Ус, цаг уурын алба олон түмнийхээ итгэл, талархлыг хүлээсээр байна


Монгол Улсад Ус, цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд


Монгол Улсад Ус, цаг уурын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ардын Засгийн газар 1921 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хурлаараа “Судар бичгийн хүрээлэн” байгуулах шийдвэр гаргасан нь шинжлэх ухааны байгууллагын эхлэл болжээ. Улмаар Судар бичгийн хүрээлэнгийн 1924 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хурлаар уг хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоог батлан тогтоож, үндсэн бүтэц дотор нь Огторгуйн одон гараг ба цаг уурыг шинжлэх салааг байгуулсан нь Монгол Улсын Ус, цаг уурын албаны эхлэл болсон түүхтэй.

1924    онд Холбоот Орос улсын Эрхүү хотын Соронзон орон ба цаг уурын обсерваторын эрхлэгч Б.В.Шостаковичийг Монголд урин ирүүлж, Судар бичгийн хүрээлэнгийн зардлаар нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын анхны хоёр өртөө байгуулахын зэрэгцээ цаашид тэдгээрийг олшруулах санал боловсруулжээ. Энэ хоёр өртөөнд агаарын температур, даралт, хур тунадас, чийгшил, салхи зэрэг цаг агаарын үндсэн элементийг багажийн аргаар, харин үүлний хэмжээ, өндөр, алсын барааны харагдац зэргийг нүдэн баримжаагаар ажиглан тодорхойлж байв.

1925    онд Улаанбаатар хот, Вангийн хүрээ, Заяын хүрээ, Хатгал боомт, Улиастай, Хантайшир уулын аймаг зэрэг газарт цаг уурын зургаан өртөө, 1928-1933 онд Улаангом, Ховд, Өндөрхаан, Баянтүмэн, Халхгол, Хараа, Ерөөд цаг уурын шинжилгээний өртөөд нэмж ажиллуулж, өнгөрсөн сар, улирлынх нь цаг агаарын тоймыг холбогдох газарт хүргүүлэхийн зэрэгцээ сонинд үе үе нийтлэх болсон байна.

1935 оны долдугаар сарын 19-нд БНМАУ, Зөвлөлийн Засагт нийгэм журамт бүгд найрамдах холбоот улс (ЗЗНЖБНХУ)-ын Засгийн газрын хооронд БНМАУ-ын нэрийн өмнөөс Ерөнхий сайдын орлогч, маршал Х.Чойбалсан, ЗЗНЖБНХУ-ын нэрийн өмнөөс Бүрэн эрх барих төлөөлөгч В.К.Таиров нар гарын үсэг зурж “Ус цаг уурын талаар хамтран ажиллах тухай” байгуулсан хэлэлцээрт “...өөр өөрийн улсын аж ахуйд чухал ач тус бүхий цаг уурын ажил хэрэгт хоёр улсаас хавсран хийж гүйцэтгэхийг хүсэж БНМАУ-ын дотор цаг уурын хороодыг байгуулах тухай хэлэлцээрийг тогтоохоор шийдвэрлэж...” хэмээн тэмдэглэжээ.

Энэ хэлэлцээрээр Холбоот Орос улс (ХОУ) нь өөрийн хүч хөрөнгөөр цаг уурын найман өртөөг Монголд байгуулж, удирдлагаар хангахын зэрэгцээ Улаанбаатар өртөөнд дөрөв, бусад өртөөнд тус бүр мэргэжлийн хоёр хүн ажиллуулах, харин Монголын тал өртөө бүрд нэг хүнийг дагалдуулан суралцуулж, мэргэжлийн шинжээч болгох зэрэг асуудлыг тусгасан байна.

Мөн хэлэлцээрийн дагуу ХОУ-ын тал 1936 онд багтаан Улаанбаатар, Ховд, Улиастай, Цэцэрлэг, Өндөрхаан, Чойбалсан, Даланзадгадад цаг уурын өртөөг нэмж байгуулан, шинэчлэн төхөөрөмжилж, тэдгээрт ажиллах мэргэжлийн хүмүүсийг ирүүлэн, ажиглалт шинжилгээний ажлыг тогтсон хугацаанд, өргөтгөсөн хөтөлбөрөөр хийх болсноор цаг уурын өртөөг ижил төрлийн багаж хэрэгслээр тоноглох нөхцөл бүрджээ.

1935 оны энэ хэлэлцээрт 1937 онд нэмэлт өөрчлөлт оруулж, Улаанбаатар дахь цаг уурын өртөөг товчоо болгон өргөтгөж, орон нутаг дахь өртөөний бүхий л ажлыг удирдан зохион байгуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр цаг агаарын байдлыг урьдчилан мэдээлэх товчоо, цаг уурын өртөө наймыг нэмж байгуулахаар тогтжээ. Уг хэлэлцээрийг 1940 онд сунгаж, хэлэлцээр ёсоор найман цаг уурын станц, дөрвөн бөмбөлөг хөөргөх салбар, нэг радиозондын салбар шинээр байгуулах, эдгээр салбарт дагалдан сургахаар тус бүр хоёр монгол хүн авч ажиллуулах, цаг уурын дээд боловсролтой мэргэжилтэн ХОУ-д бэлтгэхээр тохиролцсон гэдэг.

Мөн энэ хэлэлцээрийн дагуу Монгол орны гол мөрний усны горим, нөөцийг судлах ажил эхэлсэн бөгөөд 1942 оны намар Орхон гол дээр Сүхбаатар хотын орчим ус судлалын анхны харуулыг байгуулж, улмаар 1943 онд Монгол орны бусад гол дээр зургаан харуул нэмж байгуулснаар нийт найман харуултай болжээ. Эдгээр харуулд эхний жилүүдэд голын усны түвшин, температур, мөсний зузаан, мөсний үзэгдэл хэмжихийн хамт уснаас сорьц авч химийн найрлагыг тодорхойлж эхэлсэн байна.

1935 оны хэлэлцээр, түүнд оруулсан нэмэлт, хугацаа сунгасан хэлэлцээр зэрэг нь 10 жилийн турш ус цаг уурын өртөөнүүдийн шинжилгээний ажлыг жигдрүүлэн төлөвшүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэн сургахад чухал үүрэг гүйцэтгэсний дээр ажиглалт, хэмжилтийн мэдээ сэлт хийгээд боловсруулан нэгтгэсэн дүгнэлт гаргах, цаг агаарын мэдээг цахилгаан утас, радио, хэвлэлээр үнэ төлбөргүй нэвтрүүлж, дөчөөд оноос улс ардын аж ахуйн байгууллагуудад ашиглуулах болжээ.

Ийнхүү ус, цаг уурын нэгж, салбаруудын тоо нэмэгдэж, ажиглалт, шинжилгээний цар хүрээ өсөж буйг харгалзан 1946 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар тогтоолоор Ус цаг уурын төрийн захиргааны байгууллага-Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Ус ба цаг агаарын шинжилгээний хороог байгуулж, 1947 оноос эхлэн ус цаг уурын шинжилгээний чанартай томоохон салбарууд болох Урьдчилан мэдээлэх товчоо, радиозонд хөөргөх салбарууд байгуулж эхэлсэн байна.

Энэ хооронд үндэсний боловсон хүчнийг бэлтгэх шаардлага хурцаар тавигдаж, 1950 оноос Ус ба цаг агаарын шинжилгээний хорооны дэргэд станц, харуулын ажиглагчдыг бэлтгэх жил бүрийн тогтмол курсийг ажиллуулж, манайд ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн нар мэргэжилтэй олон ажиглагчийг бэлтгэн гаргаж, 1955 онд ЗХУ-д Ус, цаг уурын анхны техникч Мөнхжанцан, 1957 онд Ус, цаг уурын анхны хоёр инженер Д.Түвдэндорж синоптик, Б.Жамбаажамц уур амьсгалын мэргэжлээр, 1958 онд Ш.Жадамбаа мөн синоптикчээр дээд сургууль төгсөж ирсэн бол МУИС-ийн Физик-математикийн ангийг Д.Чогсом, Д.Дамба, Э.Найдан, Г.Даш, Б.Лхагва, Ж.Цээлээ нар цаг уурын инженер мэргэжлээр төгссөн байна.

1959 онд манай талаас Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Д.Цэвэгмэд, нөгөө талаас ЗХУ-ын СнЗ-ийн дэргэдэх Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газрын орлогч дарга Иванов нарын гарын үсэг зурсан Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Зөвлөлтийн цаг уурын байгууллагуудыг хүлээн авч Монгол Улсын ус, цаг уурын албан бие даан ажиллах болжээ.

Ус, цаг уурын шинжилгээний байгууллагаас явуулж буй үйлчилгээний ажлын хүрээ өргөжиж, станц салбаруудын тоо үлэмж олширсноос 1962 оны хоёрдугаар сард Ус, цаг уурын шинжилгээний хороог Сайд нарын Зөвлөлийн харьяа Ус, цаг уурын албаныг удирдах газар (УЦУАУГ) болгон өргөтгөсөн байна. Энэ үед тус газрын харьяанд 300 шахам станц, салбарууд ажиллаж, Монгол орны хэмжээнд хийгдэх цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, уур амьсгал, гадаргын усны шинжилгээний ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэх болжээ.

1966 онд Ус, цаг уурын шинжилгээний институт (УЦУШИ) байгуулсан нь өртөө харуулын сүлжээг мэргэжлийн аргачилсан удирдлагаар хангах, ус цаг агаарын шуурхай мэдээллээр холбогдох байгууллагуудыг хангах, ус цаг уурын олон жилийн мэдээлэлд тулгуурлан Монгол орны дээрх орчил урсгал, уур амьсгал, гадаргын усны зүй тогтол, гормыг илрүүлэн тогтоох эрдэм шинжилгээний ажил хийх, уур амьсгал, гадаргын усны лавлах, атлас зэргийг зохиох, залуу мэргэжилтнүүдийг эрдэм шинжилгээний ажилд сургаж, улмаар эрдэмтдийг бэлтгэх, олон улсын судалгаа, шинжилгээний ажилд оролцох зэрэг үүрэгтэй юм.

УЦУАУГ-ын даргын 1967 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 13 тоот "Агаарын тээврийг үйлчлэх групп байгуулах тухай" тушаалаар иргэний агаарын тээврийг цаг агаарын мэдээгээр хангах групп байгуулж, улмаар мөн оны наймдугаар сард уг группийг Нислэгийн цаг уурын станц (НЦУС) болгон өөрчилжээ. Ийнхүү 1967 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн НЦУС нь бүрэн хөтөлбөрөөр ажиллаж агаарын тээврийг цаг уурын мэдээллээр хангах асуудалтай холбогдсон бүх үүргийг дагнан хүлээх болсон байна.

БНМАУ нь 1963 оны дөрөвдүгээр сард Дэлхийн цаг уурын байгууллагын бүрэн эрхт гишүүн орноор элссэнээс хойш манай байгууллагын төлөөлөгчид улсынхаа нэрийн өмнөөс дэлхийн энэ том байгууллагын олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бүр Азийн бүсийн холбооны удирдлагын түвшний хүрээнд сонгогдон ажиллах, улмаар үндэсний Ус, цаг уурын албанаа хөгжүүлэх сайхан боломж нээгдсэн юм.

Монгол Улсад Ус, цаг уурын албаныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан албаны үе үеийн дарга нар болох Ж.Дүгэрсүрэн, Б.Жаргалсайхан, Ж.Ишцог, Л.Баясах, Д.Түвдэндорж, Ш.Жадамбаа, З.Батжаргал, Д.Чулуунбат, Л.Нацагдорж, Д.Цээсодролцоо, М.Далайхүү, Д.Цогт-Очир, С.Энхтүвшин нарын нэрийг дурдах нь зүйтэй. Нэн ялангуяа доктор Д.Түвдэндорж албаны даргаар тасралтгүй 19 жил ажиллаж манай Ус, цаг уурын албаныг эрчимтэй хөгжлийн үед хүргэснийг онцлон тэмдэглэх учиртай. Эдүгээ албаны даргаар цаг уурч, доктор Л.Оюунжаргал ажиллаж байна.

Өөр нэг онцгой үйл явдал бол 1970-1974 онд ДЦУБ-ын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгчөөр доктор Д.Түвдэндорж, 1986-1990 онд мөн Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгчөөр доктор Б.Мягмаржав, 1996-2000 онд Азийн бүсийн холбооны ерөнхийлөгч, ДЦУБ-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр доктор З.Батжаргал нар сонгогдон ажиллаж, тэрбээр улмаар ДЦУБ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр мөн томилогдож ажиллаж байсныг хэлэхэд таатай байна.

Албаны түүхэнд бас тод мөрөө үлдээсэн цаг уурчид бол Монгол Улсаас анх манай аэрологийн инженер Ж.Цэрэндэлэг 1972-1973 онд “ЗХУ-ын Антарктид судлалын XVIII хайгуул’’-д 1974-1978 онд инженер Д.Шагдарсүрэн, Д.Чулуунбат (мөн Антарктид судлалын XXVIII хайгуулд оролцсон) нар Номхон далай, Энэтхэгийн далайд хийсэн “Муссон-74”, “Монекс-76”, “Муссон-78” олон улсын хайгуулын ажилд амжилттай оролцон, анхдагчид болж, манай Ус, цаг уурын албанаас олон эрдэмтэн, гавьяатууд төрж гарсан билээ.

Ус цаг уурч үе үеийн ахмадууд цаг уурын анхан шатны мэргэжлийг ихэвчлэн 45 хоногийн курсэд суралцан эзэмшиж, ажлынх нь хэрэгсэл нарийн үзүүрлэсэн хатуу балан харандаа, 41-ийн ба таван хошуутай үзэг, иш, хар тушьтай байж, ажиглалтын ЦД-1 дэвтэр, 10 гаруй хүснэгт дэх ажиглалтын тоон материалын дүн дунджийг орос сампингаар тооны дөрвөн аргаар бодож, боловсруулж, нэгэн жарныг туулсан ажлын хүмүүс ч энэ их ажлыг хоногийн 24 цагт нойр хоолоо умартан зүтгэж, хааяа бас шантрах үе гарсан ч өмнөх ахмадуудаасаа байнга сурч, дадлагажиж явсаар тэр бүх ажлын эзэн нь болж, байгалийн эгэл жирийнээс сүр хүчит үзэгдлийн ажиглагч, амьд гэрч байж чадсан юм.

Энэ тухайд цаг уурын зарим ажиглагчийн өгүүлснийг эхээр нь оруулахад “Цаг агаарын ямар ч нөхцөлд өдөр шөнийг ялгалгүй явж ажиглалт хийж, мэдээгээ дамжуулж явлаа. 1980 оны мичин жилийн дөрөвдүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд маш хүчтэй орон шуурга ажиглагдаж, “Аюул" болон “Давтан аюул” мэдээ өгөөд буцах замдаа цасан хунгарт шаагдан унаж босон, хаана байгаагаа ч мэдэхгүй төөрч, мөлхөж явсаар эвдэрхий байшинд тулж, засмал замаар багцаалан станцдаа хүрч байлаа...” гэж манай мэргэжлийн сонирхолтой ч, бас хүнд бэрхийн тухай нэг ажиглагч өгүүлсэн бол, “Цаг уур маань аймгийн төвийн хамгийн урд захад, манайх хойд захад, “Малтай хороолол”-д байсныг ч хэлэх үү, өглөө 6:00 цагийн үед гэрээс гарч, гэр ажил хоёрын хооронд 40 минут алхдаг, нохой шувуунаас айж, хармаандаа чулуу хийгээд явна. Биднийг ажиллаж байхад сумын эрчим хүч, утсан холбооны асуудал сайн шийдэгдээгүй, хүндхэн үе байсан тул цаг агаарын мэдээ мэдээллийг лааны бүдэг гэрэлд боловсруулалт хийж, таван минутад багтаан сумын холбоон дээр очиж өгнө..." хэмээн нөгөө нэг ажиглагч тухайн үеийн манай нийгмийн байдлыг зурвасхан дурдсан бол ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг нэг залуу ажиглагч “Станцад ээлжид гарч, шөнө дугхийхдээ нүд минь сохорч байна, термометрээ тоолж чадахгүй, мэдээгээ өгч чадахгүй байна гээд л зүүдлээд сэрнэ. Одоо ч заримдаа мэдээгээ өгч чадахгүй байна гэж шөнөжин зүүдлээд л хононо шүү дээ...” гэж барин тавин өгүүлсэн нь ус цаг уурчийн ажлын онцлог гэлтэй. Цаг уурчид тэтгэвэрт гараад гэртээ амгалан тайван суух байтал "Тэтгэвэрт гарлаа ч гэрийнхээ гадаа суугаад алсын бараа, үүл, тэнгэрээ шинжиж, хүмүүст цаг агаарын байдлыг хэлж, тайлбарлаж, ач зээ нартаа үүлний төрлийг зааж өгнө...” гэж тэтгэврийн бас нэг өвгөн цаг уурч өгүүлнэ.

Тийм ээ, Монгол Улсын 100 жилийн хөгжлийн түүхтэй төрийн үйлчилгээний нэг ууган байгууллага болох Ус, цаг уурын алба өнөөдөр системдээ цаг уурын өртөө 135, цаг уурын автомат станц 197, цаг уурын харуул 182, ус судлалын харуул 150, аэрологийн өртөө долоо, нарны цацраг судлалын өртөө 15, орчны цацрагийн хяналтын харуул 35, хиймэл дагуулын станц нэг, радарын суурин станц хоёр, хөдөлгөөнт станц ес, зоо-цаг уурын харуул зургаа, байгаль орчны шинжилгээний лаборатори 21, агаарын чанарын хяналтын харуул 35, агро цаг уурын станц хоёр, шороон шуурганы автомат станц 11 тооны нэгжтэй үндсэн үйл ажиллагаа явуулж, цаг агаарын богино, дунд хугацааны урьдчилсан мэдээг орон зай, цаг хугацааны өндөр нарийвчлалтай гаргаж нийгэм, хүн арддаа нэр төртэйгөөр үйлчилж, жилээс жилд олон түмнийхээ өндөр итгэл, талархлыг хүлээсээр байна.

  Х.ХАНГАЙСАЙХАН

/Ахмад цаг уурч, газарзүйн ухааны доктор (РР.О)/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр