Д.Энхжаргал: Монгол, хэл бичгийн шалгалтын оноог өнөөдөр байршуулна


Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн явцын талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Харин монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд улсын хэмжээнд зохион байгуулсан юм. 

 

-Юуны түрүүнд монгол хэл, бичгийн шалгалтын талаар тод­руул­маар байна. Энэ хичээлийн шалгалтын хариу хэзээ гарах вэ? 

-Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог маргааш /дөрөвдүгээр сарын 19/ цахимд байршуулна. Шалгалтын зохион бичлэгийг мэргэжлийн 30 багш уншиж оноо тавьдаг. Одоогоор энэхүү дүн оноог бодож, нэгтгэх программын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

-Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуу­лагчид шалгалтдаа бүгд хамрагдаж чадсан уу? 

-Нийт 35700 гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 33343 шалгуу­лагч шалгалт өгсөн байна. 

-Тэгэхээр үлдсэн хоёр мянга гаруй шалгуулагч ямар шалт­гаанаар шалгалтаа өгөөгүй юм бол? 

-Өмнөх оны зарим төгсөгч шалгалт өгөхөөр бүртгүүлчихээд бодлоо өөрчилсөн ч байж магадгүй, харин зарим нь хоцорсон байх магадлалтай гэх мэт янз бүрийн л шалтгаантай байсан болов уу.

-Энэ удаагийн монгол хэл, бич­гийн шалгалтаас ямар нэгэн ахиц дэвшил ажиглагдаж байна уу? 

-Ер нь жил өнгөрөх тусам гүйцэт­гэлийн хувь нэмэгдэж байгаа. Энэ удаад ч гэсэн өмнөх жилтэй харьцуулахад шалгуулагчид сайжирч байгаа нь багш, эцэг эх, сурагчид маань энэхүү шалгалтад ач холбогдол өгч, тусгайлан бэлтгэдэг болсонтой холбоотой. Монгол хэл, бичгийн шалгалтыг анх авч байх үед сурагчид зохион бичлэгийг ярианы болон сошиалын үг хэллэгээр бичдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд сурагчдын найруулан бичих, зөв бичих чадвар сайжирсан нь ажиглагдаж байна. Тухайлбал, уран зохиолын адилтгал, зүйрлэл, уран дүрслэл ашигладаг болсон байна. Мөн ямар нэгэн зохиол, эрдэмтэн мэргэдийн хэлсэн үгнээс эш татах зэргээр зохион бичлэгээ дэлгэрүүлж бичиж байна. 

-Шалгуулагчид аль нэг даал­гаврыг гүйцэтгэхгүй орхисон тохиолдол гарсан уу. Ялан­гуяа өмнө нь монгол бичиг­тэй холбоотой хэсгийг хийх­гүй үлдээх тохиолдол гардаг байсан? 

-Шалгуулагчид эх зохиох болон үндэсний бичигтэй холбоотой даалгаврыг гүйцэтгэхгүйгээр хоосон үлдээх нь тоо эрс багассан. Энэ төрлийн даалгаврыг гүйцэтгэх гэж хичээж, оролддог болсон байна. Монгол хэл, бичгийн шалгалт нэгдүгээрт, уншаад ойлгох чадварыг шалгах буюу асуултын дагуу хариулт сонгох тест, хоёрдугаарт, зөв бичих дүрэм буюу алдаатай үгийг олж зөв бичих, гуравдугаарт, монгол бичиг буюу үндэсний бичгээр бичсэн эхийг орчин цагийн кирилл бичигт хөрвүүлэх, дөрөвдүгээрт, өгөгдсөн сэдвийн хүрээнд 200-250 үгтэй эх зохиох гэсэн агуулга бүхий даалгавартай байдаг. Энэ жилийн шалгалтын эх зохиох сэдэв “Миний ирээдүйн амьдрал” нэртэй байсан. Ингэхдээ өөрийнхөө ирээдүйн амьдралыг зөгнөн мөрөөдсөн, төсөөлсөн байдлаар бичих ёстой. Энэхүү шаардлагад нийцүүлэн бичсэн шилдэг бичвэр олон байсан. Харин зарим нь өнгөрсөн үеэ дурсаж, одоо үеэ хүүрнэж бичсэн байсан. Ингэж бичсэн тохиолдолд тухайн шалгуулагч бүрэн оноо авч чадаагүй гэсэн үг. 

-Эх зохиох даалгаврыг ижил түвшинд дүгнэхийн тулд ямар зарчим, аргачлалд тулгуурладаг вэ. Жишээлбэл, хоёр сурагч өнгөрсөн үеийнхээ талаар бичсжээ. Түүнийг хоёр өөр багш унших учраас оноо нь харилцан адилгүй байх магадлалтай юу? 

-Бид тогтсон, тодорхой шалгуур зарчим барьж ажилладаг. Эх зохиох даалгаврыг шалгаж оноо тавихаасаа өмнө сайн, дундаж, хангалтгүй гэсэн ангилалд багтах эхийг түүвэрлэн авч шалгагч 30 багш ангилал бүр дээр нэг хүн шиг адил оноо тавих дасгал ажлыг бүтэн өдрийн турш хийж гүйцэтгэдэг. Жишээлбэл, өгсөн сэдэв, зааврын дагуу бичсэн тохиолдолд тав, өнгөрсөн дурсамжаа бичсэн бол хоёр оноо гэх мэтээр оноо тавих, дүгнэх ойлголтоо нэг болгодог. Эх зохиох даалгаврыг үнэлэх есөн шалгуурыг баримталдаг. Тиймээс хэн гэдэг багш уншиж байгаагаас үл хамаарч тухайн шалгуулагчийн гаргасан адилхан агуулга бүр ижил оноотой байна гэсэн үг. 

-Долоо хоногийн дараа хаагдах гэж буй Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоо­той зарим зүйлийг тодруулъя. Бүртгэл одоогоор хэдэн хувийн явцтай байна вэ? 

-Энэ жилийн элсэлтийн ерөн­хий шалгалтад хамрагдах су­рагч­­дын дийлэнх нь хичээлээ сон­гоод бүртгүүлсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл, ерөн­хий боловс­ролын сургууль төг­сөж буй сурагчид өнгөрсөн сарын 6-нд монгол хэл, бичгийн шалгал­­тад хамрагдсан болохоор бүртгэгдчихсэн байгаа. Харин одоо шалгалтын хураамжаа төлж, батал­гаа­жуулсан байдалтай явж байна. Энэ жилийн тухайд ерөнхий боловс­ролын сургуулийг 35 мянга гаруй сурагч төгсөж байгаа. Үүн дээр сүүлийн жилүүдийн дунджаар өмнөх оны 6-7 мянган төгсөгч нэмэгддэг. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалтад нийтдээ 40 гаруй мянган шалгуу­лагч хамрагдах болов уу гэсэн тооцооллоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

-Сурагч шалгалт өгөхөөр сонго­сон хичээлээ өөрчлөх буюу нэмж, хасах боломж бий юу. Жишээлбэл, тухайн сурагч таван хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн гэж бодоход түүний­хээ нэгийг нь хасах уу? 

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 26-нд дуусна. Энэ хугацаанд багтаж, хичээл сонголтоо нэмэх боломжтой. Харин хасах боломжгүй. Гэхдээ бодлоо өөрчилсөн тохиолдолд тухайн хичээлийнхээ шалгалтад орохгүй байж болно. Хоёр сарын хугацаанд бүртгэж байгаа учраас энэ мэт асуудал гарах нь түгээмэл биш байдаг. 

-Бүртгэлийг харахад сурагчид ямар хичээлийг түлхүү сонгож байна вэ? 

-Энэ жилийн тухайд мөн сүү­лийн жилүүдийн дунджийг авч үзэхэд шалгуулагчдын дийлэнх нь математик, англи хэл, нийгэм судлал гэсэн хичээлийг сонгож байна. Эдгээр хичээл нь тухайн хүүхдийг их, дээд сургууль, коллежид элсэхэд суурь, мэргэжлийн бүлэг болж чаддаг учраас түгээмэл сонгодог болов уу. 

-Бүртгэл дуусах гэж байгаатай холбогдуулан сурагчдад хандаж юу анхааруулж, зөвлөх вэ? 

-Бүртгүүлэхдээ оруулсан цээж зургаа эргэж харахыг зөвлөж байна. Учир нь, зарим сурагч сэлфи эсвэл хэн нэгэнтэй хамт татуулсан зураг, бүр хүүхэлдэйн киноны баатар, амьтны зураг хүртэл байршуулсан байх жишээтэй. Энэ мэт зураг албан хэрэгцээний шаардлага хангахгүй гэдгийг анхааруулж байна. Тухайн зураг монгол хэл, бичгийн шалгалтын болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас дээр хэвлэгддэг учраас стандартын шаардлага хангасан, албан ёсны цээж зураг байх ёстой юм шүү. Сүүлийн гурван сарын дотор авахуулсан, нарны шил, малгайгүй зураг байх ёстой гэх мэт элсэлтийн ерөнхий шалгалтын журам, шаардлага зэрэг холбогдох мэдээллийг орон нутаг, нийслэлийн хэмжээн дэх бүх сургуулийн сурагчдад танхим болон цахим сургалтаар дамжуулан өгсөн. 

-Шаардлага хангахгүй цээж зураг оруулж буй тохиолдолд тухайн бүртгүүлэгчид мэдэгдэх зэргээр та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу? 

-Шаардлага хангахгүй байгаа тохиолдолд бид устгах байдлаар мэдэгдэж байгаа. Хэрэв таны оруулсан зураг устсан байвал стандартын шаардлага хангахгүй байна гэж ойлгох хэрэгтэй шүү. Зарим бүртгүүлэгч огт зураг оруулахгүй байна. Энэ тохиолдолд тухайн сурагчийн батламж зураггүй хэвлэгдэнэ гэсэн үг. Тиймээс хариуцлагатай хандаж, мэргэжлийн газарт авахуулсан, стандартын шаардлага хангасан цээж зураг оруулахыг зөвлөж байна. 

-Сүүлийн өдрүүдэд сонгууль болох гэж байгаатай холбоо­тойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулсан тухай мэдээлэл цахимд гарч байна. Ирэх долдугаар сарын 4-7-ны хооронд зохион байгуулах шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт орсон уу? 

-Энэ шийдвэрт өөрчлөлт оруу­лаагүй гэдгийг албан ёсоор мэдэг­дэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг тогтоосон хугацаанд буюу долдугаар сарын 4-7-ны хооронд зохион байгуулна. 

-Шалгуулагч шалгалт өгөх өдрөө ямар бичиг баримт бүрдүүлж очих ёстой вэ? 

-Дөрвөн бичиг баримт бүрдүүлж ирэх ёстой. Тухайлбал, иргэний үнэмлэх болон бүрэн, дунд боловс­ролын гэрчилгээг эх хувиар нь, мөн бүртгүүлсэн шалгуулагчийн хэсгээсээ бүртгэлийн хуудас, суудлын хувиар бичсэн мэдээллийг хэвлэж авч ирэх ёстой. Ингээд шалгалт эхлэхээс 30-40 минутын өмнө ирсэн байх ёстой гэдгийг анхааруулж хэлмээр байна.

 С.Юмсүрэн 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр