Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон. Ингэхдээ цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэхэд анхаарч, зургаан багц асуудлын хүрээнд зорилго, зорилтуудаа дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Засгийн газрын бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн тухай иргэд ямар сэтгэгдэлтэй байгааг тодрууллаа.
Ж.Содномдаржаа:
-Би тэтгэвэрт гараад зургаан жил болж байна. Цэргийн алба гурван жил хашсантайгаа нийлээд улсад 25 жил ажилласан. Анх тэтгэврээ 280 мянган төгрөгөөр тогтоолгож байсан. Түүнээс хойш жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдээд л байна. Тухайлбал, 2019 онд 310 мянга, 2020 онд 350 мянга, 2022 онд 500 мянга, өнгөрсөн онд 550 мянган төгрөг болж нэмэгдсэн. Үүнээс харахад анх авч байсан тэтгэвэр маань хоёр дахин нэмэгдсэн байна шүү дээ. Одоо удахгүй ирэх дөрөвдүгээр сараас ахмадуудын тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэх юм билээ. Холбогдох дарга нарын ярьж байгааг сонсоход ер нь цаашид ахмадуудын тэтгэвэр жил бүр нэмэгдэхээр байна. Төр засаг маань ахмадууд биднийг сайн дэмждэг гэж боддог. Өнгөрсөн хугацаанд бидний тэтгэврийн зээлийг хүртэл тэглэж өгч байлаа. Тухайн үед би тав орчим сая төгрөгийн зээлтэй байсан санагдаж байна. Мөн ахмадуудад насны хишиг гэж жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Улсын баяр наадмаар олгодог уламжлалтай. Би дараа жилээс ахмадын хишиг авч эхэлнэ. Ахмадууд бид тэтгэврийн мөнгөөрөө л амьдардаг учраас тэтгэврийн зээлийн хүүг хүртэл бууруулах зэрэг олон арга хэмжээ авч буйд талархаж байна.
С.Бага-Эрдэнэ:
-Он гарснаас хойш цас орж, эрс хүйтэрсэн. Шинийн 3-нд их хэмжээний цас орж, цасаар шуурснаас хойш хүйтний эрч сулрахгүй байна. Өдөртөө -30 хэмээс дээш, зарим шөнө -40 хэм хүрч байгаа. Хөгшин бид хоёр 1985 оноос хойш мал маллаж байна. "Мал дагавал ам тосодно" гэдэг дээ. Малын буян хишгээрээ хүүхдүүдээ сургууль соёлд сургаж, өрх тусгаарлуулаад хоёр идэхгүй, хоосон хонохгүй л явна. Малчид бидний орлогын эх үүсвэр бол мал, малын түүхий эд. Тийм болохоор мал, ялангуяа арьс шир, ноос ноолуур гээд түүхий эд нь үнэлгээ сайтай байгаасай л гэж боддог. Төр засгаас ч энэ асуудалд бодлогоор дэмжиж эхлээд байна. Жишээлбэл, малчдад ноосны урамшуулал гэж нэг кг тутамд нь 1000 төгрөг тооцож олгодог. Урамшууллын мөнгийг дараа жилийнх нь хавар буюу яг хэрэгтэй цаг үед олгодог учраас бидэнд нэмэлт орлого болж том дэм болдог. Манайх малжуулах төсөлд хоёр удаа хамрагдаж байсан. Энэ төслийн зээлийн хүү бага, эргэн төлөлтийн хугацаа урт байдаг болохоор бидэнд дарамт болдоггүй юм. Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор өвс тэжээлийн тусламж сум орон нутагт ирж байгаа. Нэг өрх айлд хоёр уут улаан хивэг, нэг боодол өвсийг хөнгөлөлттэй буюу 50 мянган төгрөгөөр олгож байна. Манайх энэ төрлийн тусламжийг хоёр удаа авсан. Зуд болж мал хорогдож буй хүндхэн цаг үед малчдын зээлийг хойшлуулсан нь нүдээ олсон зөв шийдвэр болсон.
Х.Батчимэг:
-Тулгуур эрхтний бэрхшээлтэй, мөн холбоонд харьяатай байдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого хөтөлбөрийн талаар тодорхой хэмжээний ойлголт мэдээлэлтэй байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний хувьд давуу тал, боломж нээгдсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авсан аж ахуйн нэгж байгууллагыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөрөөс нь хөнгөлдөг болсон. Энэ нь бидний орлого олох боломжийг нэмэгдүүлж буй том хөшүүрэг. Мөн ХНХЯ болон “Жайка” олон улсын байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий төслийг хэрэгжүүлж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил орлоготой болох нь нэмэгдэж байна. Хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй найман мянга гаруй иргэн байсан бол одоо энэ тоо 14 мянгад хүрсэн. Монгол Улс анх удаа ажлын байрны дадлагажуулагч гэдэг мэргэжлийг ажил мэргэжлийн жагсаалтад албан ёсоор оруулсан. Дадлагажуулагч хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа оюуны бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд зуучлах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх юм. Тохируулгатай ажлын байрыг бий болговол бид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой. Бас нэг дэмжлэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэвэр 180 мянган төгрөгөөс 325 мянга болж нэмэгдсэн. Мөн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчдад олгодог мөнгө бас ийм хэмжээнд хүртэл нэмэгдээд байна.
Г.Энхмаа:
-Би бага ангид багшилдаг. Нэг үеэ бодвол боловсролын салбарт ахиц дэвшил гарч байна. Гэхдээ шүүмжлэх зүйл ч бий. Ямартаа ч багш нарыг хэрэгтэй, хэрэггүй бичиг цаасны ажлаар дарах нь багассан. Багш нарт ойлголт мэдээлэл олгох, чадавхжуулах төрлийн сургалтуудыг цахим болон танхимаар зохион байгуулдаг болсон нь авууштай санагддаг. Би хамгийн сүүлд тэгш хамруулан сургах 3-5 хоногийн танхимын сургалтад хамрагдсан. Ер нь сүүлийн жилүүдэд багшийн хөгжлийг дэмжихэд анхаарч, бодлого шийдвэр гаргаж, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг болсон байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиуд ялангуяа бага ангийн багшийн хомстол үүсээд буй энэ үед багш мэргэжил эзэмших гэж буй оюутнуудын төлбөрийг төрөөс даахаар болсон нь нэг талаар зөв дэмжлэг. Гэхдээ үүнийг тодорхой журмаар нарийн зохицуулалт хийж босго, шаардлага тавихгүй бол дипломны төлөөх өрсөлдөөн, төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байх эрсдэл гарч магадгүй. Багшийн цалин урамшууллын тухайд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ хүмүүсийн цахимаар бичиж, яриад байгаа шиг тийм өндөр биш. Би залуу багш учраас миний цалин 100-150 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс гадна гүйцэтгэлийн урамшуулал олгодог. Гэхдээ миний хувьд үүнд сэтгэл хангалуун бус байдаг. Яагаад гэвэл, сурагчдыг түүврийн аргаар сонгож, шалгалт авч тухайн багшийн гүйцэтгэлийг тогтоож үнэлдэг. Энэ түүврийн арга нь бодит бус үнэлгээ шиг санагддаг.
Г.Сэр-Од:
-Би МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан. Надад болон бусад оюутнуудад маань эергээр нөлөөлсөн зарим шийдвэр, өөрчлөлтийн талаар ярья гэж бодож байна. Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор оюутнуудад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, улсын их, дээд сургуулиудын номын сангийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, улирлын болон явцын шалгалтын үеэр 24 цагаар ажилладаг болсон нь бидний хувьд том боломж. Мөн бид нийтийн тээврээр сард 22 удаа л үнэ төлбөргүй зорчих эрхтэй байсан бол одоо 44 болж нэмэгдсэн. Эрэгтэй оюутан бүрд хамааралтай нэг шийдвэр бол “Оюутан цэрэг” хөтөлбөр. Оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байдаг ч бүртгэх тоо нь бага, бас олон төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Тэгвэл хөтөлбөрт хамруулах оюутнуудын тоог 1500 болгон нэмж, "Е-Мongolia" платформ ашиглан түргэн шуурхай бүртгүүлэх боломжтой болсон. Би өнгөрсөн онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан. Оюутнуудын цаг завыг хэмнэсэн нэг шийдэл бол emongolia платформ дээр үүсгэсэн estudent цэс юм. Тухайн цэснээс сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэх зэрэг бичиг баримтыг татан авах боломжтой болсон.
Г.Ганцэцэг:
-Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. 20 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгийг цар тахлын үеэр 100 мянган төгрөг болгон нэмж түүнээс хойш энэ хэвээр үлдээсэн нь ээжүүд бидэнд том дэмжлэг болж байна. Хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг айл өрх олон бий. Ялангуяа надтай адил өрх толгойлсон ээжүүдэд бол үнэхээр том дэм болдог юм. Гэхдээ гурван хүүхдийн маань хоёр нь сургуульд сурдаг учраас заримдаа хүрэлцэхгүй байх тохиолдол гардаг. Би өөрөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг болохоор тогтвор суурьшилтай ажил хийж чаддаггүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед хүүхдийн мөнгө амьдралд маш их дэм болж байна. Бид дөрөв 1072 хувьцааны мөнгөө саяхан авсан. Одоо дахиад ногдол ашиг олгох юм билээ. Түүнийгээ хүүхдийнхээ хичээл номд зарцуулахаар төлөвлөсөн. Эх орныхоо баялгаас хувьцаа эзэмшиж, түүнийхээ ашиг шимийг хүртэж байгаадаа үнэхээр баяртай байна.
Э.Дугармаа:
-Орчин үеийн залуучууд ихэнхдээ платформууд дээр ажилладаг болсон байна. Энэ нь үйлчилгээ үзүүлж буй газар болон үйлчлүүлэгч аль аль талдаа олон давуу талтай. Тухайлбал, сүүлийн жилүүдэд "Е-Мongolia" хурдтай хөгжиж, иргэд хаана байгаагаас үл хамаарч төрийн олон төрлийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болсон. Би хамгийн сүүлд тус аппликейшнд хандаж гадаад паспорт захиалсан. Энэ үйлчилгээг авахад ойролцоогоор 3-5 минут л зарцуулсан. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд нэг үйлчилгээ авахын тулд заавал төв эсвэл салбарт нь хандаж, урт дараалалд зогсох шаардлагагүй амар болж байна. Цахим үйлчилгээ цаг хугацаа, цаас, зардал мөнгө гээд олон зүйл хэмнэдэг. Мөн цахим харилцаа, үйлчилгээ хариуцсан яамтай болсноос хойш залуучууд, бизнес эрхлэгчдэд олон боломж нээгдлээ. Гэхдээ зарим хүн цахим үйлчилгээний талаар мэдээлэл багатай, ашиглаж чадахгүй байх тохиолдол бий. Тиймээс иргэдэд энэ талын ойлголт мэдээлэл олгож, цахим соёлд суралцуулах хэрэгтэй болов уу. Мөн зөвхөн төрийн үйлчилгээнээс гадна хүмүүсийн түгээмэл ашигладаг хувийн байгууллагын үйлчилгээг ч гэсэн багтааж, илүү сайн хөгжүүлээсэй гэж боддог.
Б.Цэрэнням:
-Эрүүл мэндийн салбарт буюу анхан шатны байгууллагад долоон жил ажиллаж байна. Энэ хугацаанд цалин маань хоёр удаа, хоёр дахин нэмэгдсэн. Гэсэн ч энэ нь одоогийн амьдралын өртгийн хувьд хүрэлцээтэй биш. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг орон сууцжуулахын тулд зарим нэг арга хэмжээ авч байна. Тухайлбал, дүүргийн хэмжээнд орон сууцад хамрагдах ажилчдын квот 2022 онд гаргаж, түүнийхээ дагуу эхнээс нь орон сууцны хөнгөлөлттэй зээл, квот зэрэгт хамруулж байна. Анхан шатны байгууллагад одоогоор гурван стратеги 14 арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, салбарын ажилтан болон иргэн хүний хувиар харахад урьдчилан сэргийлэх хөтөлбөр үр дүн сайтай байгаа. Манай гэрийнхэн бүгд хамрагдсан. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилчдадаа цалинтай чөлөө өгч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжийг бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц болдог. Салбар яамнаас анхан шатны байгууллагын ажиллах хүчний хомстлыг бууруулах зорилгоор гурван жил тутамд тэтгэмж олгодог. Энэ оноос өрхийн эмчийг мэргэшүүлж чадавхжуулах хөтөлбөрийг үе шаттайгаар зохион байгуулж буйд залуу боловсон хүчний хувьд баяртай байна. Мөн магадлан итгэмжлэлтэй өрхийн эмнэлгүүдтэй даатгалын гэрээ байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангадаг болсноор хоёр, гуравдугаар шатлалын үзүүлдэг тусламж үйлчилгээг иргэд өрхийн эмнэлгээсээ авах боломж бүрдсэн. Үүнд иргэд ам сайтай байдаг юм.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна