Гэгээрлийн сайд асан миний элэнц өвөө Эрдэнэбатхаан


Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил болж бай­гаа­тай холбогдуулан тун сонирхолтой фото зургийн үзэсгэлэн гаргасныг үзэж сонирхоод энэхүү нийтлэлийг бичихээр шийдэв. 

Миний аав Сүхбаатар айм­гийн угшилтай, харин ээжийн өвөө нь манай улсын боловс­­ролын салбарыг үүсэж хөгжихөд түүхэн хувь нэмрээ оруулсан Эрдэнэ­бат­хаан гэж буриад хүн байсан юм. Батуханов буюу Эрдэнэ­батхаан нэрээр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн тэрбээр Ардын хувьсгал ялахаас өмнө Нийслэл хүрээний Консулын дэнж дэх Орос сургууль болон Гадаад явдлын яамны дэргэд нээгдсэн сургуульд багшлахын зэрэгцээ хувьсгалт нууц бүлгэмийн Д.Сүхбаатар, Д.Бодоо, Д.Догсом, Д.Лосол нартай танил­цан элдэв бичиг баримтыг орос хэлнээс орчуулах, хэлмэрчлэх зэр­гээр тэдний ажилд тусалж явсан байдаг. Ардын хувьсгал 1921 онд ялсны дараагаар Ардын түр Засгийн газрын анхны нарийн бичгийн дарга (Одоогоор бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга), Дотоод явдлын яамны Бүх сургуулийн хэргийг захиран шийтгэх түшмэл, Гадаад явдлын яаманд орчуулагч зэрэг хариуцлагатай албыг хашихын зэрэгцээ Нийслэл хүрээний бага, дунд сургууль, Багш нарын сургууль, Судар бичгийн хүрээлэнд давхар ажиллаж байсан гэдэг. 

        
 Өвөр эгнээнд: Зүүнээс С.Борисов, Д.Бодоо, Д.Сүхбаатар, П.Литвинцев, Д.Литвинцев, Д.Лосол, арын эгнээнд Д.Цэдэн-Иш, Г.Демко, Б.Эрдэнэбатхаан, И.Баламсоо, Б.Рыбин нар. Нийслэл хүрээ, 1921 он.
Улмаар Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд Онходын Жамьян гүний дараа 1924 оны арваннэгдүгээр сарын 25-нд тус яамны сайдаар томилогдон 1928 оны арваннэгдүгээр сарын 16-ныг хүртэл ажилласан юм. 
Гаднын нэгэн түүхч, судлаач тухайн үед гадаад Монголоор зорчсон тухай тэмдэглэлдээ ийнхүү бичсэн байдаг: 


“1926 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр. Өглөө 08:00 цагт Үндэсний буюу Багшийн сургууль дээр очлоо. ... Гэгээрлийн сайд Батхаан мөн сургуульд багшилдаг. ... хичээлийн танхимаар ороход сайд Батхаан оюутнуудад газар зүйн хичээл орж байлаа. Багшийн ширээний дэргэд дэлхийн газрын зураг, баруун хананд олон орны хориод төрлийн зураг өлгөжээ. ... Багш газрын давхарга тус бүрийг нэрлээрэй, шохойн давхарга хэрхэн үүсдэг вэ зэрэг асуулт тавьж, оюутнууд нэг нэгээрээ хариулна. Уулын өндрийг яаж тооцох вэ гэж асуухад далайн түвшнээс хэдий хэр өргөгдсөнөөр тооцно гэж хариулав. Далайн түвшнээс хэдий хэр өргөгдсөн газар орныг хэрхэн ангилдаг вэ? гэж асуухад 200 метрт өргөгдсөн бол тал хээр, 300-500 метрт өргөгдсөн бол өндөрлөг, 500-1000 метрт өргөгдсөн бол уулархаг газар гэнэ гэж хариулав» (Гэрлээ, 2021, х.155-156) 
Сайд Эрдэнэбатхаан Багшийн сургуульд багшлахын сацуу 1926 онд барууны өндөр хөгжилтэй Герман, Франц улсад Монголоос 35 сурагчийг суралцуулах ажлыг санаачлан зохион байгуулсан бөгөөд эдгээр сурагч нь хожим улс орныхоо төрөл бүрийн салбарыг хөгжүүлэх үйлсэд анхдагчид нь болж үлэмж хувь нэмэр оруулжээ. Сурагчдыг зохих газарт нь өөрийн биеэр хүргэж өгөхийн зэрэгцээ Германаас буцахдаа Монгол орны газрын зураг, “Ази тив” зэрэг ном зэргийг хэвлүүлж, хуучин монгол бичгийн машин захиалан хийлгэснээ авчирчээ (Ч.Болд, 2021, х.35). Тэрбээр Монголд орчин цагийн боловсролын суурийг тавилцаж, үндэсний сэхээтэн төрөн гарах, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гавьяатан билээ. Герман, Франц руу явуулсан хүүхдүүдийн зарим нь1942 онд МУИС-ийг үүсгэн байгуулалцсан нь түүний шинэ цагийн боловсролын салбарт оруулсан томоохон хувь нэмэр юм.
  

  Ардыг гэгээрүүлэх яамны сайд Б.Эрдэнэбатхааны захиалгаар Германы Лайпциг хотноо “Вагнер ба Дэбес” компанид 1926 онд хэвлэсэн Монгол Ард Улсын газрын зураг.

1925-1926 онд МАХН-ын Төв хорооны орлогч гишүүн, 1925-1928 онд улсын Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан түүнийг 1928 онд “Баруунтан” гэж шүүмжилж байв. 
Эрдэнэбатхаан 1934 оноос Ленинградын Дорно дахины институтэд Монгол хэл шинжлэлийн тэнхимд профес­сороор ажиллаж монгол хэл, Монголын түүх заадаг байжээ. 
ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын газрын даргын тушаалаар түүнийг 1937 оны есдүгээр сарын 22-нд хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлан “Цэвээн Жамсрановын толгойлсон нармай монгол үзэлтэй буриадуудын бүлгийн удирдагчдын нэг, Монголын залуу үеийг хөрөнгөтний үзлээр хүмүүжүүлэх зорилгоор Герман, Францад илгээсэн” зэрэг элдэв хилс хэргийг тулган яллаж, 1940 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр найман жил хорих ял оноожээ. Тэрбээр ЗХУ-д хоригдож байхдаа хүнд өвчнөөр 1942 онд насан эцэслэсэн гэх мэдээ байх боловч эрдэмтэн судлаач Ш.Б.Чимитдоржиев түүнийг 1948 онд нас барсан хэмээн бичсэн байдаг. 1956 оны тавдугаар сарын 25-нд Ленинградын цэргийн тойргийн прокуророос Эрдэнэбатхаан, Д.Цэдэн-Иш, М.Амагаев нарт холбогдох хэргийг нэхэн хэлэлцээд хууль бус хилсээр тулган хүлээлгэсэн байна хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. 
Эрдэнэбатхааных таван хүүхэд­тэй, тэд бүгд өндөр боловсролтой, эрхэлсэн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байв: 
-Том охин Оюуныг зохиолч, орчуулагч, найруулагч гэдгээр нь монголчууд андахгүй. Тайзны урлагийг хөгжүүлэхэд амьдралаа зориулсан. Ардын жүжигчин цолтой. Чойбалсаны  болон Төрийн шагнал хүртэж байсан; 
-Түүний дүү Карма нь боловсролын салбарт, Зандармаа нь хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагуудад насаараа ажилласан салбартаа хүлээн зөвшөөгдсөн хүмүүс байв;
-Миний өвөө Раднаа Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн захирал, Улсын багшийн дээд сургуулийн проректор зэрэг ажил хийж байсан. Түүнийг тухайн үеийн боловсролын салбарынхан андахгүй;
-Отгон хүү Агваандорж нь эрчим хүчний чиглэлээр насаараа ажил­ласан манай нэртэй инженерүүдийн нэг. 

Энэхүү нийтлэлийг бичихдээ “Баг­шийн сургуулийн 100 жил”, “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” (1924-1959) номыг ашигласан болно. 

 Х.Алтай

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 


0
angry
3
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.115
2024/04/30
0
0
Мундаг байна. Намтар түүхээ судалдаг залуус ховор доо.
Хариулах
Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 9 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 9 цагийн өмнө
Тохуурхал 9 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 9 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 9 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 9 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 9 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 10 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 12 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр