“...Бид эхээс 11-үүлээ. Би хамгийн бага нь. Ах маань намайг сургуульд яв, юм сур л гэж их захидаг байлаа. Ахынхаа буянаар сургууль соёлд суралцаж явлаа. Нэг удаа би Москвад очоод ээжийгээ санаад уйлж байж билээ. Үүнийг ах маань мэдчихсэн байсан. Тэгээд тэр үед намайг элчингээс дуудаж, тухайн үед Элчин сайдаар ажиллаж байсан хүн надад олон зүйлийн талаар хэлж ярьж байсан. Тэр үед би их олон зүйлийг ойлгож ухаарч билээ. Ганцаараа үлдчихээр их л хэцүү байх юм. Ахынхаа тухай сайн, муу олон л зүйл сонсох юм даа. Ахыг минь үргэлж санан дурсаж, сайхан арга хэмжээ зохион байгуулж буйд талархаж байна. Нутгийн хүмүүсээ харахаар сэтгэл минь өөрийн эрхгүй хөдлөх юм. Монгол түмэн, нутгийн зон олон та бүхнийхээ дэмээр өдий зэрэгтээ явж байна. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе...” хэмээн хоолой зангируулан ярих хүн бол маршал Ю.Цэдэнбалын төрсөн дүү, өдгөө 97 насыг зооглож буй ахмад настан Ю.Жавзан юм. Энэ эрхэм буурай Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийн түүхт 25 жилийн ойн арга хэмжээ, “Монголын шилдэг нийтлэл 30” номын нээлтийн үеэр ийн дурсамж сөхөн хуучилсан нь энэ.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүд, академич, хөдөлмөрийн баатрууд, эрдэмтэн судлаачид уригджээ. Нээлтийн үйл ажиллагаанд төр засаг болон МАН-ын удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэв. Тухайлбал, МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа мэндчилгээндээ удирдагч хүн улс орноо хөгжүүлэхийн тулд амьдралаа хэрхэн зориулдгийг, ямар бодлого зарчим баримталж байсан гэдгийг хойч үедээ үлгэр жишээ болгон үзүүлэх үүднээс түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн баатрууд, тэдний үйл хэргийг хойч үеийнхэндээ таниулах хэрэгтэйг онцолсон бол Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы мэндчилгээнд маршал Ю.Цэдэнбал 1940 болон 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулан хэрэгжүүлэхэд манлайлан тэргүүлж оролцсон болон бусад үйл хэрэг, гавьяа зүтгэлийг нь Монголын шилдэг нийтлэл номд тодотгон дурдсан нь онол, практикийн өндөр ач холбогдолтой шинжлэх ухааны хэрэглэгдэхүүн болохоос гадна шинэ үеийн оюутан залуучууд эх орон, эх түүхээрээ бахархах боломжийг нэмэгдүүлсэн талаар өгүүлснийг түүний зөвлөх уламжиллаа. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг түүний ахлах зөвлөх Д.Лүндээжанцан дамжуулав. Тэрбээр “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоол 2016 онд гаргасан. Тогтоолын төслийг сааначлагчдын нэг нь би. Тус тогтоолыг баталсан нь Ю.Цэдэнбал даргын түүхэнд эзлэх байр суурийг төрийн эрх барих дээд байгууллага дүгнэсэн хэрэг гэж хууль зүйн хувьд үзэх ёстой. “Хэмжээт цаазтаас Бүгд найрамдах засагт шилжсэн анхдугаар Үндсэн хууль” гэдэг номоо оны өмнө гаргасан. Хүн ном бүтээлийг тархи оюун, туршлагаараа бичдэг бол энэ номыг бичихэд зүрх сэтгэл их оролцсон. 1921-1924 онд ажиллаж, амьдарч байсан ахмад үеэрээ бахархах, өрөвдөх сэтгэл төрж байлаа. Энэ амаргүй үеийг Ю.Цэдэнбал дарга үргэлжлүүлэн нуруун дээрээ үүрч, Монгол Улсыг 44 жил удирдан чиглүүлж авч явжээ. Хэлэхэд амархан, хийхэд хэцүү гэж үг бий. Монголыг орчин үеийн Монгол Улс болгоход ямар хүнд хэцүү замыг туулсан бэ гэдгийг 1921-1924 оны түүхийг судлахад л ойлгомжтой харагдана. Орчин үед шүүмжлэгчид секунд тутамд төрж байгаа бол сэтгэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүн бүхэл бүтэн нэг зуунд гарын таван хуруунд багтах хэмжээнд төрж байна. Тэдний манлайлалд Ю.Цэдэнбал гэдэг хүн байсан юм” хэмээн тодотголоо.
Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн 30 дугаар боть буюу “Юмжаагийн Цэдэнбалын хэлмэгдүүлэлт ба “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” номдоо БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга, Батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын тухай өгүүлжээ. Энэхүү номоо маршал Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан гуайд, мөн тус академийн удирдлагууд болон уригдан ирсэн хүндэт зочдод цагаан хадгийн хамт өргөн барилаа.
Ц.Шаравдорж: Монгол Улсын Дээд шүүх шударга үнэний талд зогсож, тунхаглаж чадсан
Ц.Шаравдорж зохиогч маршал Ю.Цэдэнбалын хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлсэн анхны номоо 2016 онд гаргаж байжээ. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд эл хугацаанд шинэ баримт, нотолгоо, дурсамж, тэмдэглэл цуглуулсан тул түүнийгээ “Социализмын сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” номдоо оруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан хоёр дахь хэвлэл болгон бүтээжээ. Эл номын тухайд Ю.Цэдэнбалыг үндэслэлгүй хэлмэгдүүлж, гүтгэж буйд хариу өгөх үүрэг надад ногдсон гэж боддог учраас би гүтгэлэг бүрийг үнэн бодит баримт нотолгоогоор нотолж чадсан гэж Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Шаравдорж номынхоо агуулгыг тодорхойлов. Тэрбээр “Монгол хүн бүр Ю.Цэдэнбал гэдэг хүнийг танина, бас түүний талаар тодорхой хэмжээнд мэддэг болов уу. Тухайн үеийн нам төрд ажиллаж байсан нэр бүхий 30 гаруй хүнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж үүнээс 16 хүнд ял төлөвлөж Монгол Улсын Дээд шүүхэд ирүүлж байсан юм. Энэ хэргийг хүлээж авсан Улсын Дээд шүүхийн гшүүдийн нэг нь би. Нэг хэсэг нь эдгээр хүнд заавал ял шийтгэл ногдуулах ёстой гэж зүтгэж байлаа. Гэхдээ тухайн үед үүний эсрэг хатуу байр суурь барьж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан Улсын Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнд би багтаж байсан. Энэ ямар учиртай хэрэг вэ гэхээр Ю.Цэдэнбалын үед МАХН Засгийн бүрэлдэхүүнд ажиллаж, түүнийг тойрон хүрээлж байсан хүмүүс гэж ял төлөвлөж байсан юм. Харин Монгол Улсын Дээд шүүх шударга үнэний талд бат зогсож, тунхаглаж чадсан” гэлээ.
Ч.Авдай: Ю.Цэдэнбал гуай их гавьяа байгуулсан түүхтэй
Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийг үүсгэн байгуулж, өдгөө 25 жилийн ойтойгоо золгох хүртэлх хугацаанд их удирдагчийн эх орноо аж үйлдвэржсэн улс болгон богино хугацаанд үсрэнгүй хөгжүүлж чадсан түүхэн гавьяа зүтгэл, ажил амьдралыг өгүүлсэн 30 гаруй боть ном, судалгааны 100 гаруй бүтээл, томоохон өгүүллийг туурвин хэвлүүлж, олон түмний хүртээл болгожээ. Ю.Цэдэнбал Увс аймгийн харьяатай хэдий ч тус академийн гишүүд аймаг бүрийнх байдаг нь түүнийг Монгол Улсын хэмжээний хүн болохыг илтгэж буй гэдгийг Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич Ч.Авдай онцоллоо. Тэрбээр “Ю.Цэдэнбал гуай 1938 онд ОХУ-д сургууль төгсөж ирээд эх орондоо 46 жил ажилласан. Үүний 44 жилд төр засаг болон МАХН-д удирдах албан тушаал хашиж байсан түүхтэй. Тухайн үед Монгол Улсад их, дээд сургууль, шинжлэх ухааны академи, аж үйлдвэрийн комбинатаас өөр үйлдвэр ч байхгүй байлаа. Тухайн үед ганцхан Зөвлөлт холбоот улс л Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг байв. Ийм хүнд цаг үед Ю.Цэдэнбал гуай эх орноо удирдан чиглүүлж, хөгжүүлсэн гавьяатай. Тухайлбал, энэ хүний үед Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болсон. Мөн 90 гаруй улс оронтой дипломат харилцаа тогтоож, олон улсын 80 гаруй байгууллагын гишүүнээр элсэж байлаа. Зөвхөн мал аж ахуй бус үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болох зорилго тавин ажиллаж байсан юм. Ю.Цэдэнбал гуай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр барьж байгуулан хөгжүүлэхэд хүчин зүтгэж их гавьяа байгуулсан. Гэтэл түүний үйл хэргийг үгүйсгэх, хэлмэгдүүлэх үйл явц өрнөсөн. Тиймээс энэ эрхэм хүний нэр төрийг сэргээхийн тулд манай академи болон Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, МАН-ын удирдлагууд гээд бүх шатандаа хамтран зүтгэж, нэр төрийг нь сэргээж чадсан юм” хэмээн ярилаа.
Манлайлагчдыг Ю.Цэдэнбалын нэрэмжит “Алтан очир” одонгоор шагнав
Энэхүү ойн арга хэмжээний үеэр Монгол Улсын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө амьдралаа зориулж буй, хойч үеийнхний үлгэрлэн дуурайх үйлсийг бүтээсэн гавьяа зүтгэлийг нь үнэлж, нам улс төрөөр ялгаварлахгүйгээр салбар бүрийн манлайлагчдыг маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит эрдэнийн “Алтан очир” одонгоор шагналаа. Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академи улс оронд тулгамдаж буй асуудлыг судлан шинжилж, судалгаанд суурилсан үр дүнтэй, зөв бодлого баримтлахад туслалцаа үзүүлэх, мөн маршал Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филотава нарын амьдралын үнэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг олж илрүүлэн, судлан цуглуулах, сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна