“Монголын үнэн” сонины хоёр ахмад ажилтан Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа


Бидний бахархал

 Луу жилийн босгон дээр “Монголын үнэн” сонины хоёр ахмад ажилтан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй цолоор шагнууллаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор/Ph.D/, профессор Д.Батмөнх “Монголын үнэн” сонинд сэтгүүлчээс эхлээд Нийтлэлийн бодлого хариуцсан орлогч эрхлэгчээр, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Өлзийбат “Монголын үнэн” сонин болон “Тоншуул” сэтгүүлд гэрэл зургийн засварчин (ретушьчин), шог зураачаар ажиллаж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт тус сонины хамт олон шинэхэн гавьяатуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг “Монголын үнэн” сонин бол Монгол Улсын тогтмол хэвлэлийн анхдагч төдийгүй өнгөрсөн 104 жилийн нийгмийн амьдралыг хуудас бүрдээ баринтаглан хадгалсан асар том архив. Энэ сонинд үе үеийн эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид, нэрт сэтгүүлчид ажиллаж байсан. Бид үе үеийн “Үнэн”-чүүдээрээ, энэ сониныг өдий хүртэл түүчээлж ирсэн ахмадуудаараа үргэлж бахархаж явдаг” хэмээн онцолж байсан юм. 

Монгол Улсын Соёлын гавьяат зүт­гэл­тэн, сэтгүүлч Д.Батмөнх, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Л.Өлзийбат нар­тай хийсэн ярилцлагаа хүргэж байна. 


Ц.Намсрай гуай уул шиг нөмөр нөөлөгтэй эрхлэгч байсан бол Л.Түдэв эрхлэгч монголчуудын сэтгэлгээнд тэсрэлт хийсэн 


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батмөнх: 

-“Монголын үнэн” сонинд  сэтгүүлчээр ажил­ласан дурсамжаас яриагаа эхэлье?
-Би 1980 онд МУИС-ийг философич-нийгэм судлаач мэргэжлээр төгсөөд, тухайн үеийн “Үнэн” сонины  Онол, улс төрийн хэлтэст утга зохиолын ажилтан гэсэн албан тушаалд томилогдож, ажлын гараагаа эхэлсэн. Миний анхны хэлтсийн эрхлэгч философийн ухааны дэд эрдэмтэн, хинди, англи, орос хэлтэй  Д.Нямсүрэн гэж онол, улс төрийн өндөр мэдлэгтэй, авьяаслаг сэтгүүлч байлаа. Энэ эрдэмтний гараар орж,  элдүүр нь ханасан бор хар сур болтлоо нухлагдаж, сэтгүүлчийн дүр төрхийг олж билээ.  Залгуулаад онол-улс төрийн нийтлэлээр мэргэшсэн сэтгүүлч,  сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Х.Цэвлээ, хэлтсийн эрхлэгч Д.Цэвлээ, Г.Дамба нарын бичлэгийн арга барилд суралцаж, нам, төрийн нэрийн өмнөөс дуугарч, бичиж туурвиж эхэлсэн дээ.     
Энэ хугацаанд би “Үнэн” сонины ач буянаар бүх аймаг, сумаар явж, орон нутгийн ажил, амьдралтай танилцан, олон зуун сурвалжилга, тэмдэглэл, өгүүлэл, мэдээ мэдээлэл бичиж нийтлүүлсэн байдаг юм. Тухайлбал, наяад оны дунд үеэр олон нийтийн анхаарлыг татсан “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, “Сүргийн алтан фонд дундарчээ” зэрэг асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл бичиж нийтлүүлэх тусгай сурвалжлагч нарын багийн бүрэлдэхүүнд орж, Хэнтий, Хангай нуруугаар “отоглож” бичиж туурвиж явлаа. Ийнхүү есөн жилийн турш нийгэм-улс төр, захиргааны эрх зүйн сэдвээр дагнан бичиж, нэг л мэдэхэд улс төрийн мэргэшсэн сэтгүүлч, нийтлэлч болсон байлаа.


-Наяад оны үед залуу сэтгүүлчдийг аймаг, орон нутгийн сурвалжлагчаар томилж ажиллуулдаг туршлага байсан гэдэг. Та аль аймгийн сурвалжлагчаар томилог­дож ажилласан бэ?
-Намайг 1989 онд Баян-Өлгий аймаг дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар томилж ажиллуулсан нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж хат суухад залуу уран бүтээлч надад их ач тусаа өгсөн. Тэнд нэг жил ажиллахдаа угсаатны зан заншил, уламжлалт соёл, бүтээл туурвилтай танилцаж, найрсаг зочломтгой, хөдөл­мөрч хүмүүсийн тухай олон сайхан сурвалжилга, тэмдэглэл бичиж нийтлүүлсэн. Бичлэгийн ур чадвар ч дээ­шилж сайжирсан байх. Тэгээд л 1990 онд намайг тухайн үеийн ЗХУ-д суралцаж, эрдмийн зэрэг хамгаалуулахаар сургуульд явуулсан. 


-Тухайн үед сэтгүүл зүйн нийтлэлийн гол төрөл зүйл нь юу байсан бол?
- Намайг “Үнэн” сонинд ирэхэд Ерөнхий эрхлэгч Ц.Намсрай гэж уул шиг түшигтэй   редактор, төрийн шагналт орчуулагч эрхэм байлаа. Ц.Намсрай эрхлэгчийн үед баримтад тулгуурласан бичлэгийн төрөл зүйл болох найруулал, өгүүлэл, сурвалжилга, мэдээ голлодог байв. Багцаалж үзвэл, сонины нийтлэлийн 70 орчим хувь нь гэрэл гэгээтэй бүтээн байгуулалт, магтаал, 30 орчим хувь нь шүүмжлэлт нийтлэлийн өнгө аяс голлож байлаа. Сахилга хариуцлагыг дээдэлсэн захиргаадалтын  цаг үед Ц.Намсрай эрхлэгч маань сэтгүүлчдээ цээжээрээ хамгаалдаг, цайз шиг нөмөр нөөлөгтэй эрхлэгч байсан юм. 
“Үнэн” сонины дараагийн эрхлэгч XX зууны манлай сэтгүүлч, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай сэтгүүлчдээ хурцалж, бичсэн сурвалжилга, нийтлэлийг өөрөө гардаж редакторлана. Л.Түдэв эрхлэгч асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эсээ бичлэгийн төрөл зүйлийг Монголын сэтгүүл зүйд оруулж ирсэн гавьяатай сод сэтгүүлч юм.  Асуудал дэвшүүлсэн өгүүлэл нь хувь хүний тухай биш, нийгмийн болон тогтолцооны асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлоход чиглэж байв. Түүний гардаж редакторласан “Далай ээж маань цаазын тавцанд”, “Дэглэгчдэд дэг хэрэгтэй”,  “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” цуврал өгүүлэл, “Сүргийн алтан фонд дундарч байна” зэрэг асуудал дэвшүүлсэн өгүүллүүд нийгмийг цочроож, сэтгэлгээний тэсрэлт хийж байлаа. 


-Таныг “Үнэн” сониндоо дахин ирэхэд ямар орчин угтав ?
-Намайг 1998 онд Хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдож ирэхэд “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр Г.Төртогтох ажиллаж байлаа. Миний өмнө ажиллаж байсан сонины бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн байсан. “Үнэн” сонины редакц дотроо хоёр нэгдэлтэй, долоо хоногт хоёроос гурван удаа гардаг болж,  формат нь жижгэрсэн байж билээ. Миний хувьд ажлаа хүлээж аваад редакцын бүтцийг улс төр-гадаад бодлого, эдийн засаг, эрх зүй-эрэн сурвалжлах, соёл урлаг гэсэн албадын зохион байгуулалтад оруулж, өдөр тутмын сонины журамд шилжүүлж байлаа. Ингэснээр “Үнэн” сонины  нийтлэлийн бодлого, чанар, үр нөлөө эрс сайжирсан.  Сонины нийт­лэлийн бодлого сайжирч, Ерөнхий эрхлэгч УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь бидний хоёр жилийн ажлын үр дүн гэж хардаг. 
2000 онд “Үнэн” сонин бүтэц, бүрэлдэхүүнээ дахин шинэчилж, Ерөн­хий  эрхлэгчээр Ц.Ганбат, нийтлэлийн бодлого хариуцсан орлогч эрх­лэгчээр миний бие томилогдсон. Ингээд “Үнэн” сонин шинэ өнгө төрх­тэй, мэргэшсэн сэтгүүлчдийн баг бүрдүүлэн ажилласнаар  сонины захиалга өмнөхөөсөө тав дахин өсөж байлаа. 
 Би залуугаасаа “Үнэн” сониноор овоглож ирсэн. Ер нь хэвлэл, мэдээллийн салбараас холдоогүй. Эдүгээ Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн салбарын эрхлэгчээр ажиллаж байна. Одоо ч олон нийтийн санаа бодол, хэвлэл мэдээллээ судалсан хэвээр байна. Сэтгүүл зүй бол багаараа явж байж амжилтад хүрдэг хүнд хэцүү хөдөлмөр. Энэ сайхан баг, хамт олны хүч, хөдөлмөр, бүтээлээр өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат  зүтгэлтэн цол хүртсэндээ баяртай байна. 


“Үнэн” сонин хамгийн анх сонины хэвлэлтийн эхийг компьютерт шилжүүлсэн


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Өлзийбат: 

-Та эрчим хүчний инженер мэргэжил эзэмшсэн хүн. Шог зургийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Би багаасаа зураг зурах сонирхолтой байлаа. Өөрийнхөө хадгалсан материалуудаас харахад 6, 7 настайгаасаа эхэлж зураг зурсан байдаг юм. Энэ зургуудаа одоо ч хадгалж байгаа. Тухайн үед “Хүмүүжил-жигшил” сэтгүүл өнгөтөөр хэвлэгддэг. Энэ сэтгүүл нь “Тоншуул”-ын “ах”. Дөрвөн хуудас бүхий энэ сэтгүүл өнгөтэй хэвлэгддэг байсан юм. Уг сэтгүүлд алдарт шог зураач В.Одгийв, Ц.Байды, А.Гүрсэд, Ц.Доржготов гээд мундгуудын зурсан зураг хэвлэгдэнэ. Анх энэ  сэтгүүлийн зургийг үзэж байсан минь одоо ч миний санаанд тод байдаг. Багадаа хөдөө гүйж явахад бутанд тээглэж хоцорсон өнгөтэй цаас байсан юм. Тэр нь “Хүмүүжил-жигшил” сэтгүүлийн нэг хуудас. Тэр сэтгүүл дэх зургийг хараад ихэд шохоорхож, зураг зурах хүсэл төрж байлаа. Ялангуяа манай Төв аймгийн А.Гүрсэд гуайн зургууд гайхамшигтай. Би энэ эрхмийг эчнээгээр багшаа хэмээн хүндэтгэн  бодож явдаг. 
Тухайн үед хүссэн мэр­гэжлээ сонгон суралцах боломжгүй. Би зураач болно гэж боддог байсан ч зургийн хуваарь байгаагүй. Тиймээс 10 дугаар ангиа төгсөөд МУИС-ийн Цахил­гааны инженерийн ангийг сонгон суралцаж, төгссөн. Сургуулиа төгсөөд III цахилгаан станцын суурийг барьж байсан орос мэргэжилтнүүдтэй цуг слесарь хийж, ажлын гараагаа эхэлж байлаа. 1976 онд  Эрчим хүчний яам шинээр байгуулагдаж, сайдаар нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат томилогдсон.  Энэ хүнтэй хамт яаманд ажиллаж байгаад 1986 онд “Үнэн” сонинд орж ирсэн дээ. 
Тухайн үеийн сэтгүүлч, зохиолч гээд сэхээтнүүд цугласан энэ том гал тогоонд чанагдаж, мундгуудаас суралцаж явлаа. Өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг хүртсэн нь “Үнэн” сонины, энэ хүмүүсийн ач, гавьяатай салшгүй холбоотой. 


-Та тухайн үед Л.Түдэв эрхлэгчийн нүдэнд яаж өртсөн бэ?
-Би “Тоншуул” сэтгүүлд 1977 онд анхны зургаа нийтлүүлж байлаа. Түүнээс хойш үндсэн ажлынхаа зэрэгцээ шог зургаа зурж, “Тоншуул” сэтгүүлийн оны шагналыг хүртэж байсан юм. Идэвхтэн зураач учир шинэ дугаар хэвлэгдэх үед “Тоншуул” сэтгүүлээс ямар сэдвээр зурах талаар захиалга ирнэ. Тухайн үед байгууллага руу “Тоншуул” сэтгүүлээс бичиг явуулна. 


-Та  төрийн байгууллагаас сэтгүүл зүйн салбарт орж ажиллахад уур амьсгал нь шинэ содон байв уу?
- “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Л.Түдэв манай байгууллагад намайг сониндоо авч ажиллуулах талаар албан бичиг илгээсэн юм. Ингээд 1986 оны дөрөвдүгээр сард анх “Үнэн” сонинд ирж байлаа.  1977 оноос хойш “Тоншуул” сэтгүүлд материалаа нийтлүүлж, редакцад ажиллаж байсан учраас сэтгүүл зүйн салбарын уур амьсгалыг эрт мэдэрсэн байсан. Учир нь, “Тоншуул” сэтгүүл “Үнэн” сонины дэргэдэх хэвлэл.  “Үнэн” сонины орлогч эрхлэгч Х.Цэвлээ “Тоншуул” сэт­гүүлийн эрхлэгч. “Үнэн” сонины газарт соёл, урлагийн томчууд цугладаг халуун ам бүл байсан учир миний сонирхлыг их татдаг байлаа. “Үнэн” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Ганбат, манай хэлтсийн дарга, гэрэл зурагчнаар Т.Дамбадаржаа гуай байв.


-“Үнэн” сонинд та гэрэл зургийн засварчин /ретушь/-аар ажлын гараа­гаа эхэлжээ. Тухайн үед ажлын ачаалал хэр байсан бэ?
-Ачаалал ихтэй. Сэтгүүл­ч, гэрэл зурагчид сайд, дарга нарыг дагаад дотоод, гадаадын томилолт, айлч­лалаар явна. Дотоод үйл явдлын арга хэмжээ болоход гэрэл зурагчин байхгүй бол би явна.  Тэгээд тухайн ярилцагчийн зургийг би  зурна.  Гэрэл зурагчны авсан зураг бүүдгэр гарсан тохиолдолд сэргээж зурдаг байв. Сонины нүүр бүрд тус тусдаа булантай. Тэр бүхний засварыг хийнэ. Мөн тухайн үед намын их, бага хурал болж, шүүмжлэл өрнөнө. Тухайн шүүмжлэлтэй холбоотой зураг зурна. 
Тухайн үед өөрчлөн бай­гуулалтын сэдвээр дорвитой бүтээл  зарлаад нэг шог зохиолч, нэг шог зураачийг шагнах уралдаан зарласан. Энэ уралдаанд шог зохиолч Ц.Доржготов бид хоёр түрүүлж, анхны “Мөнгөн тоншуул” шагналыг хүртэж байлаа. 


-Та кирил үсгийн фондыг анх компьютерт шилжүүлэх ажлыг хийж байсан. Энэ талаараа дурсахгүй юу?
-Би таван жил “Үнэн” сонинд ажиллаж байгаад 1990 онд “Уриа” хэвлэх үйлдвэрт уран сайхны редактораар орж, нэг жил ажилласан.  Кирил үсгийг компьютерт шилжүүлэх ажлыг “Хийморь” хэвлэх үйлдвэрийн Бат-Өлзий бид хоёр анх гардан хийсэн. 35 үсгийг А4 цаасан дээр зурж, сканердан оруулж, фонд үүсгэж байлаа. Тиймээс “Үнэн” сонин хамгийн түрүүнд сонины хэвлэлийн эхийг компьютерт шилжүүлж байсан юм. 


-“Алтан дээр суусан гуйлгачин”, “Зээлээ төл­чихөөд аваарай” зэрэг улс төрийн сэдэвтэй таны зурсан шог зураг өнөөдрийн нийгэмд ч мөн чанараа хадгалж байдаг. Шог зураачид нийгмийг урьдчилж харж, сэтгэдэг гэдэг?
-Тийм ээ, шог зургийн агуулга өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, харин ч баталгаажсан хэвээр байна. Анх Л.Түдэв эрхлэгчийн анхаарлыг татсан минь “Амралт дууслаа” зураг байсан байх. “Амралт дууслаа” гээд архины лонхон дотроос мөлхөөд гарч ирж байгаагаар шоглож зурсан зураг. Өнөөдөр 30-40 жил өнгөрсөн ч тухайн үед шүүмжилж байсан шүүмжлэл хэвээр үргэлжилж л байна. Би 1990 онд “Зээлээ төлөөд аваарай” гээд нутаг орны минь хэсгээс авч байгаа, “Алтан дээр суусан гуйлгачин”, “Хар зүүд” гээд соёмбыг минь тал тал тийш нь бутрааж байгаа зургийн агуулга өнөөдөр ч хэвээр байна. 
2005 онд би “Найрын ширээний ууц” нэртэйгээр анх бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Дараагаар нь “Цагаан хөрөг” үзэсгэлэн, 2016 онд Францад шог зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Төв аймгийн 100 жилийн ойгоор “Цагаан хэрээ” үзэсгэлэнгээ гаргасан. Шог зураг хүнд маш түргэн хүрдэг. 

 Н.ЭНХБАТ

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22