Д.Бэхбат: Үнэт эдлэл заавал үйлдвэрлэгчийн болон сорьцын баталгааны тэмдэгтэй байх ёстой


Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбаттай ярилцлаа. 

-Танай байгууллага ямар чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг вэ? 
-Монгол Улсын нутаг дэвсгэрт олборлосон үнэт металл болон түүгээр хийсэн эдлэлийн сорьц чанарыг тогтоож тэмдэг дарах,  үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьцын асуудлаар хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллага. Мөн эрдэнийн чулууны ангилалд багтаж буй чулуу мөн эсэхийг тогтоож, гэрчилгээ олгодог. Өөрөөр хэлбэл, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалж тухайн бүтээгдэхүүн үнэн зөв эсэхэд баталгаа өгдөг. Манайх Дархан-Уул, Баянхонгор аймагт салбартай. Алт олборлолтын томоохон бүсийг түшиглэж, бүсчилсэн байдлаар сорьц тогтоох лабораторийг тухайн орон нутагт 2018 онд байгуулсан. 
-Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний үнэт металлд сорьц тогтоох шинжилгээ хийгээд байна вэ? 
-Манай байгууллагыг 1963 онд одоогийн Монголбанк тухайн үеийн нэршлээр Улсын банкны ерөнхий хорооны дэргэд Үнэт металлын чанар шалгах тасаг нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш 60 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 300 орчим тонн алтны сорьц тодорхойлсон байна. Монгол Улс 1990 оныг хүртэл жилд 700 кг алт олборлодог байсан бол зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш олборлолт эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2018 онд түүхэндээ хамгийн их буюу 22 тонн алт олборлосон. Харин өнгөрсөн жил 13 тонн алт олборлож сорьц тогтоох шинжилгээ хийсэн. 
-Алт, монет, мөнгө зэрэг үнэт металлаар хийсэн эдлэл дээр 999, 925, 585 гэх мэт тоо байдаг. Эдгээр тоо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэмдэглэгээ юу? 
-Тийм ээ. Сорьцын баталгааны тэмдгийг зөвхөн Монгол Улс бус дэлхий нийтээрээ ашигладаг. Анх XV зуунд Европод хэрэглэж байсан түүхтэй. Олон улсад ISO9202 гэсэн стандарт бий. Энэхүү стандартын дагуу үнэт эдлэлийн сорьцын тэмдэглэгээг   тогтоосон байдаг. Монгол Улсын сорьцын баталгааны тэмдгүүдийн тухайд 999-өөс бусад нь давтагддаггүй. Жишээлбэл, алт болон цагаан алт  999, 960, 916, 750, 585, 375, 333 гэсэн тэмдэгтэй. Харин мөнгө 999, 925, 875, 835, 800 гэж бий. Харин платина 950, 900, 850 бол палладий 850, 800 гэсэн тэмдэглэгээтэй байдаг. 
-Нэг төрлийн үнэт эдлэл дээр хэд хэдэн тоон тэмдэглэгээ байгаа нь ямар ялгаатай вэ. Үнэт металлын сорьцын тэмдэглэгээг дэлгэрүүлж тайлбарлана уу? 
-Үнэт металлаар хийсэн эдлэл дээр байдаг тоо, хэмжигдэхүүн нь тухайн бүтээгдэхүүний чанар баталгааг илтгэдэг. Үндсэндээ сорьц тодорхойлох  гэдэг нь металлын хайлш дахь агуулгыг тогтоож буй үйл явц юм. Жишээлбэл, үнэт металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл, хэд нь үнэт металл болохыг тодорхойлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг үнэт эдлэл дээр 999 гэсэн тэмдэглэгээ байлаа гэж бодоход түүнд ийм хэмжээний алт байна гэж ойлгож болно. Монгол Улс хэмжлийн нэгжийн “Си” системийг хэрэглэдэг. Карат /к/ гэдэг хэмжигдэхүүнийг ихэвчлэн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн дээр 1-24 карат хүртэл хэмжээгээр хэрэглэддэг. Тухайлбал, 24к нь 999.9 сорьцтой тэнцдэг.  
-Дээр дурдсан тоон тэмдэглэгээний аль нэг нь байгаа тохиолдолд тухайн үнэт эдлэлийг чанар, баталгаатай гэж ойлгож болох уу? 
-Үнэт эдлэлийн чанар, баталгааг зөвхөн сорьцын баталгааны тэмдгээр хязгаарлаж болохгүй. Мэргэжлийн байгууллагын баталгааны тэмдгээс гадна үйлдвэрлэгчийн барааны тэмдэг бас байх ёстой. Ингэж байж сорьцын баталгаатай бүтээгдэхүүн болно. Үйлдвэрлэгчийн барааны тэмдгээр тухайн бүтээгдэхүүнийг аль улсад, ямар газарт үйлдвэрлэснийг мэдэх боломжтой. Барааны тэмдэг нь худалдан авагч болон үйлдвэрлэгч аль алинд нь ач холбогдолтой. Үйлдвэрлэгчийн хувьд  тухайн бүтээгдэхүүн хожим түүх, соёлын дурсгалт зүйл боллоо гэж бодоход гэрчлэх баталгаа болно. 
-Үнэт гэдэг ангилалд ямар төрлийн металлыг хамруулж байна вэ. Мөн эрдэнийн чулууг албан ёсоор хэрхэн ангилдаг вэ? 
-Үнэт эдлэл, эрдэнийн чулуу болон түүгээр хийсэн эдлэлийн сорьц тодорхойлох үйл явц, энэ төрлийн худалдааны харилцааг холбогдох хууль эрх зүй, стандарт шаардлага, баримт бичгээр зохицуулдаг. Тодруулбал, дэлхий нийтийн баримталдаг ангилал, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор баталсан Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулиар алт, мөнгө, платина, палладий, иридий, родий, рүтений, осмий гэсэн найман төрлийг үнэт металл гэж үзэж байгаа. Мөн эрдэнийн чулууг үнэт, хагас үнэт, гоёл чимэглэл, өнгөлгөөний гэж дөрөв ангилдаг. Жишээлбэл, үнэт чулууны ангилалд доржпалам, маргад, бадмаараг, индранил багтдаг бол бидний хамгийн сайн мэддэг мана гоёл чимэглэлийн чулууны ангилалд ордог.  
-Та эрдэнийн чулууг тодор­хойлж, гэрчилгээ олгодог талаар дурдсан. Тухайн гэрчилгээг ижил төрлийн олон бүтээгдэхүүнд олгодог уу эсвэл тус бүрд нь үү? 
-Тус бүрд нь олгодог. Жишээлбэл, 100 ширхэг шүрэн бугуйвч байлаа гэж бодоход 100 гэрчилгээ олгоно гэсэн үг. Тэрхүү гэрчилгээ нь зөвхөн тухайн үнэт эдлэл дээрээ л хүчин төгөлдөр байна. Өөр бүтээгдэхүүн дээр ашиглах ёсгүй.    
-Өнгөрсөн онд энэ төрлийн гэрчилгээг худалдаа эрхлэгч хэчнээн иргэн, аж ахуйн нэгжийн хэдий хэмжээний бүтээгдэхүүнд олгосон бэ? 
-Өнгөрсөн жил 438 аж ахуйн нэгж, иргэний 1643 эрдэнийн чулуунд гэрчилгээ олгосон.Гэхдээ манай байгууллагад хандсан хэн бүхэнд гэрчилгээ олгохгүй.  Шаардлагын дагуу эрдэнийн чулууны ангилалд багтсан, хуурамч биш чулуунд олгодог юм. Мөн  онд  82151 алтан эдлэл, 56186 мөнгөн эдлэлд сорьцын баталгааны тэмдэг дарсан. Импортын бүтээгдэхүүнд дотоодын бүтээгдэхүүнтэй адил сорьцын баталгааны тэмдэг дардаг. Манай улсын шинжилгээний үр дүн Европын холбооны улс орнууд, ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ зэрэг улс орны шинжилгээний үр дүнтэй таардаг. 
-Үнэт эдлэл худалдан борлуулагчид ихэвчлэн аль улсаас бүтээгдэхүүнээ оруулж ирж байна вэ? 
-Ерөнхийдөө Өмнөд Солонгос, Турк улсаас түгээмэл оруулж ирдэг. Ингэхдээ ихэвчлэн үнэт эдлэлийг нэг ширхэг бүрээр нь граммлаж бус кг-аар нь жинлэж, авдаг учраас баталгаагүй бүтээгдэхүүн байх эрсдэлтэй.
-Хүмүүс сүүлийн үеийн мөнгөн аяганы чанарт эргэлзэх болсон. Ер нь мөнгөн аяга стандартын ямар шаардлага хангасан байх ёстой вэ? 
-Бидний өв соёлын нэг болсон мөнгөн аяганы стандартыг 2015 онд баталсан. Тухайн стандартад аяганы орц найрлага, хэмжээ, амсар, ёроолынх нь зузаан, нимгэн ямар байхыг тодорхой тусгасан. Худалдан авагчид нэн түрүүнд шошгон дээрх мэдээллийг харах хэрэгтэй. Шошгон дээр үйлдвэрлэгчийн  нэр тэмдэг, сорьц, жин, худалдах үнэ байх ёстой.  Стандартад зааснаар модон тагш 1-12 төрлийн хэмжээтэй байдаг. Түүнд тааруулж гадна талын мөнгөн бүрхүүлийг хийх ёстой. Жишээлбэл, стандартын дагуу тавын мөнгөн аяганы амсрыг 32, суурийг 38 граммаас багагүй мөнгөөр хийх ёстой. Харин үндсэн модон тагшны жин 167 грамм байх ёстой бөгөөд түүн дээр мөнгөний орц 70 граммыг нэмэхэд аяганы нийт жин 237 граммаас багагүй байх ёстой. Хэрэв үүнээс бага граммтай байвал мөнгө нь нимгэн, эдэлгээ даахгүй, чанаргүй гэсэн үг. Үүнээс гадна аяганы үйлдвэрлэлийн явцад сорьцын баталгааны тэмдэг дардаг.  Тиймээс  үнэт эдлэл хийх, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй албан ёсны газраас сорьцын баталгаа болон үйлдвэрлэгчийн тэмдэгтэй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна. 
-Та  бүхэн энэ төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хянаж шалгадаг уу?   
-Бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт тогтмол зохион байгуулдаг. Холбогдох хууль журам, төлөвлөгөөнд тусгасны дагуу өнгөрсөн сарын 29-нд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт  одоо ч үргэлжилж байгаа. Ирэх зургадугаар сарын 10 хүртэл үргэлжлэх шалгалтад Улаанбаатар хот болон 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч, талбай түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 250 иргэн, хуулийн этгээдийг хамруулахаар төлөвлөсөн.  
 -Энэхүү хяналт шалгалтаар урьдчилсан байдлаар ямар зөрчил илрүүлж байна вэ? 
-Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор энэхүү хяналт шалгалтыг эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар сорьцын баталгааны тэмдэггүй, мөн эрдэнийн чулууны гэрчилгээгүй бүтээгдэхүүн худалдан борлуулж буй зөрчил илэрч байна. Үнэт эдлэл худалдан борлуулагчид бүтээгдэхүүн дээрх сорьцын баталгааны тэмдгийг харах томруулдаг шил болон жинтэй байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй зөрчил түгээмэл илэрч байна. Дараагийн нэг асуудал нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнийхээ тухай мэдээллийг хэрэглэгчдэд үнэн зөвөөр нь өгөх үүргээ биелүүлэхгүй, төөрөгдүүлэх тохиолдол их гарч байна. Сүүлийн үед цахим орчинд шууд дамжуулалт хийж хиймэл алмазыг байгалийнх мэтээр ойлгуулж худалдан борлуулах зөрчил гарч байна. 
 -Уншигчид үнэт эдлэл худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ. Хэрэв сорьцын баталгааны тэмдэггүй, мөн гэрчилгээгүй үнэт эдлэл худалдан авч хохирсон тохиолдолд хаана хандаж болох вэ? 
-Баталгаатай үнэт эдлэл худалдан авахын тулд хамгийн түрүүнд мэргэжлийн байгууллагын сорьцын болон үйлдвэрлэгчийн тэмдэгтэй эсэхийг шалгахаас гадна жинлэж үзэх хэрэгтэй. Эрдэнийн чулууны тухайд заавал гэрчилгээг нь шаардах хэрэгтэй. Яагаад гэвэл, техник технологи хөгжсөн өнөө үед эрдэнийн чулууг лабораторийн орчинд ургуулдаг болсон. Худалдан авагчид түүнийг ялгаж чадахгүй тул хохирох эрсдэлтэй. Хэрэв баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч хохирсон тохиолдолд хэрэглэгчийн 18002525 дугаарт холбогдож, мэдээлэл өгч болно. Мөн бичгээр хүсэлт гаргах боломжтой. Бид гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хуурамч гэдэг нь тогтоогдвол худалдан авагчийг хохиролгүй болгох арга хэмжээ авдаг. Хохирол амсахгүйн тулд буух эзэн буцах хаягтай газраас сорьцын баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22