Түүхийн ухааны доктор, МУБИС-ийн түүхийн тэнхимийн багш А.Алтанбаганатай ярилцлаа.
-Ардын хувьсгалын ач холбогдол, МАН-ын хувьсгалын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үгүйсгэх хандлага ажиглагдах болжээ. Зарим түүхч гэж өөрийгөө нэрлэгсэд намын түүхийг мушгин гуйвуулснаас үүдэж хүүхэд залуус тусгаар тогтнолын үнэ цэнийг дутуу үнэлэх болсон байна?
-Сүүлийн жилүүдэд нууц хоёр бүлгийн Монголын автономийг сэргээх зорилтыг онцгойлон үзэж, тэдний дэвшилт ардчилсан зорилго, үзэл санааг бүрхэгдүүлэх, үгүйсгэх хандлага нэлээд гарах болсон. Тухайн үед хувьсгалт тэмцлийн зорилт нарийсах тусам нам доторх бүлгүүдийн консерватив, либерал үзэл санаа нь ил тод болон зөрчилдөж байсан нь түүхэн үнэн ч МАН-ын уг үндэс болсон нууц хоёр бүлэг “Үндэсний тусгаар тогтнол” гэдэг үзэл санаа, үнэт зүйлд төвлөрч, хамтран ажиллаж байлаа шүү дээ. Консерватив, либерал үзэлтнүүд Монголд улс төрийн нам байгуулах зөвшилцөлд хүрч, хэрэгжүүлж чадсан нь эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүсэмжилсэн ард түмний хүсэл зорилгод нийцэж байсан том үйл хэрэг.
-Мэдээж улс орныг хамарсан том үйл хэрэг эхлүүлж байгаа хүмүүст үзэл бодлын, үйл явцын маргаан байсан л байж таарна. Хоёулаа хүүхэд залууст намын үүсэн байгуулагдсан түүхийг зөв талаас нь таниулах зорилготой ярьж байгаа болохоор улс төрийн консерватив, либерал үзэлтнүүдийн бүлгүүд бүрэлдэн бий болох нөхцөл шалтгаан, үйл явцыг тодруулан ярья?
-Төрийн яамны бичиг, цэргийн түшмэдүүд болох С.Данзан, Ө.Дэндэв, Д.Догсом, М.Дугаржав, Д.Сүхбаатар нар “Хүрээний бүлэг”-ийг, Д.Бодоо, Д.Чагдаржав, Х.Чойбалсан, С.Жамъян, Д.Лосол, Н.Жигмэддорж зэрэг бичгийн сэхээтэн, лам хүмүүс “Консулын дэнжийн бүлэг”-ийг тус тус зохион байгуулж нэгдсэн байдаг. Бас Монголын ноёд ихсийн дунд угсаатан, хэргэмтний анги буюу “Ноёдын нам” буй болоод байлаа. Монголын үндэсний дэвшилт ардчилсан үзэлтнүүдийн үзэл бодол, шүүмжлэлт сэтгэлгээ нь тус орны нийгэм-улс төрийн байгуулал, түүнийг хамгаалсан улс төрийн бодлого, дэглэм, хууль цаазтай зөрчилдөж байсны зэрэгцээ тэрхүү дэвшилт ардчилсан хэсгийн Монголын нийгмийн хөгжлийн талаарх үзэл санаа ч өөр хоорондоо мөн ялгаран заагарч тус хүрээлэлд сонирхлын бүлгүүд үүсэх нөхцөл аажмаар бүрэлдэж байв. Улмаар 1919 онд Монгол Улсын автономи эрхийг устгахаар Дундад иргэн улсын цэрэг-улс төрийн бодлого идэвхжиж хэрэгжсэн нь тус оронд улс төрийн бүлгүүд үүсэх үйл явцыг түргэтгэсэн.
-Тусгаар тогтнол гэдэг нийтийн хүсэл сонирхол, үнэт зүйлд бүлгүүд нэгдмэл зорилготой байжээ. Ямар үзэл санаагаар ялгарч байв?
-Хүрээний бүлгийн үндсэн зорилго Монголын автономит засгийг хамгаалахад чиглэж байсны сацуу улс орны ирээдүйд холбогдолтой чухал асуудалд санаа тавьж байсан. Товчхондоо Хүрээний бүлгийн үндэсний дэвшилт үзэлт түшмэдийн зорилго, үйл ажиллагаа нийгмийн дээд хэсгийн эрх ашгийг түлхүү хамгаалсан төрийн бодлого, албаны хээл хахууль, ялзрал, нийгмийн тэгш бус харилцаа, хүнд алба татвар ба засаг ноёдын амин хувиа хичээж, хууль ёсонд үл захирагддаг байдлын эсрэг чиглэж байсан. Хүрээний бүлгийг байгуулсан С.Данзан, Ө.Дэндэв, Д.Догсом зэрэг дэвшилт үзэлт түшмэд Монголын улс төр, нийгэм-эдийн засгийн харилцааны зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, улс төрийн хэрэгт түшмэдийн оролцоо, нөлөөг нэмэгдүүлэн хаант засаг төрийн бодлого, үйл ажиллагааг шинэтгэн сайжруулах, тулгамдсан асуудлыг дэс дараатайгаар аажим алгуур шийдвэрлэж улс орны байдлыг дээшлүүлэх, ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах гэсэн зорилгыг өмнөө тавьсан юм. Төрийн түшмэдийн хүрээнд улс төрийн бүлэг үүсгэн байгуулах нэг шалтгаан нь энэ шүү дээ. Ийм учраас тэднийг консерватив үзэлтэн гэж болох талтай. Консерватизмыг шинэ зүйл бүхнийг эсэргүүцэгч, ямар ч өөрчлөлтгүйгээр хуучныг хадгалахыг эрмэлзэгч үзэл санаа гэж үзэх хандлага нэлээд дэлгэрэнгүй байдаг. Гэтэл уг үзэл баримтлал үүсэж бүрэлдсэн үеэсээ нийгмийн өөрчлөлтийг үгүйсгэлгүйгээр харин ч ямарваа өөрчлөлт бол нийгмийн эрс доргилтоос зайлсхийж, ёс суртахуун, соёл, шашны уламжлалт хэв заншлыг хадгалсан байдалд хэрэгждэг байх ёстой гэсэн санааг нь мартчихаад байх шиг.
Консулын дэнжийн бүлэгт ч 1911 оны хувьсгалд хүчин зүтгэж биеэр оролцогсод, үр шимийг нь бататган бэхжүүлэхийн төлөө зоригсод багтаж байсан. Тус бүлгийг санаачлан байгуулсан Д.Бодоо, Д.Чагдаржав нарын улс төрийн зорилго, үзэл санаа Монголын хэмжээгүй эрхт хаант засаг, угсаа залгамжлах ёсонд суурилсан улс төр, нийгэм-эдийн засгийн байгууллын эсрэг хандаж улс төрийн либерал үзэл баримтлалд илүү ойр байсан юм. Либерал сэтгэлгээний чиглэл XVII-XVIII зууны үед дундад зууны хаант ёс, феодалын нийгмийн дэг журмын эсрэг хүчнүүдийн тэмцлийн явцад үүссэн. Улс төрийн хүрээнд либерал үзэл суртал нь хүний жам ёсны болон иргэний эрхийг тунхаглан хамгаалж, хууль ёсыг тогтоохыг чухалчилдаг. Энэ жам ёсны дагуу буюу Монголын нийгмийн хөгжилтөөр либерал үзэлтнүүд төрөн гарч, Д.Бодоо тэргүүтэй хүмүүсийн зорилго, үзэл санаа нийгмийн шинэтгэл, хувьсгал хийх чиглэлд өрнөж эхлэв. Тийм ч учраас Д.Бодоо, Д.Чагдаржав нарын ардчилсан үзэлтнүүд бүлгээ Ардын нам гэж нэрлээд улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулан дэлгэрүүлжээ. Монголын нийгэм-улс төрийн тогтолцоог үеэ өнгөрөөсөн хэмээн дүгнэж, Үндсэн хуулийн арга замаар улс оронд ардчилсан дэглэм тогтоох зорилт дэвшүүлж улс төрийн нам байгуулах шаардлагатайг ухамсарласан. Тэр үеийн Монголын хэвлэлд “Олон улсаа хайрлах шинэ бодлоготой хүн нар улсдаа буян олгуулж мандуулах хэмээвээс эрхбиш бошгийг халах намын хүчийг хэрэгсэхгүйгээр болохгүй” хэмээн Монголын нийгмийн хөгжилд улс төрийн нам шаардлагатай болсон тухай цухас боловч дурдсан байдаг. Ингэж Д.Бодоо зэрэг ардчилсан үзэлтнүүд Монголын нийгмийн өргөн давхраанд тулгуурласан нам байгуулж, феодалын хэмжээгүй эрхт ёсны байгууллыг өөрчлөн шинэчлэх алс хэтийн зорилготой байсан юм.
-Улс төрийн нам байгуулах тодорхой алхмуудыг хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?
-1921 оны хаврын эхэн сард Д.Догсомын гэрт нууц хоёр бүлгийн хүмүүс хуралдаж Зөвлөлт Орос улсад Х.Чойбалсан, С.Данзан нарыг явуулж тус улсад зорчих зам мөрийг нээх, зорчиход саад боогдолгүй болгох, мөн Буриад Монголын дотроос туслах хүнийг олох зэрэг тусламж гуйх бэлтгэл ажлын хүрээнд илгээх, тэдний уналга, хэрэглэх зардлын мөнгийг хүрэлцэхээр бэлтгэн өгөхөөр тогтжээ. Хурлын төгсгөлд “Орос улсад одоход Монгол Ардын Намын тамга гэсэн бичиг бүхий модон тамга нэгийг сийлж бэлтгэн хэрэглэхээр” тогтоод хуралдагсад тарсан байна. Уул тамгыг Д.Бодоо урласан бөгөөд МАН байгуулагдсаны нэг баримт болгодог. Гэтэл тэрхүү тамгыг “Зөвлөлт Орос улсад авч явахад бэлтгэж” буюу тусламжийн ажилд ашиглахаар үйлдсэн. Зөвлөлт Орос улсаас Ардын намын нэрээр тусламж гуйх, үүнд хэрэглэх намын тамгыг бэлтгэх тухай Д.Бодоо нараас тавьсан санал улс төрийн тодорхой зорилготой алхам мөн. Энэ нь тусламжийн асуудлыг Монголын автономит эрхийг сэргээх төдийхнөөр хязгаарлалгүй Ардын намын нэрийн өмнөөс илүү өргөн хүрээнд тавин санаачилгыг гартаа авч үндэсний үзэлт түшмэдийг араасаа дагуулах улс төрийн зорилго бүхий ажлын эхлэл байв. 1920 оны зургадугаар сарын 25-нд Монголын улс төрийн гурван бүлэглэл болох Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын намын хүмүүс хамтран хуралдаж, Зөвлөлт засгаас тусламж гуйх асуудлыг хэлэлцсэн байдаг. Хурлын үеэр тусламжийг Ардын нам ба Богдын тамгатай бичгээр хүсэх санал гарч хоорондоо удаан маргалдсаны эцэст эхний ээлжийн төлөөлөгч С.Данзан, Х.Чойбалсан нар тусламж гуйх бичиггүй явжээ. Нэг үгээр Ардын намын нэрээр Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх, уг ажил хэрэг дэх Богд хааны оролцоог “Зөвшөөрлийн бичгээр” хязгаарлах гэсэн Д.Бодоо нарын өмнөх санаачилга, энэ талаар нөгөө бүлэгтэйгээ ойлголцсон зөвшилцөл өөрчлөгдөж зөрчил үүсжээ.
-Зургадугаар сарын 25-ны өдрийг МАН байгуулагдсан өдөр гээд “Монголын хувьсгалчдын өдөр” болгон тэмдэглэж байсан?
-Намын түүх судлалд 1920 оны зургадугаар сарын 25-ны энэ өдөр нууц хоёр бүлэг МАН гэдэг хувьсгалт байгууллага эсвэл МАН-ыг байгуулж нэгдсэн тухай үзэл хэвшиж тогтсон юм. Бүр эл өдрийг “Монголын хувьсгалчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байлаа. Гэтэл энэ нь түүхийн цөөнгүй баримтаар ташаа болох нь няцаагддаг. Энэ өдрийн хурлаар хэлэлцэж баталсан нууц харилцааны түлхүүр бичигт МАН гэж байхгүй. Харин Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын намыг тус бүрд нь нууц нэр өгч шифрлэсэн байх жишээтэй. 1923 онд С.Данзан МАН-ын Төв хороонд өргөсөн саналын хуудастаа Ардын нам болон Түшмэд, Ноёдын намынхны зөвшилцөл, үр дүнг нэлээд тодорхой дурджээ. Тэрбээр саналын хуудастаа “Монгол засгийн эрхийг харгис этгээдүүд хавсран устгасан хэрэгт ард олны сэтгэл алдагдаж тэсвэрлэн төвдөхгүй болсон учир, нам холбоо байгуулж, тэргүүнд бурхны шашныг хүндэтгэж, Богд ламын бошгийг сүсэглэх ба хоёрдугаар, язгуур үндсээ бататган хамгаалах, гуравдугаар, хуучин суртлыг журамлан амьдрах, дөрөвдүгээр, тус газар орныг өөрсдөө эзэрхэн сахих зэргийн дөрвөн зүйлээр зөвшилцөн эвсэл холбоо байгуулах санал эгээрэл гаргаснаар бидний хэдэн хүмүүсийг томилон тусламж олуулахаар одуулсан” гэж бичсэн байдаг. Ийнхүү 1920 оны зургадугаар сарын 25-нд Монголын улс төрийн гурван бүлэглэл дээрх дөрвөн зүйлээр зөвшилцөлд хүрч нам холбоо буюу эвсэл байгуулсан аж. Мөн Магсар хурц зохиолдоо нууц хоёр бүлэг нэр бүхий ноёд лам нартай “Журмын холбоо” байгуулсан тухай өгүүлсэн байдаг нь энэхүү “эвсэл” мөн байх. Д.Бодоо, Д.Чагдаржав нарын бичсэнээр энэ эвсэл Ноёдын нам, жижиг Түшмэдийн намын Үндэсний тусгаар тогтнолоо сэргээх зорилтын хүрээнд хамтран тэмцэх уриалгаар байгуулагдсан бөгөөд Ардын нам энэ эвсэлд гагц Зөвлөлт Орос улсаас тусламж эрэх болзолтойгоор нэгдсэн. Д.Бодоо тэргүүтэй Ардын намынхан ийм болзол тавьж байсан нь нэгд, үндэсний бие даасан байдлын төлөө тэмцэлдээ амжилт олох, хоёрт, Монголын ард түмэнд Зөвлөлт Орос улс чин сэтгэлээр тусалж чадна буюу Монголд ардын засаг төрийг тогтоох, үүндээ Зөвлөлт Орос улсын дэмжлэг авахыг бодож байсантай холбоотой.
-УИХ –аас 2004 онд Эх орончдын өдрийг гуравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэж байхаар болгосон. Ямар түүхэн үйл явдлаар нотолдог вэ?
-МАН-ыг байгуулах бэлтгэл ажил өрнөж байх үест Нийслэл Хүрээг хятад цэргээс чөлөөлөх Барон Унгерний удирдсан цэргийн ажиллагаа амжилттай болж, 1921 оны хоёрдугаар сарын 22-нд Богд хааныг сууринд дахин залж автономит Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулсан юм. Үүгээр Монголын улс төрийн байдалд үндсэн өөрчлөлт гарсан боловч тус орны Засгийн эрх баригчдын бодлого Монгол дахь шашны эрхт феодалын ёсыг хөндөж эвдэлгүй хадгалахад оршиж байлаа. Гэтэл нөгөө талд МАН-ыг үүсгэн байгуулагчид Монголын ирээдүйд автономит эрхийг сэргээх явдал хангалтгүй, тус оронд улс төр, нийгэм-эдийн засгийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Хуучин улс төрийн тогтолцооны хүрээнд тэрхүү шинэчлэлийн бодлого хэрэгжих боломжгүй учир үүнийг улс төрийн нам байгуулан засгийн эрхийг авч гүйцэтгэх байр сууриа баримталсан хэвээр. Тройцкосавск хотод Монголын хувьсгалчдын зөвлөгөөн 1921 оны гуравдугаар сарын 1-нд нээгдэж гурван өдөр хуралдсан юм. Энэ хурлыг хожим МАН-ын Анхдугаар их хуралд тооцох болсон. Гуравдугаар сарын 3-ны хурлаар МАН-ын Төв хороог байгуулж даргад С.Данзанг, гишүүдэд Д.Лосол, Ц.Дамбадоржийг, бичиг хэргийн эрхлэгчдэд Бадарчин, Осор нарыг сонгосон. Мөнхүү хурлаар хэлэлцэж баталсан МАН-ын мөрийн хөтөлбөрт Монгол овогтныг харийн дарлалаас чөлөөлж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн энх амгалан аж төрөх, хүчирхэг боловсон улсуудын жишгээр дэвшин хөгжиж, олон үеийн хоцрогдлыг гэтлэн давах, гадаад олон улстай энх тайвнаар зэрэгцэн тогтнож эрх тэгш харилцах явдлыг намын үндсэн зорилт болгожээ. Бас монгол үндэстэн нэгдмэл бие даасан улс болон тогтнох, харийн эзэрхийлэлд орохгүй байх явдлыг тус нам зорилтоо болгож, үүний тулд Гадаад Монголын төрийг дахин шинэчлэн босгохыг даруй гүйцэтгэхээр заасан.
-Нам байгуулагдсан өдөр Эх орончдын өдрийг тэмдэглэдэг болсноор нэг намын баяр мэтээр ойлгодог болоод байна?
-Монгол Улсын тусгаар тогтнол үе үеийн эх орончдын халуун амь, бүлээн цус, оюун ухаан, хөлс хүч хөдөлмөрөөр хамгаалагдаж өдгөөг хүрч ирсэн. Өөрөөр хэлбэл, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтаар олж авсан тусгаар тогтнол 1919 онд алдагдахад Монголын эх орончид дахин нэгдэж тусгаар улсаа байгуулж чадсан. 1911, 1921 оны хувьсгалын аль аль нь тусгаар тогтнолыг сэргээсэн түүхэн чухал үйл явдлууд. Иймд Эх орончдын өдрийг ганц намын баяр мэтээр ойлгож тэмдэглэх нь түүхэн үнэн, тусгаар тогтнолоо үл ойшоосон хэрэг болно.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна