Монгол бүсгүй та инээмсэглэж яваарай
Орчлонгийн чимэг охин үрс, хүний сайн хань, элбэрэлт ээж, эрхэмсэг монгол бүсгүйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
Дэлхийд 113 дахь жилдээ, Монгол оронд 49 дэх удаагаа тэмдэглэж буй “Мартын 8” бол нэг талаас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр, нөгөө талаас баярын өдөр.
Эрдэм мэдлэгээрээ гоёсон эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд их байх тусам Монгол төрийн хууль хүндээ ээлтэй, хүнлэг энэрэнгүй, хөгжлийн бодлого мэргэн байдаг. Учир нь, эмэгтэй хүн амьдралын бодит үнэнийг олж хардаг, зон олонтойгоо зовлон, жаргал нэгтэй байх зүрх сэтгэлтэй.
Чинбатын Ундрам миний бие иргэн таны итгэлийг өвөртлөн, УИХ-ын гишүүнээр сонгогдоод, хоосон улс төр биш бодитой ажил хийх, хурж овоорсон асуудлыг дорвитой шийдэхийн төлөө оюун ухаанаа дайчлан зүтгэж байна.
Эгэл монгол иргэдийнхээ төлөө, эрүүл бие, саруул ухаантай Монголын төлөө ажил ихтэй л байна. Эзнээ олсон, амьдралд хэрэгжих, шийдлээ хүлээсэн хууль, бодлого боловсруулж, санаачилж батлуулахын төлөө сурсан мэдсэнээ дайчлан ажиллаж байна.
Ахмад буурлууддаа охин шиг нь, үе тэнгийнхэндээ итгэлт анд найз шиг нь, багачууд хүүхдүүдээ ээж, эгч шиг нь амь нэгтэй, амьдралд ойрхон байхыг хичээлээ. Багш хүн, монгол ээж, эмэгтэй хүний сэтгэл, зүрхээр боловсрол, эрүүл мэндийн салбараа эрхэмлэн анхаарч ажиллалаа. Эдийн засагч хүний хувьд гадаад харилцаагаа хөгжүүлэн, хөрөнгө оруулалт урин татах, зам, дэд бүтцээ сайжруулах, газар тариалан, мал аж ахуйн салбараа онилон дэмжихэд онцлон анхаарлаа.
Нүүрс баялгийн хулгайд алдсан хохирлын араас харамсдаг биш хүн бүр хувь ногдол хүртэх, өргөн олноороо “Баялагтаа эзэн Монгол байх” сайн цагийг эхлүүлэхэд санал санаачилгатай, идэвх зүтгэлтэй оролцсондоо сэтгэл нэн өег байна. Эрдэнэс баялгийн эх орон Монголд “баялгийн хараал” биш баялгийн ерөөлийн сайн цаг эхлэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ ногдол ашиг хүртээх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллалаа. 2012 оноос хойш төрсөн 900 гаруй мянган хүүхэд, багачуудаа эрх тэгш иргэний ёсоор хувьцаа эзэмшигчээр бүртгэлээ.
“Оюутолгой” компанийн Монголын талд үүсэж ногдсон 2.2 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгож, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрөөс бүрэн сэргийлж, Дубайн гэрээг цуцлах ажлын хэсэгт ажиллалаа. Үр дүнд нь Монголын их говьд дэлхийд эхний тавд орох гүний уурхайг ашиглалтад оруулж, монголчуудад ногдох татвар, хураамж, хийх ажил, авах цалин нэмэгдэж, эдийн засаг өсөж тэлнэ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь “Цемент шохой” болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр хэмээх өнгөтэй өөдтэй өмч хөрөнгийг орд газруудтай нь хамт үнэгүйдүүлэн булааж тоносныг төр, түмэндээ буцаан авах, Дархан-Улаанбаатарын авто зам барих ажлыг хурдасгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа. “Эзэн нь юмаа мэддэг эрэг нь усаа хашдаг” хэмээх итгэл үнэмшлээр идэвхийлэн оролцлоо.
Би багш, бас ээж хүн. Боловсролын салбараа төлөөлөн сонгогдсоны хувьд улсын 21 аймгийн төрийн өмчийн 850 орчим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн өрөө болгож өөрчлөх хөрөнгийг олж шийдвэрлүүллээ. Сэтгэл зүтгэл байвал хөрөнгө, мөнгө олддог. “Эрдэнэт” үйлдвэрийн төсвөөс 160 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлж орон даяар орчин үеийн ариун цэврийн байгууламжууд барих ажил дуусах гэж байна.
Сэлэнгэ аймгийнхаа 35 сургуульд физик, хими, биологийн иж бүрэн лабораторийн хэрэглэгдэхүүн, эрэгтэй, эмэгтэй хөдөлмөрийн кабинет улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Сайхан сумын хоёр сургуульд Багшийн хөгжлийн өрөө, цэцэрлэг сургуулиудын хэрэглэгдэхүүнийг хувийн зардлаараа шийдвэрлэсэн.
2024 оны улсын төсөвт Сэлэнгэ аймгийн цэцэрлэгүүдэд STEAM хөтөлбөр, дагалдах иж бүрэн тоглоомын төсвийг суулгаж амжлаа. Японы Нагоя их сургуульд сургалтад хамруулж, хамтын ажиллагаа эхлүүлсэн минь хамгийн сайхан аялал байсан. Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар тогтоолоор “Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Шаамар сум дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг нэгтгэн Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа “Сэлэнгэ аймаг дахь политехникийн коллеж” болгон өөрчлөх шийдвэр гарч, Сэлэнгэ аймагт ХААИС-ийн салбар байгуулах эх үндсийг тавьсан.
Би эх хүн, эмэгтэй хүн. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн төвүүд, өрхийн эмнэлгүүдээ шаардлагатай шинэ компьютер, тоног төхөөрөмжтэй болгож, хууль эрх зүйн орчныг нь сайжруулахад анхаарч ажиллав. Эмэгтэйчүүдийн элэг бүтэн амьдралд хамгийн их заналхийлдэг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэн вакцинжуулах заалтыг Дархлаажуулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулав.
Би үрслүүлж ургуулдаг, өсгөж үржүүлдэг газар тариалангийн бүс нутгийн элч төлөөлөгч. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоолыг баталлаа. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тос, тэжээлийн ургамал тариалагчдад хоёр жилийн хугацаатай таван хувийн хүүтэй зээл өгөх, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр тарианы таримлын үтрэм байгуулах, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, услалтын систем байгуулах, зоорийн аж ахуй байгуулахад тус тус таван жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн нь үүний үр дүн.
Органик бүтээгдэхүүний тухай хуулийг санаачлан баталж, Сэлэнгэ аймгийн зарим суманд хүлэмж бариулж, 2024 оны төсөвт Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар суманд төмс, хүнсний ногооны 500 тн, 1000 тоннын багтаамж бүхий зоорь бариулах 13,5 тэрбум төгрөгийн төсөв мөнгийг шийдвэрлүүллээ. Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам батлагдаж сүүний урамшуулал олгож эхэлсэн. Цаашид монгол малын махны үнэ цэнийг өсгөх “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулж Монголын буян болсон махны экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар Засгийн газар ажиллаж байна.
Миний бие нийгмийн шударга ёсыг тогтоох, муу нуухаас сайн илчилдэг шилэн төрөө бүтээх, өөрсдийн гараар амьдралаа өөд татах хүслийг тэтгэх буюу жижиг, дунд үйдвэрлэл, өрхийн аж ахуйг дэмжих, эдийн засгаа өсгөх, уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг бууруулах, үндэсний хэл, соёлоо өвлөн хамгаалах, эрүүл биетэй, саруул ухаантай Монгол иргэдийн төлөө өөрийн сэтгэл оюунаа дайчлан ажиллаж байна.
Хөрс шороо нь үржил шимтэй, эрдэнэс баялгаар арвин, хүмүүс нь ажилсаг хөдөлмөрч, бүтээн байгуулалтын бодит үлгэр жишээ, зам, дэд бүтэц, зах зээлдээ ойрхон Сэлэнгэ, Дархан, төвийн бүс нутагтаа илүү сайхан амьдрах өгөгдөл, боломж дүүрэн байна.
Таны төлөө тантай хамт хийсэн ажил багагүй ч хийх ажил их байна. Эрүүл биетэй, саруул ухаантай монгол хүний төлөө ажил ундарсаар л...
Монголын үзэсгэлэнт сарангуа монгол бүсгүй та амжилт бүтээл, эрдэм мэдлэгээрээ гоёж, аз жаргал дүүрэн инээмсэглэж яваарай.
Төр улс амгалан, түмэн олон энх байх болтугай᠋!
УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна