Дэлхийн улс үндэстнүүдийг оюуны чадамжаар нь эрэмбэлж, жагсаасан судалгаанууд байдаг. Судалгааг харж байхад хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудын хүний оюуны чадамж өндөр юм уу гэдэг дүгнэлт гаргамаар санагдана. Экваторын бүс рүү ойртох тусам оюуны чадамж бага байдаг бол хоёр туйл руу ойртох тусам нэмэгддэг гэсэн судалгаа ч байдаг л юм. Хэдэн арван саяар тоологдох их гүрнүүдтэй харьцуулахад монголчууд хүн амынхаа тоогоор дэндүү цөөн. Гэхдээ л энэ цөөхөн үндэстэн дэлхийд оюуны чадамжаараа айргийн тавд багтсаар л ирсэн.
Аль үндэстэн хамгийн ухаантай болохыг олж тогтоохоор олон улсын “Vouchercloud” компани дэлхий нийтийг хамарсан судалгаа хийж, хамгийн ухаантай иргэдтэй 25 улс орныг тодруулжээ. Монгол Улс энэ судалгааны оюуны чадамж төрөлд АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй хүчирхэг гүрнүүдийг ардаа хаяжээ. Харин Финландын Аалто их сургуулийн судлаач Сюзанна Вилянен монголчуудын оюуны чадамжийн талаар “Тал нутагт тэнэг хүмүүс амьд үлдэх боломжгүй. Хэрвээ чи Монголд амьдарч байгаа бол гадил аманд чинь унаад ирэхгүй гэдгийг мэддэг байх хэрэгтэй” гэсэн байдаг. Хүйтэн, хуурай цаг ууртай, дөрвөн улирал ээлжлэн солигддог байгальтай, эрс тэс уур амьсгалтай нутагт тэсэж үлдэхийн тулд хурдтай сэтгэн бодож, түргэн шийдвэр гаргах шаардлагатай болдог нь амьдралаар батлагдсан дүрэм. Бидний дасан зохицох болон сэтгэн бодох чадвар өндөр байдаг нь үүнтэй холбоотой гэж үздэг. Хүний оюуны чадамжид хоол тэжээл чухал үүрэгтэй. Монголчуудын уламжлалт хүнс болсон малын мах тархийг тэжээгч уургаар баялаг ажээ. Гэхдээ нүүдэлчин ард түмнүүдээс суурин соёл иргэншлүүдтэй өргөн харилцаатай болохоос өмнө үндэсний үсэг, бичгийн соёлтой болсон цөөхөн үндэстнүүдийн нэг нь монголчууд, нөгөөх нь Скандинавын ард түмэн байдаг нь сонирхолтой.
Монгол хүний оюуны чадамж өндөр гэдгийг баталж Монгол Улсын ой тогтоолтын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцож ирснийг бид мэднэ. Х.Хатанбаатар захиралтай Монголын оюун ухааны академийн тамирчдын амжилтыг бичвэл нэлээд урт жагсаалт гарна. Тэдний дэлхийн аваргад тогтоосон амжилтууд гаднын улс орнуудын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байвч бидэнд тэгэх л ёстой мэт санагддаг болтол амжилтаар булжээ. Саяхан ой тогтоолтын "Simon" тоглоомыг харахгүйгээр нүдээ боож, зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд есөн настай тамирчин С.Чингим 276 даралт 23 үе, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт 25 үе тус тус алдаагүй санаснаар дэлхийн Гиннесийн дээд амжилтын эзэд болцгоосон юм. Гиннесийн дээд амжилт есөн үе 45 даралт байсныг тэд ийн хэд нугалан шинэчилж тогтоосон нь оюуны бядаа үнэхээр гайхуулсан явдал байлаа. Даралт тус бүрийн хооронд ердөө тавхан секунд бодож амжих ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагддаг хатуу дүрэмтэй ажээ.
Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулаад ирсэн есөн настай хүү С.Чингим гурван настайгаасаа л тоо бодож эхэлжээ. Түүний энэ гоц чадварыг ажигласан аав, ээж нь оюун ухааны академийн сургалттай цэцэрлэгт оруулсан нь цаашид гаргах амжилтуудынх нь үүдийг нээж өгсөн хэрэг байлаа. С.Чингим цэцэрлэгтээ ганцхан жил болжээ. Цэцэрлэгт гуравхан настай орж оюун ухааны гоц авьяастай хүү гэдэг нь мэдэгдсэнээр Жижиг Болороо буюу Б.Болорчимэг багшийн анхааралд өртөж түүнийг зургаан жилийн турш түргэн бодолтын давтлагыг нь хийлгэсээр иржээ. Б.Болорчимэг багшийн системчилсэн давтлагаар тамирчин маань түвшин ахиж оюун ухааны академийн цэцэрлэгт хамрагдсан гэдэг.
Харвардын их сургуулийн сэтгэл судлаач Говард Гарднер олон төрлийн оюуны чадамжийн онолыг боловсруулсан бөгөөд янз бүрийн зорилгоор оюуны чадамжаа олон төрлийн арга барилаар ашигладаг болохыг өгүүлжээ. Оюуны чадамжийг ес ангилсан байдаг бөгөөд С.Чингим хүүгийн Гиннесийн амжилт тогтоосон төрлийг би “Хөгжмийн оюуны чадамж” ангилалд хамаатуулаад сууж байна. Энэ төрлийн оюуны чадамжтай хүн хөгжим, ритмийг үнэлж, хөгжим бүтээж чаддаг байх нь. С.Чингимийн бас нэг чадвар нь “Орон зайн оюуны чадамж”. Ийм чадамжтай хүн дүрс зургаар төсөөлөн сэтгэж чаддаг. Хүүгийн ой тогтоолтын талаар түүний аав Г.Сайндүү ярихдаа “Тэр ямар нэгэн юмыг төлөөлүүлэн өөрийнхөө ойр байгаа биетийг нэг нотоор төсөөлөн тогтоодог” гэж ярьж байсан юм. Энэ нь тухайн зургийг оюун санаандаа боловсруулах чадварыг нь илэрхийлж байгаа болов уу. Ийм чадварыг зураач, загвар зохион бүтээгч, архитекторчид эзэмшсэн байдаг гэнэ. Нээрээ мартсанаас С.Чингим хүүгийн эгч нь зурах авьяастай юм билээ. Ой тогтоолтын үндсийг тайлбарласан Орос, Зөвлөлтийн агуу эрдэмтэн, физиологич, академич, Нобелийн шагналт И.П.Павлов “Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох, таних процессуудыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг.
Германы тархи судлаач О.Фогтс “Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй л бол хүн төрөлхтөн оюун ухааныг шүтнэ. Тэгвэл монголчууд гарцаагүй тэргүүлнэ. Учир нь тэдний тархи хамгийн том нь” гэж үнэлжээ. Судлаач М.Туул, Л.Лхагва, Л.Самбуупүрэв нарын тогтоосноор 17-32 насны монгол эр хүний тархины дундаж хэмжээ 1382 грамм гэсэн байдаг. Харин Ричард Лүнн, профессор Тату Ванханен нарын дэлхийн 185 оны 178 жилийн түүхэн материалд тулгуурлан одоогийн улс үндэстнүүдийн оюуны чадавхыг гаргасан бүтээлд ч мөн Зүүн хойд Азийн ард түмэн тархиныхаа хэмжээгээр тэргүүлдэг гэж өгүүлсэн байдаг ажээ. Том тархинаас том ухаан гардаг гэдэг дээ.
Сонсголын ой тогтоолтоор Гиннесийн амжилтын эзэн болсон С.Чингим хүүгийн төрөл ой тогтоолтын спортын 10 төрөлд ордоггүй. Эдгээр 10 төрөл нь хүний харааны, сонсголын гээд олон төрлийн ой тогтоолтыг хөгжүүлэхийн зэрэгцээ анхаарал төвлөрүүлэх, урт хугацааны тогтоох чадварыг бий болгодог. Цээжилж тогтоох гэдэг нь аливаа зүйлийг сурах үндэс болдог. С.Чингимийн ээж Ц.Цэнгэл хүүгийнхээ ой тогтоолтын спортоор хичээллэж байгааг боловсролын сууриа зөв тавьж байгаа хэрэг хэмээн өгүүлээд “Цээжилж тогтоох гэдэг аливаа зүйлийг сурах үндэс. Энэ спортоор хичээллэсэн хүүхэд өөрийн гэсэн сурах арга барилтай, анхаарлаа төвлөрүүлж чаддаг, тэвчээртэй, зорилготой, тууштай болдог нь анзаарагдсан. Бид хоёрын зорилго хүүхэд” гэж байсан юм. С.Чингим одоо Монголын оюун ухааны академийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сургуульд суралцаж байгаа бөгөөд академийн захирал Х.Хатанбаатарын удирдлага дор оюуны чадамжаа хөгжүүлж ой тогтоолтын таван төрөл, цээж бодолтын дөрвөн төрлөөр хичээллж байгаа билээ. Гиннесийн амжилт эзэмшигч С.Чингим Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023 оны “Онцлох Хүүхэд” цол хэргэмийг Оюун ухааны спортын төрлөөр авсан байдаг. Түүний дэлхийд үзүүлсэн амжилтуудыг жагсаахад л нэлээд урт жагсаалт байгаа ба цөөхнийг дурдвал дэлхийн оюуны спортын холбооны WSIF Championship 2023 – Antalya, Turkey – Absolute Champion, мөн дэлхийн оюуны спортын холбооны WSIF Championship 2023 – Antalya, Turkey – Цээж бодолт флаш анзан– Аварга, Дэлхийн Шооны холбооны Монгол Улсын аварга шалгаруулах – Ulaanbaatar Spring 2023 – 3х3х3 Шооны төрөлд – Хүрэл медаль авчээ.
Дэлхийн улс орнуудаас гоц авьяастай хүүхдийг олж илрүүлэн XXI зууны суутнуудыг бэлтгэн гаргах зорилготой Шведийн эрдэмтдийн баг Монголд ирээд буцахдаа олон сая, тэрбумаар тоологдох хүн амтай улс орнуудаас оюуны өндөр чадвартай нэгээс хоёр хүүхэд тодруулсан бол Монголд 20 орчим байх магадлалтай гэж үзсэн байдаг.
Оюуны чадамж өндөр улс орнуудын хөгжлийн түвшин нэлээд өндөр. Зүүн Ази, Скандинавын орнуудын хөгжил дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг хэвээр. Харин Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 орноос 62 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноос 0,64 оноогоор буурч нэг эрэмбэ ухарсан үзүүлэлт юм байна. Монгол Улсын хүн амын оюуны чадамж дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй. Хэрвээ оюуны чадамжаар хөгжлийг тодорхойлдог бол бид дэлхийд нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх байлаа. Одоо бид хаана яваа вэ.
Хэрэв хүнд ой ухаан гэдэг гайхам үзэгдэл байгаагүй бол хүмүүс бидний ой тогтоолт яг л нялх хүүхдийнх шиг байх болно.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна