“Сантис” төвийн захирал Д.Оргилмаатай ярилцлаа.
Шри-Ланк, Монголын бизнес форумыг зохион байгуулна
-Хоёулаа таны яг одоо эрхэлж байгаа ажлын тухай асуултаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ. “Сантис” төвийн захирал гэдгээр нь таныг олон нийт сайн танина. Харин Монгол дахь Шри-Ланк улсын Өргөмжит консулаар ажиллах болсон тань сонирхолтой байна. Хэзээнээс Өргөмжит консулаар ажиллаж байна вэ. Шри-Ланк улстай ямар шижмээр холбогдов гээд л?
-Маш санаандгүй тохиолдол болсон. Товчхондоо нөхрийн найзууд миний нэрийг дэвшүүлж Шри-Ланк улсын Засгийн газар дөрвөн нэр дэвшигчээс намайг сонгон шалгаруулсан. 2016 онд манай улсад болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Бээжин дэх Шри-Ланк улсын Элчин сайд оролцох үеэрээ Бритиш бизнес групп (ББГ) гээд Монголд ажиллаж, амьдардаг англичуудын группийнхэнтэй уулзалт хийсэн юм билээ. Тэр үеэрээ Өргөмжит консулын газраа нээхээр төлөвлөснөө дурдаад сонгон шалгаруулалтад хүмүүсийн мэдээлэл аваад буцаж байгаагаа хэлсэн гэсэн. Тэгэхэд нь ББГ-ийнхэн миний нэрийг нэмж өгснөө надад хэлсэн. Тэгээд л төдөлгүй Бээжин дэх ЭСЯ-наас холбогдоод шаардагдах материалын жагсаалт ирүүлсэн. Яг үнэндээ шаардлагынх нь дагуу материалаа цуглуулах явцдаа Шри-Ланк улсаа анх судалж байлаа. Ер нь процесс нь бараг хоёр жил үргэлжилсэн шүү. Эхлээд Шри-Ланк улсын Засгийн газрын шийдвэр ирээд дараа нь манай ГХЯ-ны зөвшөөрөл авах гэж бас нэлээн хэдэн материал бүрдүүлж, экзекутор гаргуулдаг юм билээ. Тэр хооронд намайг сургах ажил явагдаж, Бээжин дэх ЭСЯ дээрээ очиж үүрэг, хариуцлага, ажлын чиг баримжаандаа суралцаж, Шри-Ланк улсыг төлөөлж ажиллах дипломат албандаа орсон доо.
-Өргөмжит консулаар нь ажиллаж байгаа хүний хувьд тухайн улсынхаа түүх, соёл, зан заншил, улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарыг монголчууддаа танилцуулах ажлыг хариуцдаг байх. Бас Шри-Ланкад Монгол Улсаа, монголчуудаа танилцуулж, хоёр орны хооронд гүүр болж ажиллаж байгаа болов уу. Энэ талаар хийж байгаа ажлуудаасаа хуваалцаач?
-Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 62 жил болж байгаа хэдий ч аль ч түвшинд хамтын ажиллагаа байхгүйтэй адил явж ирсэн. Иймд түүх сөхөж, мэдээлэл цуглуулахад хүндрэлтэй байсан. Энэ урт хугацааны дараа мартагдсан дипломат харилцааг сэргээхэд ер нь эхний ээлжид Засгийн газрын өндөр түвшинд эхлүүлэхээс илүү хүн хоорондын харилцааг сайжруулаад эхэлбэл бусад улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа дагаад өргөжихөөр санагдсан. Тийм болохоор юуны түрүүнд Монголд ажиллаж, амьдарч байгаа шри ланк иргэдтэйгээ уулзаж танилцахаас гадна тус улстай хувийн болон бизнесийн холбоотой монгол иргэдийн судалгаа гаргаж, хэд хэдэн уулзалт, арга хэмжээг зохион байгуулахаас л ажлаа эхлүүлж байсан. Хоёр улсын иргэд хоорондын хамтын ажиллагааг бизнес, худалдааны чиглэлээр хөгжүүлж сайжруулахад тэднийг төлөөлөх хуулийн этгээд байх нь зүйтэй гэж үзэж сонирхогч талуудын үндэслэлээр Шри-Ланк, Монголын бизнес, худалдааны нийгэмлэгийг байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгаа.
Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шри-Ланк улстай танилцах долоо хоногийн аяллыг тус улсын Засгийн газрын оролцоо, тусламжтайгаар зохион байгуулсан. Манай 20 хүний бүрэлдэхүүнтэй багт аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөл болон Шри-Ланк, Монголын бизнес, худалдааны нийгэмлэгийн зарим гишүүн оролцсон. Шри-Ланк дахь энэ удаагийн албан ёсны айчлалын үеэр хамт явсан багийнхны аяллын зорилго бол монголчууддаа өвлийн хүйтний улиралд алжааллаа тайлдаг шинэ чиглэл гаргаж өгөхийг зорьсон учир бидэнд таарах ямар ямар аяллын чиглэл байж болох талаар судалгаа хийцгээсэн. Аливаа харилцаа хоёр тийшээ урсгалтай байж харилцан ашигтай, хамтын ажиллагаа бат бөх байх тул Шри- Ланк жуулчдыг Монголдоо аялуулах боломжийг ч орхигдуулаагүй. 22 сая гаруй хүн амтай Шри-Ланк улсаас ирэх жуулчдын тоо ч бас цөөнгүй байх боломжтой нь харагдсан. Айлчлалынхаа үеэр хэд хэдэн албан уулзалт зохион байгуулснаас энэ жилдээ хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэмжээний нэг нь энэ оны сүүлчээр Шри-Ланк, Монголын бизнес форумыг тус улсын нийслэл Коломбод зохион байгуулахаар Засгийн газрын түвшинд зөвшилцөөд ирсэн.
Өөртөө итгэх итгэл, зориг хоёр зөв цагт, зөв газар минь аваачсан
-“Сантис” боловсролын төвөө анх байгуулж байсан үеийг эргэн дурсвал ямар вэ. 1990-ээд оны дунд үед бол англи хэлний сургалтын төв гэж байсангүй. Ардчилалтай зэрэгцээд англи хэл сурах хэрэгцээ огцом нэмэгдсэн байдаг уу?
-“Сантис” албан ёсоор 1999 оны хоёрдугаар сарын 4-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй “Инлингуа” олон улсын хэлний сургуулийн эзэн, ноён Эдвард Нэфийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүд хаалгаа нээж байсан юм. Тухайн үед боловсролын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд оршин тогтноход хүнд үе байсан гэж боддог юм. “Сантис”-аас өмнө АНУ-ын Колорадо их сургуулийн 2+2 хөтөлбөр болон “Спринг” коллежийн англи хэлний сургалт ороод ирчихсэн байсан. Харамсалтай нь жилийн дараа гэхэд үнэндээ аль аль нь дампуурлын ирмэгт ирж Колорадогийн их сургууль, “Спринг” коллеж салбараа татан буулгаад нутаг буцахад америк хөрөнгө оруулагч маань “Сантис”-ийг алдагдалтай ажиллаж байна, цаашид санхүүжүүлэхгүй гэж үзээд хоёр дахь жилийнхээ босгон дээр зарахаар шийдсэн юм. Түрээсийн байранд байсан учир хамгийн үнэтэй гэх зүйл нь 12 компьютертэй лингафоны кабинет, дөрвөн ангийн сандал ширээ, хэдэн ном, сурах бичиг байсан болоод ч тэр үү, худалдан авах хүнээ гаднаас хайгаад олохгүй жаахан санаагаар унасан юмдаг. Тэр хооронд түрээс, цалингаа тавьж чадахгүй болоод ирсэн. 2000 оны сүүлчээр би 20 хувийн хувьцааг нь худалдан авч, нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр Америк, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай болгосон юм. Өмнө нь Америк гэдэг оронд суралцаад үзчихсэн, Японд эмнэлгийн удирдлагаар сурч арвин туршлага хуримтлуулаад ирсэн болоод ч тэр үү, оруулсан хөрөнгө оруулалтдаа санаа ч зовсонгүй, “Сантис”-ийг амжилтад хүргэнэ гэдэгтээ бүрэн итгэж, зориг шулуудан энэ сургалтын төвийг аврах ажилдаа ханцуй шамлан орсон доо. Тухайн үед бүх багшаа Вашингтоны “Инлингуа”-гаас ирүүлж, сургалтыг 100 хувь гадаад багш заадаг байсныг монгол багш нарын хүчирхэг баг оруулж, гадаад, монгол багш нарын холимог хөтөлбөртэй болгосон. Ингэснээр сургалтын төлбөрөө бууруулж, хүртээмжтэй болгож эхэлсэн, зах зээлдээ ч үлдэж чадсан. Манайханд албан бус боловсролын тухай ойлголт тун тааруу. Монголчуудын хувьд англи хэлний шаардлага ажлын байранд нь гарахгүй л бол хувийн хүслээр англи хэлтэй болоод мэдээллийн эрх чөлөөнд хүрч, өөрийгөө хөгжүүлье гэсэн сэтгэлгээ муу байсан үе л дээ. Хүн амын маш цөөхөн хувь ёстой л хэсэг бүлэг хүмүүс англи хэлтэй болж, гадаадын их, дээд сургуульд суралцаж, олон улсын сургуулийн тэтгэлэг авах хөшүүргээ болгож суралцаж байсан. Тийм болохоор хувь хүн гэхээсээ илүү байгууллагуудын удирдлагуудад англи хэлний ур чадвар яагаад ажилтнуудын бүтээмжид нөлөөлдөг, гадаад харилцаагаа сайжруулж, хөрөнгө оруулалт татахад англи хэл ямар үүрэгтэй болох талаар танилцуулга хийж, үндсэндээ ухуулан таниулах үйл ажиллагаа нэлээд хүчтэй явуулж эхэлсэн. Хүмүүсийн итгэл үнэмшлийг өөрчлөхөд асар их цаг хугацаа ордог нь одоо ч харагдаж байна шүү дээ. Ард түмэн англи хэлтэй болчихвол улс орон эзгүйрч, монгол соёл, уламжлалаа алдсан хойч үе гарч ирж, тусгаар тогтнол суларч эхэлнэ гэж таамагладаг, айдаг, төөрөгдөлд орсон хүмүүс бас одоо ч байгаа нь харамсалтай.
-Компанийн амжилтад сайн засаглал маш чухал. “Сантис” компани удирдлагын ямар онцлогтой явж ирсэн бэ?
-Манай компанийн засаглал тодорхой, шударга, нээлттэй байж байгууллагынхаа үнэт зүйлд тулгуурлаж ирсэн. Хүн бүр дотоод журамдаа захирагдаж, мөрдлөг болгоод ирэх цагт байгууллагын соёл, дотоод уур амьсгал сайхан болдог юм билээ. “Сантис”-ийн соёлд ууссан хүмүүс нийгэмдээ соёлын үр тарьж байгаа гэж бодохоор үе үеийн багш ажилтан, суралцагчдаараа үнэхээр бахархаж явдаг. Компанийн засаглалын тухай яривал томоохон компаниуд төлөөлөн удирдах зөвлөлийнхөө шийдвэрээр үйл ажиллагааныхаа үндсэн төлөвлөгөө, стратегиэ боловсруулж эрсдэлээ бууруулж ажилладаг шүү дээ. Харин “Сантис”-ийн хувьд жижиг компанид тооцогдох боловч манай үйл ажиллагааны цар хүрээ нийгмийн бүх л салбарт очиж үйлчилдэг тул байгуулагдсан цагаасаа мэргэжлийн зөвлөх багтай байж ирсэн. Зөвлөхүүдийг богино болон урт хугацааны туршид албан бус, сайн дурын үндсэн дээр бүрдүүлдэг. Өнгөрсөн хугацаанд америк, швейцарь, англи, австрали болон монгол зөвлөхүүдийг сонгож багаа бүрдүүлж явсан. Ер нь компаниа жижиг гэж бодолгүй ядаж л мэргэжлийн гурван зөвлөх гишүүдтэй байх нь давуу талтай. Тэр тусмаа манайд бизнесийн таатай орчин төлөвшиж чадаагүй байгаа тул туршлагатай хүмүүстэй зөвлөлдөх нь чухал байдаг. Хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаггүй бизнес эрхлэгч нэгээхэн ч байхгүй. Асуудал болгоны ард заавал гаргалгаа байдаг тул ганцаараа даван туулахаас илүү хөндлөнгийн, ур чадвартай хүмүүстэй зөвлөлдөж шийдвэр гаргах нь чухал.
-Өнгөрсөн хугацаанд “Сантис” боловсролын төв ямар замналыг туулж амжилтаа ахиулж өнөөг хүрснээ хуваалцаач?
-Байгуулагдаад 23 жил болж байгаа манай байгууллагын хувьд хөгжлийнхөө эхний 20 жилийн туршид үндсэн үйл ажиллагаагаа бүх насныханд зориулж англи хэлний төрөлжсөн танхимын сургалтыг олон улсын түвшинд зохион байгуулахад чиглүүлж ажилласан. Өнгөцхөн харахад гадаад хэл заадаг нэг сургалтын төвийн түүхэн замналыг сөхөж байгаа мэт боловч энэ түүх нь Монгол Улсын боловсролын чанарыг тойрсон яриа юм шүү дээ. “Сантис” байгуулагдсан цагаасаа эхлээд л алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд боловсролынхоо салбарт маш чухал эерэг үр нөлөөллийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Ер нь бизнес хийж байгаа бол хэрэглэгчдийнхээ зөвхөн асуудлыг нь шийдээд орхих биш мэргэжлийн байгууллагын хувьд бас харж амжаагүй боломжийг нь урьдчилан хараад хүлээлтээс нь давсан үйлчилгээ үзүүлдэг, зөв мэдээллээр хангадаг, чиглүүлдэг байх зарчим чухал байдаг. Англи хэл сурах хэрэгцээ, шаардлага дээр нь зөвхөн англи хэл заахаас өөр үүрэггүй байж болохгүй л гэсэн үг. Би англи хэлний сургалт явуулж мөнгө олохоосоо илүү нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж, боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийхийг зорьж ажилладаг. Монголд англи хэлний хөтөлбөрийн стандарт гэж байдаггүй. Гэтэл бид 2015 онд насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрөө АНУ-ын Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч CEA (Commission on English Language Program Accreditation) байгууллагаар магадлан итгэмжлүүлж байлаа. Англи хэлний сургалтын хөтөлбөрийн олон улсын 44 стандартыг нэгбүрчлэн мөрдөж АНУ-ын Боловсролын яамны түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол одоо ч манай их дээд сургуулиудын хүрч чадаагүй амжилт. Амжилтад жор байдаггүй гэдэг. Заавал их дээд сургуулийн түвшинд л ажиллаж байвал боловсролын оргилд хүрч амжилт гаргаж байна гэж ойлгож болохгүй. АНУ-д магадлан итгэмжлэл аваагүй л бол боловсролын ямар ч байгууллага гадаад оюутан элсүүлэх эрхгүй байдаг гээд үзэхээр сантисчууд тэдний түвшинд очиж ямар чухал олон улсын стандартуудыг Монголд нутагшуулж сургалтаа явуулж ирсэн нь харагдаж байгаа байх аа.
Боловсролын бизнесийн үр дүн нь нийгмийн хэрэгцээг шийдээд зогсохгүй ирээдүйг чиглүүлж байдгаараа онцлогтой. Англи хэлтэй хүнийг зүгээр нэг гадаад хэл мэддэг гэж харвал өрөөсгөл, тэр хүний тархинд мэдлэгийн үйлдвэрлэл явагдаж байдаг юм. Тэр үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүн нь харин дэлхийн жишигт гологдохгүй л байх ёстой. Англи хэлтэй хүн цаг хугацаа, орон зайг үл харгалзан хүссэн газраасаа хүссэн мэдээллээ авдаг тул тэнцвэртэй мэдээллийн эрх чөлөөнд хүрчихсэн, өмнө нь дэлхий нээлттэй болсон байдаг. Монголчуудыгаа тэр эрх чөлөөнд хүргэхийн тулд бусад англи хэлний сургалтын байгууллагуудын сургалтын чанарыг олон улсын түвшинд сайжруулахад нь тусалж, зөвлөж ирсэн. Ижил төстэй байгууллагууд хоорондоо өрсөлдөх биш хамтарч ажиллаж байж үндэсний хэмжээний нөлөөллийг далайцтай хийж чадна. “Сантис”-ийн хөрөнгө оруулалтаар 2005 онд Гадаад хэлний сургалтын төвүүдийн холбоог байгуулж, бусад сургалтын төвүүдийг чадамжлуулах ажлыг эхлүүлж байлаа. Мөн Англи хэлний хөтөлбөрийн магадлан итгэмжлэх холбоог байгуулж үндэсний хэмжээнд мөрдөх англи хэлний хөтөлбөрийн стандарт боловсруулж оюуны өмчөөр баталгаажуулснаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болсон.
-Бид хоёрын яриа явсаар байгаад англи хэл сурч эхэлсэн цаг үе рүү тань очих нь. 1990-ээд оны эхэн үед англи хэлний боловсрол эзэмшсэн юм билээ. Цаг үеэ эрт мэдэрч, дэлхийн хэлийг сурч байж дэлхийтэй харилцана гэдгийг ойлгосон байж дээ?
-Нийгмийн тогтолцоо орвонгоороо эргэх тэр бужигнаантай жил, 1990 оны дөрөвдүгээр сард нь хүүгээ төрүүлээд, аравдугаар сараас нь эхлээд орос хэлний багш нарт зориулсан анхны англи хэлний багш бэлтгэх МУИС-ийн хоёр жилийн дээд курст суралцаж эхэлсэн юм. Сургалтын төлбөр төлж сурна гэдэг бол нүд орой дээр гарсан зүйл байсан л даа. Хүүхдээ ээж, ааваараа харуулах санаатай ярьтал аав маань “Хөдөлмөрийн үр шимийг мэдэхгүй дахиад л сурна гэж юу байдаг юм бэ. Нутагтаа ирж орос хэлний багшаа хий, хүүг чинь хараад өгье...” гэж хэлээд зэмлэж байсан. Аав, ээж минь өмнийн говийн алслагдсан суманд насаараа амьдарч, ажилласан болохоор мэдээллээс хол байсан хүмүүс. Англи хэл чухал гэдгийг яаж ч тэр үед ухаарах билээ дээ. Яг үнэндээ 30 жилийн дараа ч ухаараагүй хүмүүс олон байна шүү дээ. Англи хэлээр дамжуулж өөр боломжид хүрэх хүсэл маань сэтгэлд оч мэт гя лалзаж байсан болохоор бүх л давааг туулж сурч эхэлсэн. За, тэгээд англи хэл сурч эхэлсэн хоёр дахь жилдээ одоогийн АШУИС-ийн гадаад харилцааны референтээр ажилд орж байлаа. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг билүү, тухайн үед бүгд л англи хэлийг дөнгөж сурч эхэлж байсан болохоор миний өөртөө итгэх итгэл, зориг хоёр зөв цагт, зөв газар минь аваачсан юм. Тэгж л анагаахын шинжлэх ухааны уул уурхай болсон тэр сайхан их сургуулиас би оюуныхаа мэлмийд оч асааж байлаа. Таван жил ажилласны дараа ирээдүйдээ итгэх мөрөөдөл маань тэндээс яг үнэндээ дүрэлзсэн гал шиг л асаж байсан. Удалгүй дараагийн карьерээ хөөж Япон улсыг зорьж байлаа. Ер нь өөртөө итгэхгүй байх нь өөрийнхөө хөгжих боломжийг алдаж ирээдүйгээ чөдөрлөж байгаагийн эхлэл нь юм билээ.Өнөөдөр хүн болгонд англи хэл сураад хөгжих боломж байхад сурч чадах эсэхдээ итгэж ядаад яваа хүнтэй таарсаар л байна.
“Сантис” дараагийн 20 жилээ бүтээж эхэлсэн
-Боловсролын чанарыг сайжруулахад англи хэлийг яагаад чухалчилж байна вэ?
-Боловсролыг хүмүүний гурав дахь нүд гэж нэрлэх ч бий. Боловсрол бол хувь хүний төдийгүй улс орны нийгмийн хөгжлийн үндэс шүү дээ. Аливаа үзэгдэл юмсын үнэн, худал, зөв бурууг бид боловсролоор дамжуулж шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан ялгаж, салгаж ойлгох болсон эрин үед амьдарч байна. Шинжлэх ухааны нийтлэг хэл нь англи хэл гэдгийг манайхан ч мэдэх болсон.Тиймдээ ч манай боловсролын салбарт нүүрлээд байгаа асуудал нь сурагчдын англи хэлний ур чадварын ялгаа маш их зөрүүтэй холбоотой. Хэсэг бүлэг хүмүүсийн хүүхдүүд англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшиж байна. Тэдгээр хүүхдийн шаардлагад нийцэх дээд сургууль манай улсад байгаа юу. Байхгүйгээс болоод элит гэж нэрлэх бүлгийнхэн бүр гадаад ертөнц рүү нүүдэл хийх болсон. Англи хэлнээс болж өнөөдөр боловсролын чанарын залгамж холбоо алдагдаад байгааг маш олон зүйлээр харж болно.
Бид ардчилалтай зэрэгцээд л 1990 оноос англи хэл үзэж эхэлсэн гэж тооцвол англи хэл мэдэхгүй 45-аас доош насныхан бараг байхгүй. Тиймээс бүх нийтийн англи хэлний мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд үнэлгээ хийж, оношилж үзэх цаг үе ирээд байгаа. Эхлээд бид хаана явна гэдгээ мэдчихвэл хаана хүрэхээ тодорхойлоход амар шүү дээ. Боловсролыг ашиг сонирхлын зөрчилдөөн дунд ашиглаж ирсний тод жишээ бол бид өөрсдөө англи хэлний сурах бичиг зохиогоод, түүндээ тохируулж хөтөлбөр боловсруулаад бас өөрсдөө өөрсдийгөө шалгаад 33 жил өнгөрч байгаа явдал юм. Тэгэхээр өнөөгийн боловсролын салбарт тулгамдсан асуудлын нэг бол гадаад хэлний бодлогоо тодорхойлох шаардлагатай байна. Хэдийгээр суурь болон бүрэн дунд боловсролын түвшинд англи хэлний сургалтын хөтөлбөр хувийн сургуулиудын тухайд олон улсын түвшинд хүрч, бага багаар чанаржиж байгаа ч их, дээд боловсролд энэхүү шинэчлэл дэндүү удаан байгаа нь манай Засгийн газрын бодлоготой шууд хамааралтай. Дээд боловсролтой малчин байсан ч монгол хүнийн хөгжил гэж үзэж бараг бүх залуусыг дээд мэргэжилтэй болгох эрх зүйн орчин буй болгож их, дээд сургуулийн тоог 100 гаруй болгосноор боловсролын чанарыг огцом бууруулж, үнэ цэнгүй болгосон бодлого одоо ч хор нөлөөтэй хэвээр байна. Эдийн засгийн өсөлт тогтворгүй, ард түний амьжиргааны түвшин доогуур байгаа бол тухайн орны боловсролын салбар чанаргүй, хоцрогдож байгаагийн илрэл ч гэж үздэг. Бид хариуцлагатай, улс орноо удирдаад авч явах чадвартай улстөрчдийг төрүүлье гэж бодож байгаа бол боловсролд анхаарах хэрэгтэй. Улс орны эдийн засагт нэмэр болохуйц нэмүү өртөг шингээсэн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд бизнесийн таатай, эрүүл орчин бүрдүүлж тэдний шаардлагад нийцэхүйц чадварлаг боловсон хүчнийг бэлтгэе гэж байгаа бол боловсролын чанарт л анхаарахаас өөр гарцгүй.
-“Сантис” АНУ-ын ЕТS гэдэг боловсролын үнэлгээний байгууллагын албан ёсны төлөөлөгч юм билээ. Боловсролын салбарт ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна?
-Бид сүүлийн гурван жилд дараагийн 20 жилийг бүтээх урт аяны бэлтгэлээ хийж, шилжилтийн үедээ орлоо. Бид олон улсын чиг хандлагыг дагахаас гадна Монголынхоо өнөөгийн нийгмийн өөрчлөлтөд уялдуулж өөрчлөлт хийж эхлээд байгаа. “Change management” буюу өөрчлөлтийн удирдлагын талаар сонсоогүй бизнес эрхлэгч байхгүй биз ээ. Дэлхийн улс, гүрнүүд тэр чигээрээ техник, технологийн хувьслын асар хурдацтай эрин үед эргэж буцалтгүй орлоо. Энэ хувьсалд бидний ажиллах, суралцах арга барил ч өөрчлөгдөж байна. Хүн хоорондын харилцаанд ч маш том өөрчлөлт гараад байхад бид яах ёстой юм бэ. Хариулт нь ердөө өөрчлөлтийн удирдлагаар бизнесийнхээ загварыг гаргах. Тиймээс бид гурван том өөрчлөлтийг эхлүүлээд байна. Нэгдүгээрт, англи хэлний сургалтаа Швейцар улсад төвтэй “Инлингуа” олон улсын хэлний сургуулийн цахим хөтөлбөрт суурилж 100 хувь шилжүүлээд эхэллээ. Зөвхөн англи хэл төдийгүй франц, герман, испани, итали хэлийг Монголдоо цахимаар суралцаж дараа нь тухайн орнуудад очиж үргэлжлүүлэн суралцах боломжийг нээж байгаагаараа онцлогтой. Хоёрдугаарт, бүх шатны боловсролын байгууллагуудад англи хэлний олон улсын үнэлгээг нэвтрүүлж хөндлөнгийн үнэлгээг Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт хийх ажлыг эхлүүлээд үндэсний хэмжээнд сургагч багш нараа бэлтгэж эхлээд байгаа. АНУ-ын ETS байгууллагын албан ёсны төлөөлөгчийн хувьд ерөнхий боловсролын сургуулиудад TOEFL Junior, TOEFL Primary; дээд боловсрол болон ажлын байрны англи хэлний үнэлгээнд ТOEIC, TOEFL iBT зэрэг шалгалтыг ашиглаж бүх нийтийн англи хэлний мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд баталгаажуулж өгөхөд анхаарч ажиллана. Гуравдугаарт, англи хэлний сургалт явуулдаг боловсролын байгууллагуудын хөтөлбөрт хөндлөнгийн шинжилгээ хийж мэргэжлийн зөвлөгөө өгөх, тэдний хөтөлбөрийг сайжруулж олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар баталгаажуулж өгөхөд чиглүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр зорин ажиллаж байна.
-Та ер нь эрсдэлд хэрхэн яаж ханддаг вэ. Таны шийдвэрээс хамгийн том алдаа болж компаниа эрсдэлд оруулж байсан үе байдаг уу?
-Эрсдэлийг тооцолгүй компани удирдана гэдэг том алдаа. Манайхны нийтлэг соёлд, ирээдүйд гарч болох эрсдэлийг ярих гэхээр “муу ёр” гэх зэргээр цээрлэж, ямар нэгэн сөрөг сэдвийг хөндөх дургүй байдаг. Гэтэл эрсдэлийг урьчилан таамаглаж, шинжилгээ, тооцоолол гаргаж, тодорхой төлөвлөгөөтэй байж хяналт тавих ёстой. Бизнест бол эрсдэлийг тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгөөр л үүрдэг шүү дээ. Тиймээс хамгийн багадаа л гурван сар зарцуулах мөнгөн урсгалын нөөцтэй байх санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Компаниа томруулах гэж байгаад дампууруулсан гашуун түүхийг би нэлээд сонсож, судалж байсан. Алдаатай шийдвэр гэхээсээ илүү жаахан зоригтой эрсдэл үүрсэн туршлага гэвэл бизнесийн орчин бүрэлдээгүй, цаг нь болоогүй үед АНУ-ын Боловсролын яамны магадлан итгэмжлэлд орж асар их хүч, хөрөнгө зарцуулсан төсөл хэрэгжүүлж байсан. Манай тэр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцсан оюутан, залуус олон улсын ТОEFL, IELTS шалгалт өгөхгүйгээр АНУ-ын их, дээд сургуульд суралцах боломж бүрдэж байсан юм. Харамсалтай нь энэ том боломжийг ашигласан суралцагчдын тоо миний хүлээлтэд хүрэхгүй байсаар “Ковид-19” цар тахалтай учирсан даа. Түүнээс хойш магадлан итгэмжлэлээ цааш нь сунгалгүй орхиод байгаа. Тийм их хөрөнгө мөнгө, үнэ цэнээр олдсон төслөө шууд орхих нь мөнгөнөөс илүү харамсалтай санагддаг юм. Үндэсний хэмжээнд англи хэлний хөтөлбөрийн стандартгүй байхад олон улсын стандартаар магадлан итгэмжлэл ганцаараа авах нь мөнгөөр яривал үргүй зардал үнэ цэнгүй нүсэр хөдөлмөр болж дууссан.
-“Сантис”-ийг англи хэлний хөтөлбөртөө олон улсын стандарт хэрэгжүүлж, АНУ-ын Боловсролын яамны магадлан итгэмжлэл авсан тухай сонсоход аргагүй л боловсролын салбараа түүчээлж ирснийг харуулж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх санаа хэзээ төрсөн юм бэ?
-Би хүнд “Чамд итгэж байна гэхдээ баталгаажуулж бай” гэж хэлэх дуртай. Тэр л зарчмаараа “Сантис” хамгийн сайн сургалттай гэж хэлдэг бол баталгаажуулж харуулах нь зүйтэй гэж үзсэн. Тэр баталгаажуулалтыг хэн нэгнээр биш олон улсын түвшинд харуулах нь чухал. Би хэдийгээр докторын зэрэггүй ч доктор хүмүүсээс хэд дахин илүү их хөдөлмөрлөж, эх орныхоо боловсролын салбарт олон улсын стандарт нэвтрүүлж, монголчуудынхаа англи хэлний мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд баталгаажуулах ажлыг тууштай хийж байна. Манай эрдэмтэн, судлаачдын докторын зэрэг хамгаалсан англи хэлний хэл зүй, хэрэглээ, харьцуулалтаар хийсэн маш олон диссертацыг уншиж байсан хэдий ч ихэнх нь номын сангийн тавиурын гоёоноос хэтэрдэггүй, нийгэмд хүртээмжгүй судалгаа байсныг анзаарсан. Судалгааны ажлын үр дүн хаана байх ёстойг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Амьдралынхаа идэвхтэй он жилүүдийг зөвхөн өөртөө биш эх орондоо хэрэгтэй үйл хийж, эх орныхоо хөгжлийг түргэсгэхэд зориулахыг чин сэтгэлээсээ хүсдэг юм. Манайхаар 200 гаруй мянган хүүхэд, залуучууд англи хэл сурч, мэдлэгээ дээшлүүлж, англи хэлнийхээ ур, чадварыг олон улсын түвшинд баталгаажуулаад байна.
-Та Швейцар улсад төвтэй “Инлингуа” гэдэг олон улсын хувьцаат компанийн хувьцааг худалдаж авсан түүхээ хуваалцаач. Хувьцаа эзэмших давуу талыг ямар өнцгөөс харж байв?
-2008 онд анх “Инлингуа Интернэшнл” гэдэг компанийн хавьцааг худалдан авч байсан. Өнгөрсөн сард хувьцаа эзэмшигчдийнхээ хуралд суугаад ирлээ. Залуучууддаа сургамж болох зорилгоор түүх өгүүлье гэж бодлоо. “Инлингуа”-гийн хувьцааг худалдаж аваад Монголдоо энэ нэрээ ашиглаж үйл ажиллагаагаа тэлэх гэсэн чинь “Инлингуа” ХХК гэдэг нэртэй компани аль хэдийнэ улсын бүртгэлд бүртгүүлсэн, үйл ажиллагаа явуулдаг болж таараад нэлээн асуудал болсон. Хэдийгээр олон улсын арбитрын шүүхэд хандах асуудлыг Швейцараас оруулсан ч би өөр сонголт хийсэн. Тэр компанийнхаа эзэнтэй зөвшилцөж, тэр хүндээ шинээр компани нээж өгөөд, нэрийг нь худалдаж аваад салцгааж байсан. Дэлхийн олон оронд салбартай гэдгийг мэддэг ч зөвшөөрөл авна гэж бодоогүй, тэгээд ч манай улсын бүртгэлээс зөвшөөрлийг нь өгсөн байсан. Олон улсын хувьцаат болон франчайз компаниудын нэр, логог хамаагүй ашиглаж болдоггүйг нэгдүгээрт, ойлгох, хоёрдугаарт, тэдгээр компанийн хувьцааг худалдаж авах, эсвэл төлөөлөгчийн газрыг нь Монголд нээх нь тийм ч хэцүү биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас нэг жишээ гэвэл нэлээн хэдэн жилийн өмнө англи хэлний хэдэн багш миний сонсож байгаагүй TOEIC (Test of English for International Communication) шалгалттай төстэй шалгалтын материал зохиогоод төрийн байгууллагуудад санал болгосныг дуулаад судалгаа хийж АНУ-ын төв байгууллагатай нь холбогдож Монголд албан ёсоор зохион байгуулах эрхийг нь “Сантис”-т авч байсан. Олон улсын оюуны өмчийн эрхтэй компани болон тэдний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй монголчилж, түүгээрээ бизнес хийх гэж оролдохын оронд тэр олон улсын стандартыг эх орондоо нэвтрүүлэхэд санаа тавьдаг дэлхийн хүн болох хэрэгтэй. Дэлхий бидэнд нээлттэй болсон шүү дээ. Хамгийн гол нь судалгаагаа сайн хийж боломжийг алдахгүй, холбогдож үздэг байх хэрэгтэй.
2008 оноос хойш “Инлингуа”-гийн хувьцаагаа өсгөсөөр яваа, бас хажуугаар нь бүтээгдэхүүн, үйлчилгээг нь зөв цагт, зөв хүмүүст хүргэсээр ирсэн. “Инлингуа”-гийн салбар 30 гаруй оронд байдаг тул гадаадад суралцах боломжийг хүүхэд, залуучууддаа олгодог. Олон улсын лиценз эзэмших нь хувийн ашгаасаа илүү боловсролынхоо салбарт олон улсын стандарт хөтөлбөр, үнэлгээг нутагшуулах нь миний чин хүсэл байсаар ирсэн. Ер нь аль нэг компанийн үнэт зүйлийг хулгайн аргаар авч, хууль бусаар бизнес хийж орлого олохын оронд тэр компанийн хөрөнгийг өсгөж хувьцаа болгон аваад салбар байгуулах хэмжээний сэтгэлгээ, ур чадварт суралцах хэрэгтэй.
-Бизнес эрхлэгч хүнд зайлшгүй анхаарч байх зүйл гэвэл юуг нэрлэх вэ. Залуу бизнес эрхлэгч, старт-аппуудад таны өгөх зөвлөгөө?
-Бизнестээ хийж байгаа алхам, шийдвэр болгоноо өөрийн хувийн эрх ашгаас илүү бусдын эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхны төлөө хийгээд байхад л нийгэм аяндаа хүндээ ээлтэй болж төлөвших жамтай. Нийгмийнхээ сайн сайхны төлөө бизнес хийхэд сайн багтай, хүнлэг хүмүүсийн дунд байж амжилтад хүрдэг тул удирдагч хүн багийнхаа гишүүдтэй илэн далангүй ярилцаж, хэцүү цагт хэцүү сэдэв байсан ч чин сэтгэлээсээ чөлөөтэй ярилцаж асуудлыг шийдэх нь зүйтэй. Ер нь аймаг, хот, сум, дүүрэг гээд хаана амьдрахаас үл хамаарч, байгаа газрынхаа зах зээлийг жижиг гэж гололгүй бусдын хийж чадахгүйг чадлаараа илүү сайн хийхийг хичээж байгаарай л гэж хэлэх байна даа.
-Өнөөдрийн Оргилмааг бүтээсэн хүмүүс, он цаг, орон зайг та хэзээ, хаана, хэн гэдэг асуултад багтаагаад хариулбал юу гэхсэн бол. Танд хамгийн их нөлөөлсөн хүн хэн байв?
-Нэг хүүхдийг нийгмээрээ хүмүүжүүлж байдаг гэдэг үгийг сонсож байсан байх аа. Би амьдралынхаа эхний 18 жилийг төрсөн нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрүүлж, ямар ч айдас, хүчирхийлэлгүй тайван орчинд өссөн болохоор тухайн үеийн манай сумынхны хүмүүсийн үнэт зүйл, итгэл үнэмшил, бие биеэ гэсэн хүнлэг сайхан хандлага өнөөдрийн намайг бүтээх бат суурийг тавьж өгсөн гэж боддог.
Хүмүүс ихэнхдээ нэг хүний үлгэр дуурайл, зөвлөгөө, нөлөөллөөр сайн сайхан яваагаа илэрхийлэх нь элбэг байдаг л даа. Мэдээж хэн нэгний хэлсэн сургамж, зөвлөгөө, тусламж тухайн хүнийг өөрчлөгдөхөд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй ч тухайн хүн хичээгээгүй бол мянган нөлөөлөл үзүүлэх гээд амжилтад хүрдэггүй маш олон жишээг бид мэднэ. Энгийн жишээ гэхэд л багш, сурган хүмүүжүүлэгчид шавь нараа сурлага, хүмүүжилд тэгш оролцоотойгоор сургаж байдаг. Гэвч тэр дундаас ижил үр дүнг бид хэзээ ч хардаггүй. Хүүхэд гэлтгүй, насанд хүрэгчид ч өдөр болгоныхоо үйлдэл, үг яриандаа эерэг дадал суулгаж хичээнгүйлэн суралцаж байж өөрийгөө бүтээдэг. Тийм учраас би сайнаас нь суралцаж, саараас нь сургамж авч, сайн сайханд тэмүүлж, алхам тутамдаа бусдаас суралцаж өнөөдрийнхөө Оргилмаа гэдэг хүнийг бүтээж яваа. Нэмж хэлэхэд, хүн насан туршдаа өөрийгөө хөгжүүлж, байнга суралцахгүй бол төгс бүтээгдэх нас гэж байхгүй. Өнөөдөр боловсролын байгууллагуудын алсын хараанд дэлхийн монгол иргэн бэлтгэх асуудал их хөндөгдөх болсон энэ эрин үед бид хандлагаа дэлхийн хөгжингүй орнуудын суурь философи болох хүнлэг нийгмийг байгуулахын төлөө чиглүүлэх ёстой.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна