Түүхийн аливаа үйл явц нэг нь нөгөөгөөсөө хамааран үргэлжилсээр ирснийг бид мэднэ. Улс үндэстэн бүрийн түүхэнд он цагийн эрхээр тодорч үлдсэн үйл явдлууд хийгээд түүхэн үйл явдлыг гардан гүйцэтгэгчид алтан үсгээр тэмдэглэгдсэн байдаг. Нэгэнтээ Б.Лхагвасүрэн агсан “Он цаг асгарсан их авьяастнуудаа авч ирдэг” гэсэн лүгээ он цаг баатруудаа төрүүлж, эх орончдоо дагуулан ирдэг билээ. Эртний түүхт хөх Монголын заяа тэгш, хийморь нь тэнгэрт байсныг Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүх сануулан байна.
Монголын эх орончдын тэмцлийн түүх дундад зууны үед эрх мэдэл булаацалдаж, Манж-Хятадын хаад ноёдын амлалт, хээл хахуульд автсан Монголын хаан, хан, хутагт, ноёдын өөр хоорондын хямралдааны үр дүнд тулгар төрийн тусгаар тогтнолоо Манж чин улсад алдсан үеэс эхэлжээ. Хотгойдын Чингүнжав, Хойтын Амарсанаа тэргүүтэй эрх чөлөөний хөдөлгөөн, Их хүрээний 1870 онд гарсан манж төрийн эсрэг ардын хөдөлгөөн, цэрэг Онолтын 1880 онд дэгдээсэн Улиастайн цэргийн бослого, XX зууны эхээр болсон Улиастайн манж амбаны эсрэг бослого, 1906 оны Их хүрээн дэх ардын хөдөлгөөн зэрэг үйл явдлаар өдөөгдөн сэрсэн үндэсний ухамсар Манж төрийн дарлалаас эх орноо салгаж, Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл байлаа. Хэдийгээр энэ тусгаар тогтнол 1915 оны Хиагтын гэрээгээр хумигдаж, 1919 онд бүрэн алдагдсан ч 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
Монголчууд тусгаар тогтнолоо Ардын хувьсгалаар байлдан олж, Бүгд найрамдах үзлийг зарлан тунхаглаад хөрш Орос, Хятад улс болон гадаадын улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө үе үеийн эх орончдоо төрүүлж, алдаж золиосолж ирснийг түүхийн шарласан хуудас гэрчилнэ.
Тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь 1650-аад оноос эхлэн 1946 он хүртэл хэд хэдэн үе шатаар явагдаж 1961 онд дэлхийн улс үндэстнүүдийн холбоо болох НҮБ-д элссэнээр баталгаажсан юм. Ардын хувьсгалаас хойших сайн, муу түүхэн бүх үйл явц цагаан морин жилийн хувьсгалын урьдач нөхцөлийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй.
Эх орончдын баярыг нэг намд хамаатуулах нь ардын хувьсгал цаашилбал үндэсний тусгаар тогтнолын хувьсгал, Их эзэн Чингис хааны байгуулсан Монгол үндэстний их эзэнт гүрэн, ардчилсан Бүгд найрамдах засаглалын үнэ цэнийг алдагдуулах гэсэн санаархал гэдэг нь дээрх түүхэн үйл явдлуудаас харагдаж байна. Гэхдээ санаархал төдий гээд орхиж болохгүй зүйл гэдгийг хэлэх ёстой. Ингэж санаархах нь эзэн Чингис хаанаас эхлээд Ардын хувьсгалын удирдагч Анхны долоо хүртэлх үе, үеийн эх орончдын ясаа ивж, цусаа асгаж босгосон үндэсний тусгаар байдлыг ч мөн үгүйсгэсэн хэрэг болох болов уу. Эх орончдын өдөр нь нийгмийн зарим хэсгийнхний ойлгож, ойлгуулах гэж оролдсончлон МАН-ыг байгуулсан өдөр, гишүүд, дэмжигчдийн өдөр ердөө ч биш.
Монгол үндэстний тусгаар оршихуйн үзэл санаа боловсорч, эргэлтийн цэг болсон өдөр бөгөөд бидний бие даасан байдлыг тодорхойлох код. Тусгаар Монгол үзэл санаанд нэгдсэн үе, үеийн эх орончдын зорилго нийт иргэний амар амгалан, эрх чөлөөт амьдралын төлөө байгаагүй гэж хэн маргах вэ. Эдүгээ энх цаг ч гэлээ сонор соргог байхад илүүдэхгүй. Эх оронч гэдэг ганцхан бослого тэмцлээр төрдөг юм биш.
Эх орны торгон хил дээр буу барин зогсоо хилчин, хуулиа дээдлэгч иргэн, тууль хайлагч өвгөн, үгийн яруу, өгүүлэхүйн тансаг эх сайхан хэлээрээ ярьж буй хүн бүр, хөдөө нутаг, нүүдэлчин ахуй соёлоо дээдлэн цагийн хатуу, байгалийн бэрхшээлийг сөрөн тэмцэж байгаа малчин түмэн гээд энх цагт Монгол эх орныхоо үнэт зүйлийг нандигнан хайрлагч бүр эх орончид билээ.
Ардын хувьсгалыг гардан гүйцэтгэгч “Анхны долоо”-гийн нэг Монгол Улсын маршал Х.Чойбалсан “Машид эрхэмлэж яваарай хэмээн итгэж, эрх чөлөө тусгаар тогтнолыг үлдээв”хэмээсэн үгийн үнэ цэн хойшид ч үл алдагдахын учир үүнийг тэмдэглэн өгүүлэв.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна