Д.Батзориг: Уламжлалт анагаах ухаанаараа бид дэлхийд гарах боломжтой


Монголчуудын дунд хамгийн элбэг тохиолддог, хоолойны ангина өвчин үе мөчиндөө, зүрхэндээ орсон гэж албан бусаар онош тогтоон яригддаг өвчнийг хэрэх буюу Ревматизм гэдэг. Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь ревматизмаар өвчилсөн байдаг. Дархлалын тогтолцооны нэг төрлийн өвчин бөгөөд холбогч эдийг гэмтээдэг аж. Эрт илрүүлж эмчлээгүйгээс эсвэл буруу эмчилснээс үүдэн хүмүүс эрүүл мэндээрээ хохирдог. Тэгвэл хэрэх өвчнийг Монголд төдийгүй олон улсад хамгийн өндөр үр дүнтэйгээр MHM эмнэлэг эмчилж байна. Энэ талаар Монголын Ревматизмын холбооны тэргүүн, MHM эмнэлгийн захирал, клиникийн профессор Д.Батзориг эмчтэй ярилцлаа.

 

Гүйлсэн булчирхай өвчний голомт биш

 

-Хэрэх өвчин юунаас үүсдэг юм бол. Шинж тэмдэг илэрдэг үү?

-Хоолойн ангина өвчний 95 хувийг А бүлгийн бетта хэлбэрийн цус задлагч стрептокок гэдэг нян үүсгэдэг. Энэ нь цусанд орсноор дархлалын тодорхой эсүүд гаднын биет, нянгийн хорыг таньж киллер эсүүдэд мэдээлдэг. Мэдээлэл авсан эсүүд хавсаргын уураг хэмээх Иммуноглобулинуудыг нийлэгжүүлж устгагч эсүүддээ тусалдаг. Гэтэл стрептококийн ялгаруулж буй хор нь хүний биеийн холбогч эдийн коллаген хэмээх уурагтай зарим бүтцээрээ төстэй. Ингээд дархлалын тогтолцооны хавсаргын уураг болон устгагч эсүүд нь коллаген уургаа стрептококтой андуурч устгах эмгэгийг хэрэх өвчин буюу холбогч эдийн өвчин гэдэг. Товчхондоо хүний биеийн дархлалын тогтолцоо өөрийнхөө эд эрхтний эсрэг довтолж гэмтээх процесс юм. Хэрэх өвчнөөр өвдсөн эсэхээ мэдэхгүй буруу оношилж явсаар хүндрүүлдэг тул бид аль болох эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг өндөр байлгахыг зорьж байна. Үеэр өвдөх, үе хавдах, өглөө сэрэхэд үе хөшингө байх, зүрх дэлсэх, шилэн хүзүү хөших, хүзүү гоёдох, нуруугаар хөшиж өвдөх зэрэг шинж илэрдэг. Хүүхдийн шилбээр өвдөх ч энэ өвчний шинж. Өсөхөөр өвддөг гэдэг бол тархи угаалт шүү. Хэрвээ өндөр болохоор өвддөг гэж ойлговол хүний тархи, шуу, хавирга гээд бүх яс, эрхтэн өвдөнө. Хэрэх өвчин их онцлогтой. Шинж тэмдэг ажиглагдсан ч лабораторийн шинжилгээгээр илэрдэггүй. 

-Хоолойн ангинаа авахуулаад өвчний голомтыг устгана гэж ойлгож болох уу. Ер нь хэрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Гүйлсэн булчирхай өвчний голомт биш. Өвдөж байгаа мэдрэмж нь гүйлсэн булчирхайн эрхтэн үүргээ гүйцэтгэж байгаа шинж тэмдэг. Энэ үүргээ огт гүйцэтгэхээ болиод үйл ажиллагаа нь бүрэн зогсохоороо өвдөлтийг мэдрэхээ больж, хоолой өвдөхөө больдог. Халдвар авсан бол урьдчилан сэргийлэх арга байхгүй. Харин эмчилгээгээр хүндрүүлэхгүй байж болно. Ер нь манайхаас өөр улсад гүйлсэн булчирхайг мэс заслаар авдаггүй. Хүнд Пироговын цагариг гэж зургаан булчирхай байдаг. Гаднаас хоол, унд, агаартай орж ирсэн бүхэн зургаан булчирхайгаар дамжин шүүгддэг. Ойлгомжтой зүйрлэвэл хилийн харуул юм. Энэ бүтцийг мэдсээр байж гүйлсэн булчирхайг авах нь буруу. Анагаахын шинжлэх ухаан технологи шиг хурдан хөгжиж байна. Гэтэл манай Анагаах ухааны их сургуульд ревматизмыг үүсгэгч бетта стрептокок цусаар дамжаад үе мөчинд очиж үрэвсэл үүсгэдэг гэж 60 жил заалаа. Ангина үүсгэгч идээлүүлэгч бактери судсанд орвол сепсис буюу цус илжрээд ревматизм болж амжихгүй. 

-Манай улсад энэ төрлийн ялангуяа дархлаа судлалын судалгаа аль түвшинд байна вэ?

-Ревматизм бол дархлаа судлалтай холбоотой, хүнд сэдэв. Хүн ер нь чадахгүй сэдвээ барьж авдаггүй. Манайд энэ салбарын судалгаа хоцрогдсон нь олон шалтгаантай. Анализ хийж чадвал анагаахын шинжлэх ухаан ойлгомжтой салбар. Сүүлийн үед хавдрын судалгаанд анхаарах болсон. Хавдрын эсүүд дархлалын тогтолцоог өөрийнх нь эсрэг үрэвсэл үүсгэдэг. Мутант эс. Хүний эс тархинаасаа ухаантай. Хатуухан хэлэхэд, Монголд эрүүл мэндийн салбар хөгжихгүй байгаа нь боловсролын тогтолцоо доройтсонтой холбоотой. Химийн мэдлэгээрээ эмч болдоггүй юм. Цээжилдэг толгой ч хөгжүүлж чадахгүй. Судалгаа, анализ хийдэг толгой л анагаахын салбарыг хөгжүүлнэ. 

-Хэрэх өвчнийг тулайтай ан­дуурч ярих тохиолдол бий. Ялгаа, онцлогийг тайлбарлаж өгнө үү?

-Тулай бол бодисын солилцооны өвчин. Хоол хүнс, амьдралын хэв маягаас үүдэлтэй. Дээр үед тулайг хаадын өвчин гэдэг. Хаад язгууртнууд уураглаг хүнс хэтрүүлэн хэрэглэдэг байж. Мах, өндөг, архи дарсны хэт хэрэглээ тулай өвчнийг үүсгэдэг. Монголчуудад нийтлэг өвчин болсон нь үүнтэй холбоотой. Шинжлэх ухаанчаар тайлбарлавал, шээсний хүчлийн давс цусанд ихсэхээр бөөрөөр ялгаруулж чадалгүй үед хуримтлагддаг. 

 

Манай эмнэлэг таван хувийн үр дүнтэй байсан эмчилгээг 95 болгож өсгөсөн

 

-Танай эмнэлэг ямар ч сөрөг нөлөөгүй, үр дүнтэй эмчилдэг тухай олны амнаас сонссон. Ямар эмчилгээ хийж байна вэ?

-Бид дархлал тогтолцооны гажуудлыг өрнө, дорнын анагаах ухааныг хослуулан стандартын дагуу эмчилдэг. Хэрэх бол нянгийн гаралтай, олон эрхтнийг хамарч өвчлүүлдэг, чимээгүй тахал. Тэр ч утгаараа өрнийн анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэгддэггүй гэсэн тодотголтой явж ирсэн өвчин. Харин бид олон жилийн судалгаа, өрнө дорнын анагаах ухааны арга туршлага дээр үндэслэн гаргасан эмчилгээний арга барилаар эрт үед нь бүрэн эдгээж, тархалтыг зогсоож чадсан. Ревматизм бүрэн эмчлэгддэггүй өвчин. Давталт буюу өвчний интервалыг холдуулж чадвал төгс эмчилгээ гэж үздэг. Өвчтөний биеийн байдлаас хамаа­ран алт, мөнгөн зүү тавьж байна. Манай эмнэлэг таван хувийн үр дүнтэй байсан эмчилгээг 95 болгож өсгөсөн. 

-Алт, мөнгөн зүүний эмчилгээг хэдэн жилийн давтамжтай хийдэг вэ?

-Алтан зүүг 1-2 жилд нэг удаа тавьдаг. Мөнгөн зүүний эмчилгээг 2002, алтан зүүг 2004 оноос тавьж эхэлсэн. Мөнгөн зүүг арав, хорин жилийн давтамжтай тавина. Мөнгө бол химийн идэвхээр алтнаас илүү учир үрэвсэл дарах үйл явцад илүү нөлөөлдөг. Харин алтны химийн идэвх сул учир пептидээр хүрээлэгдэж зүү тавих давтамж нь ойртдог. Би 130 мянган хүнд зүү тавьсан. Гаж, сөрөг нөлөө илрээгүй. Зүү гэхээр үзүүртэй гэж ташаа ойлгодог хүмүүс бий. Энэ бол ялтас. Энгийнээр хэлбэл, 0.5-ын харандааны цилиндр хэсэг. 

-Алт, мөнгөний үйлчилгээг уламж­лалт ухаанд хэдий үеэс нэвт­рүүлсэн нь сонирхолтой санагд­лаа. Ер нь олон улсад хүлээн зөвшөөрдөг үү?

-Дэлхий хүлээн зөвшөөрсөн эмчилгээ. Олон улсад 2010 оноос нано технологиор хийсэн алтны бэлдмэлийг тарьж эхэлсэн. Гэхдээ үхлийн тунтай. Хэтрүүлбэл хүний амь эрсдэх аюултай. Тэгвэл алтан зүү аминд аюулгүй. Ковидын үед манай эмнэлэг сонирхолтой судалгаа хийлээ. 200 өвчтөнөөсөө асуумж авахад 180 нь коронавирусийн халдвар тусаагүй байсан. Энэ бол хүний дархлалын тогтолцоог зөв голдиролд нь оруулах буюу зүгшрүүлэх уламжлалт анагаах ухааны гайхамшиг. Алт, мөнгөний үйлчилгээг монголчууд эртээс эмчилгээнд ашигласан. Монгол анагаах ухаанд цаглашгүй үйлчил­гээтэй гэж бичсэн байдаг. Монгол­чууд дэлхийн анагаах ухаанд мөр зэрэгцэх болоогүй гэж ярьдаг л юм. Гэхдээ бидэнд тэднээс илүү уламжлал байна. Алт, мөнгөн зүүний эмчилгээг би нээгээгүй. Монголчууд галливаный бүлгийн металл буюу алт, мөнгө, зэсийн үйлчлэлийг эртээс мэдэж байж. Уламжлалт анагаах ухааны судрын “Эрдэнийн эмийн аймаг” бүлэгт “Алт бол нас уртасгаж, өвгөдийг чийрэгжүүлнэ, хор арилгана, ад тотгорыг дарж насыг живаа дор хүргүүлэх ба тус эрдэм нь цаглашгүй болмой. Мөнгө болбоос цагаан, хар, шар ус, тулай, хэрэх, биеийн гадар дотор, оройноос хөлийн ул хүртэл өгрий (идээт үрэвсэл), муу цусыг хатаан үдмой. Ялгавартай эрдэм нь бум хүрмой. Зэс бол өгрий, цус хатаана. Таван цул, судлын өвчин үүдийг арилгана” гэжээ. Алт хүний биед нийлэгждэг хорт холестерин липидийн нийлэгжилтийг зогсоодог. Ингэснээр цус шингэн байна. Цус шингэн байвал хөгшрөхгүй. Энэхүү “Анагаах ухааны дөрвөн үндэст судар”-ыг МЭ VIII зуунд их ютэг Ёндонгомбо бичсэн. Гайхалтай нь “Цусан дотор таван зүйлийн хорхой бий. Нүд, гар, хөлгүй таваг хэлбэртэй улаан хорхой хамгийн олон” гэж бичсэн байдаг. Таван хорхой гэж үүдэл таван эсийг хэлсэн байгаа юм. Гэтэл үүнээс мянга гаруй жилийн дараа хүн төрөлхтөн микроскоф зохион бүтээж, бактерийг нээсэн. Ер нь дорнын анагаах ухаанд бактериар үүсгэгдсэн бол хорхойн өвчин гэдэг. Ийм гайхалтай уламжлалт анагаах ухаанаараа бид дэлхийд гарах боломжтой. 

-Өрнийн болон дорнын анагаах ухаанд энэ өвчний интервалыг яаж уртасгадаг юм бол?

-Европ эмчилгээ дархлаа даран­гуйлахаас хэтрэхгүй байна. Дарх­лалын устгагч эс гэлтгүй бусад эсийн үржил хуваагдлыг зогсоодог. Ингэхээр халдварт өвчинд нэр­вэг­дэх эрсдэлтэй. Дархлалын тогтолцоо гаднын гэлтгүй дотоодын дайсантай тэмцдэг. Хүн бүрд хорт хавдрын эс байдаг ч бүгдээрээ өвчилдөггүй. Эрүүл хүнд ч гэсэн хавдрын эс үүсэж байдаг. Үүнийг дархлалын эсүүд таньж устгах үүрэгтэй. Тэр ч байтугай бөөр шилжүүлэн суулгасны дараа дархлалын тогтолцоо гаднын биет гэдгийг таньж, ховхлох гээд байдаг. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгасан хүнд дархлаа дарангуйлах бэлдмэл тогтмол тарьдаг. Гэтэл эсийн тархан тэвчих тогтолцоог европ эмчилгээгээр дарангуйлахаар хавдарт өртөх эрсдэл нэмэгдэнэ. Харшил ч гэсэн үүнтэй адил дархлалын тогтолцооны өвчин. Дорнын анагаах ухаанд дархлааны эсүүд өөрийнхөө холбогч эсүүдийн эсрэг довтлохыг зогсоох буюу зүгшрүүлэх эмчилгээ хийдэг. 

-Монголын Ревматизмын холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна уу?

-Одоогоор дорвитой судалгаа хийж амжихгүй байна. 2006 онд Баян­зүрх дүүргийн эмнэлэгт түшиг­­лэн судалгаа хийхэд монгол­чуу­дын 70 хувь нь хоолойн ан­гинаар өвчилсөн байсан. Хоо­лойн ангинаас гадна ил шарх стрептококийн халдвараар идээлж, үрэвсэж болно.

Нэрийн хуудас

Фэйсбүүк:
Ревматизмын холбоо-MHM эмнэлэг
Хаяг:
Сансарын аюулгүйн тойргийн чанх ард Манба дацан хийдийн зүүн талд Ревматизмын холбоо
Утас:
7711-1057, 9191-1057

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22