газруудад зам гаргах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ? 

-Цас их хэмжээгээр орсноос үүдэн гүвээ, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа ихсэж, тэр хэрээр дуудлагын тоо нэмэгддэг. Дуудлагын дагуу орон нутгийн АЗЗА компаниуд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч, зам давааны цас мөсийг арилгаж байна. Хаагдчихсан байгаа орон нутгийн буюу малчид руу чиглэсэн 40 орчим мянган км зам давааг нээхэд хүн хүч, техник дайчлан ажиллаж байна. Ер нь нээсэн зам даваа цасан шуурга болсон үед хоёр цагийн дотор л дахин хаагдах магадлалтай. Тиймээс УОК, аймаг, орон нутгийн онцгой комисстой хамтран зам давааны цас арилгах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа юм. Нөхцөл байдал хүндэрсэн үед иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүднээс шаардлагатай тохиолдолд зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байна. Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, боломжит бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна.

-Он гарснаас хойш төөрсөн, цасанд суусан гэх мэт шалтгаантай хэчнээн иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэнд, амь насыг нь авран хамгаалаад байна вэ? 

-Онцгой байдлын байгууллага, аймаг сумын мэргэжлийн анги, төрийн албан хаагчид он гарснаас хойш цасанд суусан, сураггүй алга болсон дуудлага мэдээллийн дагуу ажиллаж 605 тээврийн хэрэгслийг аюулгүй болгож, 2471 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан. 

-Хаваржилт хүндэрч байгаа энэ үед улсын хэмжээнд хэчнээн тоо толгой мал хорогдоод байна вэ. Аль аймгууд малын хорогдол ихтэй байгаа бол? 

-Энэ сарын 19-ний байдлаар 667841 мал хорогдоод байна. Өнгөрсөн өдрүүдэд болсон цасан шуурганы аюулт үзэгдлийн дараа малын хорогдол эрс нэмэгдсэн. Тухайлбал, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймагт нөхцөл байдал хүнд байгаа тул малын хорогдол хамгийн их байна. 

-Хаваржилт хүндэрсэн айм­гуудын малчид болон иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд УОК-ын хувьд бэлэн байдлаа ямар түвшинд хангасан бэ. Тухайлбал, онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, шаардлагатай машин техник хэрэгсэл гэх мэт зүйлс хүртээмжтэй бий юү? 

-Би түрүүн хэлсэнчлэн өвөл­жилтийн бэлтгэл ажлыг мөн оныхоо долдугаар сараас эхлэн хангаж эхэлдэг. Манай улсын ДНБ-ий 12.8 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тиймээс Засгийн газраас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан иргэд, малчдадаа тусламж үзүүлэх зорилгоор 21 тэрбум төгрөг баталж өвс тэжээлийн тусламж, зам даваа гаргах болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг шийдвэрлэн ажиллаж байна. Одоогоор 20 аймгийн 190 суманд 4000 гаруй төрийн албан хаагч, 500 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мэдээж нэг суманд цасан шуурга болж, дуудлага мэдээлэл ирэхэд бүх чиглэлд зэрэг гарах боломжгүй шүү дээ. Тиймээс эрэмбэлэн эрсдэлтэй бүлгээс нь эхэлж ажилладаг.

-Цаашид УОК ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ? 

-Хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор гурван үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Эхний ээлжид улсын нөөцөд байгаа 6000 орчим тонн, орон нутгийн нөөцөд буй 20000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд нөхцөлд буй сум, багт шууд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ хүртээмжтэй байлгахыг чухалчилна. Мөн 14-21 хоногийн дараа бүх малчинд хүчит тэжээл, буудай, тэжээлийн будаа хүргэх ажлыг зохион байгуулна. Дараагийн шатны арга хэмжээ буюу малчдад хүнс будаа хүргэх ажлыг ирэх гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

-Ер нь цаашид цаг агаарын болон хаваржилтын нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна вэ. Малчдад анхааруулж юу гэж хэлэх вэ? 

-Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож, өвөлжилт эрт хүндэрч эхэлсэн тул цаашид хаваржилт хүндрэх нь тодорхой болоод байна. Тийм ч учраас Засгийн газар боломжит нөөцөө дайчлан эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Дэлхийд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж ган зудын давтамж, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмхий арван оронд багтдаг. Төр засгийн түвшинд шаардлагатай арга хэмжээг авахаас гадна аливаа гамшиг, осол гээд хүнд хэцүү цагт бүх нийтийн оролцоотой байж, хамтын хүчээр даван туулах нь нэн чухал.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 20 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 20 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 20 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07